2012/02/19

УЛС ТӨР МЭРГЭЖИЛ БОЛОХ НЬ


Улс төрч бол нийгмийн хөдөлмөрийн хуваарьт чухал байр суурьтай мэргэжил юм. Хүн төрөлхтний хамгийн эртний ажлын нэг гэж тооцогддог энэхүү мэргэжил сайнаасаа илүү муу  нэрийг олонтаа дагуулдаг. Ямартай ч орчин үеийн олон талт, улам бүр нарийсан чамбайрч буй нийгэм нь хөдөлмөрийн олон янзын хуваарийг шаардах болсон нь улс төрийн салбарт ч үйлчлэх болжээ. Өдгөө улс төрч гэдэг нь тун ерөнхий шинжтэй төдийгүй улс төрийн талбарт ажиллаж буй цор ганц мэргэшсэн этгээд биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. 


Улс төр бол багийн тоглолт. Тэр тусмаа улам бүр нарийн төвөгтэй болж буй нийгэм, улс төрийн харилцаанд улс төрийн нарийн мэргэжилтэй нөхдөөр багаа бүрдүүлсэн тэрхүү улс төрч л амжилт олж, түүнийгээ бататгаж чадна. За ингээд орчин цагийн улс төрийн үйл ажиллагаанд улс төрчидтэй цуг, гэхдээ гол төлөв хөшигний ард үлддэг зарим улс төрийн мэргэжлүүдийн тухай мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна. 

Улс төрийн зөвлөх, технологич, имижмейкер, PR-ийн мэргэжилтэн зэрэг бусад олон мэргэжил нь улс төрийн талбарт жилээс жилд тун чухал болж буй төдийгүй орчин үеийн улс төрийн бодит нөхцөл байдлыг тэдгээрээс салангид авч үзэх боломжгүй болжээ. 

Дээрх ажил мэргэжлүүдийг их дээд сургуульд тухайлан бэлтгэдэггүй бөгөөд мэргэжлийн талаар гарын авлагууд дээр дурьдсан байх нь тун ховор юм. Гэхдээ улс төр нь мэргэжлийн үйл ажиллагааны хүрээ болон хувирч, улс төрч гэдэг нь ажил үүргээсээ хамааран мэргэшсэн этгээд гэж тооцогдох явдал улам бүр өргөжиж байна. Улс төрч гэдгийг мэргэжлийн статустай гэж тооцоход ямар нэг аттестачлалийн комисс, хяналтын хорооны шийдвэр гардаггүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. 

Энэхүү мэргэжил болох үйл явц нь урт хугацааны, олон хүчин зүйл, нөхцлөөс хамаардаг. Юуны түрүүнд энэ нь практикаар олж авдаг мэргэжил бөгөөд ялангуяа “улс төрч”-ийг үүнд тооцож болно. Гэхдээ үйл явц бүр эхнээсээ аваад цогц байдлаар тодорхойлогдож эхлэх нь бий. Үүний нотолгоо нь улс төрч өөрийн дэргэд улс төрийн зөвлөх, технологич, имижмейкер гэх мэргэжилтнүүдийг багтаасан “команд”-ыг бүрдүүлэхээс ажил нь эхэлдэг явдал юм. Ингээд “улс төрийн жүжиг”-т оролцогч “тоглогч”-дыг нэг бүрчлэн авч үзье. 

Имижмейкер
Имижмейкер – өөрийн үйлчлүүлэгчдийн нэр хүнд, имижийг засч зохицуулдаг мэргэжилтэн. Тэрээр улс төрчийн амьдрал ялалт амжилтыг тодруулж, хар барааныг баллуурдах замаар түүний намтарт “нүүр будалт” хийдэг урлагийг эрхэлдэг юм. 

Цаашлаад командын бүрэлдэхүүнийг социологийн судалгааны баг, сэтгэл-зүйч, хуульч, PR-ийн мэргэжилтнээр хүч нэмэгдүүлэх шаардлагатай.

Улс төрч зөвхөн костюм, зангиа, үнэртэй ус болсон нэгэн биш өөрийн амьдрал ажиллагаа, үзэл бодол, итгэл үнэмшлээрээ бүтээсэн домгоороо дамжуулан онцгой дүр бүтээдэг этгээд байх учиртай. Түүний энэхүү шоу, багт наадам, карнавал шинжтэй үйл ажиллагаа нь имижмейкерийн оролцоогоор тодорхойлогддоггүй. Гол нь сонгогчиддоо өөрийгөө таниулах, дэмжих магадлалтай сонгогчдынхоо (тэтгэврийнхэн, оюутнууд, гэрийн эзэгтэй нар)-ын ухамсарт тэрээр цуврал киноны хайртай баатар нь төдийгүй гэр бүлийн нь гишүүн нь байхуйц дүрийг хоногшуулах чадвартай байх явдал юм. Харин имижмейкерийн хувьд улс төрийн зүтгэлтний сэтгэл хөдөлгөм тэрхүү дүрд рационал далд утга санааг “шингээж” өгөхөд түүний үүрэг оршино. 

Улс төрийн технологч
Улс төрийн технологч нь командын бусад гишүүдийн боловсруулсан онолын бүдүүвч, хийсвэр сэтгэлгээний санаа оноог нь бодит амьдралд буулган хэрэгжүүлэх асуудлыг эрхэлдэг мэргэжилтэн юм. Тэр тухайн улс төрийн нөхцөл байдалд хамгийн үр нөлөөтэй гэсэн арга, технологийг задлан гаргах чадвартай байх ёстой. Чухамдаа улс төрийн технологч гэдэг нь олон түмний ухамсрыг далд байдлаар удирдан чиглүүлэх, сонгогчдын сэтгэл санааг урхидах чадварыг эзэмшсэн нэгэн юм. Мэргэшсэн шинжээч гэж үнэлэгдэхийн тулд тэрхүү этгээд нийгмийн сэтгэл зүй, улс төр, социологи, зар сурталчилгааны сэтгэл зүйн мэдлэгтэй, стандарт бус бүтээлч сэтгэлгээтэй, утга зохиол, урлагийн нарийн мэдрэмжтэй байх гэсэн нилээн өндөр болзол нөхцлийг хангах шаардлагатай болдог. 

Улс төрийн зөвлөх
Харин улс төрийн зөвлөх буюу консультантын зорилгод ирээдүйн улс төрийн болзошгүй үйл явдлыг таамаглах, сонгогчдын дунд төсөл хэрэгжүүлэх, түүний улс төрийн “үүр” нь болох учиртай мэргэжлийн хүрээллээ бүрдүүлэх ажиллагаа багтдаг. Имижмейкерээс ялгаатай нь тэр шоу зохиодоггүй буюу улс төрчийн гадаад байдал, театрын тоглолтод анхаарал хандуулдаггүй.

Улс төрчийн зөвлөгч нь өөр өөр бодит илрэл болох бүдүүвч, хийсвэр үзэл санаа, төсөлтэй ажилладаг нэгэн бөгөөд улс төрийн субъектын үйл байдлын зохист үзэл баримтлалтай тэдгээрийг нийлэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байдаг ажээ. Энэхүү үйл ажиллагааны утга учир нь улс төрчийн дотоод үзэл бодлыг гадаад илрэлтэй нь хоршуулан нэгтгэхэд оршино. Гэхдээ түүний хамгийн гол зорилго бол улс төрийн шинэ орон зайг төлөвшүүлэх, цогцлоох, цаашлаад улс төрчийн мэргэжлийн чадварыг дээд зэргээр эзэмшсэн хүмүүсийн хүрээлэлд улс төрийн үйл ажиллагааны нөхцөлд зохицон нийцэж буйг тодорхойлох, харуулах явдал юм. 

Улс төрийн зөвлөхийн үйл ажиллагаанд ирээдүйг таамаглах үй явц зайлшгүй ордог. Учир нь тухайн цаг үедээ огт төсөөлөгдөхөөргүй ч хэтийн төлөвтөө өрнөж болох улс төрийн үйл явдлыг таамаглах шаардлага байнга гардаг. Мэдээж, өнөөдөр хэн нэг улс төрч гудамжинд “лааз өшиглөж”, эсвэл “төр засгийг гал тогооноосоо удирдан залж” буй тухай сэдэв “моодонд” орж болно. Гэхдээ улс төрийн зөвлөх үүнээс ангид оршиж, мэргэшсэн улс төрчдийн давхрагаас бүрдсэн тэрхүү орчныг сайн мэдэж, хөвж чаддаг байх шаардлагатай. Тэрхүү орчин бол удирдлага ба менежментийн хүрээ гэдгийг юун түрүүн ухамсарлах хэрэгтэй. Удирдагч бээр улс төрийн бодит талбарыг бүрдүүлж байдаг хувь хүмүүсийн хоорондын харилцааны төрөлх орчинд л оршин тогтнож байдаг юм.

Шаардлагатай оношилгоо дүгнэлтийн багц арга хэрэгслийг ашигладаг бусад мэргэжлүүдээс ялгагдах онцлог нь улс төрч хүн өөрийн мэргэжлийн дадал туршлагыг хөгжүүлэхийн тулд боломжит хандлагыг туршин үзэх бололцоотой байдаг. Улмаар тэдгээр хандлагууд цаашдаа улам боловсронгуй болох байдлаар явагддаг болохыг хэлэх нь зүйтэй.   

No comments:

Post a Comment