2011/02/21

УЛС ТӨРИЙН НАМЫН THINK TANK: ТЕХНОЛОГИ, АЖИЛЛАХ АРГА БАРИЛ

Төрийн бодлогыг мэргэшсэн яам, агентлагууд боловсруулан хэрэгжүүлэхээс гадна улс орнуудад төрөөс тусдаа бүтцүүд уг үйл ажиллагаанд оролцож ирсэн баялаг туршлагатай. Улс төрийн намыг улс орны бодлого, үзэл баримтлалыг санаачлагч гэж үзвэл тэрээр өөрийн гэсэн оюуны том төвтэй байх шаардлага зайлшгүй гарна. Ингээд дэлхий дахинд төр засгийн болон намын бодлогыг боловсруулахад чухал үүрэгтэй оролцдог намын “Think tank” төвүүдийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

“Think tank” бол төрийн болон корпорацийн гэрээний дагуу зөвлөмж боловсруулан, хэрэгжүүлдэг институт юм. Улс төрийн хувьд энэхүү байгууллагын оюун бүтээгдэхүүн нь хавсрага улс төрийн шинжилгээ, судалгаа дүгнэлт, үнэлгээ тэрчлэн суурь онолын бүтээлүүд байдаг. Гэхдээ хүсч буй нийгэм-эдийн засаг, улс төрийн үр дагаврын талаар тодорхой төсөөллийг агуулсан стратегийн зорилгоос түүнийг ялгах хэрэгтэй. Гэхдээ нийгэм, улс төр уг байгууллагын боловсруулсан мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргаж байдаг.  Үүгээрээ “Think tank” байгууллагын бүтээгдэхүүн нь академик судалгаанаас ялгагдана.
 
Уг нэр томъёо 2-р дайн үед хэрэглэгдэж эхэлсэн агаад улмаар эксперт шинжилгээний институциудыг тийнхүү нэрлэж эхэлсэн байна. Өдгөө өрнөдөд ялангуяа АНУ-д тархины буюу оюуны төвүүд нв төрийн гэхээсээ төрийн бус байгууллагуудад төвлөрч ирсэн.
 
Манайд шинэ тутам бүрэлдэж буй шинжлэх ухаан судалгааны төвийн нэг өвөрмөц төрөл болох “Think tank” нь барууны орнуудад хэдэн арван жилийн туршлагатай, судалгааны арга, арга зүй, технологи нь өндөр түвшинд хэдий нь хүрчихсэн байдаг.
 
Барууны туршлагад “Think tank”-ыг намын болон бие даасан гэсэн хоёр үндсэн секторт хуваадаг. Ингээд өрнөдийн намын аналитик төвийн хөгжил, ажлын арга технологийн талаар доор өгүүлэв.
 
АНУ дахь намын “Think tank”
“Think tank”-ын хувьд АНУ олон жилийн туршид монополь явж ирсэн юм. Өнөөдөр АНУ мэдээлэл шинжилгээ, шинжлэх ухаан судалгааны төвүүд хангалттай олон бөгөөд нарийвчласан тоог нь янз бүрээр гаргаж тооцдог байна (ерөнхийдөө 1500-2000 гаруй “Think tank” төв байдаг гэж үздэг). Тэдгээрийн ихэнх нь өөрсдийгөө бие даасан статустай гэж тооцдог байна. Энэ нь нэг талаас үйл ажиллагааны хувьд өргөн далайцтай байхаас гадна үзэл суртлын хайрцаг, хязгаарлалтад баригдахгүй, улс төрийн үйл явцын объектив шүүлтүүрээс ангид байх бололцоог олгодог байна. Гэхдээ нөгөө талаас улс төрийн бодит тэмцлээс хол хөндий, намын сонгуулийн стратегийг боловсруулахад оролцохгүй байх үүрэг хүлээж, шийдвэр гаргагч этгээдэд нөлөөлөх ажиллагаанд хүндрэл учирдаг байна.
 
Харин намын “Think tank”-ын хувьд үйл ажиллагааны өргөн бололцоо хязгаарлагдмал ч тодорхой ажил хэргийн хувьд бие даасан сонголт хийх бололцоог өөртөө хадгалдаг. “Дэвшилт бодлогын институт”, “Өв” сан, “Катогийн хүрээлэн" зэрэг нэн тэргүүнд намын байр суурийн тусгал, түүний үзэл санааг түгээгч зэрэг идэвхтэй суртал ухуулгын үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлаа явуулдаг төвүүд бий. Тэрчлэн дан судалгааны ажил, нарийн төвөгтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх шинэ арга замын эрэл хайгуул хийдэг “Хууверийн хүрээлэн” ч байдаг.
 
Намын “Think tank”-ын уламжлалт үйл ажиллагаанд хэвлэн нийтлэл (судалгааны дүн, баримт мэдээлэл, нийгэм-улс төрийн тогтмол хэвлэлүүд, үзэл баримтлал, нэг сэдэвт бүтээл) болон судлаач шинжээчдийн телевиз, радиогийн сурвалжлага, нийтлэл, хурал зөвөлгөөн явуулах, янз бүрийн мульт-технологиуд нэвтрүүлэх гэх мэт олон ажил багтдаг.
 
Мөн тодорхой чиглэлүүдээрээ намын ажилтнуудад тодорхой асуудлаар шууд зөвлөмж өгөх үүрэг хүлээнэ. Энэ хүрээнд урилгаар хүрэлцэн ирсэн шинжээчид тусгайлан тоноглосон төвүүд дээр ирж илтгэл тавих болон шинэ санаа, санаачлагаа албан ёсны сайтаар дамжуулан хүргэдэг байна.
 
Америкийн “Think tank” төв бүр эдийн засаг, нийтийн бодлого,  гадаад бодлого зэрэг  тухайлсан нэг салбараар мэргэшсэн байдаг бөгөөд шаардлагатай үед судалгааны төвүүд хамтран асуудал авч хэлэлцэх нь бий. Гэхдээ бие дааж судалгааны ажлын аргачлалаа боловсруулахыг хичээж байдаг аж. Ер нь бусдын аргаас зээлдэх нь америкийн “Think tank”-ын практикт тун ховор нэвтэрсэн гэдэг. “Think tank” төв хэдий чинээ нэр хүндтэй том байна төдий хэрээр төрийн болон нийгмийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулах, зөвлөмж өгөх бололцоо нээгддэг. Улмаар томоохон “Think tank” төвүүд хууль санаачлах эрхтэй байх нь бий. Холбооны хуулиар судалгааны төвүүд хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй харьцах, Конгрессийн холбогдох байнгын хороонд дээр санал болгосон төслөө авч хэлэлцүүлэх бололцоог нээж өгсөн байдаг.  

Мэдээж улс төрийн намын “Think tank” төвүүдэд уг эрхийг ашиглах бололцоо нээлттэй.
Ардчилсан намын “Think tank” төв нь Барак Обамаг сонгуульд ялахад багагүй хувь нэмэр оруулсан. Энэхүү сонгуулийн кампанийг хөтлөхийн тулд хоёр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн байна. Уг хариуцлагатай ажлын удирдах эрх авах, итгэл хүлээхийн тулд тус төвийн шинжээч судлаачид олон ажил зохион байгуулсан аж. “Ардчиллын стратеги” хэмээх нүсэр хөтөлбөр боловсруулахын тулд улс төр, нийгэм судлаач, эрх зүйчид, хуучин түшмэлүүд гээд олон мэргэжилтнүүд оролцсон байна.
 
Ардчилсан намыг дэмжиж ажилладаг “Катогийн хүрээлэн” хэд хэдэн мэргэжлийн сэтгүүл гаргахаас гадна дараах үйл ажиллагааг тогтмол явуулж байдаг.
 
Албан ёсны сайт дээрээ өдөр бүр шинжээчдийн ярилцлага, хүрээлэнд өрнөсөн үйл явдлын тоймыг видео цувралаараа хүргэдэг. Үүнээс гадна улс оронд чухалд тооцогдох асуудлаарх төрийн дээд байгууллагын байр суурь, үүрэг ролийн талаар шинжээчдийн тайлбар, холбооны засгийн газрын үйл ажиллагааны тухай мэдээг багцлан боловсруулж ролик байдлаар хүргэдэг байна.
 
Сар бүр улс төрийн сэдвээр болон иргэний нийгмийн институцийн шинэчлэлээр шинжээчдийн лекц, үзэл саналыг 60 минутын аудио нэвтрүүлэг явуулдаг байна.
Хүрээлэнтэй холбоотой эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэгийг онлайн-радиогоор нэвтрүүлнэ. Сонсогчдыг хурц асуудлаар явагдаж буй хэлэлцүүлэгт урих тохиолдол ч нэг бус гардаг байна.
 
Бүгд найрамдах намын хувьд консерватив чиглэлтэй, нөлөө бүхий “Think tank” төвүүдтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Эдгээрт “Өв” сан (Heritage Foundation), Хууверийн хүрээлэн (Heritage Foundation) гол байр суурь эзэлдэг. “Өв” сангийн хувьд америкийн уламжлалт үнэ зүйлс, үндэсний батлах хамгаалах бодлого, хувь хүний эрх чөлөө, бизнесийн чөлөөт зарчимд үндэслэсэн консерватив нийгмийн бодлого боловсруулахад зорилго, хамтын ажиллагаагаа чиглүүлдэг.  Тус байгууллагын нэг том ажил бол 1982 онд пуужингийн эсрэг хамгаалах тогтолцооны талаар том судалгааг гардан хэрэгжүүлсэн юм. “Рейганы үзэл баримтлал”-ын гол архитектор, зохиогч нь болж байсан юм. Хүйтэн дайны дараа ч гадаад бодлогын асуудалд идэвхтэй консультантаар үргэлжлүүлэн ажилласан байна. Дотоод асуудал хариуцсан хэлтэс тасгуудаас гадна лекц, семинар бэлтгэх ажил эрхлэдэг хэлтэс, баримт сэлтэд дүн шинжилгээ хийх төв, гадаад харилцааны (төр засгийн төлөөлөгчидтэй харилцах) хэлтэс, стратегийн санаачлага боловсруулах хэлтэс зэрэгт тус бүрт ажилладаг 80 гаруй шинжээчидтэй. Улс төрийн аналитикууд нь тогтмол хэвлэл, радио, телевизд ярилцлага байнга оролцох нь өөрийн байгууллагаа сурталчлах чухал арга зам байхаас гадна цаг үеийн шинжтэй улс төрийн үйл явдлын өрнөлийн талаар шийдвэр гаргагчдад дам байдлаар лобби үзүүлэх чухал нөхцөл болж чаддаг байна. Гадаад бодлогын асуудлаар нэ хүндтэй шинжээчдийн ярилцлага бүхий баримтад кино хийж, жил бүр улс орнуудын эдийн эрх чөлөөний индексийг гаргаж байдаг аж.
 
Харин Хууверийн хүрээлэн нь өөрийн үйл ажиллагаагаа их сургуулийн бүтэцтэй нягт уялдуулан явуулдгаараа “Өв” сангаас зарчмын ялгаатай. Стенфордын их сургуулиас санхүүждэг тул засгийн газрын захиалгаас үл хамааралтай ажиллаж чаддаг. 70 гаруй судлаачидтай бөгөөд тэдгээр нь эдийн засаг, эрх зүй, боловсрол, социологийн чиглэлээр ажилладаг. Тэрчлэн үндэсний аюулгүй байдлын, эрчим хүчний бодлогын, үндэсний болон глобал зах зээлийн, эдийн засгийн хөгжлийн, эрүүл мэндийн, гадаад бодлогын, архивын материалтай ажиллах тус тум хороо, хэлтэстэй. Хүрээлэнгийн зөвлөлөөс судалгаа нийтлэл, бага хурал, архивын болон баримт сэлттэй ажиллах дүрэм журмыг багтаасан стратерийн төлөвлөгөөг сар бүрээр баталдаг.
 
Дээрх намын “Think tank”-аас гадна бие даасан Рэнд корпораци (RAND Corporation), Брүкингсийн хүрээлэн (Brookings Institution) зэрэг томоохон төвүүд үйл ажиллагаа явуулдаг. 
 
Рэнд корпорацийн хувьд зөвхөн удирдлагын аппарат нь гэхэд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дотроо маш нарийн олон бүтэц салбаруудтай. Тухайлбал статистик, сценари загварын, боловсруулалтын, олон улсын хамтын ажиллагааны, хууль зүйн, иргэдтэй харьцах, төсөл хэрэгжилт, хөгжил эрхэлсэн тус тус алба хэлтэстэй. Уг байгууллагын үйл ажиллагаанд түүний түнш, үйлчлүүлэгчид чухал үүрэг рольтой бөгөөд үүнд, АНУ-ын засгийн газар, яамд, гадаад орнуудын консулын газрууд, олон улсын байгууллага, их дээд сургуулиуд, сан, аж үйлдвэрүүд, үйлдвэрчний эвлэл, болон арилжааны бус бусад байгууллагууд ордог. Бие даасан байдал, үйл ажиллагааны өргөн талбар нь санхүүжилтын олон сонголтыг давхар бий болгодог.
 
Брүкингсийн хүрээлэн аль нэг талыг баримтлахгүйгээр ажиллах нь байгууллагын мөн чанар гэж тайлбарладаг. Тэд зөвхөн дотоод улс орны нөхцөл байдалтай холбоотой судалгаа шинжилгээ хийхээс гадна олон улсын байдлын талаар дүгнэлт шинжилгээ хийдэг (Ж: Хөгжиж буй ертөнцийн улс орнуудын тогтвортой байдлын индекс). Хүрээлэнгийн зохион байгуулалтын бүтцэд 15 орны төлөөлөгчдийг багтаасан Олон улсын консултингийн хороо ажиллуулдаг.
 
Бусад улс орнууд дахь намын “Think tank”
Австралийн хувьд Чифлигийн судалгааны төв (Chiefly Research Centre),  Мензисийн судалгааны төв (Menzies Research Centre) гэсэн 2 намын “Think tank” төв идэвхтэй ажилладаг. Тэд өөрсдийн үйл ажиллагааг америкийн буюу дэлхийн “Think tank”-ын хөгжлийн түвшинд хүргэхийн эрмэлздэг бөгөөд улс төрийн асуудлаарх нийгмийн хэлэлцүүлгийн хэв маягийг боловсронгуй болгох, австралийн нийгмийн дэвшилт сэтгэлгээг хөгжүүлэхийг зорьдог.
 
Чифли төв улсын төсвөөс үндсэндээ санхүүждэг агаад Австралийн Лейборист намд бодлогын асуудлаар өргөн хүрээтэй стратегийн зөвлөмжөөр хангах, их дээд сургуулиудад улс төрийн яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьдог. Иргэдийн улс төрийн ухамсрыг дээшлүүлэх нь тус төвийн чухал нэг үүрэг хэмээн төрийн зүгээс идэвхтэй дэмждэг байна. гэхдээ засгийн газраас өгч буй дэмжлэгийн үр дүн одоог хүртэл хэр амжилтад хүрсэн нь тодорхой бус байдаг аж.
 
Харин Мензис төвийн хувьд Австралийн сөрөг хүчин болон Либерал намын үйл ажиллагаанд аналитикийн үүрэг гүйцэтгэдэг. Намын нэр хүндийг өсгөх, сонгуульд ялах хөрс суурийг бэлтгэх тал дээр ажиллах нь тэдний гол зорилго гэж тооцогддог. Энэ хүрээнд олон нийтийн дунд өөрсдийн үнэт зүйл, чиг баримжааны талаар олон янзын хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн.
 
Израилийн хувьд намын “Think tank” төв нь нилээд үндэсний онцлогийг агуулсан шинжтэй хөгжиж ирсэн байна.
 
Одоогоос 15 жилийн өмнө Израилийн “Шалем төв” (Shalem Centre) байгуулагдсан бөгөөд эрх баригч Ликуд намын үйл ажиллагаанд аналитикийн үүрэг гүйцэтгэдэг.  Эхэндээ тус байгууллага соён гэгээрүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд төр засгийн улс төрийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх, анализ хийхэд бус харин хүн амын улс төрийн боловсролын түвшинг дээшлүүлэх нь түүний үндсэн зорилго байсан аж. Тэд америкийн болон европын улс төрийн сэтгэлгээний төлөөлөгчдийн сонгодог бүтээлүүдийг хэвлэх ажил хийдэг байв. Эдийн засаг, нийгмийн бодлогын талаарх онолыг хөгжүүлж, түүнийгээ намын бодлоготой уялдуулах ажил зохион байгуулж эхэлжээ. улмаар соён гэгээрлийн ажлын (үндэсний төвөгтэй харилцаатай холбоотойгоор оюутан судлаачдад зориулан еврейчүүдийн түүх, библийн археологи, еврейн улс төр, ёс суртахууны сэтгэлгээ, орчин үеийн стратегийн бодлогын судалгааны чиглэлээр боловсролын хөтөлбөр боловсруулдаг) зэрэгцээ “Ликуд” намын холбоотон, үзэл суртлын гол зөвлөгч болдог аж. Өнөөдрийн байдлаар “Шалем” нь Израилийн хувьд боловсролын инновацийн хөтөлбөр, аналитик технологийг нутагшуулагч гол байгууллага болж чаджээ. Барууны улс төр, стратеги, нийгэм, эдийн засгийн судалгааны сан, байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхий дахины тулгамдаж буй асуудлаар олон улсын бага хурал явуулдаг.
 
Санхүүжилтийн хувьд хувийн болон төрийн санхүүжилтийн холимог тогтолцоотой. Тэрчлэн “дарга ба захирагдагч”, “захиалагч ба гүйцэтгэгч” гэсэн уламжлалт загвараар бус ижил түвшний түнш байдлаар үйл ажиллагаагаа явуулдагаараа онцлог юм.
 
Туркэд хэдэн жилийн өмнөө Стратегийн судалгааны олон улсын байгууллага (Uluslararası Stratejik Araştırmalar Kurumu, USAK) бий болж, улмаар Шудрага ёс, хөгжлийн намын “Think tank” төв нь болж чадсан байна. 2009 оноос өмнө зохион байгуулалт, технологи, арга зүйн бааз суурийн хувьд сул дорой байсан USAK уг үеэс хойш судалгааны чиглэлээ өөрчилж, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөсөн байна. Эхэндээ намын бус судалгааны байгууллага бөгөөд мэдээлэл-суртал ухуулгын үйл ажиллагаанд татагдан оролцохгүйгээ мэдэгдэж байсан уг байгууллагын тухайн чиглэл нь амжилтад хүрээгүй байна. Харин Шудрага ёс, хөгжлийн намд консалтингийн үүрэг гүйцэтгэх болсноох хойш үйл ажиллагаа нь эрс идэвхжижээ. Төрөл бүрийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаас гадна “Олон улсын бодлого, эрх зүйн тойм” бэлтгэн гаргадаг. Өнөөдрийн байдлаар USAK-ын хамтын ажиллагаа өргөжиж гадаад дотоодын олон байгууллагатай хамтран ажиллахын зэрэгцээ консалтингийн үйлчилгээг эрх баригч нам төдийгүй бусад олон байгууллага хувь авдаг болсон.
 
Улс орнуудын намын “Think tank” төвүүд нь “намын аналитик төв” гэх адил нэршил, түгээмэл арга зүй, ажлын технологитой хэдий ч үндэсний болон геополитикийн хүчин зүйл, улс төрийн тогтолцооноос шалтгаалан өөр өөрийн загвараар хөгжиж байна. Тухайлбал, АНУ-ын хувьд  суртал ухуулга, легитимийн үүргийг давхар агуулсан аналитик, мэдээллийн төвийн байдлаар хөгжиж байдаг бол Австралид  намын “Think tank” нь намыг сонгогчидтой харилцан ойлголцолд хүргэхэд тусалдаг “олон нийттэй харьцах мэргэжилтэн” (PR)-ий үүргийг өөртөө хүлээдэг байна. Харин Израильд “Think tank” төв ба эрх баригч нам нь адил түвшний хамтран ажиллагч загвараар хөгждөг. Намын аналитик төвүүдийн үйл ажиллагааны (үзэл суртал, мэдээлэл, зөвлөгөөний) шинж чанар түүхэн болон нийгэм-улс төр, соёлын онцлогтой нягт холбоотой байдаг нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал биз ээ.

No comments:

Post a Comment