2010/10/16

УЛС ТӨРИЙН КОНСАЛТИНГ МОНГОЛД?

Монгол улс 1990-ээд оноос нийгэм-улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжиж, улмаар олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш 20 жилийн нүүр үзэх гэж байна. Мөн үеэс нийгэм-улс төрийн шинэ тогтолцоо, үзэгдэл, үйл явц бүрэлдэж эхэлсэнтэй холбогдон түүний агуулга, мөн чанарыг илэрхийлсэн улс төрийн үйл явц, үйл ажиллагааны шинэ хэлбэр, хэв маяг, улс төрийн арга зарчим, технологи хөгжиж байна. 1990 оноос өмнөх улс төрийн сонгууль явуулж ирсэн туршлага, өнгөрсөн хугацаанд төлөвшсөн олон нийтийн улс төрийн соёл, улс төрийн арга, технологийн барууны хэв маяг бүхэлдээ монголын улс төрийн амьдралд гарсан эрс өөрчлөлт хувьсал нь монголын гэх өвөрмөц улс төрийн орчныг бүрдүүлжээ. Тэрхүү өөрчлөлт хувьсалыг улс төрийн сонгуулийн үед илүү хурцаар үзэж мэдэрч болно.

Ардчилсан сонгууль явуулах үйл явцыг дагалдан гарсан үзэгдэл, үйл явц, эсвэл гаднаас авч хэрэглэж буй үйл ажиллагаа бүр тэр бүр оновчтой, зохистой бус байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал улс төрийн PR, улс төрчийн имиж бүрдүүлэх үйл явц хэт хэлбэрдсэн, “хуулбарласан”, монгол хүний сэтгэл зүйн “хөрсөнд” үл буух, заримдаа уг ухагдахууныхаа учир агуулгыг ойлгоогүй байдлаар хэрэглэж байгаа хандлага ажиглагдаж байлаа. 
Нөгөө талаас сонгуулийн технологи тодорхой хэмжээнд хөгжсөн орнуудаас урьж залсан консультант-мэргэжилтнүүд авч ажиллуулж байсан тохиолдол том намуудын хувьд төдийгүй жижиг намуудын түвшинд ч ажиглагдаж байсан. 
Гэхдээ тэдгээр нь монголын хөрсөнд буусан үр дүнтэй зөвөлгөө өгсөн эсэх асуудлын хувьд тодорхой хариулт алга. Иймээс монголын нийгэм-улс төрийн тогтолцоо, монгол хүний сэтгэл зүй, газар нутгийн байршил, хүн ам зүйн онцлог болон бусад хүчин зүйлийг нарийн тооцсон улс төрийн консалтингийн “монгол загварыг” боловсруулан хэрэглэх нь үр өгөөжтэй юм. Үүнд 1990 оноос хойш нийгмийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж байсан эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсруулсан ба боловсруулж хараахан амжаагүй мэдээ материал чухал ач холбогдолтой болно. 
Улс төрийн консалтинг ер нь орчин үед улс төрд хэрэглэгддэг бүхий л арга технологи манай хойд хөрш ОХУ-д маш эрчимтэй хөгжиж, зарим тохиолдолд улс төрийн консалтингын эх орон АНУ-аас хол давуу байгааг анзаарч болно. Харамсалтай нь улс төрийн тэдгээр бүхий л зорилго, үйл ажиллагаа, арга технологи дан “бохир”, “хар” байдлаар хөгжиж буйг хэлүүштэй. Гэхдээ ийм байдалд судлаачид, мэргэжилтнүүд гэхээсээ тухайн орны нийгэм-улс төрийн нөхцөл байдал, ардчилал “хиймэл” төрхөөр хөгжиж буй байдал шалтгаалж байна. Улс төрийн консалтинг монголд урсгал шинжтэй, зохион байгуулалт тааруу хэдий ч тодорхой байдлаар хөгжиж байна. Үүрэг, нэршил, зорилго, үйл ажилагааны чиглэлээр нь авч үзвэл “Монголын PR ассоциаци”, “Face PR” агентлаг ийм үйл ажиллагаа явуулдаг байж болох талтай. Гэвч илт улс төрийн манипуляци зорилго агуулсан “шилдэг улс төрч” шалгаруулах ажиллагаа, тэрчлэн гаднаас урьж залсан тухайн чиглэлийн мэргэжилтнүүдээр лекц уншуулах зэрэг бизнес үйл ажиллагаанаас хэтэрсэнгүй. Намуудын дэргэдэх тухайлбал, МАХН-ын “Прогноз” сургалт сурталчилгааны төв нь улс төрийн консалтинг байгууллага байж болох талтай ч социологийн судалгаа авч, түүн дээр үндэслэсэн бага зэргийн дүн шинжилгээгээ танилцуулахаар үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байна. Улс төрийн сонгуулийн Баруунд хэрэглэгддэг сонгуулийн арга, технологийг үндсэндээ 1993 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэрэглэж эхэлсэн гэж хэлж болно. Харин 2004 оны УИХ-ын сонгууль үүний оргил үе байлаа. Гэхдээ УИХ-ын 5 удаагийн сонгуульд нэр дэвшигчид улс төрийн консультанттай хамтран ажилласан жишээ тун ховор байна. Тэд урлагийнхан болон ухуулагч, тодорхой мэргэжлийн хүмүүс /эмч, багш гэх мэт/ нөлөө бүхий хүмүүсийг дагуулж имижээ өсгөхөд л гол анхаарлаа чиглүүлж байв. Эдгээр хүмүүс нь тухайн нэр дэвшигчийн имиж өсөх, олон нийтийн анхаарлыг өөртөө хандуулах зэрэгт чухал ач холбогдолтой байж болох талтай ч улс төрийн сонгуулийг хэрхэн яаж явуулах, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөө, илтгэл яриа, алдаа онооны талаар зааж зөвлөх тал дээр  сул “субъектүүд” юм. Монголд тодорхой салбараар улс төрийн консултьтант хийж чадах боловсон хүчин тодорхой түвшинд бэлтгэгдсэн байгааг хэлүүштэй.
Дүгнэж хэлэхэд Монголд улс төрийн чиглэлээр консалтингийн үйл ажиллагаа хөгжих зах зээлийн багтаамж хязгаарлагдмал ч үндэсний боловсон хүчин бэлтгэх, сургалт судалгааны ажил хийх улс төрийн нам хүчнүүдийн хувьд төдийгүй Монголын улс төрийн салбарын шинэчлэл хөгжилд чухал учир холбогдолтой бөгөөд эдгээрт Улс төрийн нам хүчнүүд, улс төрийн боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын үүрэг роль чухал ач холбогдолтой хэвээр байгааг хэлэх нь зүйтэй.                      2007 он

1 comment: