2011/02/14

ХОТЫН УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМИЙН ОНОЛ

Хот сууринг хэрхэн төлөвлөж, барьж байгуулдаг, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, баялгийг хэрхэн оновчтой хуваарилах, иргэдийн аюулгүй, эрүүл таатай орчинд хэрхэн амьдруулахын тулд юу хийвэл зохих талаар хөөрхөн ойлголт өгдөг компьютерийн тоглоомууд (Cities XL, Virtual city, Virtual villagers, Build a Lot 4, Real Estate Empire) олноор зохиогдож, хүүхэд залуучууд төдийгүй насанд хүрэгчид өргөнөөр тоглоцгоодог.  

Манай хувьд хотын удирдлага, захиргаа нь хуучин зөвлөлт маягийн хот төлөвлөлт, арга барилаасаа нэг л салж өгөхгүй, эрх баригчдынхаа халааснаас гарахгүй байгаа мэт санагддаг. Өөрөөр хэлбэл энгийн компьютер тоглоом ба доор өгүүлэх онолын асуудлын тэг дундуур л манаргаж явдаг гэж хэлэхэд буруудахгүй болов уу? Ингээд та бүхэндээ өрнөд дахинд хот ба улс төрийн хамаарлын талаар өгүүлсэн онолын зарим нэг ойлголтыг танилцуулах зорилгоор дараах мэдээллийг бэлтгэв. Аан тийм, хотын удирдлагууд нь дээр хэлсэн компьютер тоглоомуудыг нэг тоглоод үзэхэд гэмгүй ээ гэж... 

1990-ээд оноос хотын дэглэмийн онол (Urban Regime Theory) хот суурин болон нутаг дэвсгэрийн нэгжүүдэд эрх мэдлийг хуваарилахтай холбоотой тайлбар, судалгааны загвар боловсруулах асуудалтай холбоотойгоор АНУ болон баруун Европт өргөнөөр дэргэрч, хүлээн зөвшөөрөгдөх болсон байна. Гэхдээ “дэглэм” гэх ойлголт бүр 60-аад оноос хотын түвшин дэх эрх мэдлийн бүтцийг тайлбарлахад ашиглагдаж байжээ. 
 
Анх онолын хүрээнд хотыг “хэн удирдах ёстой вэ?” гэсэн асуудалд тулгуурлан хотын улс төрд нийгмийн бүлгүүдийн нөлөөг судлахад анхаарлаа хандуулж эхэлсэн бол хотын өмнө тавьсан зорилгыг хангаж чадах тоглогчийн чадварыг чухалчилсан улс төрийн дэглэмийн онолын талаар  мэтгэлцээн өрнөсөн аж. Судлаач Стоун бүлгүүдийн институционал, бүтцийн шинж нэн тэргүүнд томоохон бизнесийг “системийн засаглал”, энгийн эвсэл хэлбэрээр гэрээ байгуулж бий болсныг нь “эвслийн засаглал” гэж ангилсан байна.
 
Улс төрийн дэглэм гэдгийг орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлж, институционал нөөцийг эзэмшиж буй тоглогчдын эвсэл гэдэг утгаар тайлбарласан байна. Гэхдээ энэ нь сонгуулийн эвсэл төдий зүйл биш бөгөөд харилцааны хүрээ нь ил тод захирагдах ёс гэхээсээ албан бус харилцаа эвслийн эв нэгдэл, тоглогчдын харилцааны үр ашигтай чанарыг хангаж байдаг аж. Гэхдээ бүхий л хотуудад улс төрийн дэглэм бий болдоггүй, харин нэг нэгээсээ хамааралтай тоглогчдын хамтын ажиллагааны үр дүн юм.
 
Эвсэл (дэглэм) нь улс төрийн маргаан хэлэлцүүлэгт хүргэж буй аливаа асуудлаас хамаарч өөрчлөгддөггүй, харьцангуй тогтвортой бөгөөд удирдагч элит буюу албан бус институт, байгууллагаас илүү өргөн, задран салбаржсан шинжтэй.
 
Хотын улс төрийн дэглэмийн загвар нь эрх баригч эвслийг хэн бүрдүүлж байна, эвсэл хэрхэн бүрэлдсэн, эрх баригч эвслийн бодлогыг хэрэгжилтийн үр дагавар юу болох зэргээс шалтгаалж шинж чанар нь тодорхойлогдоно. Хотын улс төрийн бодлогын нөлөө бүхий тоглогчид төрийн болон бизнесийн төлөөлөгчид ордог. Хувийн сектор гэдэг гэдэгт бизнесийн төдийгүй үйлдвэрчний эвлэл, намын удирдлага, арилжааны бус байгууллага болон сангийн төлөөлөгчид, шашны тэргүүнүүд гол байр суурь эзлэх нь бий. 
 
Орон нутгийн улс төрчид сонгуулиар эрх барих эсэх нь шийдэгддэг тул сонгогдохын тулд тэдгээрийг дэмжиж чадвартай эвсэлтэй хамтран ажиллах шаардлага гардаг. Мэдээж орон нутгийн улс төрчид сонгуулийн кампани явуулах шаардлага тулгарах бөгөөд чадварлаг эвсэл сонгогчдын олонхийг өөртөө татах нөхцлийг хэдий нь тооцоолсон байх учиртай.
 
Энэ үүднээс тогтвортой дэглэмийг бүрдүүлэхийн тулд наад зах нь орон нутгийн улс төрчдийн дэмжлэг (намын байгууллага, албан хаагчид, санхүүгийн бааз суурь) болон нийгмийн дэмжлэг (сонгогчид)-ийг өөртөө дайчлах чадвартай байх ёстой.
 
Улс төрийн дэглэмийн таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд бизнесийн ашиг сонирхлыг орон нутгийн түвшинд хангах, төрийн болон хувийн секторын хамтын ажиллагааг өрнүүлэх,  бизнесийн төлөөлөгчид тодорхой шийдвэр гаргахад оролцох бололцоог хангах, хотын улс төрийн бодлогод итгэл үнэмшил, улс төрийн прагматик уламжлалыг тогтоох, зөрчилт нөхцөлд эрх баригчид болон бизнесийнхний харилцан итгэлцлийг хадгалах, бусад хот суурингуудаас ялгагдах онцлог, дүр төрх, давуу талыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байх шаардлага тулгардаг.
 
АНУ дахь хотын улс төрийн дэглэм
АНУ-ын хотын улс төрийн урт хугацаанд хөгжиж, хадгалагдаж ирсэн, үйл ажиллагааны үр дүн, шинж онцлогийг харуулахад Атланта хот нилээн тохиромжтой гэж судлаач Стоун үзсэн байна. Атлантад 1940-өөд оноос дэглэм нь афроамерик нийгэм (сонгогчдын олонх) ба бизнесийн (материаллаг ба зохион байгуулалт) нөөц дээр тулгуурлаж байжээ. Стратегийн зорилго нь арьсны үзлийг хязгаарлан, эдийн засгийн өсөлтийг хангах явдал байв. Эрх баригчид бизнесээр дамжуулан хотын эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд оролцох бололцоог хангах замаар арьстан хоорондын зөрчилт харилцааг зохицуулах зорилго тавьжээ. 

Хар арьстнууд хотын хөгжлийн төсөл буюу хотын эдийн засгийн хөгжилд оролцох бололцоо нээгдсэнийг дэмжиж байлаа. Үүний тулд эдийг засгийн өсөлт (авто зам, спорт цогцолбор, нисэх буудал)-ийг хангах төдийгүй дундаж ангийн хар арьстны эдийн засгийн болон мэргэжлийн нөхцлийг сайжруулах ажлыг хийх шаардлага гарчээ. Хар арьстнууд сонгогчдын олонхийг бүрдүүлдгийг эс тооцвол тэднийг бизнесийн хувьд дэмжих нь ядуу давхрагын боловсролыг ахиулах, ядуурлыг бууруулах зэрэг хотын өөр бусад асуудлаас төвөгтэй байсан байна. Тэгээд ч хар арьстнууд бизнесийг хэзээ ч сонирхож байгаагүй аж. Гэвч хоёр арьстнаас бүрэлдсэн эвсэл нь томоохон төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болох нь явцдаа тодорхой болсон юм.
 
Атлантагийн туршлага бат бөх эвсэл нь хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх баталгаа биш болохыг гэрчилсэн юм. Арьс өнгөөр ялгаварлах асуудалд санаачлагчдын нэр хүнд өсч, барилгын салбарт дэвшил гарсан хэдий ч Атланта АНУ-ын хамгийн  өндөр ядууралтай хотын тоонд багтсан юм. 
 
Орчин үед хотын дэглэмийг зорилго, чиглэлээр нь олон янзаар ангилдаг. АНУ дахь хотын улс төрийн дэглэмийг: статус-квог дэмждэг;  өсөлтийн буюу хөгжлийн; дунд ангийн дэвшилт дэглэм зэргээр ангилдаг байна.
 
Статус-квог хадгалдаг дэглэм нь хотыг дахин төлөвлөх, байгуулах ямар нэгэн глобал төслүүдийг дэмждэггүй бүлэглэлүүдээс бүрддэг. Жижиг бизнес, хувийн өмчтөнгүүдээс гол төлөв бүрдэх бөгөөд хэрэв томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлвэл тогтсон нийгмийн амьдрал огцом хувирч, татвар өсөхөөс болгоомжилдог учраас өмнөх байгаа байдлаа хадгалахыг эрхэмлэдэг байна. Гол төлөв том биш хотуудад энэ дэглэм оршдог гэж судлаачид үздэг.
 
Өсөлтийн буюу хөгжлийн дэглэм – хотын эдийн засгийн хурдацтай өсөлтийг дэмждэг эрх баригчид болон орон нутгийн сонирхлын бүлгүүдийн эвсэл юм. Өсөлт бол асуудлын аль нэг тал төдий биш харин “аль ч газар орны улс төр, эдийн засгийн гарц” юм. Хотын улс төрийн бодлогод энэ нь онцгой байр суурь эзлэх бөгөөд тодорхой тоглогчдын хувьд эд баялаг болон бусад давуу талыг авч ирдэг. Иймээс өсөлт рүү тэмүүлэх жам ёсны хандлага нь элитийн бүлгүүдийн аливаа асуудалтай холбоотой асуудлаас үл хамааран зөвшилцөлд хүргэж, өсөлтийн хамгийн боломжит стратегийг сонгох нөхцлийг бүрдүүлдэг. Өсөлтийн дэглэмд хотын газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид зонхилох бөгөөд хотын улс төрийн гол сэдэв нь газар эзэмшигчдийн хувьд үлэмж ашиг авчрах явдлыг шалгуураа болгосон газрыг үр ашигтай хэрхэн ашиглах тухай асуудал орж байдаг. Улмаар хотын орон зайг үр ашигтай ашиглах явдлыг ил тод сонирхсон төслийн байгууллага, үйлчилгээний газар, мэргэжлийн зэрэг бусад бүлгүүд нэгдэж оролцдог байна.   
 
Өсөлтийн плюралист дэглэмийн нөхцөлд нилээд материаллаг нөөцтэй тул газар эзэмшигчдээс харьцангуй бие даасан улс төр-захиргааны элитүүд бодлого барьдаг. Өөрөөр хэлбэл энэ дэглэмд газрын эзэд ноёрхох байр суурьтай байлаа ч, нийгмийн амьдралын бусад  хүрээний асуудлыг шийдвэрлэхэд шууд нөлөөлж чаддаггүй байна. Эвслийн гол зорилго нь хотын төвийн газар ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, бусад дүүргүүд дэх тээврийн харилцааг сайжруулахад чиглэдэг. Дэглэмийн сонгогчийн бааз суурь нь харьцангуй өргөн бөгөөд өмчийн татвар тогтвортой буюу бууруулах сонирхолтой хотын томоохон болон дундаж өмч эзэмшигчид, оршин суух нөхцлөө сайжруулахыг бололцоог эрэлхийлэгч либерал дундаж бүлгүүд тэрчлэн шинэчлэгчдийн төлөө саналаа өгөхийн зэрэгцээ, эвслийг идэвхгүй дэмжиж байдаг ядуу иргэд багтдаг байна.
 
Холбооны (федералист) дэглэм нь 1970-аад онд бий болсон бөгөөд хотын хөгжилд холбооноос хэрэгжүүлэх хөтөлбөрүүд өсч, холбооны нөөцийг ажлын байр хадгалах, хүн амын үйлчилгээний түвшин чанарыг өсгөхөд зарцуулж эхэлсэнтэй уялдан өргөжсөн байна.
 
Бизнес эрхлэгчдийн дэглэм (Entrepreneurial Regimes) – хотын эдийн засгийн хөгжлийг хотын бусад бодлогоос дээгүүрт тавьдаг бизнес эрхлэгчдээс бүрдэнэ. Гэхдээ эрх баригчид болон бизнесийн лидерүүдийн хооронд нарийн нягт хамтын ажиллагаа хэрэгжиж байдаг агаад хотын томоохон албан тушаалуудыг бизнесийн томоохон төлөөлөгчид эрхлэх нь түгээмэл.  Хотод бизнес эрхлэх таатай боломжийн төлөө хүч чармайлт тавихын зэрэгцээ хотын эдийн засгийг өсөлтийг хангах, бизнесийн хөгжилд таатай нөхцөл бий болгох, улс төржөөгүй, үр ашигтай мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвартай өөрийн “нэр дэвшигчид”-ийг дэмжих төлөвлөгөө хэрэгжүүлж байдаг. 
 
Дундаж ангийн дэвшилт дэглэм нь эдийн засгийн хувьд хөгжингүй газарт, оршин суугчид нь өсөлт хөгжлөөс илүүтэй хүрээлэн буй орчны бохирдол ихсэх, хүн амын тоо өсөх зэрэгт санаа зовж, болгоомжилж байгаа нөхцөлд бий болдог. Түүний гол тулгуур нь чөлөөт цаг ихтэй “гэгээрсэн” дундаж анги болж байдаг. Энэхүү “өсөлтийн эсрэг эвсэл” нь хүрээлэн буй орчныг хамгаалах, иргэний болон дайны эсрэг хөдөлгөөнүүд, тэдгээрт нэгдсэн, орлого нь өсөлтөөс үл шалтгаалдаг, цаашлаад тэдний амьдралын хэв маяг, нөхцөлд өсөлтийн стратеги зөрчилдөж байдаг гэж үздэг дундаж ангийн мэргэжилтнүүд, ажилчид, төрийн алба хаагчид, фирмийн менежерүүдээс бүрддэг.
 
Хэрэв хотын улс төрийн талбарт “өсөлтийн эсрэг эвсэл” зонхилоод эхэлвэл хүрээлэн буй орчныг сайжруулах талаар бодлого түлхүү явагдаж, орон нутгийн эрх баригчид хүн амын өсөлтийг хязгаарлах үйл ажиллагаа авч хэрэгжүүлж эхэлдэг байна. Өсөлт удааширч энэ нь хотын гудамжм зам өргөтгөх, мод суулгах, хөшөө дурсгал барих, харилцаа холбоо болон нийтийн үйлчилгээ (усан хангамж, суваг, онцгой алба) явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгө дутагдаж эхэлдэг байна.  
 
Европ дахь хотын дэглэм
Европын хувьд “дэглэм” гэдгийг “хотын удирдлага” (Urban Governance) гэх ойлголтоор орлуулан авч үзсэн байдаг. Энэ үндсэн дээр улс төрийн харилцаанд суурилсан “гиперплюралист”, “радикал”, “элитист”, “хүнд сурталт” болон бусад дэглэмийн хэлбэрийг санал болгосон байдаг. Судлаач Х.Сэвитч, Ж.Томас нар плюралист (хотын бизнесийн шахагдсан бүлгүүдийг зохицуулагч улс төрийн лидерүүд зонхилдог), элитист (сул улс төрийн лидерүүдээс илэрхий давуурхдаг хүчтэй нэгдсэн бизнес элитүүд), корпоратив (нэгдмэл бизнес-элитүүдийг нэгдсэн, хотын зорилгыг тодорхойлдог хүчтэй улс төрийн элитүүдээс бүрдсэн), гиперплюралист дэглэм (хотын улс төрийн орон зайд ноёрхохуйц нөөцтэй бизнес-элит болон улс төрийн лидер байхгүй, тогтвортой эрх барих эвслийг бий болгох хүчгүй нөхцөлд үүснэ) гэж ангилсан байдаг.
 
Олон судлаачид Европт АНУ шиг “хотын улс төрийн дэглэм” гэх үзэл баримтлал хөгжих боломжгүйг дараа хүчин зүйлтэй холбон тайлбарласан байна. Үүнд:
  • Америкийн хотын улс төрд бизнесийн лидерүүдийн үүрэг роль томоохон нөлөөтэй.
  • АНУ-д үйлдвэрчний эвлэлүүдтэй холбоотой хүчтэй улс төрийн намууд буюу социал-демократ чиг хандлага байдаггүй.
  • Төлөвлөлтийн америкийн тогтолцоо нилээн бие даасан шинжтэй.
  • Европтой харьцуулахад газар ашиглалт төрөөс буюу төвөөс нилээн хамааралтай.
  • АНУ-д орон нутгийн захиргаа орон нутгаасаа өөрийн төсөл, кампанийг санхүүжүүлэх нилээн чиг хандлагатай.
Европт төрийн удирдлагын тогтолцоо АНУ-аас илүү төвлөрсөн, төр зах зээлийн механизмд нөлөөлөх өргөн бололцоо эдэлдэг,  захиргааны элитүүд газар ашиглалт, төлөвлөлтийн уламжлалт үүргийг гүйцэтгэхэд чухал үүрэг рольтой оролцдог. Европт олонх хотууд төв захиргаанаасаа санхүүгийн дэмжлэг авдаг, төдий хэрээр татварын орлогоос үлэмж хамааралтай.  Тэрчлэн европын хотын улс төрд шахалтын бүлгээс илүү улс төрийн намууд голлох байр суурь эзэлдэг. Иймээс хотын хөгжлийн үндсэн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн лидерүүд түлхүү оролцдог.
 
Даяаршлын нөлөөгөөр хотын удирдлага нь “Urban Government”-аас “Urban Governance” болж өөрчлөгдөж байна. Иймээс эдийн засагт олон улсын сектор бий болж, олон улсын эдийн засгийн интитуци, хөрөнгө оруулалтын хөдөлгөөнт тогтолцоо нь хотыг хянаж ирсэн хотын захиргаа (Government)-ы хүч нөлөөг сулруулах болов. Хотын улс төрд оролцох тоглогчдын тоо нэмэгдэж бизнесүүдээс аваад жирийн иргэд хүртэл улс төрийн шийдвэрт оролцох бололцоо тэлж, нийгмийн амьдрал олон талт, хэмжээст болж өргөжих болсон байна. Хот хоорондын өрсөлдөөн тэлж, хөрөнгө оруулалтын төлөө тэмцэлд хотын улс төрийн элитүүд “бизнес эрхлэгч” байх шаардлага гарч ирсэн. Хотуудын гадаад хамтын ажиллагаа өргөжин, хот олон улсын талбарт идэвхтэй гарч ирэв. 
 
Орчин үед хотын улс төрийн дэглэмд харьцуулсан судалгаа өсч, тэдгээрийн улс төрийн дэглэмд институционал хүчин зүйл (засаг-захиргааны тогтолцоо, хууль тогтоох үндэс, төрийн тогтолцооны уламжлал, улс төрийн үнэт зүйл), орон нутгийн онцлог (нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засгийн хөгжлийн түвшин) болон бусад хүрээ хэрхэн нөлөөлдгийг авч үзсэн байдаг. Тэрчлэн нийгмийн сүлжээнүүд тухайлбал, боловсролын, эдийн засгийн, засаг захиргааны сүлжээнүүд хэрхэн нөлөө эзэлж байдгийг улс тус бүрээр нь авч үзсэн судалгаа бий.
 
Харин Монголын хувьд
Улс төр судлалын салбар нялх шахуу манай орны хувьд ерөнхий онол судалгаа шинжилгээнээс цааш гүнзгийрэн авч үзсэн зүйл тун хомс. Хот, орон нутгийн хувьд улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөдөг талаар шинжлэх ухааны үндэстэй улс төрийн ухааны үүднээс хийсэн дүн шинжилгээ байхгүй гэхэд хилсдэхгүй.
 
Нөгөө талаас дэлхийд том хот гэж хэлэгдэх статус бүхий нийслэл, түүний араас дагаж буй хүн ам багатай ч улс орны хөгжилд нөлөө бүхий хот суурингууд нэг бус хөгжиж байгаатай холбоотойгоор дээрх онолын үүднээс задлан шинжилгээ хийх шаардлага гарах болсныг хэлэх хэрэгтэй.
 
Манай нөхцөлд хот суурингийн улс төрийг дэглэм тогтоход дараах хүчин зүйлс багагүй нөлөөтэй гэж өнгөц дүгнэлт хийж болох байна. Үүнд:

•    Улс төрийн нам хүчнүүдийн засгийн эрх барихын төлөө тэмцэл чухамдаа орон нутгийн засаг захиргаанд өөрсдийн хүмүүсээ хэрхэн байршуулсан, орон нутагт хэрхэн оновчтой улс төрийн тоглолт хийснээс шууд шалтгаалдаг нөхцөлтэй.

•    Хэдийгээр нэг үндэстнээс бүхэлдээ бүрддэг ч хүн амын дунд нутгархах, хуваагдаж талцах хандлага хүчтэй

•    Ихэнх орон нутаг бие даасан эдийн засгийн нөхцөл, дэд бүтэц сул зэргээс шалтгаалан орон нутгийн удирдлагын шийдвэр төвийг харсан шинжтэй, төвөөс хүчтэй хамааралтай

•    Ашигт малтмалын ордуудын ашиглалттай холбоотойгоор эдийн засаг улам бүр хөгжин тэлж, дэд бүтэц, хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих төлөвтэй уялдан орон нутгийн эрх мэдлийн төлөө тэмцэл, УИХ-д нэр дэвшихээс илүү ширүүн, хурц өрсөлдөөнтэй болох хандлагатай.

•    Төвлөрсөн улс төр, эдийн засгийн харилцаанаас шилжилт хийж буйтай холбоотойгоор бизнесийн зүгээс хотын удирдлагад нөлөөлөх чиглэлээр бус харин хотын улс төрийн эрх мэдлийг ашиглаж хувийн бизнесийн хүрээгээ бий болгох, тэлэх зэрэг урвуу чиглэлээр хөгжиж байгаа.

1 сая гаруй иргэнтэй “Монгол хот” Улаанбаатарын хувьд дэлхийн бусад хотуудтай адил зүйл олон. Гэхдээ өөр хаана ч байхгүй нүүдэлчдийн гэрт хотын иргэдийн 60 хувь нь аж төрөн амьдарч суудаг нь онцлог гэхээсээ зовлон болох тал руугаа болсныг сүүлийн үед ойлгох болов. Эрх баригчдын зүгээс нийслэлдээ хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь хөгжлийг баримжаалсан гэхээсээ УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хотын сонгогчдын саналыг авахын тулд хийгдэж үйл ажиллагаа болох нь анзаарагддаг.
 
Товчхондоо монголын улс төрийн тоглолтыг: “хэн нийслэлийг хяналтандаа байлгана, тэр бусад орон нутгийг хянана. Хэн орон нутгийг хянаж чадна тэр монголыг удирдана” гэж томъёолж болно. Үнэхээр зарим улс төрийн лидерүүдийн хувьд нийслэлийн эрх мэдлийг доороос нь аваад өөрийн хүмүүсээр бүрдүүлэх замаар өөрийн эрх мэдлээ хадгалах, тэлэх ажиллагаа зохиож байдгийг улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг.

No comments:

Post a Comment