Нийгмийн
санаа бодлын судалгаа –нийгмийн шинэ үеийн “уран бүтээл”. Нийгэм, хүмүүс юу бодож,
санаж буйг судлан тодорхойлохын тулд хүн төрөлхтөн олон зүйл сэдэж санаачилсаны нэг нь санал асуулга ажээ. Энэ нь нийгмийн олон
салбар хүрээнд өргөнөөр ашигладаг
ч юу юунаас илүү улс төрд түүний “ашиг тус”, үр нөлөө хамгийн өндөр байдаг гэдгийг
улс төр сонирхдог хүн бүр гадарлана.
Ингээд улс төрд санал асуулга нь
технологийн нэг арга хэрэгсэл болохын хувьд
хэрхэн нэвтэрсэн, түүнийг яаж ашиглаж байсан хийгээд
өдгөө өөр ямар зорилгоор түүнийг
хэрэгжүүлдэг талаар
мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Түүхээс
нь эхлэе
Санал
асуулга явуулах судалгаа нь анх
1820-иод онд хэд хэдэн сонин хэвлэл дээр АНУ-д ерөнхийлөгчийн албан тушаалд нэр
дэвшигчдээс хэнийг нь ялахыг хүсч байгааг иргэд, орон нутгийн улс төрчдөөс
сонирхон асууснаас эхэлсэн гэдэг. Энэхүү асуулга нь шинжлэх ухааны хувьд хол
хөндий, орчин үеийн судалгааны хувьд болхи зүйл байсан нь мэдээж. Тиймээс хэн
ерөнхийлөгчөөр сонгогдох тухай энэхүү анхны “судалгаа” нь “бай”-наасаа
хол туссан нь тодорхой юм. Ерөнхийдөө
19-р зууны үед сонгуулийн санал асуулгыг
улс төрийн “салхи”-ны чиглэлийг тодорхойлох зорилгоор хэрэглэж байсныг илтгэж,
нүхээр нь үлээхээр өчүүхэн салхи үүсгэдэг “дэрс”-тэй
зүйрлэн Straw-Polls хэмээн
нэрлэж байсан нь санамсаргүй
хэрэг биш юм. Улс төрийн анхны санал асуулгыг
сонины редакциуд авдаг байжээ. Асуулгад оролцогчдыг
товлох, асуулгаа нэгтгэн
цуглуулах үйлдлийг түүвэр хийх аргын
талаар огтхон ч мэдлэггүй сэтгүүлчид хариуцан
явуулдаг байв. Гэвч санал асуулгын энэхүү болхи хэлбэр нь нийгмийн
санаа бодлын судалгааны цаашдын шинжлэх ухааны үндэслэлтэй арга хөгжихөд
нөлөөлсөн нь дамжиггүй.
Социологийн
түүхэн товчоонд эхнэр нөхөр Роберт, Хелен Меррел Линд (Robert and Helen Merrell
Lynd) нарын 1929 онд явуулсан судалгаа тэмдэглэгдсэн байдаг. Тэд Миддлтаун
(Middletown) хотын оршин суугчдын шашин, нийгмийн амьдрал, боловсролын түвшинд
үндэслэн америкийн нийгэм дэх хүн амын дундаж статистик үзүүлэлтийг гаргахыг
зорьжээ. Гэвч хар арьстнууд,
еврейн болон католик шашинтнуудыг хамруулаагүй зэргээс шалтгаалан бодит байдлыг
нарийн тодорхой тусгаж чадаагүй гэдэг.
Түүхч Жин
Конверсийн “АНУ дахь санал асуулга: үүсэл, үндэс” (Survey Research in the
United States: Roots and Emergence) бүтээлд АНУ дахь анхны бүх нийтийн санал
асуулгын судалгааг “Literary Digest” сэтгүүл 1916 онд явуулсан гэж үзсэн байдаг. Сэтгүүлийн редакциас ээлжит
нэг дугаарынхнаа хуудсан
дээрээ ил захидлын хэлбэрээр “АНУ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох
вэ?” гэсэн
асуулт тавиад, тухайн үед нэр дэвшиж
байсан хүмүүсийн нэрийг цувуулан бичсэн байна. Ил захидлыг сэтгүүлийн
уншигчид бөглөөд сэтгүүлийн захиргаа
руу ямар
нэг төлбөргүйгээр илгээнэ. Энэхүү
судалгааны дүн хийгээд
сонгуулийн дүн харгалзан таарсан гэдэг. Уг туршилт нийгэмд
томоохон сэтгэгдэл төрүүлж, олон сонин хэвлэл,
радиостанц уншигч сонсогчиддоо тэрхүү санал
асуулгын дүнг тэр дор нь хүргэсэн
аж. Улмаар “Literary Digest” сэтгүүл сонгууль болгоноор судалгаа явуулах болж, 1932 оны бүх нийтийн санал
асуулгын үр дүн нь бараг зөрүүгүй таарсан явдал
(2 сонгогчийн саналаар) тухайн үедээ л гайхамшиг болж байжээ.
Гэвч 1936
оны санал асуулга нь тэс урвуу дүн үзүүлэх нь тэр. Орчин үеийн санал
асуулгын хувьд сансарын тоо гэмээр 10 сая орчим ил захидал хэвлэж тарааснаас
2.3 саяд нь хариу ирж, санал хураалт болохоос 7 хоногийн өмнө дараагийн
ерөнхийлөгчөөр Альфред Ландон сонгогчдын 57% , сонгогчдын коллегиос 370
санал авч сонгогдоно гэсэн таамаглалаа тэр даруй нийтэлжээ. Гэтэл ардчилсан
намаас нэр дэвшсэн Франклин
Рузвельт сонгогчдын 61%, сонгогчдын
коллегиос 523 хүний саналаар илт
давуу ялах нь
тэр. Харин Ландон сонгогчдын коллегиос 8-хан
санал авсан нь Цагаан ордны түүхэнд хамгийн бага санал авсан нэр дэвшигчээр
түүхэнд үлджээ. “Literary
Digest”-ийн түүх ч санал асуулгын түүхэнд азгүйтлийн хамгийн яруу тод
жишээ болон үлдсэн аж. Энэхүү нэр хүндэд нь нөлөөлсөн цохилтыг даалгүй 2 жилийн
дараа дампуурч, Time сэтгүүлд тэр чигтээ худалдагдсан
байна.
Харин энэ үеэс өдгөө алдар нэр дэлхий дахинаа түгсэн Гэллап (George Gallup) их сургуулиудад түшиглэн нийгмийн санаа бодлыг хэмжих арга замыг нарийвчлан судалж байлаа. Тэрээр 1935 онд “Нийгмийн санаа бодлын Америкийн хүрээлэн”-г санаачлан, улмаар 5 мянган хүнийг хамруулсан санал асуулгын дүнгээ нийтлэсэн байна. Түүний судалгаа хүн ам зүйн түүвэрлэлтийн нарийн нягт шалгуурт үндэслэсэн нь “Literary Digest”-ээс тэс өөр байсан бөгөөд Рузвельтийн ялалтыг урьдчилан таамаглаад зогсохгүй уг сэтгүүлээс гаргах прогнозыг ч яг онож тодорхойлсон гэдэг. “Literary Digest”-ийн гол алдаа нь тухайн үеийн америкийн эдийн засгийн хямралд бага өртсөн нийгмийн давхаргуудаас санал асуулгыг авсан явдал болохыг шууд тодорхойлж чаджээ.
Олон
нийтийн санал асуулгын магадлалт чанар бүхэлдээ зөв зурагласан хүн амын
бүлгүүдээс санамсаргүй түүвэрлэлтэд
үндэслэсэн энгийн таамаглалд үндэслэдэг юм. Уг концепци энгийн хэдий
ч хэрэгжүүлэхэд төвөгтэй нь ойлгомжтой.
Улмаар Жорж
Гэллап ба Элмо Роупер нарын “зөнчид”-ийн нэр хүнд өсч, дараа жилээс нь “Public
Opinion Quarterly” сэтгүүл гаргаж эхэлсэн нь мэргэжлийн салбартаа өдгөө ч
хамгийн чухалд тооцогдож явдаг. Гэллапын үүсгэн байгуулсан судалгааны
байгууллага өдгөө 70 гаруй оронд салбартай, олон зуун нэр хүндтэй судлаачдыг
нэгтгэсэн дэлхийн хэмжээний судалгааны компани болтлоо
өргөжсөн байна.
Гэллап алдаа онооны урт замыг туулж иржээ. 1944 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн 20 орчим хувиар алдаж тооцсон бол 1948 оны сонгуульд Трумэнийг 35%-иас илүүг авч чадахгүй гэж тооцсон нь ч алдаа болж тэрээр сонгогчдын 49.6%-ийн саналаар ялалтад хүрсэн гэдэг. Трумэн сонгуулийн дараа өөрийнх нь өрсөлдөгч ялна гэж таамаглалыг хэвлэсэн “Chicago Tribune” сонины дугаарыг гартаа барьж инээмсэглэсэн зургаа мөнхжүүлсэн байдаг. Социологчид ч хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч, асуулгын аргачлалаа сайжруулахаа амалсан байна. Тэд өөрсдөд нь итгэх олон түмний итгэлийг сэргээхийн тулд багагүй хэдэн жилийг зарцуулжээ. Томоохон цуврал алдаанууд нь социологчдыг үр дүнгээ найдвартай, нарийн тодорхой болгох хатуу сануулга болсон байна.
1960-аад
оноос америкийн улс төрчид (90% орчим нь) бүхий л түвшинд сонгуулийн кампанид
санал асуулгыг ашиглах болсон байна. Өдгөө АНУ-д 2000 гаруй судалгааны фирм
ажилладаг бөгөөд томоохон хот болгонд ийм байгууллага үйл ажиллагаа явуулдаг
аж. Зөвхөн 2008 оны сонгуулийн үеэр гэхэд татвар, иракийн дайнаас аваад
ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн талаар бүх улс орныг хамарсан 500 гаруй
санал асуулга явуулжээ.
Өдгөө
“санал асуулгын үйлдвэрлэл” нь дэлхийн бодлого, эдийн засгийн чухал бүрэлдэхүүн
хэсэг нэгэнт болжээ.
Улс
төрчид ба социологчдын хамтын ажиллагаа
Эрх баригчид, улс төрчдийн зүгээс нийгмийн санаа бодлын судалгаа, санал асуулгыг олон түмний сэтгэл санааг тодорхойлоход төдийгүй, түүнд нөлөөлөхөд ашигладаг. АНУ-ын засаг захиргаанаас улс төр, цэрэг дайны зорилгоор анх социологийн судалгааны нөөц бололцоог дайчилж эхэлсэн гэдэг. 1940 онд Ф.Рузвельт Ж.Гэллап, Элмо Роупер нарт хувийн хүсэлт тавьж, түүний дэвшүүлсэн “Lend-Lease” хөтөлбөрийн талаар нийгмийн санаа бодлыг тодорхойлохыг санал болгосноор улс төрч, социологчдийн хамтын ажиллагааны эрин үе эхэлжээ. Мөн үеэс Гэллап Альберт Хэдли Кэнтрилийн удирддаг Нийгмийн санаа бодлын судалгааны албатай хамтран Латин америкт германы зүгээс нацист суртал ухуулга явуулбал ямар хариу үзүүлэхийг судлан тодорхойлох олон улсын санал асуулгын судалгаа явуулжээв. Сэтгэл судлаач Кэнтрил Рузвельтийн хувийн судлаачаар ажиллаж, цэргийн маш нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй харьцаж эхлэсэн бөгөөд засгийн газраас нууцаар санхүүжүүлдэг “Судалгааны зөвлөл” (Research Council)-ийн хүрээнд АНУ-ын дотоодод болон олон улсын талбар дахь үйл явдлуудын талаар иргэдийн санаа бодлыг судалдаг болов. Тэрээр бусад судлаачидтай хамтран цэрэг тусгай албаны захиалгыг гүйцэтгэж, улмаар дэлхийн 2-р дайн, хүйтэн дайны үед АНУ-ын улс төрд хүчтэй нөлөөлж байсан гэдэг.
Түүний
“нийгмийн санаа бодол гэдэг үгээр биш үйл явдлаар тодорхойлогддог. Ер бусын
талбар дахь үйл явдал нь нийгмийн санаа бодлыг нэг хязгаараас нөгөө туйл хүртэл
нь эрс өөрчилдөг. Нийгмийн санаа бодол нь өдгөө хүртэл тогтвортой байгаагүй,
хойшдоо ч тэр. Хүмүүс ирээдүйд болох үйл явдлыг хардаггүй. Нийгмийн санаа бодол
хүмүүсийн хувийн ашиг сонирхол дээр тулгуурладаг. Тэдгээрийн ашиг сонирхолд
ямар нэг хэмжээгээр нөлөөлж буй бүхий л үйл явдал тэдэнд чухал байдаг. Хэрэв
хүн амын хувийн эрх ашгийг хөндсөн л бол олон нийтийн санаа бодол нь албан ёсны
бодлогоос түрүүлэх төдийгүй, түүнд нөлөөлж эхэлдэг” гэсэн олон нийтийн санаа
бодол бүрдэх үйл явцын талаарх постулат нь одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Роберт
Эйсингергийн “Ерөнхийлөгчийн судалгааны хувьсал” (The Evolution of Presidential
Polling) бүтээлд Трумэнээс бусад АНУ-ын бүх ерөнхийлөгч хувийн социологчтой
байсныг нотолсон байдаг. Тэдгээрийг намын штаб, хувийн сангаас санхүүжүүлдэг
байсны зэрэгцээ заримынх нь санжүүжилт одоог хүртэл тодорхойгүй байдаг
аж. 1960-аад оноос социологч нь ерөнхийлөгчийн засаг захиргаанд
зөвлөгчийн албан ёсны албыг хаших болов.
Санал
асуулга Цагаан ордны эздийн үйл ажиллагааны стратеги тактикт шууд нөлөөлж
байлаа. Ерөнхийлөгч нар өөрсдийн хөтөлбөрөө гаргахдаа олон нийтийн санаа бодлын
судалгааны дүнг ашиглах буюу, урьдчилан үзэл санааг нь судлуулдаг байж.
Социологийн санал асуулга улс төрийн шахалтын хэрэгсэл болохын хувьд хууль
тогтоох ба гүйцэтгэх засаглалын “хэрүүлийн алим” болох нь нэг бус байлаа.
Р.Никсон өөрийн хамтран ажиллагсдаасаа
нэг
бус санал асуулгын дүнг нууж
байсан төдийгүй түүний далд захиалгаар
санал асуулга нь нийгмийн санаа бодлын хэмжүүр гэхээсээ “хар PR”-ын хэрэгсэл болох нь олонтаа
байсан гэдэг. Санал асуулгыг сонгуулийн хар технологид ашигласан жишээнд 1999 онд
Ж.Бушийн штабаас судалгаа эрхлэдэг фирмээр дамжуулан өрсөлдөгчийн потенциал
сонгогчид руу “Хэрэв та МакКейн эхнэрээ сольж, хар арьст эмэгтэйгээс гэрлэлтээс
гадуур хүүхэд төрүүлж байсныг мэдсэн бол саналаа өгөх байсан уу?” гэх асуултыг
утсаар явуулж, сонгогчдын санаа бодлыг
өөрчлөхөд хүргэж байжээ.
Санал
асуулгын нөлөө
Олон
нийтийн санал асуулга нь нийгмийн сэтгэл зүй, төр засгийн шийдвэрт хүчтэй
нөлөөлөх чадвартай. Ж.Гэллап “олон нийтийн санал асуулгаар “зөв ардчилал”-ыг бүтээж
чадна, гэхдээ л зөрчилдсөн санаа
бодол байсаар байдаг”
гэж хэлсэн байдаг. Америкийн зохиолч Ж.Расселл
Лоувелл “Нийгмийн санаа бодлын даралт нь яг л агаарын даралт гэсэн үг. Түүнийг
чи нүдээр үзэж чадахгүй. Гэхдээ нэгж талбайд оногдох даралт тогтмол байдаг шиг
тэр байж л байдаг” гэсэн байна.
Ард түмний
нэрийн өмнөөс хэмээн улс төрчид өөрсдийгөө нотлохыг хичээдэг бол олон нийтийн
санаа бодол нь ард түмэнд өөрийнхөө үгийг хэлэх бололцоог олгож байдаг юм. Ном,
сонин сэтгүүлд тусгагдсан баримт, үзэл бодол хүмүүст нөлөөлж байдаг шиг санал
асуулга нь нийгэмд яг адил нөлөө үзүүлдэг. Америкийн улс төр судлаач Жеймс
Стимсон америкчуудын үзэл санааны өөрчлөлтийг тусгасан санал асуулгын гуравны
хоёр нь төр засгийн байр суурийг өөрчлөхөд хүргэдэг гэж үзсэн байна. Тэрчлэн
социологич Алан Монро судалгаа
хийсний үндсэн дээр гадаад бодлого, эрчим хүч, хүрээлэн буй орчныг хамгаалах
төр засгийн бодлого дам болон
шууд байдлаар санал асуулгын үр дүнд хөтлөгддөг болохыг нотолжээ. Ялангуяа
гадаад бодлогын асуудалд санал асуулгын нөлөө хамгийн их буюу 81%-ийн нөлөөтэйг
олж тогтоожээ.
Сүүлийн
арван хэдэн жилд санал асуулгыг зохион байгуулагчид улс төрд хүчтэй нөлөөлөх
арга дүйгээ олсон болохыг олон судлаачид баталдаг. Тэдний баримт сэлт хууль
тогтоогчид, улс төрчид, албан хаагчид, сэтгүүлч, сонгогчдод тодорхой нөлөө
үзүүлдгийг тэд овжиноор ашигладаг байна. Тухайлбал, америкчуудын хувьд
ямар нэг асуудалд хандахдаа нэг бүрчилсэн мэдээлэлд суурилалгүйгээр зүгээр аль нэг санал асуулгын дүнд
үндэслэн өөрийн байр сууриа тодорхойлохыг хүсэх нь илт ихссэн болохыг “Тооцоолсон санал:
америкийн улс төрд санал асуулга хэрхэн хэлбэрждэг болох нь” номын зохиогч
Сюзен Хербст өгүүлсэн байдаг.
Өдгөө
нийгмийн санаа бодолд санал асуулгын тусламжтайгаар нөлөөлөх хэд хэдэн арга байдаг
нь өдгөө хэдий нь ил тодорхой
болжээ. Тэдгээрийн нэгийг “Найрал хөгжимтэй автобусны эффект” (Bandwagon Effect) гэж нэрлэдэг. Гол санаа нь
сонгогчдын нэг хэсэг нь дэмждэг нэр дэвшигч нь сонгуулийн өрсөлдөөнд тэргүүн
байрт явж байгаа нь санал асуулгаар тодорхой болсон байг гэж бодъё. Хэн нэг
сонгогч эхнээсээ өөр нэр дэвшигч, намд саналаа өгнө гэж тооцож байлаа. Гэтэл
дэмжиж буй нэр дэвшигч нь амжилт байгуулах илэрхий шаанс байхгүй нь гэж дүгнээд
өөрийн саналаа түүний төлөөллийг их бага хэмжээгээр хангах чадахуйц тэрхүү
тэргүүлж буй нэр дэвшигчид өгөх нөөц хувилбар луу ороход хүрнэ. Ингээд санал
асуулгад “ард хоцорсон” нэр дэвшигч эхнээсээ авах байсан саналаа улам бүр
алдаж, аль илүү нэр хүндтэй нөхөр түүнийг нь өөртөө цуглуулан
авах ёстой болж таарна.
Гэхдээ
тээрх онолыг шууд нотлох нь амаргүй, учир нь судалгааны дүн эсрэгээр эргэж
байсан тохиолдол нэг бус байдаг. Йоп ван Холстин, Гален Ирвин нарын Европ болон
Америкийн сонгуульд хийсэн дүн шинжилгээгээр уг “эффект” хамгийн сайндаа
сонгогчдын 3-5% л нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэхдээ энэ нь сонгууль ширүүн
өрсөлдөөнтэй явагдаж буй тэр нөхцөлд хэрэгжиж болохыг
давхар сануулсан байна.
Үүний яг
эсрэг тохиолдол бол “Азгүйтэгчийн эффект” (Underdog Effect) юм. Энэ тохиолдолд сонгогч
илэрхий сүүлд “баян ходоод” болж буй улс төрийн хүчнийг “өрөвдөөд”, яг түүнд л
саналаа өгөх явдал гардаг. Гэхдээ уг эффект хэр бодиттой чухал нөлөөтэйг
тодорхойлох хэцүү. Швейцарын социологч Лаура Кастильони, Сибилле Хардмейер нар
“Сонгууль дахь азгүйтэгчийн эффект” (The Underdog-Effect of Pre-election)
бүтээлдээ уг үзэгдэл сонгогч тодорхой улс төрийн хүчинд өөрийгөө хатуу
хамруулаагүй тэр нөхцөлд хүчинтэй үйлчилдэг гэж дүгнэжээ. Тэд уг үзэгдлийг
“лидерийн эсрэг эффект” гэж нэрлэхийг санал болгосон байна. Учир нь сонгогч ард
хоцорсон этгээдэд талтай даа биш харин улс төрийн өрсөлдөөнд тэргүүлж буй нөхөр
өөрийг нь “цухалдуулж” буйн төлөө саналаа ийнхүү өгөхөд хүрдэг гэж
үзжээ.
“Бумеранг
эффект” (Boomerang
Effect) гэх аргын хувьд: тодорхой улс төрийн хүчинд өөрийгөө хатуу хамааруулсан
сонгогч санал асуулгаар түүний нэр дэвшигч ялах нь баталгаатай болсон тэр
тохиолдолд өөрийн хүндээ саналаа өгөхөөр санал хураалтад явахаас татгалздаг
байна. Ингээд сонгуулийн өрсөлдөөнд тэргүүлж байсан нөхөр сонгуульд ялахад
шаардлагатай саналаа авч цуглуулж амжаагүйгээс ялагдахад хүрч болно. “Бумеранг
эффект” олон улс орны сонгуульд бодит хүчин зүйл болох нь харагдсан байна.
Иймээс улс төрийн олон лидер өөрийн дэмжигчдээ санал хураалтад залхууралгүй
хүрэлцэн ирж саналаа өгөхийг байнга сануулдаг нь учиртай
ажээ.
Санал
асуулгын бас нэг сонирхолтой
эффект бол “тактикийн
санал хураалт” хэмээх үзэгдэл.
Уг үзэгдэл сонгогч хэн нэгний төлөө биш харин эсрэг санал өгөх тэр нөхцөлд
хэрэгжинэ. Жишээ нь, санал асуулгаар сонгогчийн огтоос дургүй улс төрийн хүчин
сонгуульд тэргүүлж эхэлвэл сонгогч саналаа өөрийн намдаа биш харин тэрхүү
дургүй этгээдийг нь ялах магадлалтай гэж үзсэн ямар нэг гурав дахь хүчинд
өгөхөөр шийдвэрлэдэг. Энэ үзэгдэл мөн л олон орны улс төрийн сонгуульд
ажиглагдсан байна.
Дээрх
хүчин зүйлүүдээс гадна улс төрд шинжлэх ухааны бус санал асуулга гэж нэрлэгдсэн
зүйлүүд улс төрд тодорхой нөлөөлөл үзүүлдэг байна. Хуурамч санал асуулга нь маш
сонирхолтой, бүр шуугиан тарьсан үр дүн бүхий байдаг ч бодит байдлыг огтоос
тусгаагүй байдаг гэнэ. Үүнд интернет санал асуулга, худалдааны төвүүд дээр
явуулсан болон утсаар (санаачлагч санамсаргүй дугаар луу залгасан) явуулсан
санал асуулгууд ордог байна. Тэрчлэн хэн нэг хүн өөрөө санал асуулгад
оролцохоор санал болгосон бол энэ нь мөн “хуурамч санал асуулга”-д тооцогддог
ажээ.
No comments:
Post a Comment