2013/06/23

МЭДЭЭЛЛИЙН ДАЙНААС УТГЫН ДАЙН ЛУУ...

Мэдээллийн хэрэгсэл гэдэг нь үйл явдлын талаар олон нийтэд дамжуулагч хэрэгсэл төдий байхаа аль хэдий нь больжээ. Телевиз, сонин, интернет нь мэдээ, мэдээлэлд шинэ утга санаа оруулан, олон нийтэд нөлөөлөхийг нэн тэргүүний зорилгоо болгов. Тайлбар зүүлт ашиглан баримт фактыг утгачлан хөрвүүлж, олон нийтэд хүргэх үйл явцыг “утгын дайн” гэж тодорхойлж болно. 

Ялангуяа улс төрийн талбар дахь утгын дайны арга технологи, нөлөөлөл өргөн далайцтай байх нь түгээмэл. Дэлхийг хамарсан хүйтэн дайнаас аваад 21-р зуунд өрнөсөн посткоммунист орнууд дахь өнгөт хувьсгал, араб дахь “нийгмийн сүлжээт” бослого хөдөлгөөнүүдэд утгын дайны нөлөө их байсан.


Мэдээллийн дайнаас утгын дайны ялгагдах шинж нь:
- Мэдээлэх бус тайлбарлан учирлахыг гол арга хэрэгслээ болгодог.
- Нийгмийн аль нэг хэсэг бүлэгт биш хүн амыг бүхэлд нь хамардаг. 
- Тухайн баримт фактанд гэхээсээ түүнийг утгачлан ойлгоход илүү учир холбогдол өгдөг.
- Тайлбараар дамжуулан хувь хүмүүсийн итгэл үнэмшилд нөлөөлөхөд оршино.

Мэдээллийн дайн цаг зуурын үр дүнд чиглэдэг байхад утгын дайн урт хугацааны үр нөлөөнд чухалчилдаг. Мэдээллийн дайн оршин буй сэтгэлгээг өөрчилдөггүй байхад утгын дайн сэтгэлгээг шинээр “ачаалах”-ыг зорьдог. Мэдээллийн дайнд мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулдаг бол утгын дайнд танин мэдэхүйн (когнитив) үйл явцад ач холбогдол өгдөг. Тиймээс мэдээллийн дайны үед мэдээллийн урсгалыг хамгаалах асуудал яригддаг бол утгын дайнд танин мэдэхүйн үйл явцыг хамгаалах асуудлыг чухалчилдаг. 

Утгын дайнд үзэл баримтлал, суртлын шинжтэй хэлийг идэвхтэй ашигладаг. Ийм ч учраас аливаа нийгэмд энэхүү ажлыг гардан хийгч гол дайчин бол зохиолч, уран бүтээлчид байдаг. Харин мэдээллийн дайны фронтыг сэтгүүлчид бүрдүүлж иржээ. 

Утгын дайн үг яриа, нийтлэл нэвтрүүлгийн хэлбэрээр өрнөхөөс гадна билэг тэмдгийг чадварлагаар ашигладаг. Хөшөө дурсгал, гудамж талбай, туг сүлд зэрэг билэгдлийн олон хэв маягт утгын дайны ул мөр үлдэн шингэж болно. 20-р зуунд Монгол оронд социализмыг билэгдсэн дурсгал, хөшөө байгууламж ихээр баригдаж байсан бол мөн зууны төгсгөлөөр “Ардчилал”, “Эрх чөлөө”-г илэрхийлсэн гудамж талбай, дурсгалаар “бөмбөгдөх” болсон. 21-р зуунд улс төрийн хүчнүүдийн хооронд өрнөж буй ил далд утгын дайн өнгөрсөн түүхийг булаацалдах, өрсөлдөгчийнхөө билэгдлийг нураах ширүүн тулаанаар үргэлжилж байна. Ерөнхий боловсролын нийгэм түүх, уран зохиолын сурах бичигт хөндөгдөх сэдвээс аваад шинэ үеийн монгол “савангийн дуурь”-иудад улс төрийн хүчнүүдийн үзэл суртлын дайны хиншүү нэвт ханхлах болжээ. Урьд багш, эцэг, анд нөхөр байсан хүмүүс адгийн дайсан гэж зарлагдаж, харин дайсан байсан этгээд түүхийг бүтээгч, сайн үйлсийн эзэн болж тодрох нь энүүхэнд. 

Ийнхүү утгын дайнд өртсөн хүмүүс "тархи угаах вий дээ" гэж сэрэмжлэн бодохоос нь аль өмнө тархийг нь угаачихсан байдаг. Нэг үгээр тухайн баримт мэдээлэл хийгээд үйл явдлын үнэн худалд хяналт тавьж амждаггүй. 

Утгын дайн зөвхөн вербаль хэлбэрээр илрэхээс гадна урлаг соёл, утга зохиолоос аваад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр дамжин өрнөж болно. Тийм ч учраас улс үндэстнүүд өөрсдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг хамгаалах үүднээс утга чанарын “хор” агуулсан харийн бүтээгдэхүүнийг хязгаарлах оролдлого хийж иржээ. Исламын шашинт орнуудад өрнөдийн кино, дуу хөгжим, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг хориглох явдал түгээмэл байна. 1917 оны хувьсгалын дараагаас ЗХУ-д хүүхдийн цэцэрлэгт бэлгийн дуршил төрүүлэхээс сэрэмжлэн хүүхэлдэйгээр тоглохыг хориглож, хамтач үзлийг хөгжүүлэх зорилгоор вандан сандал ширээгээр хангах зэрэг радикал бодлого явуулж эхэлсэн түүх бий. Зөвлөлтийн тэрс үзэлтнүүдийн зохиол бүтээлийг хэвлэх, нобелийн шагнал олгох зэргээр өрсөлдөгч гүрний зүгээс утгын дайныг хийж ирснийг хэн бүхэн мэднэ. 

Утгын дайн зөвхөн улс төрийн салбар төдийгүй бизнес, эдийн засгийн талбарт ч хүчтэй өрнөдөг. Аливаа бизнес өөрийн бүтээгдэхүүнээр дамжуулан хувь хүн, нийгмийн үйл байдлыг өөрчилж байдаг. Нийгмийн загвар, үзэл суртал өөрчлөгдөхөд сошиал маркетинг, нийгмийн инжиниринг, улс төрийн технологийг өргөнөөр ашигладаг. Энэ нь улмаар улс төрөөс бизнест, бизнесээс ул төрд ашиглаж болох арга, технологийг авч ашиглах бололцоог олгодог байна. Ардчилсан хувьсгалыг импортлоход маркетингийн аргуудыг ашиглах бололцоотой адил бизнесийн үйл ажиллагаанд сонгуулийн технологи, дайн урлагаас нэвтрүүлэх тухай ном зохиол цөөнгүй бий. Бизнесийн утгын дайнд аль нэг “бренд” ялж, ноёрхлоо тогтоодог. Ийнхүү дэлхий дахинаа байлдан дагуулсан “Макдоналдьс”, “Кока кола”, “Пепси” зэрэг олон бүтээгдэхүүнийг дэлхий дахин мэднэ. Бренд бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа нь тэрхүү бүтээгдэхүүнд мөнгө төлж буйгаасаа илүүтэй түүний “утга чанар”-т төлж буй хэрэг юм.

Утгын дайн үр дүнд хүрэхийн тулд 3 үе шатыг хэрэгжүүлэх шаардлагатай. 
- Хуучин үнэт зүйл рүү хуучин агуулгаар дамжуулан дайралт хийх (өмнөх үеийн баатарлаг дүр, удирдагчийн хэлсэн үгийг ашиглах нь олонтаа)
- Шинэ үнэт зүйлийг хуучин агуулгаар дамжуулан нэвтрүүлэх (хуучирч буй үеийн баатар, тэрс үзэлтний үзэл санааг шинэ форматаар нөхөж баяжуулах)
- Шинэ үнэт зүйл, шинэ агуулгыг хэлэнд нэвтрүүлэх (шинэ дүр баатрыг дотруулах, шинэ ойлголт агуулгыг нэвтрүүлэх)

Мэдээллийн дайн, интервенци нь мэдээллийг боловсруулалтын механизмыг өөрчлөдөггүй бол утгын дайн цаг явцад өөрийн механизмаа өөрчлөн сольж чаддаг ажгуу.

No comments:

Post a Comment