2013/06/18

УЛС ТӨРИЙН МӨЧЛӨГИЙН ОНОЛЫН ТУХАЙД

Улс төрийн сэтгэлгээн дэх мөчлөгийн онолын үндэс
Цикл буюу мөчлөгт хөгжлийн хандлагыг баримтлагчид манай ертөнцөд цаг хугацаанаас ангид орших зүйл нэгээхэн ч байхгүйтэй адил мөчлөгөөс ангид үзэгдэл үйл явц үгүй хэмээн нотолдог. Цаг хугацаанд өрнөж буй үйл явдал, үзэгдэл шугаман биш харин мөчлөгт чанартай байдаг гэнэ. Энэ үүднээс улс төр нийгмийн чухал үзэгдэл болохын хувьд мөчлөгт чанарыг агуулдаг талаар үзэл хандлага бий. Улс төрийн үйл явц хийгээд улс төрийн тогтолцооны өрнөл хөгжил ба цаг хугацааны харилцан хамаарлын асуудлыг эртнээс судалж иржээ.

Улс төрийн циклийн онол гэж бий. Улс төрийн тодорхой үйл явдлын үргэлжлэх хугацаа хийгээд  улс төрийн нам хүчин, бүлэглэл, хувь улс төрчийн улс төрийн талбарт амьдрах насыг судлан тодорхойлохыг оролддог үзэл онол юм.

Улс төрийн сэтгэлгээнд нийгмийн хөгжлийн мөчлөгийн үзэл санаа нилээн эртний уг сурвалжтай. Тухайлбал, Платоны засаглалын хэлбэр солигдох онолыг дурьдаж болно. Төр нийгэм эхэндээ шударга цөөнхийн засаглал (Аристократи) байснаа явцдаа баян хийгээд түрэмгий цөөнхийн засаглалд (олигархи) шилжиж, улмаар сайн муу олонхийн засаглалд (демократи) хэрэгжсэний эцэст ганц хүний ноёрхол (тирани) болж хувирах байдлаар засаглал сэлгэж байдаг тухай санааг бүр МТӨ 400-гаад онд дэвшүүлсэн байдаг.  Харин орчин үед дэлхийн хөгжлийн хандлага давтагдах чанартай болох санааг нилээн системтэй онолын түвшинд боловсруулсан “Кондратьевийн мөчлөг” гэх үзэл хандлага нилээн идэвхитэй яригдах болсон (Уг онолын тухай дараа дэлгэрэнгүй авч үзнэ).

Мөчлөгт цаг хугацааны концепци нь хөгжлийн үзэл санааг тээдэггүй. Гэхдээ тухайн үзэгдэл давтагдах үйл явцаар дамжин хувьсан өөрчлөгдөж, боловсронгуй болж байдаг. Үйл явдлын давтамжит чанар зөвхөн нийгмийн хувьд төдийгүй байгалийн хувьд түгээмэл зүй тогтол. Гэхдээ тухайн үйл явдал биш, үйл явдлын өрнөлийг тодорхойлогч нөхцөл байдал давтагддаг байна.

Тэрчлэн функциональ цаг хугацааны орчин үеийн концепцийг хронологи цаг хугацааны шугаман өрнөл ба хөгжил, өсөлт, өөрчлөлт, дэвшлийн үзэл санаа бүхий мөчлөгийн онолтой шууд холбож авч үзэх болсон. Хөгжлийн үзэл онолтой холбож авч үзсэн функциональ цаг хугацааны шинэ төсөөлөл нь засваргүй урсгалтай байгаль ертөнцийн объектив хугацаанаас түүний ялгагдах онцлогийг илрүүлэхийг зорьсон байна. Өөрөөр хэлбэл, шугаман функциональ цаг хугацаа нь завсаргүй өрнөлт үйл явцыг багтаахын сацуу давтагдсан буюу завсарт, мөчлөгт өрнөлийг багтааж байдаг.

Улс төрийн мөчлөгийг тухайн үйл явц, үзэгдлийн шинж онцлогоос шалтгаалан богино, урт, хэт урт хугацааны гэж ангилж болно. Өөрөөр хэлбэл, жил бүрийн давтамжит улс төрийн үйл явдлуудаас аваад улс төрийн сонгууль, “таван жилийн төлөвлөгөө”, их гүрний 50-100 жилийн мандал бууралт, супер угсаатан, соёл иргэншлийн 500-1000 жилийн оршин тогтнолын талаар онол хандлагууд бий. Тухайн үзэгдлийн урт богиноос шалтгаалан аливаа мөчлөгт үзэгдэлд дараах үе шатыг дамждаг. Үүнд: 1. Төрөлт (шинэ үзэл санаа төрөх), 2. Өсөлт (үзэл санаа түгэх), Гүйцэн боловсрох (тогтворжих), 4. Дүгнэн цэгнэх (cистемчлэх), 5. Шилжилт (нөөц шавхагдах, хямрал тулгарах).

Сонгууль бол орчин үеийн улс төрийн гол мөчлөгт үзэгдэл. Сонгуулиас хамаарч төрийн бодлого, стратеги бүхэлдээ үечлэгдэхийн зэрэгцээ улс төрийн бус салбаруудын үйл ажиллагааны өрнөл, хөгжил шалтгаалах нь олонтаа. Тийм ч учраас эдийн засаг, бизнесийн бүхий л салбарууд өөрсдийн үйл ажиллагаандаа улс төрийн нөлөөлөл тэр дундаа сонгуулийн давтамжийг тооцож иржээ. Өрнөдийн нийгмийн ухаанд “улс төр бизнесийн мөчлөг” (political business cycle) хэмээх онолын хүрээнд сонгуулиас сонгуулийн хооронд засгийн газрын улс төр, эдийн засгийн идэвхит чанарыг судлан тодорхойлохыг зорьдог.

Улс төр бизнесийн мөчлөгийн онолын үндсэн санаа юу вэ?
“Аливаа сонгуулийн дараа өмнөх засгийн газрын үйл ажиллагааны далайц, зорилгыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлдэг. Ялангуяа сөрөг хүчин байсан нам хүчин засгийн эрхэнд очвол тэрхүү үйл ажиллагаа нь илүү радикал шинж чанартай байх нь тодорхой. Шинээр бүрэлдсэн засгийн газар төрийн төсвийн алдагдлыг хязгаарлан, төрийн аппаратыг цомхотгох хөтөлбөр хэрэгжүүлэхийг эрмэлздэг байна. Харин хугацааны дунд үеэс засгийн эрхэнд гарсан хүчин сонгуулийн амлалтаа биелүүлэхийг зорьж эхлэнэ. Засгийн газрын нэр хүнд шалдаа унаагүй дээр эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахад анхаарна. Дараагийн сонгууль ойртох тусам зардал өсч, ирэх сонгуульд “амжилт”-тай оролцохыг чухалчилдаг” гэсэн ерөнхий зүй тогтол үйлчилдэг болохыг тус онол нотлодог. Өөрөөр хэлбэл, улс төрийн салбарт өөрийн цаг хугацааны мөчлөг үйлчилж байдаг аж.

Хүн урт наслахыг хүсдэг шиг улс төрийн хүчнүүд ч улс төрийн талбарт урт хугацаанд ноёрхохыг хүсдэг. Гэвч улс төрийн зах зээлийн хуулиар нэг хэсэг моодонд орж байсан аль нэг улс төрийн нам хүчин тодорхой хугацааны дараа нэр хүнд нь унаж, улс төрийн тавцанд хоёрдогч байр суурь эзэлж эхэлдэг. Хэн нэг улс төрчийн улс төрийн талбарт амьдрах нас ч хугацаатай. Тэрхүү улс төрчийн нас өсвөр үе, шилжилтийн нас, идэр нас, дунд нас, ахмад нас, тэтгэвэрт гарах үеийг дамждаг.  Тухайлбал, дундаж улс төрчийн улс төрийн нас 10 жилээс хэтэрдэггүй. Гэхдээ улс төрчид хийгээд улс төрийн хүчнүүд засгийн эрхэнд оршин тогтнолоо хангах, засгийн эрхээ алдахгүйн тулд янз бүрийн л арга стратеги ашигладаг байна. Энэхүү асуудал нь улс төрийн технологитой холбоотой ойлголт болох тул үндсэн агуулга руугаа эргэн оръё.

Мөчлөгийн онолын үүднээс улс төрийн амьдралын давтамжит чанарыг судласнаар тухайн цаг хугацааны зүй тогтлоор өрнөх улс төрийн үйл явцыг таамаглах, дотоод нөөц боломжинд тулгуурлан улс төрийн бодлого, шийдвэрээ оновчтой гаргах, нэг улс орны улс төрийн тогтолцооо төдийгүй дэлхий дахины хамтын ажиллагааны төлөв байдалд дүн шинжилгээ хийх бололцоог олж авах юм.

Ингээд нийгэм-улс төрийн урт хугацааны мөчлөгийн талаар томоохон онол, үзэл баримтлалаас дэлгэрэнгүй авч үзье.

Геополитикийн хөгжлийн мөчлөгийн онол, загварууд
Оросын эдийн засагч  Н.Д.Кондратье­вын дэлхийн аж ахуйн хөгжлийн урт  хугацааны мөчлөгийн талаар нээлтийн дараагаас олон судлаачид дэлхийн улс төрийн хөгжлийн мөчлөгийн онол, үзэл санааг дэвшүүлэх болсон юм.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны нийгэмлэгүүд байгаль, нийгмийн хөгжлийн мөчлөгийн парадигм бий боловсруулахаар ажиллах болов. Соёл иргэншлийн алдарт судлаач А.Тойнби “Түүхийн судалгаа” бүтээлдээ “аугаа их дайн”-ууд 115-120 жилийн мөчлөгтэй байдаг гэж дүгнээд 1. Дайн оршил 2. Дайны өрнөл 3. Дайны дараах завсарлага 4. Тайлал 5. Бүх нийтийн энх тайван байдал гэсэн үеүдэд хуваажээ. Энэхүү мөчлөг нь хүмүүний 4 үеийг хамрах агаад судлаачийн дүгнэснээр аугаа их дайны туршлагыг мартагнахаар урт хугацаа өнгөрлөө ч энэхүү туршлагаа дахин давтсаар байдаг.


Харин америкийн судлаач Ж.Голдстайн 17-20-р зууны эхэн хагас хүртэлх “том дайн”-уудыг 40-50 жилийн мөчлөгөөр авч үзсэн байна. Тойнбигоос ялгаатай нь 17-20-р зуунд аль нэг “аугаа их дайн” дуусахаас дараагийнх нь эхлэх “эрин үе”-үүд нь хоорондоо нэг хөдөлгөөнөөр нөхцөлдөж байдаг гэж тооцсон.

Алдарт газарзүйн түүхч, социологич И.Валлерстайн хэт их гүрний хөгжлийг 3 мөчлөгт хуваагаад, тухайн мөчлөг бүр нь “дэлхийн дайн”, “их гүрнүүдээс нэг хэт их гүрэн үүсэх”, “гудайлт” гэсэн 3 үеэс зайлшгүй тогтдог хэмээн үзжээ. Эхнийхэд Нидерланд 1618-1672 оны хооронд үргэлжилсэн бол хоёр дахь нь Британи 1792-1896, Гурав дахь нь америкийнх 1914 оноос эхэлсэн ажээ

Америкийн түүхч П.Кеннеди “Их гүрний мандал бууралт” бүтээлдээ дэлхийн улс гүрнүүдийн мандаж буурах учир шалтгаанд дүн шинжилгээ хийсэн байна. Тэрээр их гүрний “давамгайлах чадлаа алдаж” унахын шалтгааныг даяар давуу байдлаа хадгалахад чухал шаардлагатай стратегийн нөөцийн төрлүүд нь хангалтгүй болсонтой байдаг гэсэн санааг дэвшүүлжээ.

Олон судлаач дэлхийн аж ахуйн хөгжил ба геополитикийн үйл явц хоорондоо харилцан хамааралтай хэмээн нотлохыг хичээсэн юм. Энэхүү хамаарал нь харилцан хувьсах шинж чанарыг агуулдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой түүхэн үеүд дэхь тэнцвэргүй байдлыг дэлхийн аж ахуйн хийгээд дэлхий дахины улс төрийн хүчин зүйлийн нөлөөллийн хаялаг гэж тайлбарлаж болох юм. Оросын судлаач В.Л.Цымбурский: “19-р зуун хүртэл европын голлох төр улсуудын аль нь ч  аж ахуйгаар тэргүүлж байсангүй, харин дэлхий дахинд цэрэг дайны хүчээр давуу талаа бататгаж байсан юм. Тэрхүү төр улсуудын хувьсал өөрчлөлт нь үндсэндээ цэрэг дайны хэт урт хугацааны мөчлөгт захирагдаж байсан” хэмээн дүгнэжээ.

Харин Англи улс дэлхийн аж ахуйд тэргүүлэх байрь сууриа цэрэг дайны хэт урт хугацааны мөчлөгтэй  хоршуулж чадсан аж.  

Судлаачид их гүрнүүдийн хүчний тэнцвэр үндсээрээ өөрчлөгдөхийг тодорхойлдог “дэлхийн дэг журам” нэгээс нөгөө рүү шилжиж, мөргөлдөөний шинэ бүс үүсч, улсын хоорондын гэрээ хэлцэл, эвсэл холбоо, дэлхийн дэг журмыг хангагч гол институци байгууллагууд (Үндэстний лиг, НҮБ гэх мэт)-ын тогтолцоог өөртөө агуулдаг даян дэлхийн институционал бүтэц өөрчлөгдөх зэргээр дэлхийн геополитикийн систем мөчлөгөөр хөгжиж, байнга мэдэгдэхүйцээр солигдож байдаг хэмээн нотлодог.

Моделькси, В.Томпсон нарын дэлхийн геополитикийн хөгжлийн урт хугацааны мөчлөгийн талаар онол
Америкийн Ж.Моделькси, В.Томпсон нар бүтээлдээ “манлайллын мөчлөг” гэж нэрлэгдэх дэлхийн улс төрийн урт хугацааны мөчлөгтэй дэлхийн эдийн засгийн үйл явцтай давхцдаг гэж батласан байдаг. Энэхүү мөчлөгийн өөрчлөлтөөр шинэ их гүрнүүд, тэдгээрийн нөлөөгөөр бүрэлдэх газарзүйн бүсчлэлийг үүсгэдэг дэлхийн улс төрийн байгууллын бүтэц шинэчлэгддэг байна.

Дэлхийн аж үйлдвэрлэлд тэргүүлэх улс орнуудын эзлэх  хувь хэмжээний өөрчлөлт хувьсалын талаар дэлхийн аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалаас аваад ХХ зууны “Их хямрал” дуусталх баримт сэлтэд хийсэн дүн шинжилгээгээр их гүрнүүдийн мандалт, хөгжил, уналт нь харилцан адилгүй байдаг хийгээд дэлхийн аж ахуйд манлайлах рольтой гүрнүүдийн “газарзүйн сонголт” нь мөчлөгт чанартай болохыг гэрчилдэг ажээ.

 Дэлхийн аж үйлдвэрлэлд улс орнуудын эзлэх хэмжээ (%)
Улс орон

Он

1750
1800
1830
1860
1880
1890
1900
1913
Европ
23,2
28,1
34,2
53,2
61,3



Их Британи
1,9
4,3
9,5
19,9
22,9
21,5
18,5
13,6
Герман
Франц
2,9
4,0
3,5
4,2
3,5
5,2
4,9
7,9
8,5
7,8
10,1
7,3
13,2 6,8
14,8
6,1
Орос
Австри-Унгар
5,0
2,9
5,6
3,2
5,6
3,2
7,0
4,2
7,6
4,4
7,9
4,5
8,8
4,7
8,3
4,7
Итал
АНУ
Хятад
Энэтхэг
2,4
0,1
32,8 24,5
2,5
0,8
33,3 19,7
2,3
2,4
29,8 17,6
2,5
7,2
19,7
8,6
2,5
14,7 12,5
2,8
2,5
17,0
2,5
23,6
2,4
32,0
Япон
3,8
3,5
2,8
2,6
2,4



Эх сурвалж: Kennedy P.M. The Rise and Fall of the great Powers. Economic Changes and military Conflicts from 1500 to 2000. London, 1988. P. 149, 200-201.

“Их хямрал”-ын үеэрх дэлхийн ажил үйлдвэрлэлд их гүрнүүдийн эзлэх хувь хэмжээ (%)

Улс орон
Он
1920
1929
1932
1937
1938
АНУ
45,0
43,3
31,8
35,1
28,7
ЗХУ
3,0
5,0
11,5
14,1
17,6
Герман
4,4
11,1
10,6
11,4
13,2
Их Британи
8,0
9,4
10,9
9,4
9,2
Франц
5,2
6,6
6,9
4,5
4,5
Япон
2,0
2,5
3,5
3,5
3,8
Эх сурвалж: Kennedy P.M. The Rise and Fall of the great Powers. Economic Changes and military Conflicts from 1500 to 2000. London, 1988. P. 330.

Дэлхийн улс төрийн урт хугацааны мөчлөгийг их гүрнүүдийн өгсөлт ба уруудалтын ээлж солигдлоор тодорхойлогдоно. Их гүрнүүдийн мандалтыг Модельский, Томпсон нар суралцах үе, бууралтыг манлайлах үе шат гэж нэрлэжээ. Энэхүү үе шат бүр 4 үечлэлтэй.
Эхний үе (суралцах) нь:
-       Шийдвэрлэх шаардлагатай дэлхий дахины гол асуудлуудыг тодорхойлох
-       Эвсэл холбоо бий болох
-       Дэлхийн түвшний шийдвэр гаргах
-       Шийдвэрээ бодит амьдралд хэрэгжүүлэх
      2-р үе нь:
-       Дэлхийн дайн
-       Их гүрний ялагдал
-       Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чанараа алдах үе
-       Задрал гэсэн үе шатанд хуваагдана.

Энэхүү онол нь даян дэлхийн манлайлал нь үндэсндээ шинийг санаачлах үндсэн дээр дэлхийн тулгамдсан асуудалд хариулт олох, нээлттэй нийгэм, дэвшилт эдийн засаг, цэргийн хөдөлгөөнт хүчин зэрэг хүчин зүйлсүүдэд тулгуурладаг болохыг гэж хүлээн зөвшөөрдөг. Шинийг санаачлахуй буюу инноваци гэдэгт бизнесийн зохион байгуулалтын шинэ хэлбэрийг бий болгох, түүхий эдийн эх сурвалж, шинэ зах зээл нээх, үйлдвэрлэлийн шинэ арга, бүтээгдэхүүн зэргийг ойлгоно.

Тухайлбал, “макро түвшинд шийдвэр ба дэлхийн дайн”  гэх үе шатууд нь хөдөлгөөнт цэргийн хүчний хөгжил дээр явагддаг бол “шийдвэрийг бодит амьдралд хэрэгжүүлэх ба их гүрэн бүрэлдэх” үе шат нь дэвшилт эдийн засаг, түүний дэлхийн хөдөлмөрийн хуваарилалтад эзлэх байр сууриар тодорхойлогдоно. “Гол асуудлыг тодорхойлох хийгээд хүлээн зөвшөөрөгдөх чанараа алдах” үе шатууд нь инноваци нөөц өсөх, шинэ тутам тулгамдсан асуудалд уян хатан байх явдалтай нөхцөлддөг. Харин “шинэ холбоотон үүсэх ба задрал” гэх үе шатууд нээлттэй нийгмийн нөөц бололцоог шаардаж байдаг.

Геополитик ба эдийн засгийн мөчлөгийн харилцан уялдаа
Кондратьевын мөчлөг ба дэлхийн бодлогын урт хугацааны мөчлөг
Чухамдаа Кондратьевын болон дэлхийг бодлогын урт хугацааны мөчлөг нь олон зүйлээрээ нийтлэг болох нь харагддаг байна. Түүний онолд нэн тэргүүнд хөгжлийн эдийн засгийн болон технологийн талыг тооцсон байдаг бол хожим түүнийг баримтлагчид дэлхийн хөгжлийн улс төр, нийгэм, соёл, цэргийн талыг тооцож үзсэн байдаг. Кондратьевын мөчлөг дэлхийн эзийн засгийн тэргүүлэх салбарын мандал бууралтыг түлхүү тусгасан байдаг ч энэхүү мөчлөгт чанарт дэлхийн харилцааны “төв” болсон өндөр хөгжилтэй орнуудын аж ахуй төдийгүй энэхүү цөмд багтаагүй ч олон улсын хөдөлмөрийн хуваарилалтад ордог бусад олон орнуудын аж ахуй ч нөлөөлж байдаг. Кондратьевынхаар нэг мөчлөгийн үргэлжлэх хугацаа 40-60 жил юм.

Кондратьевын дэлхийн нөхцөл байдлын мөчлөгийг харуулсан жишээлсэн он цагийн хэлхээс
Мөчлөгийн дэс дугаар
Өсөлтийн үе
Уналтын үе
I
1780 оны эцсээс 1810-1817 он хүртэл.
1810-1817 оны үеэс 1844-1855-иад он хүртэл
II
1844-1851 оны үеэс 1870—1875-аад он хүртэл
1870-1875 оны үеэс 1890-1896-аад он хүртэл
III
1891 — 1896-аад оноос 1914—1921  он хүртэл
1914-1921 оны үеэс 1940-өөд оны дунд хүртэл
IV
1940-өөд оны дундаас 1960-аад оны эцэс хүртэл
1960-аад оны эцсээс 1980-аад оны дунд хүртэл

Геополитикийн болон эдийн засгийн мөчлөгийн харилцан уялдаа
Модельски, Томпсон нар Кондрать­евын мөчлөг ба дэлхийн бодлогын урт хугацааны мөчлөгийн хооронд дотоод гүнзгий холбоо байх ёстой гэж тооцсон байна. Нэгдүгээрт, Кондрать­евын мөчлөг бол дэлхийн аж ахуй дахь инновацийн үйл ажиллагааны үр дүн байдаг бол дэлхийн бодлогын мөчлөг мөн л томоохон институционал санаачлага болох тухайн улс төр, бодлогын бүтэц тогтолцоог бий болгодог инновациар нөхцөлддөг. Хоёрдугаарт, дэлхийн ихэнх орнуудад засгийн газар нь үндэсний бүтээгдэхүүнийхээ нилээд хувийг (дунджаар гуравны нэг хүртэл) “шингээдэг” бөгөөд харин дайны үед улс төр ба эдийн засаг нягт сүлбэлддэгээс үүдэж энэхүү хувь хэмжээ талаас дээш болдог. Гэхдээ тэдгээрийн хооронд зохицуулалт үгүйгээс болж төрийн хэвийн үйл ажиллагааг зайлшгүй алдагдахад хүрдэг.

Модельски, Томпсон нар онолдоо дараах нотолгоог ашигладаг. Үүнд: аж ахуйн шинэ салбар улс төрийн глобал ажиллагаа санхүүжилтыг хангаж өгдөг. Энэ нь аюулгүй байдлын нөхцлийг хангаж,  улмаар өдөөгч салбарын хөгжил цэцэглэлтийн боломжийг хангаж дэлхийн манлайлагч болоход хүргэдэг. Өсч буй эдийн засгийн хэрэглээ дэлхийн шинэ зах зээлийг бүрдүүлэхэд нөлөөлдөг.

Дэлхийн бодлогын урт хугацааны мөчлөгийн онолыг баримтлагчид нэг мөчлөгийн үргэлжлэх хугацааг 100 орчим жилээр багцаалсан байдаг. Харин кондратьевийн дэлхий аж ахуйн мөчлөгийн үргэлжлэх хугацаа дунджаар 50 жил. Өөрөөр хэлбэл, дэлхийн бодлогын урт хугацааны нэг мөчлөгт кондратьевийн 2 мөчлөг багтаж байна.

Геополитикийн үйл явцыг дараах байдлаар задалж авч үзэж болно. Кондратьевийн эхний мөчлөгийн үед Модельски-Томпсо­ны мөчлөгийн “дэлхий дахины гол асуудлыг тодорхойлох” ба “эвсэл холбоо бий болох” гэсэн үе шатууд давхцдаг. Мөчлөгийн 2 дахь ээлжинд “макро түвшний шийдвэр гаргах”, “бодит байдалд шийдвэр хэрэгжих” гэсэн үе шатууд өрнөнө гэсэн үг.  Модельски-Томпсо­н нарынхаар дэлхийн дайн “дэлхийн хөгжлийн урт хугацааны мөчлөг хийгээд кондратьевын мөчлөгийн харилцан үйлдлийн үүднээс тодорхой үүрэг роль гүйцэтгэдэг бол явцуу хүрээний манлайлагчийн өрнүүлсэн үндэсний хэмжээний дайн нь түүхэн тохиолдол бус харин заасан харилцан үйлдлийн үр дагавар” байдаг.

Дэлхийд манлайлагчийн үүрэг гүйцэтгэж буй төр улс гэдэг нь кондратьевын мөчлөгийн өрнөлийг анхлан үүтгэгч гол эх сурвалж, өөрөөр хэлбэл, дэлхийн улс төрийн манлайлал нь эдийн засгийн манлайлалтай нягт холбоотой байдаг гэсэн үг. Улс төрийн урт хугацааны мөчлөг дэх өсөлтийн үе шатанд дэлхийн их гүрнүүд шинийг санаачлагч болдог байна.
Модельски, Томпсон нар Испаний эзэнт улс Португалитай харьцуулахад тухайн үеийн бүс нутгийн тогтолцоондоо л том нөлөө үзүүлсэн гэж  тооцсон. Гэтэл  Португаличууд африкийн өмнөд үзүүрээр дамжин энэтхэг орох замыг нээсэн төдийгүй Европоос энэтхэг орох замын бүрэн эрхэт эзэн нь байсан нь тодорхой. Тухайн үед Моллуккийн арал португалийн колоний эзэмшлийн цөм, орон зайн уг үндэс байсан юм.

XV зууны эцсээр Португали америкт нэвтрэв. Испани Колумбын нээлтээр дамжуулан америкт шинэ газрыг эзэмшсэн байна.  Португали харин “аугаа их гүрэн” болох замыг сонгож, газар нутгийг эзэмшихээс илүүтэй дэлхий дахинд томоохон орон зайг эзэмших, худалдаа, стратегийн харилцаанд чухал байр суурьтай болох, бүхэлдээ дэлхийн орон зайг эзэмдэх, энэ зорилгоор тулгуур цэгүүдийг эзэмшихийг зорьсон аж. Улмаар XVI зууны 2-р хагаст үлэмж хүчээр энэхүү зорилгодоо хүрч чаджээ.
   
2. Геополитик ба эдийн засгийн мөчлөгийн харилцан уялдаа
  
Дэлхийн бодлогын урт хугацааны мөчлөгийн үндсэн шинж чанар
Зуун жилийн мөчлөг (№, Эрин зуун)
Дэлхийн хэт их гүрнүүд (бусад их гүрнүүд)
«Аугаа их (дэлхийн) дайнууд»
Дэлхийн гүрнүүдийн харилцан тохиролцоо, хэлэлцээр
Дэлхийн ноёрхлын гол институцууд
Уналтад хүргэсэн эргэлтийн мөч
1/XVI зуун
Португал (Испани, Англи, Франц)
Ариун Ромын гүрний италичуудын дайн (1494-1517-аад он; 1559 он.)
Тордесилийн хэлэлцээр 1494 он.  Сарагосийн хэлэлцээр 1529 он.
Даяар байрлуулсан сүлжээ бааз (цэрэг дайны анги тасаг, тулгуур байршлууд,)
Португалийг Испанид албадан хавсаргах ажиллагаа (1581-1640)
2/XVII зуун
Нидерланд (Англи, Франци, Испани)
Голланд, Испанийн дайн (1579-1609 он.)
Испанитай эвлэрэх хэлэлцээр (1609 он.)
Цэрэг, худалдааны баазын даяар сүлжээ
Английн хувьсгал (1642-1660 он.)
3/XVIII зуун.
Британи
(Нидерланд,
Франци, Испани,
Орос)
XIV Людовикын өрнүүлсэн Францийн дайн (1688— 1713)
Франц, Британийн хоорондын  Утрехтийн гэрээ (1713 он.)
Тэнгисийн хүчний давуу тал
­АНУ тусгаар тогтносон нь (1783 он.)
4/XIX зуун
Британи (Орос,
Франц, Нидерланд,
Испани)
Наполеоны өрнүүлсэн Францийн дайн (1792-1815 он.)
Парисийн ба Венийн конгресс (1814, 1815 он.)
Чөлөөт худалдааны эрин
Эзэнт улсууд дэлхийг дахин хуваах үйл явцын төгсгөл болох империализм
5/ХХ зуун
АНУ
(Их Британи, Франц, Орос, Герман, Япон)
Дэлхийн 2 дайн ( 1914 оноос болон 1939 оноос)
Версалийн болон (1919), Потсдамын (1945) хэлэлцээр
НҮБ
Вьетнамын дайн

П.Тейлорын хэт их гүрний мөчлөгийн үзэл
Дэлхийн геополитикийн үйл явц дахь мөчлөгт чанарын британийн газар зүйч П.Тейлор хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ аливаа улс орон дэлхийн гегемони болох нь маш ховор үзэгдэл болохыг авч үзсэн байна. Тейлорын үзэж буйгаар:
-      - XVII зууны дунд үеийн Нидерландын гегемони
-      - XIX зууны дундуурх Британийн гегемони
-      - XX зууны дундаас АНУ-ын гегемони гэсэн зөвхөн 3 тохиолдол байсан аж.
 Геополитикийн гегемони бол олон улсын харилцааны талбарт эдийн засаг, улс төр, үзэл суртал гэсэн 3 хүрээнд нэг төр улс үнэмлэхүй ноёрхох явдал юм. Гегемони эдийн засгийн давамгай байдалтай их гүрний хэмжээнд хүрэхийн тулд 3 шатыг дамждаг.
1    1. Гегемони гүрэн өрсөлдөгчдөөсөө үйлдвэрлэлийн үр ашгаараа давж гарахыг хичээдэг. Энэ нь инновацийн тусламжтайгаар дангаар ноёрхохуйц шинэ бүтээгдэхүүн бий болгох, эрэлтийг тэлэх үйл явц дээр үндэслэдэг.
2   2.  Хоёр дахь шатанд гегемони орны худалдааны төлөөлөгчид дэлхий дахинд давамгайлж эхэлдэг.
3  3. Тухайн улсын банкирууд дэлхийн эдийн засагт санхүүгийн ноёрхол тогтоох бололцоотой болно.

Нэг улс орны үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн үйл ажиллагаа бусдаас илт үр ашигтай болсон тэр цагт сая дэлхийн гегемони болж чадна.

Тейлорынхоор тийм төр улс эзэнт гүрэн болж хувирах эрсдэлгүйгээр олон улсын системд ноёрхох бололцоотой байхын зэрэгцээ геополитикийн манлайлагч гегемони байхад нь аюул учруулж мэдэх дайсагнасан эвсэл бүрэлдэхээс сэргийлж, хүчний тэнцвэрийг хангах нөхцөл бүрэлддэг. Гегемони улс дэлхий дахинаа өргөнөөр дэмжих либерал үзэл санааг түгээдэг. Манлайлагч гүрэн байх явдал дэлхийн улс төрийн лидер байхаас чухал үр нөлөөтэй үзэгдэл аж.

Гегемони улс үүсэн бүрэлдэх, цэцэглэн хөгжсний дараагаар түүний аажим уналт бууралт эхэлдэг. Гегемони улсын либерал хандлага нь өрсөлдөгчдийн техникийн амжилтыг нь хуулбарлахыг зөвшөөрч, үйлдвэрлэлийн үр ашгаараа даван гарах эрмэлзлийг өдөөдөг. Гегемони улсын манлайллын удалгүй өрсөлдөгч улсуудаасаа үйлдвэрлэлийн хэмжээгээрээ хоцорч, улмаар энэ нь худалдаа, санхүүгийн салбарт халдварладаг.  Тейлорын тэмдэглэснээр жинхэнэ гегемони колоничлон түрэмгийлэх байдлаар биш харин дэлхийн үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн хүрээнд монополь тогтооход үндэслэдэг байна.

Геополитикийн мөчлөгийн динамик
Дэлхийн дэг журмын өөрчлөлт солигдлын өрнөл
Гегемони төр улсын мандалт, уналт нь “гегемони-мөчлөг”-ийн үргэлжлэлээр тодорхойлогдоно.  1980-аад оны дундуур америкийн судлаач И.Валлерстайн дэлхийн эдийн засгийн кондратьевийн мөчлөгтэй “гегемони-мөчлөг”-тэй уялдуулан авч үзсэн байна. Гегемони-мөчлөг нь нэг талаасаа дэлхийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын урт хугацаагаар хяналт тогтоох явдал юм. Энэ нь тухайн ноёрхогч улс дэлхий дахинд засаглах бололцоог олгодог. Тэрхүү хөрөнгө оруулалт нь дэлхийг хамарсан тогтолцооны шинжтэй дэд бүтцийг бий болгож өгнө. Өөрөөр хэлбэл, тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн сүлжээний өргөн тогтолцоо нь гегемоний зайлшгүй хэрэгцээ шаардлага юм. Тэрчлэн дэлхий даяар дипломат төлөөлөгчийн газар, цэргийн баазын тархмал сүлжээтэй байх хэрэгтэй болдог. П.Тейлорын өөр нэг бүтээлд дэлхийн дэг журмын солигдох үйл явцад геополитикийн мөчлөгийн тухай ойлголт тусгагджээ. Тэрээр нэгээс нөгөө рүү өөрчлөгдөн солигдсон дэлхийн 2 дэг журмыг авч үзсэн байна.
-      1) 1907-1945 оны хоорондох Британийг залгамжлахын төлөө тэмцлийн үеийн дэлхийн дэг журам
-        2) 1947-1989 оны хоорондох “хүйтэн дайн”үеийн дэлхийн дэг журам
Гегемони-мөчлөг өөрчлөгдөх тухай үзэл санаатай ойролцоо хандлагыг Ж.Агнью, С.Кобриж нар судалгаандаа тусгасан байна. Зохиогчид дэлхий дахины харилцан хамаарлын өсөлт, орчин үеийн даяаршлийн чиг хандлагад голлох үүрэг рольтой “геополитикийн эдийн засаг” гэх ойлголтыг хэрэглэжээ. Тэд геополитикийн дэг журмыг 3 хуваасан байна.
-       - Британийн дэг журам (1815-1875 он)
-       - Эзэнт гүрнүүдийн хоорондын өрсөлдөөний үеийн дэг журам (1875-1945)
-       - “Хүйтэн дайн”-ы дэлхийн дэг журам.

Кондратьев-Валлертсайны хосолмол загвар
Энэхүү загвар нь Кондратьевийн мөчлөгт тусгагдсан дэлхийн эдийн засгийн үндсэн үйл явцыг геополитикийн ноёрхлын сэргэлт уналтын мөчлөгтэй уялдуулах гэсэн оролдлого юм. Уг загвараар улс төрийн механизм дэлхийн аж ахуйн өөрчлөлтийн зайлшгүй бүрдэл хэсэг болохыг илтгэн харуулдаг. Гэхдээ улс төрийн үйл явц эдийн засгийн хэрэгцээний энгийн тусгал төдий биш гэхдээ түүнээс ор ангид үйл явц ч биш. Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засаг нь өөр хоорондоо эрс шалтгаалцсан хамааралтай үзэгдлүүд биш юм. Дэлхийн эдийн засаг дангаараа хэзээ ч оршин тогтнож байгаагүй, бүр чөлөөт худалдааны зарчим ноёрхсон тэр цаг үед ч тэр. Дэлхийн зах зээл нь түүний дүрмийг тогтоож, зохицуулах чадвартай төр улсуудын хүч нөлөө цаашлаад тэдгээр материаллаг нөөцөөс хамааралтай байдаг. Төр улсуудын энэхүү харилцаа өргөжих үед “чөлөөт зах зээл”-ийн хөгжил тэлдэг бол эсрэг тохиолдолд тухайлбал, протекционист бодлогын нөлөөгөөр зах зээлийн харилцаа хумигдахад хүрдэг байна.    

Хүн төрөлхтний хэрэгцээг хангах материаллаг нөөцийн хязгаарлагдмал чанар, бүх дэлхийн нөөцийн дутагдлаас хамаарч төр улсуудын хооронд дахин хуваарилалтын асуудал зовлон бэрхшээлтэй тулдаг.
Кондратьев-Валлертсайны хосолмол загвар
Ноёрхол ба өрсөлдөөний динамик загвар
(Британи, америкийн 100 жилд хийсэн задлан шинжилгээ)
Ноёрхлын үе шат
Их Британи
АНУ
Гегемоний өсч дэвших үе
Кондратьевын эхний мөчлөг
А үе
Кондратьевын 3 дахь мөчлөг
А үе
Францтай тэмцэлдэн өрсөлдсөн (наполеоны дайн). Үйлдвэрлэлийн үр ашиг: аж үйлдвэрийн хувьсгал
Германтай тэмцэлдэн өрсөлдсөн. Үйлдвэрлэлийн үр ашиг: фордизм, техникийн бөөний үйлдвэрлэл, “Сайн цаг үе”
Гегемоний ялалт
Кондратьевын эхний мөчлөг
В үе
Кондратьевын 3 дахь мөчлөг
В үе
Энэтхэгийг хянаж, Латин америкт худалдааны ялалт байгуулсан;  “Хүнд цаг үе”
Чөлөөт худалдааны британийн тогтолцоог төгсгөл болгосон арилжааны ялалт, Герман дайнд ялагдсан нь;”Их хямрал” 
Гегемоний тогтонги байдал
Кондратьевын хоёр дахь мөчлөг
А үе
Кондратьевын дөрөв дэх мөчлөг
А үе
Чөлөөт худалдааны эрин; Лондон дэлхийн аж ахуйн төв болсон нь;  “Викторианы цэцэглэлт”
Долларт суурилсан Бреттон-Вудсын либерал эдийн засгийн тогтолцоо; Нью-Йорк – дэлхийн шинэ санхүүгийн төв болов. “Өсөлтийн алтан зуун”
Гегемоний уналт
Кондратьевын хоёр дахь мөчлөг
В үе
Кондратьевын дөрөв дэх мөчлөг
В үе
Импери­ализмын сонгодог үе шат;
Европын орнууд ба АНУ-аас Их Британитай сөргөлдөн тэмцэлдэх болов. Британиас хальж гарсан Аж үйлдвэрийн шинэ хувьсгал, “Их хямрал”.
Европын өрсөлдөөн, японтой зөрчилдсөн протекционизмын элемент илэрч эхэлсэн нь. 
  
Хүснэгтээс өсөлтийн буюу А үед манлайлах эрхийг авахын төлөө томоохон их гүрнүүдийн хооронд геополитикийн өрсөлдөөн өрнөхийн зэрэгцээ технологийн дэвшлийг эзэмшсэн тэр улс гүрэнд үйлдвэрлэлийн үр ашиг дээшилж, улмаар урт хугацааны эдийн засгийн давамгайллыг олж авдаг байна. Харин В үед дэлхийн эдийн засагт уналт эхэлдэг хэдий ч хөгжлийн оргилдоо яваа их гүрэн худалдааны давуу байдлаа хадгалж, эрхбиш эрх ашгаа хамгаалах чадвартайгаа байдаг.

Дэлхийн эдийн засаг санхүүгийн төв энэ үеэс үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн манлайлах байр суурьтай ноёрхогч улс руу шилждэг. Иймээс ноёрхогч гүрэн өрсөлдөгчидтэйгөө амжилттай өрсөлдөх чадвараа алдахгүйн тулд дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг хамгаалахыг эрмэлзсээр байдаг. Энэ бол чөлөөт худалдааны үе юм. Эцэст нь В үед “гегемоний уналт”-ын шат эхэлж, үйлдвэрлэлийн үр ашиг буурч, өрсөлдөгчдөө давамгайлах чадвараа алдахад хүрнэ. Улмаар дэлхийн зах зээлийн зонхилох хэсгийг хянах эрмэлзэлтэй шинэ төр улс тодорч эхэлдэг байна. 

Дэлхий дахинд ноёрхохын төлөө тэмцэл, дэлхийн дэг журам, олон улсын мөргөлдөөний өрнөлийн мөчлөгт чанарын талаар геополитикийн үндсэн үзэл санаануудыг нэгтгэн дүгнэхэд:
1 - Дэлхийн нөөцийг өөрт ашигтайгаар хуваарилах давуу байдлаа хадгалахын тулд “дэлхийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэж, дэлхийн дэг журмыг сахиулах хариуцлагыг өөртөө хүлээсэн ноёрхогч төр улсуудын өсч дэвшихээс аваад унаж доройтох өрнөл хөгжлийн мөчлөгийг илэрхийлсэн орон зай цаг хугацааны тодорхой матриц байж болно.

2  - Геополитикийн үйл явц нь дэлхийн аж ахуйтэй салшгүй холбоотой явагддаг.


3 - Дэлхийн аж ахуйн хөгжлийн гео-эдийн засгийн стратегийг шинэ тутам тодорхойлогч, эсэд нэвтэрч буй нян адил улс үндэстнүүдийн хил дамнан оршигч үндэстэн дамнасан корпорациуд дэлхийн тоглогчийн хэмжээнд очих болсон хийгээд даяаршлын үйл явцаас шалтгаалан орчин цагт даян дэлхийн геополитикийн тогтолцооны хөгжил мөчлөг эрс өөрчлөлтийг туулж байна. 

No comments:

Post a Comment