2011/03/18

УЛС ТӨРИЙН АРХЕТИП БУЮУ ӨВӨГ ДҮР

Улс төрийн технологит хүмүүний сэтгэл зүйн онцлогийг танин мэдэхгүйгээр нэг ч алхам урагшлахгүй. Өнөө Чингис хааны "Биеийг хураахаас сэтгэлийг хураа. Сэтгэлийг хураавал бие хаа холдох" гэдэг сургаал нь чухамдаа сэтгэл зүйг судлахын учир холбогдлыг бэлээхэн хэлээд хэрэг.

Орчин үед сэтгэл судлалын олон нарийн төвөгтэй үзэгдлийг судлан тодорхойлж, тайлбарлан таниулах болсноор улс төрийн технологит түүний ололт амжилтыг үр дүнтэй ашиглах бололцоог давхар нээж өгсөн юм. Тийм ч учраас улс төрийн сэтгэл судлал хэмээх салбар шинжлэх ухаан үүсч, энэ хүрээнд нийгмийн улс төрийн ухамсар, зан байдал, олон түмний хийгээд улс төрчдийн сэтгэлгээний хэв маягийг судлан тодорхойлох чиглэлээр олон ажил явуулж эхнээсээ амжилт олж буй нь өдгөө хэнд ч нууц биш болжээ.


Энэ удаад хүний сэтгэцийн нууцлаг нэг үзэгдэл болох архетип хэмээх ойлголтын талаар мэдээллийг өөрийн ойлгоцоороо тэмдэглэн авсанаа та бүхэнд хүргэж байна.

Архетип гэж юу вэ?
Швейцарийн сэтгэл судлаач, психоанализийн төлөөлөгч К.Юнг олон жилийн клиник ажиглалтынхаа үр дүнд хүний сэтгэцэд хувь хүний төдийгүй үеэс үед өвлөгдөж байдаг архетип (өвөг дүр) хэмээх хамтын ухамсаргүйдэл чухал үүрэг роль үзүүлдэг болохыг тогтоожээ.  Тэрээр өөрийн өвчтнүүдийн зүүд, зөгнөлийг судлаад тухайн хүний амьдралынх нь туршлагаас огт ангид дүр, санаа төрж байдгийг олж харсан байна. Гайхалтай нь тэрхүү ухамсаргүйдлийн илрэл нэгээсээ маш хол соёлууд хэрнээ адилхан домог, шашны сэдэвтэй байжээ. Архетипийг судлан тодорхойлсны үр дүнд сэтгэцийн хүчтэй анхдагч дүр, ухамсаргүйдлын гүнд буй нууц, түгээмэл төрөлхийн санаа болон сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, ойлгоцын эх загварыг нээж чаджээ. Харин хамтын ухамсаргүйдэл гэдэг нь соёл, угсаатан, үндэстэн, түүхийн онцлогоос нь үл хамааран хүн бүрт байдаг өвөрмөц “биофизиологийн өв” юм.

Архетип бол олж авсан мэдлэгийн түвшнээс үл хамааралтай орчлон ертөнц, амьдралын тухай анхдагч төсөөллийн нэг төрөл юм. Амьдралын туршлага түүнийг өөрчлөдөггүй агаад үеэс үе дамжих бүрт улам шинэ агуулгаар баяжиж байдаг. Бид бараг өдөр бүр эр эм, газар тэнгэр, баяр гомдол, эрүүл мэнд ба өвчин, хүч ба сул дорой байдал, дэг журам ба эмх замбараагүй байдал, амьдрал үхлийг илэрхийлсэн билэг тэмдгүүдтэй тааралдаж байдаг. Архетип нь өөрөө өөрийгөө ухамсарлахгүй, гэхдээ архетипийн дүрээр дамжуулан түүнийг ухамсарлах бүрэн төсөөлөх боломжтой.
Орчин үеийн нейрофизиологи, физик, хими, залуур зүйн ухааны салбарын судалгаагаар хүний сэтгэц нь гадаад, дотоод мэдээлэл боловсруулах систем болохыг хүлээн зөвшөөрч байна. Ирж буй мэдээлллийг ойлгож хүлээж авах байдлыг логик ба дүрийн (сэтгэл хөдлөлийн), мэдрэмжийн (бие эрхтэнд ирж буй нөлөөлөл), зөн билгийн (хоосон дүрслэлд төвлөрөх) гэсэн төрлүүдэд хуваасан байдаг.

Маш олон янзын архетип бий. Гол төрлүүд нь: Анима, Анимус, Эх, Цэцэн өвгөд, Балчир жаал гэх мэт.
 
Анима – эрэгтэйчүүдийн сэтгэл зүйд бүрэлдэн үүсдэг эмэгтэй хүний дүр дүрслэл. Лусын гүнж, Махир хошуут шулам эмгэн зэрэг эерэг сөрөг олон янзын дүр байдлаар дүрслэгдэнэ.

Харин анимус бол эмэгтэй хүний далд ухамсар дахь эрэгтэй уг сурвалж. Тарзан, Шидэт хан хүү, их замын дээрэмчин зэрэг олон янзын эерэг сөрөг дүрээр илэрч болно.

Эх бол өмгөөлөл хамгаалал, цэцэн ухаан, үржил шим, элбэрэл хайр, өрөвч нигүүлсэл зэрэг эмэгтэй хүний байгалийн мөн чанарын илэрхийлэл. Дарь эх, Дева, Софи зэрэг бурхадаар эхийг төлүүлэн дүрслэх нь олонтаа.

Цэцэн өвгөд – билэг ухаан, мэдлэгийг илэрхийлэл. өвгөд, шидтэн, сайн санаат болон муу санаат илбэчид, ухаантай амьтад зэрэг дүрээр биежэн дүрслэгддэг.

Балчир жаал – үе удам залгамжлагч, аврал, сэргэн мандал болон хувь хүний ухамсар сэргэхүйг билэгдэнэ.

Улс төр дэх архетип
Архетипийг дан сэтгэл зүйн шинжлэх ухааны хувьд судлаад зогсохгүй өдгөө бизнесийн сурталчилгаа, улс төрийн PR-ийн зорилгоор тухайн идэвхтэй судлах болсон байна.

Улс төрийн аливаа сурталчилгаанд билэг тэмдэг ашигладаг. Аливаа билэг тэмдэг ялангуяа улс төрийн билэгдэл архетип буюу өвөг зан сэтгэхүй дээр суурилсан байдаг. Өөрөөр хэлбэл, ухамсрын “бүтээгдэхүүн” болох билэг тэмдэг нь өмнөх үеийнхний бүхий л ой дурсамжийг өөртөө хадгалж байдаг юм. Архетипийн дүр дүрслэлээс улс төртэй нилээн холбоотой хоёр дүрийг задлан авч үзэе.

“Захирагч”
Хэрэв хүний “Захирагч” архетипийг нь идэвхжүүлвэл, тэрээр өөрийгөө удирдагчийн дүрээр биеэ гайхалтай авч явах төдийгүй өрнөж буй бүхий л зүйлийг дээд зэргээр хянаж удирдахыг эрмэлздэг байна. Стратеги, хүрэх үе шатууд бүрээ боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулах хамгийн сайн арга замын тухай сэтгэлгээ нь өөрийгөө төгс эзэмдэх төдийгүй дэлхийг захирах мэдрэмжийг түүнд өгч байдаг аж.

“Захирагч” архетип хүчтэй илэрч буй хүмүүс өөрийн гадаад байдалд хүч заралгүйгээр имиж, байр суурь, нэр хүндийн тухай асуудалд анхаарал хандуулж чаддаг. Учир нь тэд гадаад нөлөөллөөр эрх мэдлээ өсгөхийн чухоыг гайхалтай сайн. “Захирагч” дүр нь эерэг сайнаар тодорвол энх амгаланг тогтоох нөхцөл рүү ойртуулдаг бол эсрэг тохиолдолд дарангуйлал, авторитар байдал руу түлхдэг байна.

“Баатар”“Баатар”-ын хувьд жам ёсны орчин нь тулалдааны талбар, спортын тэмцээн, гудамж, ажлын газар болон бусад эрч хүч, эр чадалд уриалсан газрууд юм. Баатар энхийг бүтээхийг юу юунаас илүүд үздэг. Гэхдээ дотоод сэтгэлийн гүндээ ялалтыг хадгалж, эцсээ хүртэл зогсож чадахгүй байх, ялагдах гэдгээс айж байдаг. Энэхүү архетип нь хүмүүст сахилга бат, шийдмэг, зорилго тэмүүлэлтэй байдал, шаргуу чанарыг хүмүүжүүлж байдаг. “Баатар”-ын хүрээлэн буй орчин өрнөлтэй хэдий ч хээнцэр тансаг байдаггүй. Хэтэрхий тав тухтай байдал аюултай сэтгэгдлийг тэдэнд төрүүлдэг. Хэрэв хүнд “Баатар” архетип идэвхжвэл довтлох уриа гаргахад бэлэн болж, нэр хүндэд дурлаж эхэлдэг. Тэр өөрийгөө хамгаалах чадваргүй, шархдссан гэм буруугүй болгоныг хамгаална. Эерэг тал нь давамгайлвал  аугаа үйлстэн болох бол эсрэг тохиолдолд дайснаа мөнхөд хайсан, хатуу чанга дээрэлхүү нэгэн болж хувирдаг аж.
 
Хүний үндсэн хэрэгцээгээ хангах эерэг сөрөг бололцоог агуулсан суурь архетипээр нь түүнийг тодорхойлж болно. “Захирагч” дарангуйлагч болох, “Баатар” хатуу албан тушаал хөөцөлдөгч, “Хамгаалагч” шинэ зүйлээс бусад бүгдийг хамгаалагч консерватор нэгэн болж хувирч болно.

Суурь архетипүүд хүн төрөлхтний соёлын өв үлгэр, хууч яриа, шашнаар дамжин өвөлж ирдэг. Тухайлбал, грекийн домогт гардаг бурхад Зевс, Юпитер – Захирагч, Марс, Арес нар Баатар, Минерва, Афина – Цэцэн мэргэд, Венера, Афродита нар янаг амрагууд, Церера, Деметра – Хамгаалагчид. Иймэрхүү дүрүүд бүхий л цаг үед бүх ард түмний соёлд хадгалдагдаж ирсэн байна.

Монголчуудын домгийн сэтгэлгээ ба улс төрийн өвөг дүрүүд

Соц-нийгмийн үед монгол ардын үлгэр домогт хийсэн задлан шинжилгээ нь хэдийгээр ангич чанарыг агуулж байсан хэдий боловч тэдгээр судалгаануудад авууштай олон дүгнэлт санаанууд бий. Архетипийг ангилан хуваасан дээрх жишгээр монгол ардын үлгэр домогт гардаг баатруудыг өнгөц байдлаар хуваан авч үзвэл:

Захирагч: Чингис, Арслантай мэргэн хаан, Мэргэн хаан, Лусын хаан, Харгис хаан, Илжгэн чихт хаан.  
 
Баатар: Гэсэр, Жангар, Эрхий мэргэн, Хараацай мэргэн.
 
Анима: Гоомарал, Цэцэн бэр, Хааны гүнж, Лусын гүнж, Эмгэн шулам, Сонсгоодой эмгэн.
 
Анимус: Бөртэ чоно буюу саарал чоно, Сайн эрс, Хүч чадалт бөх, Хөхөө Намжил, Бадарчин, Аянчин, Махчин Мангас.
 
Эх: Алунгуа эх

Мэргэд: Цал буурал сахалтай өвөө, Аргат өвөө, Болдоггүй бор өвгөн, Далантай өвгөн, 
Мэргэн түшмэл. 
 
Жаал хүү: Боролдой, хаанд арга зааж өгдөг, эсвэл мад тавьдаг жаал хүү, Могжоохон даагатай жогжоохон хүү, Нэг можгор, Сүүлэнхүү.

Анзаарахад хаад язгууртан буюу “Захирагч” нарыг мад тавьж, буулгаж авсан “Жаал хүү”-гийн дүрийг гаргасан домог үлгэр нилээн арвин байдаг болтой. Тэрчлэн монголчууд үр хүүхдээ сайн баатарлаг чадалтай болохыг билэгдэн “Баатар”-уудын болон мэргэн өвгөдийн нэрийг хайрлаж ирсэн уламжлалтай. Цаашлаад дундад зуунд дайн байлдаанд хүч чадлаа харуулсан эрсийг баатар хэмээн нэрийдэж байснаа улмаар Богд хаант Монгол улсын үед төрөөс олгох албан ёсны хэргэм болсон байна. Өдгөө ч төрөөс олгодог “Монгол улсын баатар” хэмээх одон бий.
 
Амьтдын тухай үлгэр домгоор дамжуулан үр хүүхэддээ ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлж ирсэнтэй холбоотой уламжлал өдгөөг хүртэл ямар нэг хэмжээгээр хадгалагдаж иржээ. Бөхийн цол гуншинг амьтдын нэрээр нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой биз.
 
Дэлхийн улс орнууд төрийн болон нам хүчний улс төрийн билэг тэмдэгтээ хүн төрөлхтний болон өөрсдийн уламжлал соёлтой нягт уялдсан билэгдлийг сонгож ирсэн нь нэг бус ажиглагддаг. “Хас”, “Таван хошуу”, “Хос загас”, “Цэцэг”, “Нар сар”, “Гал”, “Загалмай” зэрэг нэн эртний уламжлалтай билэг тэмдгүүдийг одоо ч ашигласаар...
ОХУ-ын “Нэгдсэн орос” намын “Баавгай”, АНУын- Ардчилсан намын “Илжиг”, БНН-ын “Заан” зэрэг нь тухайн ард түмний сэтгэлгээтэй нягт холбогдсон утга агуулна. 

Харин Монголчууд улс төрийн хувьд архетипийг хэрхэн ашиглаж байсан тухай нарийвчлан судалвал сонирхолтой олон дүгнэлт хийж болох санагдана. Зарим нам хүчнүүдийн билэгдлийг харахад: МАН шинэчилсэн намын билэгдэлдээ сарнай цэцэг дээр соёмбо байруулсан нь “Монгол төр мэт нам” гэх утга руу буулгаж харах боломжтой. Харин манайд ургадаггүй сарнай цэцгийг үзэл суртлын чиг баримжаатайгаа холбогдуулан анхнаасаа сонгосон нь одоо бараг нүдэнд дасч байх шиг байна. Нэг үгээр МАН-ын билэгдэл нилээн орчин үежсэн шинжтэй. 
 
Харин АН-ынх хувьд дээрээ нар сартай нум атгасан шонхор шувуу болон үзэл суртлын чиг баримжаагаа илтгэсэн гурвалжин тэмдэг нь нилээн уламжлалыг хадгалсан шинж чанартай гэж хэлж болно.
 
Иргэний зориг намын хувьд харин “америк” маягийн бүргэдээр намынхаа далбааг гоёдог.
 
Ер нь улс төрийн намын тухайд хамгийн эхэнд нүдэнд тусч, ухаанд буудаг зүйл болохын хувьд билэг тэмдэгтээ нилээн анхаарал хандуулдаг. Саяхан Сүх-“баатар”-ын хөшөөг буулгах эсэх тухай ОНМХ-ээр өрнүүлсэн маргаан хэлэлцүүлэг нь улс төрийн технологи талаасаа нэгийхнээ билэг тэмдгийн нэр хүнд рүү чиглэсэн томоохон арга хэмжээ байсан.

Цаашдаа улс төрийн технологит “монгол өвөг дүр”-ийг судалж, ойлголт билэгдэлдээ буулгах, ашиглах нь нам хүчний хувьд төдийгүй хувь улс төрчийн хувьд ч үр нөлөө бүхий үйл ажиллагаа байх болно.

No comments:

Post a Comment