2013/02/23

УЛС ТӨРИЙН ЦАГ ХУГАЦААНЫ ТУХАЙД


“Монголын эзэнт гүрний үе”, “Цөвүүн цаг”, “Олноо өргөгдсөний 5-р он”, “Социализмын эрин”, “Цэдэнбалын үе”, “Ардчилсан шилжилт”, “Их эвслийн засгийн газар” гэх мэт нийгэм-улс төрийн тодорхой үйл явдал, эрин цагийг тодорхойлсон ойлголтыг хүн бүр сонсож дуулж байсан биз ээ. Цаашлаад, “улс төрийн хроник”, “улс төрийн мөчлөг буюу циклийн үзэл баримтлал”, “улс төрийн цаг хугацаа”, “улс төрийн урт хугацааны мөчлөгийн онол” зэрэг нэр томъёо, ухагдахуун мэргэжлийн зохиол бүтээлд явцуу хүрээнд ашиглагдаж байдаг. Улс төрийн орон зай, цаг хугацааны нарийн төвөгтэй үзэгдэл, үйл явцыг томъёолж, тайлбарлах замаар нийгмийн хууль зүй тогтлыг нээж таних оролдлого сэтгэгчид, эрдэмтэн судлаачдын дунд нилээн эрт үеэс хийгдэж ирсэн юм. Ингээд “улс төрийн цаг хугацаа, орон зайн” тухай нарийн төвөгтэй ойлголтын талаар цуврал өгүүлэл бэлтгэж буйн эхнийхийг хүргэж байна. 


Бодит цаг хугацааг бүтээх боломжгүй. Гэхдээ эзэмшиж, зарж, ашиглаж, хэрэглэж, хуваарилж, товлож, хуримтлуулж, нөөж, нөхөж болно. Харин улс төрийн хувьд цаг хугацааг бүтээх нь хэвийн үзэгдэл. 

Улс төрийн цаг хугацааг тодорхойлох нь
Товчхондоо, нийгмийн улс төрийн амьдрал, түүний хөгжлийн тодорхой үе шат, өрнөлтийг заасан нэр томъёо юм.  Хөгжлийн хурд, явцын хувьд ялгаатай, олон хэмжээст үзэгдэл. Өнөөдрийн улс төр өчигдрөөс хамаарч, маргаашийн тодорхойлдог. Улс төрийн цаг хугацаа нь улс төрийг субъект, объектын харилцан үйлдлийн үргэлжлэх чанараар тодорхойлогдоно. 

Улс төрийн цаг хугацаа нь үйл явдлаар хэмжигдэнэ. Тэрнээс хуанлийн хугацаагаар биш. 1921 оны 7 сарын 11, 1989 оны 12 сар, 10 сарын 2 зэрэг нь түүхэн үйл явдлыг тэмдэглэсэн билэг тэмдэг, улс төрийн амьдралын хувирал, үе шатны тэмдэглэгээ төдий зүйл. Үүгээр түүх, улс төрийн өөрчлөлтийг хүмүүс баримжаалж, улс төрчдийн хувьд суртал ухуулгаа явуулах, эрх баригчдын зүгээс үзэл суртал, оршин буй тогтолцоогоо зөвтгөх тайлбар шалтгаанаа олж авдаг. Үйл явдлын шинж чанар л улс төрийн цаг хугацааны гол, чухаг тодорхойлогч юм. Энэ үүднээс хэмжигдэхүүний нэгж нь үйл явдалд өгсөн үнэлгээ дүгнэлт, ойлголт мэдлэг болдог. Ухаандаа 1921 оны 7 сарын 11-ыг социалист нийгмийн үед ардын хувьсгалын тэмдэглэлт ой гэх утгыг өндөрт өргөж байсан бол өдгөө монгол үндэсний уламжлалт баяр наадмын өдөр гэх санааг тод томруун илэрхийлдэг болсон. Ямар нэг үйл явдлын огноо нэг хэсэгт нь баяр хөөр агуулж байхад нөгөөд нь уйтгар гашуудлын утга агуулж болно. 

Улс төрийн тодорхой нөхцөл, төлөв байдлыг тодорхой утга санаа агуулсан нэр хочоор тэмдэглэх нь бий. Тухайлбал, 2010-12 оны хооронд засгийн эрх барьж байсан нам хүчний нэрээр “МАНАН” гэх сэтгүүл зүйн нэршил бий болж байлаа. Нэг талаас эвслийн засгийн газрыг бүрдүүлсэн нам хүчнүүдийн нэр бол нөгөө талаас нийгэм, улс төрийн тодорхойгүй байдал, нээлттэй бус шийдвэр гаргах явцыг ийнхүү хочилж байсан нь саяхны үзэгдэл. 

Улс төрийн цаг хугацааг хэмжих нь
Улс төрийн цаг хугацааны харьцангуй чанар улс төрийн өрнөл, үйл явдлын давтамж, улс төрийн амьдралын эрчим, идэвхит чанар, улс төрийн хөгжлийн олон хэмжээст байдлаар тодорхойлогддог. Улс төрийн цаг хугацаанд аж ахуйн амьдрал чухал нөлөөтэй. Тухайлбал, нийгэм улс төрийн орчинд аж ахуйн шинжтэй цаг хугацааны хэмжүүрийг ашиглах явдал цөөнгүй.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнууд нэг, гурав, таван жилийн гэх мэт нийгэм-эдийн засгийн нэгжээр хэмжигдэхүүн хийж иржээ. Энэхүү хугацаандаа даалгавраа биелүүлэх шаардлагад нийгмийн үнэ цэнэ, экологийн нөлөө, хүрээлэн буй орчны сүйтгэлийг эс тооцох ба хүний хөдөлмөрийн үнэ цэнийг бууруулж, хүний амьдралыг цагийн механизм төдий хэрэгсэл болгон хувиргадаг. Уг улс төрийн цаг хугацааны хэмжигдэхүүн илтгэх хуудас, тайлангийн тогтолцоот, бодит мэдээллээс ангид нийгмийг бий болгодог. Нэг үгээр Монголчуудын хувьд социализмын үед хэрэгжүүлж асан “таван жилийн төлөвлөгөө” нь гай ч дагуулсан, гавъяа ч авчирсан. Орчин үед улс төрийн шалтгаантай дээрх хэмжигдэхүүний утга өөрчлөгдөж, ард түмнээс эрх баригчид, улс төрчдөд үзүүлэх итгэлийн шалгуур маягтай ерөнхийлөгч, засгийн газрын “100 хоног”, улс төрчдийн нэр хүнд рейтингийн өөрчлөлт зэрэг хэмжүүрийг ашиглах болжээ. 

Тэрчлэн “Цөвүүн цаг” гэх шашны гарвалтай ч нийгэм-улс төрийн тогтворгүй, хямралт байдлыг тодорхойлсон ойлголтоор улс төрийн цаг хугацааны гэнэтийн, урьдчилан таамаглах аргагүй төлөв байдал түүхэнд нэг бус гарч байв. Дараагаар нь нийгмийн “бифуркаци” өрнөж, түүхийн цаг хугацааны хэмжээс тухайн ард түмэнд тааламжтай, хөгжил цэцэглэлтийн эринийг зааж эхэлдэг байна. 20-р зуунд Монгол оронд “цөвүүн цаг” гэж болохоор нөхцөл байдал нэг бус тохиож байлаа. Үр дагаварт нь тусгаар тогтнолоо сэргээн тохинуулж, бүтээн байгуулалт иргэншлийн дэвшлийг хэрэгжүүлж, ардчилсан шинэчлэл, хүн төрөлхтний хөгжлийн гольдрол руу орох чухал үйл явдлууд өрнөж байсан юм. “Ардчилсан шилжилт” гэх үзэгдэл ч 30 жил шаарддаг тухай судлаачид авч үзсэн нь бий. Тэгэхээр Монголчууд амжилттай ахиж чадвал шилжилт дуусахад тун ойрхон болсон гэсэн үг. Амжихгүй, асуудалтайгаа зууралдсан хэвээр үлдвэл “шилжилт” сунжрах нь тодорхой. 

Улс төрийн цаг хугацаа бол улс төрийн субъектын эрчим идэвхийн хэмжүүр бөгөөд бодит цаг хугацаан дахь үйл явдлын давтамжаар хэмжигддэг. Тухайн явдлын өрнөлөөс шалтгаалж улс төрийн цаг хугацаа удааширч эвсэл хурдсаж болно. Өөрөөр хэлбэл, бодит цаг хугацаатай улс төрийн цаг хугацааны статус давхцалгүй, өөрийн зүй тогтолд захирагдаж байдаг. Тухайлбал, тодорхой газар тухайлбал нийслэл хотод улс төрийн үйл явдлын өрнөл, үйл явц харьцангуй өргөн, нийгэм сэтгэл зүйн бужигнаан их байхад өөр бүс нутагт улс төрийн амьдрал тайван буюу цаг хугацааны хэмнэл эрс өөр жишээтэй. Энэ үүднээс улс орон болгон улс төрийн өөр өөр “цагийн бүс”-тэй төдийгүй засаг захиргааны нэгжээрээ өрнөл, хэмнэл нь ялгаатай болж таарна. Цаашлаад нийгмийн бүлгүүдийн хувьд ч улс төрийн цаг хугацааны хэмнэл ялгаатай үйлчилж байдаг. Улс төрийн амьдрал нь нийгмийн бүлгүүдийн харилцан үйлдэл, зөрчил тэмцэл, зөвшилцлөөр тодорхойлогддог тул төлөвлөгдөөгүй, таамаглах аргагүй, ил далд нөлөө ихтэй талбар байдаг. Үүнээс шалтгаалж улс төрийн цаг хугацааны өөрчлөлт, өрнөл явц хэрхэх нь шийдэгддэгээрээ онцлог. Тухайн улс орны иргэншлийн байдал (Өрнө-Дорно, Өмнө ба Умард), үндэсний уламжлал, ухамсар, улс үндэсний өмнө тавьсан зорилгоос хамаарч улс төрийн үйл явц, ялангуяа улс төрийн шинэчлэл өөрчлөлтийн далайц, хүрэх үр дүн, хурдац шалтгаалдаг байна.  

Улс төрийн цаг хугацааны хөдөлгөөн өрнөл
Улс төрийн цаг хугацааны урсгал идэвхтэй чанартай. Тэрээр үйл явдлыг өдөөж, түүний зорилго, үр дүн, шийдвэрлэх арга замыг тодорхойлж байдаг. Улс төрийн зорилго, хэрэгжүүлэх хугацаа нь улс төрийн одоо цагийн утга чанар агуулга, түүний арга, үзэл санаа, төлөвлөгөө, нөөц, үйл ажиллагаа, оролцогчдын тоо, зан авирыг тодорхойлж байдаг. Өнгөрснөөс одоо руу улс төрийн цаг хугацаа улс төрийн бодлого, түүний нөөц, ололт амжилт, үр дүн, үзэл санаа, онол, хүмүүсийн туршлага, эрх ашиг болон шилждэг. 

Мэдээж улс төрийн цаг хугацаа эхлэл төгсгөлтэй. Ямар нэг зорилго зорилт шийдвэрлэгдэж, үйл явдал (сонгууль, засгийн газрын бүрэн эрхийн хугацаа) дуусгавар болоход тэр мөн дуусдаг. Үйл явц урт сунжирсан нөхцөлд нийгэм, түүхийн эрин, хувьсгалт үе шат, капитализм, эзэнт гүрний үе гэх мэтээр үргэлжилж болно. Улс төрийн цаг хугацааны урсгал тасарч болно. Эрс эргэлт, цаг хүрэлцэхгүй байх, үйл явдал хяналтаас гарах эсвэл ор зогсох нөхцөлд ийм явдал тохиолдоно. Улс төрийн цаг хугацааг хянаж болох ба тэгэх ч ёстой. Гэвч хяналтаас гарах нь бий. Цаг хугацаа бол улс төрийн чухал нөөц. Цаг хугацааг үр дүнтэй ашиглах чадвар нь улс төрийн чухал асуудал байдаг. Ийнхүү идэвхтэй ашигласнаар улс төрийн үйл ажиллагаа, тэмцэл өрсөлдөөн амжилтад хүрнэ.  

Улс төрийн шийдвэр гаргах явц ч хугацаа хязгаартай. Тухайн шийдвэр гарвал зохих хугацаанаасаа хоцорвол үр нөлөөгүй зүйл болон хувирдаг. Ялангуяа улс төр, эдийн засаг, эрх зүйн реформ шинэчлэлийн үед шийдвэр гаргалт шуурхай бөгөөд оновчтой байх шаардлага тулгарч байдаг. Гарах шийдвэр хоцорч удаашрах явдал төрийн тогтолцооны оновчгүй зохион байгуулалт, шийдвэр гаргагчийн зан авир, улс төрчийн хийгээд институцийн шаардлагатай мэдээллийг олох, дүн шинжилгээ хийх чадамж дутагдах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж болно.  

Улс төрийн цаг хугацаа субъектив чанартай болох нь
Өөрөөр хэлбэл, улс төрийн цаг хугацааны нэг өвөрмөц шинж бол домгийн чанартайд оршино. Ямар нэг ард түмний чухал түүхэн үйл явдал хэдий чинээ “эртээ урьдын цагт” байна төдий хэрээр тухайн үндэстний ой ухамсарт “домог” болон мөнхжинө. Тэрхүү домог нь өнгөрсөн үеийг төгс сайхан байсныг нутлах эрмэлзэнэ. Урьд “бур бур салхитай бурханы орон” гэж байсныг сануулахыг хичээнэ. Зөвхөн эрт дээр үе гэлтгүй Монголын их эзэнт гүрэн, Социалист Монголын эринийг жаргалтай байсан гэх “өнгөрсний мөрөөдөл”, “Монголчууд ирээдүйд дэлхийд дахин ноёрхох”-ын зөгнөсөн домог ч байж болно. 

Улс төрийн цаг хугацааны өөр нэг шинж бол эргэн дахих чанар юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн аль хэдий нь туулж өнгөрүүлсэн улс төр, оюун санаа, эдийн засаг, социал байдал эргэн давтагдаж болно гэсэн үг. Яг тэр чигээрээ биш бол ямар нэг тал, адил төстэй утгаар давтагдах нь бий.  Өнгөрсөн улс төрийн үйл явдал шугаман бус, давтагдах чанартай тухай санааг “түүх давтагддаг” гэх ойлголт бүрэн дүүрэн илэрхийлж байна.  Тухайлбал, Иранд өрнөсөн XX зууны исламын хамгийн том хувьсгал нь VII-VIII зууны лалын шашны суурь үнэт зүйлсийг сэргээхийг зорьсон байна. 

Улс төрийн цаг хугацаа плюраль чанартай. Улс төрийн цаг хугацаа нь шугаман ба цикль гэсэн 2 хэв маягаар өрнөдөг. Барууны соёл иргэншил цаг хугацааны хүрдэнд эргэлдэх  мөчлөгт буюу циклийн хүрээнээс ангижирч, цаг хугацааны шугаман хэв маягаар хөгжлөө тодорхойлж иржээ.  Мэдээж аль ч нийгмийн эдийн засаг, хүн ам зүйн үйл явц нилээн хэмжээгээр мөчлөгт шинж чанартай. Цаг хугацааны шугаман өрнөл дотроо мөчлөгийн ул мөрийг хадгалж байдаг. Угаас шугаман хөгжил ба мөчлөгт өрнөл нь харилцан ээлжилдэг талтай. 

Улс төрийн амьдралын тулгамдсан асуудал бол нийгмийн үйл явцын цаг хугацааны тэнцвэрт байдал юм. Ялангуяа шинэчлэл модернизацийн эрин үед нийгэм хүсч буй ч урьдчилан хэлэхэд төвөгтэй ирээдүй рүү тэмүүлж байдаг агаад үйл явцын ийм эрс өрнөлтэй үед удирдлагын шинэ тогтолцоо, дэд бүтцийн төлөвшил, эдийн засгийн өөрчлөлтөөс улс төрийн шинэчлэл түрүүлэх хандлагатай байдаг. Иймээс эрх баригч элитээс нийгэм эдийн засгийг эрчимтэй өрнөж буй улс төрийн өрнөлд тавиад туучихгүйн тулд үйл явцыг хянаж, улс төрийн шилжилтийг зориудаар удаашруулахыг эрмэлздэг байна. Хэрэв үйл явдлын өрнөл хяналтаас гарвал бусад үйл явцын хэмнэлд нөлөөлж улмаар нийгмийн тогтворгүй байдал, цаг хугацааны өрнөл бүрэн тэнцвэрээ алдан, хуучин агуулга шинэ хэлбэрээр баяжиж эхэлдэг.  

Улс төрийн цаг хугацаа хроник ба хроник бус гэсэн 2 чиглэлээр өрнөж болно. Эхнийх нь ирээдүй рүү чиглэсэн хөдөлгөөн бол нөгөө нь өнгөрсөн рүү хандсан үйл явц юм. Өөрөөр хэлбэл, бодлого төлөвлөж, зорилт тавин, нийгмийн зорилгыг тодорхойлох замаар ирээдүйг бүтээх үүний тулд өнгөрсөн үеийн улс төрийн мэдлэг, нөөц боломж, туршлага руу эргэн хандах шаардлага гардаг. 

Карл Ясперсын “тэнхлэг үе”-ийн тухай үзэл улс төрийн цаг хугацааны онол болох нь
Философич К. Ясперс дэлхийн түүхэн эхлэл үеийг тэмдэглэсэн “тэнхлэг үе” (Axial age) гэх ойлголт бий. Үүнд МЭӨ 800-200 оны хоорондох он цагийг тооцсон бөгөөд энэхүү цаг үе эртний Энэтхэг, Хятад, Герег гэсэн 3 соёл иргэншилд нэг зэрэг түүхэн өөрчлөлт эхэлсэн байна. Уг эринд хүний ахуйн хөөрхийлөлтэй байдлыг хурцаар мэдрэх, ертөнцийн сүйрлийг хүлээхийн сацуу оюун санааны даяанчлал, өөрчлөгдөн хувьссан урам зориг, оюуны нөхөрлөл, харилцан ойлголцол, нэгдлийг эрмэлзлэх тэмүүлэл зэрэг оюун санааны амьдралд эрс өөрчлөлтүүд гарч байжээ. Энэ цаг үед цаашдын хөгжлийг бүхэлдээ тодорхойлсон “хүн төрөлхтний оюун санааны үндэс” тавигдсан аж. Тухайн үеийн билэг тэмдэг, илэрхийлэл болох сэтгэгчдэд Энэтхэгийн Будда, Хятадын Күнз, Лао-Цзы, Ираны Заратустра, Герегийн философичид Гомер, Гераклит, Платон, Аристотель, Палестиний архад Илия, Исайя, Иеремия нар оюун санааны ер бусын дэвшлийг авчирч, бодгаль хүмүүний оршин ахуйн хил хязгаарыг тэлж, ирээдүйг заахыг оролдсон.  Улмаар ертөнцийг тайлбарлах домгийн сэтгэлгээ рационал ухамсар, оюуны сэтгэлгээ рүү шилжсэн байна. Ясперс хүн төрөлхтний түүхийг 1. Прометейн үе буюу үг яриа үүсч, хөдөлмөрийн зэмсэг бий болж, галыг ашиглаж сурсан 2. Эртний их соёлын эрин – бичиг үсг, ид шидийн шашин, төр ёсны үүсэл 3. Тэнхлэг үе – ертөнцийг оюун санаагаар танин мэдсэн үе 4. Шинжлэх ухаан ба техникийн эрин – ертөнц харилцааны нэгдмэл талбар болсон үе хэмээн 4 үе шатанд хуваасан байна. 

No comments:

Post a Comment