2011/03/09

УЛС ТӨР ДЭХ SMS ТЕХНОЛОГИ

Гар утас хэмээх зүйл хэрэглээнд нэвтэрснээс хойш өдгөө хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ нэгэнт болж, өмнө нь түүнгүйгээр хүмүүс хэрхэн амьдарч, ажил хэргээ зохицуулж ирсэн нь зарим хүний төсөөлөлд буухгүй байх нь энгийн үзэгдэл болж. Орчин үеийн иргэншсэн хүний хувьд гар утсыг биеэсээ салгах нь байж боломгүй үзэгдэл бөгөөд түүнгүйгээр нэг өдөр ч бүтэн өнгөрөөх аргагүй болсоныг та бид өөрсдөө ч нотолж чадна.
 
Эзнээсээ салдаггүй энэ харилцааны “эрхтэн”-г улс төр яаж ашиглахаа аль хэдийнээс тооцоолчихолгүй яахав. Бид бүхний нэрлэж заншснаар мессеж гэх товч цахим захидлыг (Short Message Service) улс төрийн хүрээнд хэрхэн ашиглаж буй талаар судлаачид янз бүрээр дүгнэж байна. Ялангуяа сонгуулийн өрсөлдөөнд улс төрийн нам хүчнүүд, нэр дэвшигчид сонгогчид руу хандсан мессежийг ардчилсан улс орнуудад түгээмэл ашиглах болжээ.

Анх 2004 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жон Эдвардс мессежийг өөрийн сонгуулийн кампанидаа ашигласнаар энэ технологи улс төрд идэвхтэй нэвтэрч эхэлсэн гэдэг. Тэрнээс өмнө нь ч ашиглаж байсан туршлага байна. Тухайлбал, Өмнөд солонгосын 2002 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ро Му Хён цахим шууданг, өргөн хүрээтэй мессеж-кампани хослуулан 800 мянган сонгогчидтой холбоо тогтоож чадсан бөгөөд тэрээр өрсөлдөгчөөсөө 2%-ийн илүүгээр БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
 
Испаний одоогийн ерөнхий сайд Испании Хосе Луис Родригес Сапотеро сонгуулийн кампанидаа тухайн үед болсон террорист халдлагын дараахан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад уриалж өөрийн дэмжигчиддээ хандсан уриалга-мессеж илгээсэн байна. 2004 онд болсон уг улс төрийн ажиллагааны дараа энэ улсыг 8 жил удирдсан улс төрийн хүчин ганхаж, түүний нам улс төрийн сонгуульд ялах нь тодорхой болсон юм.  
 
Орчин үед дан ганц улс төрийн сонгууль гэлтгүй бусад нөхцөлд ч мессежийг идэвхтэй ашиглах болжээ. 2005 онд Кувейтэд мессеж ашиглан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн зохион байгуулж, мөнд онд Ливанаас Сирийн цэргийг гаргахын тулд сая гаруй жагсагчдыг цуглуулж, антисемитист уулзалт зохион байгуулж байв. Харин энэтхэгийн улс төрийн лидерүүд 2ОО4 оны сонгуулийн кампанидаа намынхаа билэгдэлтэй өөрийн зургийг утсандаа үнэгүй авахыг сонгогчдоо санал болгосон зальтай мессеж илгээсэн байна. Улс төр судлаачдын үзэж буйгаар энэхүү арга хэмжээ нь хугацаа, хялбар, хямд байдлаараа тун ашигтай бөгөөд тийм мэдээлэл цуурхал мэт тун хурдан тархах үр дүнтэй ажиллагаа байсан гэж дүгнэсэн байдаг.
 
Үнэхээр мессеж технологи орчин үеийн PR кампаний ирээдүйтэй чиглэл болж буйг судлаачид нэг бус тэмдэглэсэн байдаг.
 
Манай оронд л гэхэд 2008 оны сонгуулиар улс төрийн намууд, нэр дэвшигчид цөөнгүй мессежийг сонгогч бидэндээ илгээсэн. Тэр үеэс хойш нам хүчний удирдлагаас өөрсдийн мэндчилгээг баяр ёслолын үеэр хүргэх нь өдгөө уламжлал болчихож. Цаашдаа ч улс төрийн зорилгоор утасны мессежийг ашиглах явдал улам бүр өргөжин тэлэх нь ойлгомжтой.
 
Том газар нутагт тархсан сийрэг хүн амтай Монголчуудын хувьд утасны мессежийг ашиглан үгээ хүргэх боломж нь хамгийн хүртээлтэй, зардал багатай аргын нэг байж магадгүй. Монголын хувьд сонгуулийн мажоритар тогтолцоонд хувь нэр дэвшигчдийн зүгээс яг өөрийн сонгогч руугаа хандсан мессежийг хүргэхэд төвөгтэй байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, өөрийн тойргийн сонгогчдоо яг олж хэлэх үгээ мессежээр “буудах”-ад асуудал гарах нь ойлгомжтой. Харин улс төрийн нам хүчний зүгээс хувьд нийт гар утасны хэрэглэгчид рүү хандаж улс төрийн мессежээ хүргэхэд тохиромжтойгийн зэрэгцээ сонгуулийн тогтолцоо пропорционал болсон нөхцөлд утасны мессежийг ашиглах үр өгөөж төдий хэрээр өснө.   
 
Нөгөө талаас мессежнийхээ тун хэмжээг тааруулах асуудал. Хэтэрхий олон мессежээр бөмбөгдөх нь сонгогчдыг залхаахад хүргэх бол хэт цөөн нь сонгуулийн үеийн хэт мэдээллийн дунд орон замхрах магадлалтай. Явуулах хугацаагаа ч зөв тооцоолох хэрэгтэй. Яг өнөө телевиз мэдээний хөтөлбөрөө аль цагт тавибал тохиромжтойг бодолцдог шиг. Зөвхөн текстэн мессеж гэлтгүй, дуут, дүрст мессежийг хүргэх технологийг боломж ч ихэд өсч байна. Филиппинд гар утсан зориулсан аяыг ашиглан сонгогчдын татах ажиллагааг бүр 2005 онд зохион байгуулж байсан гэдэг. Мессеж уралдаан зарлах байдлаар сонгогчдын идэвхийг өсгөх бололцоо бий.
 
Зөвхөн улс төрийн эерэг сурталчилгаа гэлтгүй, сөрөг PR-ийн зорилгоор ч ашиглах бололцоо бийг зарим оронд ашиглаж эхэлсэн тухай мэдээлэл бий.  Санал асуулга буюу судалгааны зорилгоор ашиглах хэтийн төлөв ажиглагдсан байна

Гол нь тэдгээр мессеж масст хэрхэн нөлөө үзүүлж буйг тодорхойлон дүгнэх боломж хязгаарлагдмал юм. Гэхдээ хэн нэг хүнээс ирсэн мессеж бүгдэд нь бишээ гэхэд иргэдийн нэгээхэн хэсгийн ил, далд ухамсарт “нэг юм бодуулах”-аад орхих нь дамжиггүй ээ. 

No comments:

Post a Comment