2010/10/10

ИВЕНТ АНАЛИЗЫН АРГА

    Судлаач мэргэжилтнүүд судалгаа явуулахдаа тухайн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонирхож байдаг. Гэвч тодорхой үйл явдлын үр дагавар, дотоод агуулгыг тухайн мэдээлэл бүрэн бүтэн тусгаж чадахгүй байх нь олонтаа. Жишээ нь: цэрэг дайны үйл ажиллагаа, хувьсгал, бослого хөдөлгөөн, террорист ажиллагаа, төрийн эргэлт, намын хурал, улс төрчдийн зөрчил тэмцэл зэргийн үр дүнд үүссэн нөхцөл байдлыг дурьдаж болно.  
Ер нь улс төрд өрнөж буй зөрчил тэмцэл, хэлэлцээр, хамтын ажиллагаа зэрэг үйл явцууд нилээн урьдаас төлөвлөгдсөн байх нь олон агаад тэдгээрийн үр дагавар, өөрчлөлт, гарч буй шийдвэр, нөхцөл байдал ажиглагчдын хувьд хаалттай, тодорхой бус анир чимээгүй өнгөрөх нь энүүхэнд.
   
Ингээд энэ байдлыг халах зорилгоор 20-р зууны 60-аад онд америкийн судлаач Ч.Тилли /заримдаа Ч.Маклеланд гэдэг нөхөр үндэслэсэн ч гэдэг/ гэгч тодорхой нөхцөл байдал дахь оролцогч талуудын харилцан үйлдлээр бий болсон үйл явдлын өрнөл, эрчимжилтийн түвшин, давтамжид анхаарлаа хандуулж улмаар тодорхой хэрэг явдал, түүний цаг хугацааны дэс дарааллыг нарийн ангилан авч үзэх замаар үйл явцыг тодруулах арга сэдсэн нь бидний авч үзээд байгаа ивент анализ буюу үйл явдлын шинжилгээ /миний саналаар бол “ үйлдлээр нь шинжэхүй” гээд орчуулчихвал ойлгогдоод байна/ гэж арга үүсчээ.  Анх АНУ дахь арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хүмүүсийн хүчирхийллийн түвшин, шалтгааныг судлахад хэрэглэсэн байна.  

Ивент анализ нь тухайн үйл явдлын
1.    Субъект буюу санаачлагч /хэн бэ?/
2.    Сюжет буюу үйлдэл /юу хийгээд байна вэ?/
3.    Объект буюу бай /хэнд хандаж байна вэ?/
4.    Үйл явдлын цаг хугацаа /хэзээ вэ?/ гэсэн шинж тэмдгээр дамжуулан зохих баримт сэлтэд боловсруулалт, дүгнэлт шинжилгээ хийхэд оршино.

Ивент анализ хийхэд үндсэн 5 үе шатыг дамждаг.
1.    Мэдээллийн сан буюу банк бүрдүүлэх. Үүний тулд мэдээллийн янз бүрийн эх үүсвэр: мэдээний тойм, мэдэгдэл, албаны тайлан илтгэл, статистикийг ашиглан тухайн үйл явдлыг тодорхойлоход хангалттай хэмжээний мэдээллийн сан үүсгэнэ.

2.    Судалгааны зорилгыг хариулт өгөх, судлагдаж буй нөхцөл байдлыг агуулж байгаа тухайн үзэгдэл, баримт нотолгоонд ангиллын систем байгуулна.  Хамгийн энгийн жишээгээр бол “хэн үүнийг хийсэн бэ?” /манай тал, эсрэг тал/ гэсэн аргачлалд тулгуурлан мэдээллээ соортчлоно. Цаашлаад үйл явдлын оролцогчдын биет болон вербал үйлдлийг тодорхой хүснэгтийн дагуу ангилна. Үүний тулд “хэн, юу, хэнд, хэзээ” гэсэн асуултын дагуу мэдээллээ кодлоно.

3.    Кодлосон баримт, матриц ангилалдаа тулгуурлан үр дүнг тооцно. Товчхондоо тоон үзүүлэлтээс нөхцөл байдлын чанарын шинжийг тооцож томъёолоход шилжинэ.

4.    Үйл явдлын хэв шинж, цаг хугацааны үечлэлээр тодорхойлогдсон үзүүлэлтүүд дээр үндэслэн аналитик харьцуулалт хийнэ. Энэ шатанд гол төлөв янз бүрийн диаграмм, график, хүснэгтэн мэдээлэл бэлэн болсон байна.

5.    Бий болсон үр дүнг шалгана.

Орчин үед уг аргыг цэрэг дайны мөргөлдөөн, улс төрийн хүчирхийлэл, олон нийтийн арга хэмжээ, хэлэлцээрийн үйл явцын судалгаанд өргөнөөр ашиглаж буй бөгөөд улс төрийн үйл ажиллагааны цар хүрээ, үргэлжлэл, оролцогчдын тоо зэрэг мэдээлэлд тулгуурлан улмаар үүсч болох нөхцөл байдал, үр дагаврыг урьдчилан тооцох, үнэлэх бололцоо олгодог үр дүнтэй арга юм.

Тэрчлэн мэдээллийг кодлоход орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан тухайн авч үзэж буй асуудлын онцлогоос хамааран WEIS /World event interaction survey/, COPDAB /conflict and peace data/, CREON /The comparative research on the events of nations data set/ BCOW /The behavioral correlates of war data set/, CASCON /The computer-aided system for the analysis of local conflicts/ зэрэг кодчлолын системийг ашиглаж байна.

No comments:

Post a Comment