2010/10/16

УЛС ТӨРИЙН КОНСАЛТИНГ

1. Улс төрийн консалтингийн тухай ойлголт
Барууны нийгэм судлаачид улс төрийн шинжлэх ухааныг үлэмж прагматик шинжлэх ухаан гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь уг шинжлэх ухааны онолын чиглэлээс хавсарга салбар нь өндөр хөгжсөн байдгаар тайлбарлагдана. Орчин  үеийн улс төрийн шинжлэх ухаанд “улс төрийн бодлогын шинжилгээ”, “улс төрийн маркетинг”, “улс төрийн менежмент”, “улс төрийн консалтинг”, “улс төрийн имиж судлал”, “улс төрийн сэтгүүл зүй” зэрэг улс төрийн үйл ажиллагаа болон технологит өргөнөөр ашиглагддаг томоохон хавсарга салбаруудын эзлэх байр суурь улам бүр өссөөр байна.
  
   “Улс төрийн консалтинг” (consulting – зөвөлгөө өгөх гэсэн англи үг. Нийгмийн ухааны олон ойлголт ухагдахууныг монгол хэлний тогтсон нэр томъёо болгон хэрэглээгүй байгаа тул хөрвүүлэн хэрэглэсэнгүй.)  - улс төрийн байгууллагын (үйлчлүүлэгч) удирдлага, ажилтан албан хаагчид, тэдгээрийн үйл ажиллагааны эрсдлийг бууруулах, чиглэсэн зорилтыг нь шийдвэрлэхэд мэргэшлийн туслалцаа үзүүлэх явдал гэж тодорхойлж болно. Чухамдаа тэр нь улс төрийн байгууллага, үйл явцын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэдгээрийн бүтэц, үйл ажиллагааны дэс дарааллыг оновчтой болгох механизм юм. 

2. Улс төрийн консалтингийн түүхэн үе
1930-аад онд АНУ-д Клем Уайтхэкер, Леон Бэкстер нарын гэр бүл улс төрийн кампаний чиглэлээр дагнасан фирм байгуулснаар улс төрийн консалтинг жинхэнэ утгаар хөгжиж эхэлсэн гэж үздэг. Тэд анх сонгуулийн кампаниар бус, харин томоохон корпорациудын эрх ашгийг хөндсөн мужийн хууль тогтоох байгууллагаас гаргасан эдийн засгийн төслөөр үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Уг төслийг дэмжигчид Уайтхэкер, Бэкстер нарыг хөлслөн авч, улмаар төслийн талаар нийгмийн санаа бодлын тааламжтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тэд радио, сонин хэвлэлийн нийтлэл, нэвтрүүлэгийг ашиглах, тэрчлэн өрсөлдөгчдийн дайралтыг унагах зэрэг ажиллагаа явуулсан байна. Уг зорилтыг амжилттай шийдвэрлэснээр тэд удалгүй улс төрийн технологийн салбарт томоохон мэргэжилтнүүдийн зэрэгт хүрсэн байна.
 

1950-аад оноос америкийн сонгуулийн кампанид улс төрийн консультантын үүрэг роль эрчимтэй өсч, улмаар сонгуулийн шинэ технологи хэрэглэгдэж эхэлсэн бүхий л улс орнуудад тэдний үүрэг, ач холбогдол улам бүр өссөн. Ялалтад хүрэхийн тулд нэр дэвшигчид улс төрийн консультантын туслалцааг авахыг эрмэлзэх болсон нь улс төрийн консультант (зөвлөгч) хэмээх салбар 20 жилийн дотор мэргэжлийн корпораци болон хөгжихөд гол нөлөө үзүүлсэн юм. Гэвч нэр дэвшигчид олон, харин ялагч нэг байдаг тул улс төрийн консультантаар удирдуулсан сонгуулийн кампани тэр бүр амжилттай байх явдал хязгаарлагдмал болсон нь ойлгомжтой. Гэхдээ мөн үеэс улс төрийн консультинг улс төрийн сонгуулийн кампаний салшгүй хүчин зүйл байх болжээ.
1960 оноос сонгуулийн кампаний хэв загварт “шинэ улс төрийн бодлого” хэмээх ойлголт өргөнөөр ашиглагдах болж, нэр дэвшигчдийн хооронд агуулгын /хөтөлбөрийн/ ялгаа зөрөө бус, харин нэр дэвшигчдийн имиж бүрдүүлэх болон мэдээлэл харилцааны дэвшлийг ашиглах зэрэг сонгуулийн кампаний техникийн шинжтэй аспектад голлон анхаарах болсон байна.
 

1990 оны дунд үеэс  сонгуулийн кампанийг зохион байгуулах америк арга, технологийн тухай төдийгүй улс төрийн зөвөлгөө өгөх үндэсний шинжтэй тогтсон загварыг төлөвшүүлэх тухай ярих болсон юм.
Мөн үеэс ардчиллын давалгаа олон улс орныг хамарсантай холбогдон улс төрийн консалтинг технологийг хэрэглэх хүрээ өргөжиж Дорнод Европ, Өмнөд Америкийг хамрах болсон байна.
Улс төрийн амьдралд улс төрийн консалтингийн үйлчлэх хүрээ өргөн хэдий ч улс төрийн сонгуулиар түүний үүрэг, учир холбогдол илүү өндөр байдгийг улс орнуудын практик жишээ харуулж байна.
 

Өдгөө судлаачид улс төрийн консалтингийн дараахь хэв маяг байгааг нотолж байна. Үүнд:
1.    Америкийн загвар – сонгуулийн кампаний зохион байгуулах явдлыг гол төлөв тухайн нэр дэвшигчидтэй ажилладаг мэргэжлийн агентлаг хэрэгжүүлдэг бөгөөд тэдний үүрэг зөвхөн зөвөлгөө өгөх төдийгүй сонгуулийн кампаний менежментийг хариуцан ажилладаг байна.
 

2.    Германы загвар – сонгуулийн кампаний менежер нь (кампанийг хариуцсан ажилтан) намын аппаратад ажилладаг. Сонгуулийн кампаний үед  тодорхой салбарыг хариуцсан улс төрийн консультант-мэргэжилтнүүд үйл ажиллагаанд оролцдог.
 

3.    Францын (холимог) загвар – сонгуулийн кампанийг намын аппаратын ажилтан болон нэр дэвшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллаж буй мэргэжилтэн нар удирдан явуулдаг.
 

Дээрх хэв шинжийг харгалзан улс төрийн консультантыг “гадаад” /тодорхой кампанийг явуулахад гэрээний үндсэн дээр оролцох/ болон “дотоод” /нэг улс төрийн байгууллагын төлөөлөгчтэй байнга хамтран ажиллах  эсвэл түүний аппаратад байнга ажиллахаар шилжин орох/ гэж ангилж болно. Эдгээр хэлбэрүүд нь тухайн орны улс төрийн тогтолцоо, улс төрийн соёл, улс төрийн сонгуулийн системийн онцлогтой нягт уялдан бүрэлддэг байна. Тухайлбал, парламентын засаглалтай, сонгуулийн пропорциональ системтэй нөхцөлд “дотоод” буюу тухайн улс төрийн байгууллага (нам, эвсэл, холбоо) өөрийн улс төрийн консалтинг албатай байх нь тохиромжтой байхад сонгуулийн мажоритар системтэй оронд “гадаад” бие даасан улс төрийн консалтинг агентлагууд байгуулагдах нь үр өгөөжтэй юм. Улс төрийн консультант гэдэгт улс төр судлаач, сэтгэл судлаач, социологич, имижмейкер, зэрэг улс төрийн чиглэлээр шаардлагатай эксперт, анализ хийж, зохих зөвөлгөөг өгдөг мэргэжилтнүүдийг багтаадаг. 

Цаашлаад улс төрийн социологи, улс төрийн сэтгэл судлал, сонгуулийн социологи, улс төрийн маркетинг, улс төрийн реклам, улс төрийн сэтгүүл зүй, илтгэх урлагийн чиглэлээр  зэргээр дагнан мэргэшсэн консультант-мэргэжилтэн байх нь илүү ач холбогдолтой. Эдгээр мэргэжлийн хүмүүс дангаараа тус бүрдээ зөвөлгөө өгөхөөс гадна тусгайлан баг бүрдүүлэн ажиллах нь үр дүнтэй байдаг. Мөн нийгмийн ухааны бусад салбарын тухайлбал, эдийн засагч, эрх зүйч болон бусад мэргэжлийн хүмүүсээр зохих дүн шинжилгээ хийлгэх, зөвөлгөө авч болно. Ер нь консультант захиалагчийнхаа удирдлагын үйл ажиллагааны тодорхой чиглэлээр ажил хэргийн байдлын объектив үнэлгээг боловсруулж чадах шинжлэх ухааны орчин үеийн мэдлэг, тэргүүн туршлага эзэмшсэн  этгээд байвал зохино.

No comments:

Post a Comment