2011/04/08

ГИБРИС-СИНДРОМ БОЛ УЛС ТӨРИЙН МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН

Улс төрчдийг эрх мэдэлд хүрэхээрээ бие тоож, ард түмнээсээ хөндийрч тэдний үзэл бодол, дуу хоолойг огтоос үл тоож эхэлдэг тухай яриа маш их тааралддаг. Улс төрчдийн тэрхүү хүнээ байх хандлага, зангаа эвдэх чанар чухам юутай холбоотой талаар олон янзын санаа бодол бий. Мэдээж нэн тэргүүнд эрх мэдлийн бялуунаас хүртэж, түүний ноён оргил дээр, зөөлөн суудал эзлэн суух нөхцөл байдалтай нь шууд холбоотой нь маргашгүй үнэн. Ингээд энэ тухай асуудлаар тухайлан бүтээл гаргасан нэгэн том улс төрч, судлаач хүний хандлага, ойлголтыг хүргэж байна. Уг өгүүллийн гол санааг манай эрх барьж буй хийгээд цагийн эрхээр суудлаасаа буусан ч зангаа үл тавих, дахин шунан дурлахыг хүсч зарим хүмүүс дээр харьцуулан дүгнэвэл учир холбогдол нь тэр байх ажгуу.
Улс төрч бүр "алтан загасны үлгэр"-ийг санаж явах учиртай...


Английн нэрт улс төрч, лорд Дэвид Оуэн “Өвчний түүх ба эрх мэдэл: Сүүлийн 100 жилийн төрийн зүтгэлтнүүдийн өвчин эмгэг” (Owen, David. “In Sickness and in Power: Illnesses in Heads of Government During the Last 100 Years” 2008.) бүтээлдээ дэлхийн улс төрийн удирдагчдын сэтгэл зүйн байдал ба тэдний явуулж ирсэн бодлогын хоорондын хамаарлыг задлан шинжилсэн байна. Тэрээр эрх мэдэлтэй байх явдал хувь хүний мэргэжлийн өвчин болох гибрис-синдром (Hubris syndrome) буюу ихэрхэг дээрэнгүй гэх эмгэгтэй болгодог гэж үзжээ. Гирбис гэдэг нь анагаахын нэр томъёо биш бөгөөд эртний грект басамжлан дээрэнгүйгээр бусдад хандах, ихэрхэг зан гаргах, захиран дээрэнгүйлэх хүмүүний үйлдлийг ийнхүү нэрлэж байжээ.  
 
Ихэмсэг дээрэнгүй зангийн талаар уран зохиолд олон янзаар тусган харуулж ирсэн байдаг. Харин бие хүний зан авир, улс төрийн эрх мэдэлтэй хэрхэн холбогддог талаас нь тэр бүр хөндөж авч үзсэн нь ховор. Тэр дундаа улс төрийн эрх мэдэл өөртөө нь хүний зан авир, сэтгэцийг өөрчилж, ихэрхэг дээрэлхүү болгодог шинж чанарыг өөртөө агуулдаг болох талаас нь тухайлан судалсан нь тийм ч олон бус юм. 

Сэтгэцийн эмгэгийн үүднээс тухайн синдромын хэд хэдэн шинж төрөл бий гэнэ. Үүнд насан хүрэгсдийн анхаарал сулрал бүхий хэт идэвхт байдал, сэтгэц идэвхжүүлэх зүйлсээс хамааралт шинж, түүний дотор архинд орох, хүний сэтгэцийн хөөрөл, хардамтгай болон өөртөө дурлах эмгэг шинжүүдээр илэрч болно.

Сэтгэцийн ихэнх өвчин эмгэг нь удамшилтай холбоотой байдаг аж. Бие хүний синдромын ихэнх нь 18 насанд нь илэрч улмаар бүх амьдралынх нь туршид дагаж явдаг байна. 2006 онд Их Британид хийсэн судалгаагаар бие хүний эмгэгийн нь нийт популяцийн 4.4%-д нь байгааг олж тогтоожээ. Гэхдээ эдгээр өвчин эмгэгээс гибрис-синдромын ялгаа нь нилээн хожим илэрдэг тул бие хүний эмгэг гэж үзэж болохгүй.

Гибрис-синдром нь засгийн эрхэнд гарч ирэхээс үеэс аваад эрх мэдлээ алдах хугацаанд хошуулагчийн зан байдалд илэрч байдаг байна. Иймээс уг эмгэгийг түүний анхдагч шинж онцлогоос илүү зан авир, мэргэжлийн эмгэг өвчин гэж үзэх нь зохистой. Өөрөөр хэлбэл, төрөлхийн бус харин түр шинжтэй олдмол эмгэг гэж үзэх нь зүйтэй. Тэрчлэн энэхүү сэтгэл зүйн өвчлөлийн магадлал нь төрийн алба хашиж буй улс төрчийн тухайн нөхцөл байдлаар тодорхойлогддог онцлогтой юм.  

Үүнтэй холбоотойгоор:
-    Засгийн эрх мэдэлд хүрэх, гартаа авах зэргээр томоохон амжилт олсон
-    Улс төрийн нөхцөл байдал лидерийн хувийн нэр хүндийг бэхжүүлэхэд онцгой таатай байгаа
-    Засгийн эрх мэдэлд байх хугацаа зэрэг үндсэн гадаад хүчин зүйлүүд гарч ирдэг. 
Тухайн лидер албан тушаалдаа хэдий хэр байна төдий хэрээр гибрис-синдром илэрч байдаг. Улс төрчид доор дурьдагдах шинж тэмдэг 3-аас дээш ажиглагдвал тухайн синдромтой гэж онош тавьж болно. Үүнд:
-  Өөрийн нэр алдраа хамгаалах, хүрээлэн буй орчноосоо илүү эрх мэдлээ ашиглах талбараа чухалчлан тооцох нарциссист чадвартай.
-    Өөрийн имижийг гэгээлэг талаас нь харуулахыг ямагт эрмэлздэг
-    Бий болгосон дүр төрх, нийгмийн сэтгэгдэлд хэтэрхий анхаардаг
-    Өөрийгөө өргөмжлөх тал дээр чадварлаг, хувийн амжилтаа хэлэлцүүлэхдээ гаргуун
-   Өөрийгөө төр засагтай адилтгах, ертөнцийг үзэх үзэл, эрх ашгаа бүх нийгмийн эрх ашиг, үзэл бодолтой жишин зүйрлэдэг
-    “Бид” хэмээх ойлголтыг ашиглах, өөрийн тухай гуравдагч этгээд ярьж буй мэтээр ярих зуршилтай.
-   Шүүмжлэл, зөвөлгөөнд хайхрамжгүй хандах, өөрийн шүүмжлэл хандлагадаа хатуу итгэдэг
-    Хүч чадал, өөртөө итгэх итгэл онцгой их
-    Лидерийг газар дэлхийн шүүх, хамтран зүтгэгч улс төрчид, нийгмийн санаа бодол бус дээд шүүгч Бурхан, түүх шүүх болно гэж үздэг.
-    Тэрхүү дээд шүүх нь өөрийг нь зөвтгөнө гэдэгт огтоосоо эргэлздэггүй.
-    Болгоомж муутай, хөнгөн хуумгай, эрс тэс үйлдэлтэй
-    Бодит байдлын мэдрэмжээ алдаж, өөрийгөө тусгаарлах нь олонтаа.
-   Өөрийн алсын хараа, ёс суртахууны цэвэр ариун байдалд бат нот итгэдэг, улс төрийн чиг хандлагаа өөрчлөхдөө хөшүүн
-  Хэтэрхий өөртөө итгэлтэй байдал нь сонгосон улс төрийн чиг хандлагын зарим асуудлуудыг жичид нь авч үзэх явдалд саад учруулж, үйл хэрэг нь муугаар эргэхэд хүрдэг тул улс төрийн мэдлэггүй, дээрэнгүй гэх хандлагаар бусдад ойлгогдоход хүрдэг.

Гибрис-синдром нь нэн тэргүүнд нөхцөл байдлыг оновчтой үнэлж цэгнэх чадвар алдагдах байдлаар илэрнэ. Уг синдром эрх мэдэлтэй байх явдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ нь урьдчилсан нөхцөл болдог байна. Хэрэв хүн эрх мэдлээ алдвал уг синдром мөн алга болдог. Гибрис-бие хүний шинж тэдгээрийн ардчилсан хийгээд ардчилсан бус байхаа үл хамааран засгийн газрын тэргүүн дээр нилээн хурц илэрдэг. Орчин үед хэмжээгүй эрхэт хаант засгийг халж, тухайн эмгэг бүхий этгээдээс тодорхой түвшинд зайлсхийх нийгмийн арга механизм бүхий ардчилсан нийгэм хөгжиж байгаа нь хэн бүхэнд тодорхой Сайд нарын кабинет, парламент, ОНМХ зэрэг тэрхүү хамгаалах арга механизм нь тэр бүр үр дүнтэй байж чаддаггүй. Дарангуйлагч лидерийн үед эрх баригчийн үйл ажиллагааг зохицуулах эдгээр хязгаарлагч механизмыг үгүйсгэх нарийн төвөгтэй зорилт урган гардаг. Тэдгээр нөхдөд гадаад нөлөөлөх үзүүлэх, олон улсын шахалт хийх үлэмж төвөгтэй байдал үүсдэг.  

Өнгөрсөн зууны төрийн тэргүүнүүдээс гибрис-бие хүнийг дарангуйлагчид хийгээд ардчилагчдын аль алиных нь дундаас олж харах боломжтой. АНУ-ын ерөнхийлөгч агсан Ф.Рузвельт нь гибрис-синдромтой байсныг нь тогтоож болох хамгийн өндөр магадлалтай хүн юм. Тэрээр хатуу чанга, зальтай, өөдрөг нэгэн төдийгүй ардчилсан чиг хандлагаа гээхгүй байхад нь хошин шогийн мэдрэмжтэй, эрээ цээргүй байдал нь чухал нөлөө үзүүлж байсан байна. Эдгээр чанарууд нь түүний олдмол нуруу нугасны өвчнийг даван туулах тэвчээртэй салшгүй холбоотой бүрэлдэж ирсэн бөгөөд 1930-аад онд засгийн эрхийг авах, эдийн засгийн хямралтай тэмцэх, дайнд оролцоход улс орноо дайчлахад нь томоохон түлхэц үзүүлсэн ажээ.  Тэрчлэн хожим хийсэн оношилгоогоор хөөрөл саатлын эмгэгтэй Теодор Рузвельт, Линдон Джонсон нар болон архинд донтсон Ричард Никсон, дутмагшлын эмгэгтэй (dementia) Вудро Вильсон, Адиссоны өвчтэй Жон Кеннеди нараас гибрис синдромын шинж тэмдэг илэрдэг байна.

Дээрэнгүй байдалд дуртай Сталин, Гитлер, Мао Цзэдун, Пол Пот, Мугамбе, Муссолини нарыг гибрис синдромтой байсан гэж үзэх бүрэн үндэстэй.  ЗХУ-ын төрийн тэргүүн байсан Н.Хрущевийн ажлын арга барилдаа дээрэнгүй ихэмсэг хандах, хэт хөөрлийн эмгэг нь түүнийг ийм синдромтой байсныг харуулах нэг нөхцөл юм.

Харин орчин үеийн дэлхийн хэмжээний удирдагчдаас Маргарет Тэтчер, Бага Жорж Буш, Тони Блэр нарын бодлого үйл ажиллагаа, асуудалд хандах хандлага, албан ёсны болон албан бус мэдэгдэлд хийсэн дүн шинжилгээ, өөрийн тойрон хүрээлэгчиддээ харьцах харьцаа, эрс шаргуу, зөрүүд авир нь тэднийг гибрис-синдромтой байсныг харуулдаг. Тэдгээрийн болчимгүй үйлдэл, эрс шийдэмгий байдал, олон улсын харилцаанд явуулж байсан алхмууд нь дотооддоо төдийгүй олон улсын талбарт шүүмжлэх, нэр хоч өгөхөд хүргэж байсныг бид бүхэн санаж байгаа.

Гибрис-синдром нь дан ганц улс төр гэлтгүй бизнес, цэрэг арми, шинжлэх ухааны салбарын лидерүүдэд үүсч болох мэргэжлийн эрсдэл юм.Улс төрчдийн ихэнхэд нь уг синдром өөр өөрийн онцлогтойгоор илэрч байдаг. Гэхдээ бүх лидер энэхүү чанарыг өөртөө хөгжүүлдэггүй. Зарим улс төрчид тун тодорхой дотоод дүр төрхтэй, эрх мэдэлд шунан дурлах хандлагаас өөрийгөө хамгаалж чаддаг. Тухайлбал,  АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн, Английн ерөнхий сайд асан Клемент Эттли, Германы канцлер Гельмут Шмид, Английн ерөнхий сайд Жеймс Каллаган нарыг үүнд тооцож болно. Тэд бүгд улс төрийн том амжилтад хүрсэн хэдий ч түүнд толгой нь эргэж, бялуураагүй юм. 

No comments:

Post a Comment