2011/04/02

ПАРАПОЛИТИК

Параполитик (parapolitics) хэмээх нэр томъёог Оксфордын их сургуулийн профессор Рагхаван Лир “Параполитик: хүний хотын зүг” (Parapolitics: Toward the City of Man) гэдэг бүтээлдээ анх хэрэглэсэн гэдэг. Уг ойлголт нь өөртөө эрх мэдэл, өөрийгөө хамгаалах, тогтвортой байдал зэрэг уламжлалт улс төрөөс илүү өргөн хүрээтэй үзэл санааг өөртөө агуулдаг байна.
 
Профессор Лейрийн үзэж буйгаар пара-улс төр нь улс төрийн асуудал хийгээд улс төрийн систем болон зарчмын хил хязгаараас илүү ул суурьтай эргэн шинжлэх үйл явц ажээ. Энэ утгаараа пара буюу далд улс төр нь  бидний ойлгож хэвшсэн тэрхүү уламжлалт улс төрөөс хэтэрхий өргөн хүрээтэй ойлголт ажээ. 

“Параполитик нь улс төрийн онол, практикт үйл үрийн үзэл санааг бүтээлчээр хэрэглэх, амьдрал үхлийн завсар дахь хүмүүсийн харилцааны чиг сургуулийн суурь зарчмыг төгөлдөршүүлэх, өөрийгөө ухамсарлахуйг тэлэх үндсэн дээр улс төрийн үйлдэл, ойлголтын эрэл хайгуул хийх, ёс зүй, метафизик хийгээд өөрийгөө даван туулах сэтгэл зүйд үндэслэсэн туйлын хүслээс эгнэгт дайжихуйд түүний учир холбогдол орших” ажээ.
 
Харин судлаач Питер Дейл Скотт “параполитик” хэмээх нэр томъёог өөр байр сууринаас буюу “Гүн улс төр” (deep politics)-ийн үүднээс авч үзсэн байна. Түүнийхээр параполитикын судалгаа нь “улс төрийн систем ба практик амьдрал дахь хариуцлага хэмээх зүйлийг зориудаар хумихад хүргэдэг” байна. Энэ үүднээс параполитикыг авч үзэх нь хэтэрхий явцуу хэрэг боловч улс төрийн соёлын ухамсарт гадаргуу дахь иррационал давхрагыг л тодорхойлон зааж өгдөг. Параполитик нь  хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн туршлага, арга механизмыг зориудаар болон санамсаргүйгээр дарж хязгаарласан  “гүн улс төр”-ийн нэг илрэл төдий юм.
 
Параполитик нь бодит амьдралаас хэтийдсэн төр, нийгэмд хуурмаг хоосон сэтгэгдлийг бий болгодог дуураймал улс төрийн үзэл санаа гэх нь бий.
 
Тэрчлэн уг нэр томъёогоор олон нийтээс нууцаар үйлдсэн улс төрийн далд ажиллагаа, нийгмээс далдлан нуусан цэргийн болон тагнуулын аппарат, бүрдэл хэсгийг агуулсан де-факто улс төрийн систем тэрчлэн хууран мэхлэлт, далд явууллага бүхий улс төрийн үйлдлийг тодорхойлохдоо ашигладаг байна. Мөн сонгогдсон засаг төрөөс ангид тусдаа институт болон корпорациудын эвсэл ардчилсан хэлэлцүүлгийг явуулж буй нөхцлийг уг ойлголтоор тэмдэглэх нь бий.  
 
Сэтгүүл зүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сүүлийн утгаар буюу далд улс төрийн орчны талаар авч үзэхдээ хэрэглэх нь түгээмэл.

No comments:

Post a Comment