2010/10/10

УЛС ТӨРИЙН КОНТЕНТ АНАЛИЗ

Нийгэм- улс төрийн нөхцөл байдал, үйл явцыг судлан тодорхойлох, учир зангиалааг тайлах, бодит үнэлэлт дүгнэлт хийх шаардлага улс төр судлаач, бодлогын шинжээчид төдийгүй улс төрийг эрхлэгч бусад нөхдүүдэд ямагт тулгарч байдаг.

Тухайн нөхцөл байдлыг танин мэдэхийн тулд нэн тэргүүнд судалгаа хийх тодорхой арга, арга зүй, туршлагыг хэр эзэмшснээс цаашдын үнэлэлт дүгнэлт, гарц бодиттой, үр дүнтэй эсэх нь шууд хамаарна.

Ингээд та бүхэндээ улс төр судлал ялангуяа хавсрага улс төр судлалд өргөнөөр ашиглагддаг аргуудыг цувралаар танилцуулахаар шийдлээ. Хамгийн эхэнд улс төрийн контент анализийн аргын талаар дор өгүүлэв.

Улс төрийн контент анализ
Контент анализийн арга нь үндсэндээ бичмэл /текст/ эх сурвалжид тулгуурлан хавсрага судалгаа хийдэг судалгааны нилээн түгээмэл аргын нэг юм. Уг аргыг баримт мэдээлэлд агуулагдаж буй үзэгдэл, үйл явцын талаарх тоон баримтыг цуглуулдаг арга гэж тодорхойлсон байдаг ч үүнээсээ нилээн өргөн утгатай ойлголт юм. Контент анализийн эх сурвалжид ном, сонин сэтгүүлийн нийтлэл, зарлал, телевизийн хөтөлбөр, кино болон видео бичлэг, гэрэл зураг, уриа лоозон, зураг, урлагийн бусад бүтээлүүд болон албан ёсны хууль, дүрэм журам багтдаг.

Улс төрийн судалгаа шинжилгээнд америкийн эрдэмтэн Г.Лассэул Дэлхийн 2-р дайны үеийн суртал ухуулгын баримт материалд судлах зорилгоор анх нэвтрүүлсэн гэдэг.

Өдгөө дотоод улс төрийн болон олон улсын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд өргөнөөр ашиглагдаж байна. Судлаачдын хувьд улс төрийн нөхцөл байдлын талаар баримт сэлт, эдийн засаг, газар зүй, хүн ам, түүх, соёлын мэдээлэл цуглуулахын тулд янз бүрийн статистик мэдээнд дүн шинжилгээ хийх шаардлага ямагт тулгардаг. Тэрхүү мэдээ баримт нь сонин сэтгүүл, салбарын болон мэргэжлийн эмхэтгэлд агуулагдахаас гадна орчин үед компьютерийн мэдээллийн санд ихээр хадгалагдах болсон.

Улс төрийн контент анализ хийхдээ тухайн баримт сэлтэд юу нийтлэгдсэн хийгээд ямар зорилгыг агуулсан буюу мэдээлэл, тодорхойлолт, уриалга, тушаал заавар, хуурамч мэдээний аль нь эсэхийг нэн тэрүүнд тооцох ёстой. Энэ үүднээс тухайн контекстын агуулгад зохиогчийн тавьсан цаад зорилгыг тодорхойлж, зохих тайлбарыг дагалдуулбал зохино. Эцэст нь тухайн мэдээллийг тараасан арга замыг тооцож үзнэ. Тухайлбал, сонгогчдын гэрийн хаягаар тараагдсан сонгуулийн сурталчилгааны хуудас нь мэдээлэл түгээлтийн хувьд явцуу хүрээтэй байдаг бол өдөр тутмын сонин хэвлэл нь уншигчдын өргөн хүрээнд чиглэдгийн тооцох учиртай. Ямар ч нөхцөлд баримт мэдээллийг сонирхох цар хүрээг үнэлж үзэх нь чухал байдаг. 

Контент анализ хийх аргыг 4 үе шатанд хувааж болно.
Нэгдүгээр үе шат. Урьдчилан тавигдсан шалгуурын тусламжтайгаар судлагдаж буй эх сурвалж, мэдээллийн хэв шинжийг тодорхойлох: эх сурвалжийн онцлог /хэвлэл, телевиз, радио, сурталчилгааны материал/, мэдээллийн хэлбэр /нийтлэл, тэмдэглэл, плакат/, мэдээлэл солилцох үйл явцын оролцогчид /илгээгч болон хүлээн авагч аль нь эсэх/, мэдээний багтаамж хэмжээ, тархах түгээх арга хэлбэр, газар, цаг хугацаа зэргийг тооцно.

Хоёрдугаар үе шат. Мэдээ, мэдээллийн түүвэр бүрдүүлэх. Судалгааны зорилготой уялдуулан шаардлагатай мэдээллийн сан буюу проткол үйлдэж, дараагийн шатанд бэлтгэнэ.

Гуравдугаар үе шат. Анализийн нэгжийг тооцож тодорхойлох буюу судлахаар цуглуулсан мэдээллийн нэгж элемент, шинж чанар, давтамжийг авч үзнэ. Тухайлбал, цуглуулсан баримт сэлтэд хэрэглэгдсэн аль нэг үг, холбоо үгийг судалгааны энгийн нэгж элементээр тооцож тодорхой католог эсвэл карт, матриц байгуулна.

Дөрөвдүгээр үе шат.  Дүн шинжилгээ, дүгнэлт үнэлгээ хийнэ. 

Орчин үед хавсрага судалгаанд контент-анализийг хэрэглэхдээ мэдээлэл-технологийн дэвшлийг ихээр ашиглах болсон байна. Өөрөөр хэлбэл, судлаачид гар аргаар, биечлэн архив материал ухаж сууж цаг заваа газардаж суухаа больсон гэсэн үг. Тухайлбал, оператив мэдээллийг хайх зориулалтаар баруунд Oasis гэх автомат системийг нэвтрүүлээд багагүй удаж буй бөгөөд энэхүү системийн тусламжтайгаар янз бүрийн хэл дээрх баримт бичиг, радио болон телевизийн нэвтрүүлгийн асар том сангаас тусгай программаар шүүн чухал гэгдэх мэдээллээ боловсруулан дараагийн түвшинд бэлэн болгодог байна. Нийтдээ 35 хэл дээрх хэвлэмэл ба цахим мэдээлэл, график дүрс, аудио мэдээллээс соортчлох чадвартай. Цаашлаад аудио мэдээлэл дээрх хүмүүсийн яриаг хүйсээр нь ялган таниж, улмаар харилцан ярианы хэлбэрээр текстэд хуулбарлан буулгадаг байна.

Өөр нэг компьютерийн систем болох Fluent хэмээх программ их хэмжээний бичмэл материал дээрх үлэмж мэдээллийн урсгалаас түлхүүр үг, холбоо үгээр хайлт хийх замаар шаардлагатай мэдээллийн санг богино хугацаанд үүсгэж чаддаг байна. Түүгээр зогсохгүй уг программ хятад, солонгос, португаль, орос, серб, украин, болон бусад хэлнээс англи хэл рүү автоматаар орчуулах ажлыг давхар хийж чаддаг байна.

АНУ-ын төрийн албанд ашиглагддаг Text data mining программ нь баримт материал дахь ямар нэгэн үгийн хэрэглээг тооцох, тодорхой судалгааны заалт бий болгох функцтай бөгөөд хууль бус санхүүгийн ажиллагаа, хар тамхины худалдааг хянахад ашиглагддаг байна. /Хөгжилтэй улс орнууд сайхан юм аа гэж/

No comments:

Post a Comment