2011/04/06

УЛС ТӨРИЙН СТЕРЕОТИП

"Африк бол аюултай газар", "Америк нь эрх чөлөөний орон", "Лалын шашинтууд бүгд террористууд", "Монголчууд залхуу болохоос оюуны өндөр чадвартай ард түмэн", "Монголчууд урд хөршөөсөө л болгоомжлох ёстой", "Залуучууд АН дэмжиж, ахмадууд МАН-ыг дэмждэг" гэх мэт бодит хийгээд бодит бус ойлголт нийгмийн ухамсарт хэрхэн хоногшиж,  өөрчлөхийн аргагүй үлддэгийн учир шалтгааныг нийгмийн шинжлэх ухаанууд өөр өөрсдийн өнцгөөр янзаар бүрээр тайлбарлах байх. Харин энэ удаад уг асуудлыг нийгэм-улс төрийн стереотип хэмээх ойлголтын хүрээнд тайлбарлан авч үзсэнийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.


Дэлхийн 1-р дайны эхээр германы хэвлэлүүд нэгэн өвөрмөц хэлбэрээр материалаа гаргах болжээ. Нийтлэгчдийн зүгээс товч болон дэлгэрэнгүй тайлбар бүхий фото зураг нийтлэх болсон байна. Зураг дээр олзлогдсон цэргийн зовлон бэрхшээл, дээрэм тонуул, эрүү шүүлт, дайны үйл явдлыг харуулсан байдаг байв. Эдгээр материалууд нь нийгмийн санаа бодолд хүчтэй нөлөөлж хоногшиж, нийгмийн янз бүрийн давхрагын уур бухимдлыг төрүүлэх болсон байна.
 
Уншигчид үнэн шударга, няцаагдашгүй мэдээлэл авч байна хэмээн бодож байлаа. Гэтэл энэхүү мэдээ “но”-той болох нь удалгүй илэрсэн байна. Зураг дээр ямар нэгэн хуурамч зүйл байгаагүй буюу бодит үйл явдлын зураглал байжээ. Харин зургийн доор буй тайлбарыг нийгмийн санаа бодолд нөлөөлөх зорилгоор зориуд “үйлдвэрлэж” байсанд асуудал оршиж байлаа. Өөрөөр хэлбэл, зүүлт тайлбар нь уншигчдыг “өдөөх” үүднээс гол төлөв хуурамч зэмлэл, буруушаалтаар дүүрсэн байв. Тухайлбал, цэргийн оршуулгын үйлийг хэрцгий эрүү шүүлтийн зураг мэтээр тайлбарлаж байсан аж.   
 
Энэхүү хуурмаглал илэрснээр сонин хэвлэлийн борлуулалт эрс унажээ. Гэхдээ үр дүнд нь хэвлэл мэдээллийн байгууллагууд “домог зохиох” тусгай арга техник зэргийг хэрэглэхгүйгээр олон түмнийг төөрөгдөлд оруулах бүрэн боломжтойг олж харжээ. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг зориудаар өсгөх, хүсэл сонирхлыг өдөөхийн тулд  тайлбар зүүлтийн утгыг өнгөцхөн гажуудуулахад л хангалттай байдаг бөгөөд эрүүл ухамсар, оюун ухаанаар бүрэн зэвсэглэсэн хүмүүн гэгч амьтан суртал ухуулгаас өмнө ямар ч хамгаалалтгүй нь тодорхой болсон юм.
 
Ингээд судлаачид хүний итгэл үнэмшлийн “ажиллах” зарчмыг эрчимтэй судлан яагаад хэвлэл мэдээллийн хүмүүст үзүүлэх нөлөө өндөр байдаг, түүн дээр бичигдсэн зүйлд хувь хүмүүс шүүмжлэлтэй хандалгүй хүлээж авдгийн учир шалтгаан, тэрчлэн гүжир гүтгэлгийн эсрэг халхавч үүсгэж чаддаггүй юм бол хүний оюунлаг байдлын үнэ цэнэ юу болох, олон нийтийн хамарсан суртал ухаалга, ятгалганд яагаад автдаг зэргийг тайлбарлахыг хичээж эхэлсэн байна. 
 
Стереотип гэж юу вэ?
Энэхүү асуултад америкийн алдарт нийтлэлч Уолтер Липпман өөрийнхөөрөө хариу өгөхийг оролджээ. Тэрээр “Нийгмийн санаа бодол”(1922 он) бүтээлдээ нийгмийн ухамсрын социал мөн чанарт дүн шинжилгээ хийсний дүнд суртал ухуулгын хүч нөлөө чухамдаа улс төр, үзэл суртлын салбарт биш харин нийгмийн сэтгэл зүйд оршдгийн учрыг, оюун ухамсрын хамгаалалтгүй байдлын шалтгааныг тайлбарлахыг оролдлого хийсэн байна. Тэрээр стереотип буюу “урьд өмнөх нийгмийн туршлагад үндэслэсэн хүрээлэн буй ертөнцийн тухай танин мэдэхүй, төсөөлөл, түүгээр дамжуулан мэдээллийг тайлбарлаж, шүүгдэн хүлээж авч буй нийтлэг түүхэн загвар” гэдгээр асуудлыг хөндөн авч үзжээ.
 
Дэлхийн нэгдүгээр дайны дараагаа олон нийгэм судлаачид массын суртал ухаалга түүхэн өөрчлөлт донсолгооны эх сурвалж болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэд нэг ч хөрөнгөтний засгийн газар дайн хийхийг хүсээгүй хэмээн үзжээ. Харин хэвлэл мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн зориудын ятган үнэмшүүлэх ажиллагааны нөлөөгөөр улс орнууд дайн тулаанд татагдан орсон болохыг тогтоожээ. Ялангуяа америкийн социологичид англи, францын суртал ухуулга өөрийн нь орныг дайнд татан оролцоход хүргэсэн хэмээн дургүйцэж байсан юм.  
 
Мөн үеэс нийгэмд “ухамсрын аж үйлдвэр”хэмээх ойлголт бүрэлдэж эхэлсэн бөгөөд төрийн аппаратын үүрэг зорилгын нэг нь хүмүүсийн оюун ухамсарт нөлөөлөх явдал гэж үзэх болсон байна.  “Суртал ухаалгын ялгуусан ялалт”-ын тухай төсөөлөл нь хувь хүн гадны нөлөөнд тун эмзэг мэдрэмтгий, нийгмийн санаа бодол төөрөгдөлд орохдоо амархан, хэвлэл мэдээлэл, радио нэвтрүүлэг олон нийтийн хуурамч мэдээллийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг итгэл үнэмшил өсөхөд улам бүр түлхэц үзүүлэх болов. Массын суртал ухуулга олон мянган уншигч, радио сонсогчдыг төөрөгдөлд оруулдаг тухай олон тооны баримт гарах болж, барууны судлаачид мэдээ мэдээлэл нь хүмүүст шууд, няцаашгүй нөлөө үзүүлдэг болохыг тайлбарлаж эхлэсэн байна. Энэ үндсэн дээр хүн бол гадаад нөлөөлөл, нөхцлийн бүтээгдэхүүн болох тухай суртал ухуулгын онол ч бий болоодохов.
 
Липпман хүний төөрөгдөл орох сэдэл шалтгааны тухай өмнөх үеийн сэтгэгчдийн үзэл баримтлалууд болон массын суртал ухуулгын практик туршилт дээр үндэслэн хүний бодит байдлыг эрүүлээр үнэлэх явдал өөрийн бололцоо нөхцлөөр нь хязгаарлагддаг бөгөөд тэрээр бүдэг бараг дүр төрх, балархай зураглал бүхий ертөнцөд амьдардаг хэмээн дүгнэсэн байдаг.
 
Ингээд Липпман суртал ухуулгын онол гэдэгтээ ертөнцийг ойлгох бүхий л үйл явцад шийдвэрлэх нөлөө үзүүлж, удирддаг “урьдач санаа бодол” буюу стереотип хэмээх ойлголтыг оруулж өгсөн байна. Энэ бүхний үр дүнд хүний үйл ажиллагааны ухамсарлахуйд нийгэм-сэтгэл зүйн боловсрол буюу стереотип онцгой байр суурь эзэлдэг тухай дүгнэлтэд тэрээр хүрчээ. Мэдээллийн олон янзын эх үүсвэр болон хувь хүний амьдралын туршлагын үндсэн дээр ухамсарт үүсэн бүрэлддэг тогтвортой төсөөллийн цогцыг нийгмийн стереотип хэмээх тодорхойлж болно. Нийгмийн стереотип нь хувь хүний болон олон түмний ухамсрын салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. 
 
Стереотип нь уламжлал, дадал зуршил, туршлага бүрэлдэхэд нөлөөлж байдаг. Стереотип ертөнцийг “танигдах”, “үл танигдах” гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Танигдаж буй нь ихэвчлэн “сайн”, харин үл танигдах нь “муу” гэх ойлголттой давхцдаг. Тэрчлэн бие хүний мэдрэмжийг илэрхийлэхийн зэрэгцээ түүний үнэт зүйлийн систем нь бүлгийн мэдрэмж, үйлдэлтэй үргэлжид харьцаж байдаг. Энэ үүднээс аль ч нийгмийн институци, систем нэгдмэл стереотиптэй байх бололцоотой гэсэн дүгнэлт гарч байна. Стереотип нь ойлголцлын үйл явцыг үр ашигтай удирдаж байдгийн зэрэгцээ тухай бүлэт орж буй хувь хүний зохих хамгаалалт, үнэлгээний шалгуур болж байдаг аж. Эцсийн дүндээ түүгээр дамжуулан нийгмийн бүлгүүдийн нийгэм-улс төрийн нэгдмэл чанарыг тайлбарлах бололцоотой юм.
 
Липпман эхэндээ стереотипийг “толгойд буусан зураглал”, “сэтгэл хөдлөлийн билэгдэл”, “шүүгдсэн дүр байдал” хуурмаг, логикгүй, боловсронгуй бус төсөөлөл төдий гэж үзэж байснаа хожим нь хүний чиг хандлагад тусалж байдаг хүний зан үйлээр дамжин илрэх танин мэдэхүйн чухал бөгөөд зайлшгүй үйл явц гэж тооцох болсон байна. Судлаач Р. О'Хара-н үзэж буйгаар стереотип нь  “жигдрэх” (leveling), “бэхжих” (sparpening), “ижилсэх” (assimilation) гэсэн 3 үе шатыг дамжин бүрэлддэг байна. 
 
Стереотип “урт настай”-г эс тооцвол тэр мөнхийн зүйл биш. Тэрээр хамтын ухамсаргүйдлийн боловсруулалт хийгээд ОНМХ-ийн тусламжтайгаар зорилтот үзэл суртлын нөлөөн дор бүрэлддэг индивидуал-социо соёлын орчин хэмээх 2 хүчин зүйлийн дор бүрэлдэж байдаг. Өөрөөр хэлбэл, боловсролын түвшин, оюун ухаан, хувь хүний туршлага болон хэм хэмжээ, дадал зуршил, нийгмийн үүрэг роль, сургалтын орчин гэх зүйлүүд стереотипийг бүрдүүлэхэд нөлөөлдөг гэсэн үг юм. Хүүхэд байх цагаас эхэлж харъяалагдаж буй бүлгийн доторх хүмүүжлийн нөлөөгөөр хүн эртнээс стереотип нь төлөвшиж эхэлдэг байна.
 
Улс төр ба стереотип
Стереотип бол нийгмийн үйл явц, улс төрийн үйл явдлыг тусган ойлгоход тусладаг хялбаршсан загвар юм.  Стереотипийн хэлбэрүүд нь ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн философи, улс төрийн ухуулгаас бүрдсэн цогц  юм.
 
Улс орны хөгжлийн түүх нийгмийн тогтсон стереотип устан арилах, шинээр өөрчлөгдөн халагдах үйл явцаар баялаг. Энэ нь хүний амьдралын эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл зэрэг гадаад хүчин зүйлийн өөрчлөлтэй салшгүй холбоотой. Тухайлбал “Социализм - хамгийн дэвшилт нийгмийн тогтолцоо”, “Марксизм-ленинизм нь хувьсгалын мөнхийн сургаал”, “Зөвлөлт-Монголын найрамдал мөнх”, “Өрнөдийн нийгэм луйвар завхралын үндэс” болох тухай үзэл сурталжсан үндэслэл бүхий уриа лоозон нь тухайн үедээ стереотип болон оршиж байсан нь үнэн юм. Харин 90 он гарч “Өрнөдийн ардчилсан загвар хамгийн зөв”, “Зах зээлийн тогтолцоо улс орныг хөгжүүлэх зам” зэрэг эерэг агуулгатай сэтгэлгээ бүрэлдэж эхэлснээс гадна “Улс төрчид авилгачид байдаг”, “Баян хүн бүр луйвраар баяжсан” зэрэг сөрөг агуулгатай стереотип ч түгээмэл болжээ. Улс орон бүр асуудалд хандах өөрийн гэсэн тогтсон хандлага буюу стереотиптэй байдаг.
 
Ихэнх судлаачид стереотипт сонин хэвлэл, телевизийн “баатрууд”-ын хэрэг явдлаар дамжин хүрч буй зан чанар, ертөнцтэй харилцах харилцааг бүрдүүлж буй ОНМХ-ын аварга нөлөөг чухалчлан авч үзсэн байдаг. Орчин үед стереотип бүрдүүлэх явцын тусламжтайгаар хүмүүсийн ухамсарт нөлөөлөх үр ашигтай арга хэрэгслийг боловсруулах болсон байна. Энэ нь хуучинтай нь шинэ стереотип нийцүүлэх,  ятган итгүүлэх явцыг үйл явдлын гадаад ижилсэлтэй хослуулах, стереотипийг өөрчлөн солих, анхаарал төвлөрч буй цэгийг нь өөрчлөх, тус тусдаа бүлгүүдийн мэдрэмжийг өдөөж, мөргөлдөөнд түлхэх зэргээр ашиг сонирхлыг давхцлыг бий болгоход чиглэдэг.
 
Нэг үгээр, улс төрийн манипуляци нь массын ухамсрын үйл ажиллагаагаар тодорхойлогдох нийгэм-сэтгэл зүйн зүй тогтлыг ашиглаж байдаг. Тэр дотор ухамсар хийгээд далд ухамсар, үл ухамсарлахуйг бүхэлд нь багтаасан сэтгэцийн үйл явцууд ч орж болно. Өөрөөр хэлбэл, мэдрэмж, инстинкт, далд ухамсар зэрэг логик бус сэтгэцийн үзэгдлүүд нийгэмд зонхилж байдаг.
 
Суртал ухуулгын салбарын мэргэжилтнүүд хүмүүст шинэ хэрэгцээ шаардлага бий болгоход бус харин массын урам зоригийг өөрийн зорилготой уялдуулахад бүхэлдээ чиглэдэг гэж болно.  Судлаачид ОНМХ нь үйл ажиллагааг хялбарчлан хөнгөвчлөх ёстой гэж үздэг. Мэдээлэгчийн цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан мэдээллийн зонхилох хэсгийг хялбар элемент бүрдэл рүү хөрвүүлэх ёстой. Үзэгчдийн хувьд ч бүрдэл хэсэг бүрийг “боловсруулан шингээх” цаг хугацаа, энерги хангалттай бус байдаг учраас хялбарчилсан хувилбарыг шаардаж байдаг ажээ. Өдөр тутмын ямар нэгэн асуудлуудын хялбар шийдэл нь чухамдаа нийгмийн сургалтын үр дүн ялангуяа ОНМХ-ийн тогтолцоогоор дамжуулан авсан зарим “түлхүүрийн” тусламжтайгаар бүрэлдсэн стандарт үйлдлүүдээс бүрддэг байна.
 
Гэхдээ хүн (уншигч, сонсогч, үзэгч) түүний оюун ухаанд итгэж, хүндэтгэж харьцах, мэдээлэлд дүнгэлт хийх бололцоог өөрт нь олгохыг хүсч байдаг зэрэг хүчин зүйлийг зайлшгүй тооцож үзвэл зохино. Учир нь тэд бүрэлдсэн үзэл бодлынхоо үүднээс түүнийг зүгээр бэлэн хүлээн авагч мэтээр хандахыг санамсаргүй хийгээд зориудаар эсэргүүцэхэд хүрдэг аж. Хүн хэд хэдэн бололцооноос сонголт хийх эрхэнд нь халдсан шинжтэй шууд мэдэгдлийг мэдэрч ухамсарлаж байдаг. Иймээс суртал ухуулгын мэргэжилтнүүд сонголт хийх бололцоотой мэт хуурмаг нөхцлийг бий болгоход ямагт анхаардаг байна. Нөгөө талаас бодит ертөнц олон талт, нарийн төвөгтэй зүйл. Иймээс үзэгдэл, үйл явдлын нэг талбарт тайлбар нь түүний үл итгэх, зөрчилдөөнд байдал руу түлхэж, ертөнцийн олон хэмжигдэхүүнт нарийн төвөгт байдлын талаарх хүмүүний дотоод мөн чанартай зөрчилдөхөд хүргэдэг байна.
 
Улс төрийн стереотип ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Бидэнд гүнзгий тогтсон итгэл үнэмшлийн үүднээс ОНМХ-ын зорилт нь зөвхөн мэдээлэл түгээх, тэрхүү мэдээлэлд хандах эерэг сэтгэл хөдлөлт харилцааг бүрдүүлэх, үнэлэн цэгнэхэд төдийгүй хүнийг үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэдэг. Мэдээ, мэдээлэл хүлээн авч буй хүмүүс түүнтэй холбоотой улс төрийн шийдвэрийн дадсан арга механизм, үзэл суртлын зохих тайлбарыг ч давхар хүсэн хүлээж байдаг. Тухайлбал, урьд нь албан ёсны хэвлэл мэдээлэл патерналист төр засаг бол хүмүүсийн материаллаг байдлын баталгаа болох тухай болон “социалист сонголт” (төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, социалист өмч, ардчилсан сонгууль бүхий бүгд найрамдах засаглал зэрэг ойлголтыг бэхжүүлэх замаар) гэх үзэл суртлын томъёолол бүхий үзэл санааг сурталдсан улс төрийн тогтолцооны стереотипийг нэвтрүүлж байв. Харин өнөөдөр “хувийн өмч бол нийгмийн хөгжлийн баталгаа”, сангийн аж ахуй нь социализмын үлдэц, ардчилсан төр засаг хамгийн зөв зам болох тухай стереотип эрчимтэй нэвтрэх болжээ.  
 
ОНМХ-д улс төрийн болон бусад зорилгоор нөлөөллийн далд хэлбэрүүд өргөнөөр ашиглагддаг. Нөлөөллийн өвөрмөц арга барилд өөр бусад асуудлыг нөгөөгөөр солих арга мөн ордог.   Өөрөөр хэлбэл, асуудлын гол утга санааг бүдгэрүүлэх, хоёр дах түвшинд аваачих, хохирогч хийгээд хорон санаатныг нэг талбарт байрлуулах зэрэг тактикууд ашиглагддаг байна. Тухайлбал, Югославийн мөргөлдөөний талаар барууны суртал ухуулга уг аргыг хэрэглэж, хоёрдугаар түвшний асуудлуудыг гарган тавьж, “хамгаалах хариу арга хэмжээ”, “хязгаарлагдмал агаарын цохилт” зэрэг ойлголтыг ашиглах, АНУ-ын “ёс суртахууны үүрэг”, “ардчилсан хүчнүүдийн хөтөлбөр” гэх утгаар гол зорилгоо хаацайлж байсныг дурьдаж болно. Яг энэ утгаараа “мэдээлэл” нь яг бараа бүтээгдэхүүн адил засаг төрийн өдөр тутмын хэрэглэгдэхүүн төдий зүйл юм. Суртал ухуулгын зорилгоор мэдээ мэдээллийн утга санааг нь танаж, зөвхөн нэр хэрэглэх үедээ “утгын хайч” хэмээх эффектийг хэрэглэх нь олонтаа. Хүлээн авагч тэрийг нь сэтгэл хөдлөлийн өнгөөр “буддаг”. Үүнд социолингвистик аргыг ашигладаг гэсэн үг. Жишээ нь, эсрэг талын этгээдийг “хөлсний дээрэмчин”, “зэвсэгт этгээд”, “хэт үзэлтнүүд”, “үймээн гаргагчид”, “хүч хэрэглэгч”, “босогчид”гэх зэргээр олон янзаар нэрлэдэг. Сөрөг хүчнийг “хууль бус” гэх ойлголттой давхцуулах нь бий. Нийгмийн хэрэгцээ, хэм хэмжээ, үнэт зүйлсэд нийцүүлэх янз бүрийн ойлголтууд ч байдаг. Ямар нэгэн арга хэмжээг “Ард түмний нэрийн өмнөөс”, “ард түмэнд зориулан, тэдний тусын тулд” зэрэг олны хүсэл сонирхол мэтээр тайлбарлах нь бий.  
 
Эдийн засгийн салбараас ч стереотип нэвтрүүлэх явдал бий. Тэр нь банк бол эдийн засгийн үйл явцын цусан хангамж, хувийн өмчтнүүдийн сэлгээ нь үйлдвэрийн хөгжлийн баталгаа, үр дүн зэрэг эерэг агуулгаар байхаас гадна аюул, тааламжгүй байдлын мэдрэмжийг ч төрүүлэх нь нэг бус.

1 comment:

  1. Сайн мэдээлэл байна. Баярлалаа. Энэ миний дипломын ажил л даа. хэвшмэл ойлголтыг сэтгүүлид ихэвчлэн өөрийн мэдэлгүй бий болгож орхидог гэдгийг тэнд би нотолсон ухаантай. Ер нь энэ мэт судалгаа, шинжилгээний зүйл манай боловсролын системд их дутмаг байдаг санагддаг юм.

    ReplyDelete