2013/02/16

“ҮСТЭЙ, ХАЛЗАНЫ ХУУЛЬ”-ИЙГ ТАЙЛБАРЛАХЫГ ОРОЛДСОН НЬ



Оросын үе үеийн төрийн тэргүүнүүд “үстэй, халзан, үстэй” хэмээн солбиж ирсэн тухай марзан ажиглалтын тухай бараг хүн бүр мэднэ. Энэхүү хачин үзэгдэл лавтай 20-р зуунаас хойш нэгээхэн ч зөрчигдөөгүйгээр барахгүй өдгөө бүр “үстэй, халзаны хууль” нь “Путин, Медведев, Путин” гэх хуулиар солигдох хэмжээнд хүртэл “даамжраад” байна. За энэ ёгтлол ч яахав. Харин “үстэй, халзаны хууль”-ийг нийгэм-сэтгэл зүйн талаас тайлбарлахыг хичээсэн судлаачдын үзлийг та бүхэнд хүргэж байна.



Төрийн тэргүүний “үстэй, халзаны хууль” гэх улс төрийн хошигнол анх ЗХУ-ын удирдагч Брежневийн үед гарчээ. Зөвлөлтийн үеийн зөгнөлт зохиолч Владимир Савченко “Түүхэн хэмжээс” (Историоматика) гэдэг номонд уг санаан дээр тулгуурлан өвөрмөц тайлбар хийхийг оролдсон байдаг. Үнэхээр 20-р зууны ЗХУ ба ОХУ-ын 13 удирдагчид үстэй, халзан, үстэй солбилт давтагдаж ирсэн байна. Магадлалын онолоор энэхүү солбилтын тохиолдол нь үнэхээр байж боломгүй үзэгдэл юм. Зоосон мөнгийг нэг дор 13 удаа шидэхэд “тоо ба сүлд” гэх ээлжлэн буух магадлал 1/4000 байдаг аж. Зохиолч “Үстэй төрийн тэргүүн бүхэн их бага хэмжээгээр эзэрхэг, дарангуйлагч, хавчин хяхагч чанартай, харин халзан нөхдүүд эсрэгээр ардчиллыг эрмэлзэгчид байсныг түүх гэрчилж байгаа” гэжээ. 

Мэдээж “үстэй, халзан”-ы хуулийг ямар нэг ид шидийн утгаар биш рационал ухамсрын үүднээс авч үзсэн тайлбар илүү итгэл үнэмшилтэй сонсогдох нь тодорхой. Тухайлбал, том духтай хүн бусдад хүчтэй, түрэмгий бөгөөд эрх журам тогтоож, ноёрхох чадвартай санагддаг бол өтгөн ялангуяа урдуураа унжуулсан үстэй хүмүүс энгийн номхон байх нь олонтаа аж (дайныг эсэргүүцэгч хиппичүүд урдуураа унжуулсан урт үстэй байдаг бол неонацистууд, хүнд гаруудын хувьд мулзан толгойтой байдаг нь санамсаргүй хэрэг биш). Улмаар хямрал зөрчилтэй үед хүмүүсийн хүсэн хүлээсэн “чанга гар”-ын халзан удирдагчид түүхийн талбарт гарч ирдэг бол төр засгийн хатуу хяналтыг үгүйсгэж, эрх чөлөөг мөрөөдсөн хүмүүс “үстэй” удирдагчдыг хүсэмжилж эхэлдэг байна. 

Улс орон хэдий чинээ хурц хямралд автана төдий хэрээр илэрхий халзан, өргөн духтай хүн “хаан ширээнд залардаг” байна. Харин хямрал ноцтой биш бол мөн л үл мэдэгдэм халзан нөхөр засгийн эрхэнд гарсан байдаг. Жишээ нь, хувьсгал, иргэний дайн, гадны түрэмгийллийн хүнд нөхцөл байдлын үед илт халзан Ленин намыг толгойлж байсан бол намын зүтгэлтнүүд “эдийн засгийн шинэ бодлого” баримталж, чөлөөт худалдаа үйлдвэрлэлийг дэмжиж байсан тэрхүү үед засгийн эрхэнд өтгөн үстэй Сталин гарч иржээ.  

“Үстэй, халзаны хууль”-той холбоотой дээрх ажиглалт эрх баригчдыг сонгох бололцоотой тэр нөхцөлд л магадтай юм. Харин хаан ширээг үе залгамжлах тогтолцоонд дээрх ажиглалт биелэхгүй нь тодорхой.

Харин судлаач Петровагийн хувьд зохиолч Савченкогийн үстэй нь дарангуйлагч, халзан нь ардчилагч байдаг гэх үзэл эсрэгээрээ байх магадлалтай гэнэ. Тухайн үеийн эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг тойрон хүрээлэгчдийнх нь үйлдлээр тодорхойлж болно. Энэ үүднээс 30-аад оны хэлмэгдүүлэлтийн эзэн Сталин гэхээсээ халзан Берия буруутан болж таарч байна. Энэ нь Сталиныг өнгөрсний дараагаар түүний авч хэрэгжүүлсэн “Эмч нарын хэрэг”, тариачдыг нэгдэлжүүлэлтэд хүчээр хамруулсан зэргээр илэрдэг. Харин халзан Ленин үнэн хэрэгтээ зөөлөн бодлоготон биш хүчирхийллийг далдуур дэмжигч нэгэн байсан нь өдгөө улам тодорхой болсон зүйл. Хэдийгээр Хрушев халзан гадаад төрхтэй хэрнээ  “үстэй” ч биш “халзан” ч бус бодлогын улмаас түүнийг засгийн эрхээс зайлуулахад хүрсэн байх талтай. Өөрөөр хэлбэл, дарангуйлагч ба энгийн ноомой алиалагчийн дүрд байнга хувирч ирсэн Хрушевийн зоримог гадаад төрхөнд тойрон хүрээлэгчид хууртан удирдагчаар томилсон нь тэр байжээ. Түүнийг залгамжилсан үст Брежневийн унталт улс орон даяар ноёрхов. Төр засаг хэнд ч гай зовлон удсангүй, бас сэтгэл хангалуун байдлыг ч хүртээсэнгүй. Брежневийг талийсны дараа зогсонги байдлыг идэвхжүүлж, “эмх журмыг тогтоох” оролдлого эхлэв. Тохирох дүр нь КГБ-ын удирдагч Андропов. Гэвч архинд гүн нэвчсэн тэр удалгүй нас нөгчлөө.  Дараагаар нь “үстэй”-гийн ангилалд орох Черненко суудал эзлээд 1 жил орчим болсон юм. Бас л юу ч өөрчлөгдсөнгүй, хүмүүс дахиад хүчтэй хүнийг хайж байлаа. Ингээд олон түмэн Горбачёвын “халзан” хатуу зан байдалд найдсан хэдий ч түүнээс дарангуйлагчийн зан авир илэрсэнгүй. Улмаар улс орны нөхцөл байдал түүний хяналтаас гарч эхэлжээ. Ингээд өрнөлийн дагуу туйлын эрх чөлөө, дураар байдлын эрин ирж, “үстэй” Ельцин засаг толгойлох нь тэр. 

Харин германчуудын хувьд яагаад Гитлерт итгэн, түүнд засгийн жолоог атгуулсан нь сонирхол татдаг. Түүний алиа салбадай мэт гадаад төрх бүхэл бүтэн улс орныг “ховсдон нөлөөлөх”-өд хүргэсэн ч байж мэднэ. Хэрэв Гитлер халзан байсан бол индрээс хэлэх түүний үг хүмүүст айдсыг мэдрүүлж, чичрүүлэх байлаа. Гэвч тэр эхэндээ жирийн нэг алиа гар санагдаж хүмүүс түүнийг хөгжилтэй инээлдэн сонсдог байсан гэдэг.      

АНУ-д “үстэй, халзаны хууль” үйлчлэх үү гэдэг асуулт гарч байна. Ж.Картер нилээн халзарсан, Р.Рейган өтгөн үстэй, том Буш халзандуу, Билл Клинтон үстэй нэгэн, бага Буш оройгоороо мэдэгдэм халзархай. 

“Үстэй халзаны хууль” төр засгийн удирдлага төдийгүй аливаа байгууллага газрын хувьд ч ажиглагддаг гэнэ. Байгууллагад ноцтой асуудал тулгамдсан үед халзан захирлууд ирдэг бол нам тайван нөхцөлд “үстэй” нөхөд удирддаг байна. Хэрэв захирал эмэгтэй бол яахав. Энэ тохиолдолд үсээ урдууруу унжуулсан ба духаа ил гаргасан засалтаар нь тодорхойлно гэсэн үг. Хүмүүс гэрлэлт үерхэлдээ ч энэхүү зарчмыг барьдаг гэнэ. Тухайлбал, эмэгтэй хүн чөлөөт байдлыг эрхэмлэж байгаа бол урдууруу үстэй залууг эрхэмлэдэг бол удирдаж залах нэгэн хэрэг болоход халзандуу нөхрийг чухалчилдаг гэнэ дээ.

Дээрх асуудал хэр үндэслэлтэй вэ?
В. Петрова гэх судлаачийн дээрх ажиглалт дүгнэлт нь сонирхолтой юм. Мэдээж гадаад төрх ба зан авир, шийдвэр гаргах чадварын хооронд зарим нэг хамаарал байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай сэтгэл судлалын төлөөлөгчид нилээн дээрээс тодорхой санаа оноо дэвшүүлж ирсэн. Гэхдээ улс төр ялангуяа эрх баригчдын хувьд үстэй халзан хэмээн солигдох, улмаар энэ нь нийгмийн захиалгаар тодорхойлогддог тухай санаа бол барим тавим зүйл. Удирдагч, бодлого гаргагчид, тэдний засгийн эрхэнд хүрэх, унах үйл явц, хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа нь нийгэм, улс төр, эдийн засгийн гээд маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой. Тэрнээс дан ганц гадаад төрх, үс зүсээр нөхцөлдөхгүй. Нийгэм улс төрийн үзэгдлийн давтамж, нөхцөл тохироо, шалтгаан үр дагаврын хамаарал, утга чанарыг нарийвчлан ажиглаж тайлбарлахыг хичээдэг бихевиорист хандлага гэж бий. Тиймэрхүү л оролдлогын нэг байх.  

Манай үе үеийн төрийн тэргүүнүүдийг ч “өндөр, намын хууль”-иар явдаг тухай хошин ажиглалт бий. Хэрэв дээрх арга нөхцлөөр “судлах”-ыг оролдвол бас нэг сонирхолтой тайлбар гарахыг үгүйсгэхгүй ээ. 

No comments:

Post a Comment