2012/01/05

СОЦИАЛ СҮЛЖЭЭН ДЭХ ЦАХИМ ХАРИЛЦААНД СЭТГЭЛ ЗҮЙН АНАЛИЗ ХИЙХ НЬ


Социал сүлжээ бол хүмүүсийн хамтын нийгэмлэгийн интернет дэх тусгал юм. Хүмүүсийн энэхүү виртуал эвсэл нь гол төлөв өөр хоорондоо бичгийн хэлбэрээр харилцах байдлаар илэрдэг байна. Сүүлийн үед социал сүлжээний хэрэглэгчид бусад оролцогчдынхоо бичлэгт анализ хийх сонирхол улам бүр өсөх болсон. Ялангуяа хүмүүсийн тодорхой хэв маяг, онцлогийг таних хүсэл эрмэлзэл, харилцааны (найзалж нөхөрлөх, бэлгийн харьцаа, бизнес гэх мэт) сэдлээр танилцахад үүсч буй бэрхшээл саад,  сүлжээн дэх луйварчид ихсэж буй зэрэг нь үүний чухал шалтгаан болж байна.
Цахим орчинд хэрэглэгчид өөр хоорондын харилцаа хандлагадаа анализ хийх шаардлага хэрэгцээ нь: 
- Харилцаж буй хүмүүсийнхээ үйл байдал, түүний сэдэл шалтгаан, хүслийг ойлгоход туслах
- Харилцаагаа урьдаас таамаглах (харилцаанаас ирээдүйд хүлээгдэж буй зүйл, хүмүүс нэг нэг рүүгээ ойртон дотносох эсэх)
- Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд харилцаж буй хүнийхээ үйл байдлын бүдүүвч, тоймыг гаргах
- Харилцаж буй хүндээ хүндрэл учруулахгүйгээр харилцах
- Үр бүтээлтэй харилцаанд суралцах, харилцааны хэв маягаа өөрчлөх зэргээс үүдэлтэй байж болно. 

Ийнхүү анализ хийхийн тулд юун түрүүнд цахим ярилцлагаас нилээн хурц тод хэсгүүдийг сонгон авдаг. Сонгож авсан хэсэг нь хангалттай их буюу нэг өдрийнх бус нилээн хэдэн өдрийнх байх ёстой. Бичвэрийн хувьд харилцан ярилцлагад сэтгэл хөдлөл орсон, үргэлжилсэн хэд хэдэн сэдэвтэй, харилцагчдаа “түгшүүр төрүүлсэн”  баримт материал агуулсан байвал сайн. Дээрх нөхцлүүд нь бичвэрт бүрэн дүүрэн анализ хийхэд зайлшгүй шаардлагатай байдаг. 

Мөн “бичигдсэн” харилцан ярилцлагад дурьдагдсан социал зураглалыг гаргасан нэмэлт мэдээлэл буюу харилцагчийн нас, хүйс, тухайн ярилцлагаас өмнө ямар  харилцаанд байсан зэрэг захиалагчийн зүгээс гаргаж өгч болдог. 

Социал сүлжээн дэх ярилцлагын эхний онцлог бол түүний бүтэц юм. Цахим ярилцлагад хийх анализийг агуулгын, явцын, хувь хүний онцлог гэсэн 3 хэсэгт хувааж болно.

Агуулгын анализаар дамжуулан сэтгэл зүйч харилцан ярианы явцад нөлөөлж буй сэдвийг ойлгож авдаг. Харилцан ярилцагчдад эдгээр сэдвүүд хэр сонирхолтой эсэх, хэн нь олон сэдэв санал болгож байгаа, цаашдаа ямар сэдэв явах эсэхийг мэдэж авдаг. Улмаар ярилцагчдаас хэн нь харилцаанд манлайлж байгаа, тухайн нөхцөлд ямар сэдэв чухал ач холбогдолтой, хэрэгтэй эсэх, харилцан яриа хэр итгэл үнэмшилтэй, гүн гүнзгий болж буй талаар дүгнэлтийг хийж болно. 

Сэдэвт анализ хийхдээ түүний шинж чанарыг тооцох шаардлагатай. Тухайлбал, “хөнгөн” чанартай, байгаль, цаг уур, өдөр тутмын сэдэв байж болно. Мөн “хурцадмал” зөрчил, асуудалтай сэдэв байх нь бий. Хэрэв сэдвүүд хангалттай сунжран өрнөсөн бол сэдвийн логик бүтэц, сэдвийн өрнөл явцийг задлан шинжилж болно. Яагаад уг сэдэв үүсэв, асуудлыг шийдвэрлэж буй арга зам, асуудлын агуулга, зангилаа, сэдэвт дурьдагдсан дүр зэргээр нь хувааж авч үзнэ. 

Агуулгын хэсэгт сэтгэл хөдлөлийн дүрслэлүүд орсон нөхцөлд тэрхүү сэтгэл хөдлөлийн дүрслэл ба хэлсэн зүйлийн утга санааг харьцуулан шинжих хэрэгтэй. Хэрэв тэдгээр нь хоорондоо эсрэгцвэл ярилцагчийн далд сэтгэл хөдлөлийн талаар ярих боломжтой болно гэсэн үг. 

Ярианы агуулга сул байвал харилцаж буй хүмүүсийн харилцан хандлага сонирхол буурсан гэсэн үг. Ярилцагчид харилцан яриагаа түр завсарлах, нилээн удаж байж хариулах зэргээр нь дамжуулан уг нөхцлийг мэдэх боломжтой. 

Хүмүүсийн цахим ярилцлагын сэдлийг ил нээлттэйгээс (танилцах, дэмжих, зугаа гаргаж, цаг үрэх гэх мэт) гадна далд (секс, өөрийгөө харуулах, ганцаардлаас гарах зэрэг) чанартай гэж хуваан судалж болно. Сэдэл шалтгаан бол хүний үйлдлийг чиглүүлэн хөдөлгөгч хүч юм. Далд сэдэл нь тэр дороо илрэлгүй задрах хүртлээ нууц байдаг. Тэрхүү нөхцөл нь агуулгаар тодорхойлогдох бас нэг хэсэг болдог. Жишээлбэл, ярилцагчид заримдаг сэдвээр (ном, кино, хобби) ярилцаж байснаа нэг нь гэнэт нөгөө хүн нь таашааж, хүлээж авна гэж найдаад, сонирхож буй сэдвээ (секс, болзоо гэх мэт) өөрчилж болно. Энгийн сэдвээс гадна ярилцагч этгээд өөрийн зорилгодоо хялбараар хүрэх, урхиндаа оруулах, ярилцагчийнхаа сонирхлыг татахын тулд явууллага, ярианы болон тоглоомын техникийг ашиглаж байдаг. Зорилгодоо тэр дорхноо бус эхлээд бяцхан зөвшилцөл (жишээ нь, нийгмийн сүлжээнээс видео чаат, утасны мессежээр харилцах хэлбэр лүү шилжих)-д хүрч, дараагаар нь барьцаа лавшруулах замаар хүрдэг.  

Ярилцлагын явцад анализ хийх нь
Энэхүү хэсгийн тусламжтайгаар сэтгэл зүйч харилцааны хэв маягийн талаар үнэлэлт дүгнэлт хийдэг. Цаашлаад өөрийн жинхэнэ сэдлээ нуугаад зорилгоо биелүүлэхээр зорьж буй хэн нэгний арга залийг олж мэддэг. Өөрөөр хэлбэл, энэ нь “мөшгөгч” хэн нэгэн бээр “золиос”-тойгоо холбоо тогтоож, ойртон дотносох, ярилцагчийгаа зөвтгөнгөө “цохилт” хийх (марзагнан тоглох, хурц сэдэв хөндөх, дооглон тохуурхах, дайрч довтлох зэргээр) гэсэн сонгодог загвараар ажилладаг. Тэрчлэн харилцан ярианы хэв маягийг энгийн ба түншлэлийн гэж хувааж болно. Энгийн гэдэг нь “жижүүрийн” үгсээр ярилцахыг хэлнэ. Ярилцагчид өөрсдийнхөө тухай аюулгүй мэдээлэл солилцож, цаг агаарын талаар ярилцдаг. Хамгийн үр бүтээлтэй харилцаа бол түншлэлийнх. Энэ нөхцөлд хүмүүс нээлттэй харилцаж, нэг нэгэндээ итгэж, мэдээллийг идэвхтэй солилцож, сэтгэл хөдлөлтэйгөөр харилцан ярилцдаг. 

Ярилцлагын явцад шинжилгээ хийхдээ сэтгэл зүйч тухайн харилцан ярианы өрнөлийг хардаг. Хүмүүс хэрхэн анх холбоо тогтоож байгаа нь, цааш үргэлжлүүлж чадаж байгаа эсэх, үүний тулд ямар арга замыг ашиглаж буй зэргээс гадна мэдээлэл хэрхэн цуглуулж, хэн нь ихэвчлэн асуулт тавьж байгаа, ямар асуулт голчилж (нээлттэй, хаалттай) буйг энэхүү анализ хийснээр мэдэж болно. Үүгээр зогсохгүй, хүмүүс ямар үгээр хоорондоо харилцаж, ярилцагч нь юу хэлснийг эргүүлэн сануулж байгааг ч олж мэднэ. Ялангуяа зөрчилт тэмцэлтэй ярилцлагад онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Тухайн нэг сөргөлдөөнийг үүтгэж буй хүн, түүнд хэлсэн зүйлээр дамжуулан сөргөлдөөнд хэн нь буруутан болох, харилцагч нөхөртөө хэрхэн нөлөөлж байгаа зэрэг үнэн мөнийг “олох”-ыг  ямагт хүсч байдаг. Сэтгэл зүйч аль нэг талд нь орж болохгүй, тэр зүгээр харилцан ярианы үйл явцад дүн шинжилгээ хийж, сөргөлдөөнийг хэрхэн багасгах өөрийн саналыг тавих бололцоог эрж хайн, улмаар сөргөлдөөнт байдлыг шийдвэрлэх арга замыг дэвшүүлэх учиртай.  Хүмүүс социал сүлжээний ярилцагадаа хөнгөн үдэлт хийхийн тулд “түр баяртай” гэх үг бичихэд л хангалттай. Хэрэв харилцан яриа ингээд дуусгавар болохгүй байвал тэрхүү харилцан яриа тун чухал учир холбогдолтой байгаа гэсэн дүгнэлт хийж болно.

Ярилцлага дахь хувь хүний шинж чанарт анализ хийх
Энэ хэсэг нь ярилцлагын цаад эзэн болох хувь хүн хэн бэ? гэдэг талаас нь таамаглал дэвшүүлэх явдал байдаг тул хамгийн нарийн төвөгтэй ажиллагаа байдаг. Тиймээс энэ үе шатанд үнэлэлт дүгнэлт хийхдээ нилээн нарийн няхуур, болгоомжтой хандах шаардлагатай. Ямар таамаглал үндэслэл боломжтой вэ? Урьдаас бэлтгэсэн материалд тулгуурлан ярилцагчдын дүр байдал (визуал, аудиал, нүүрний хувирал)-ын талаар дүгнэлт хийж, сонсуулахын тулд ямар үг хэл ашиглавал зохистой талаар зөвлөмж өгч ч болно.  Хэрэв байнга асууж шалгаасан, их бичдэг, янз бүрийн сэдвийг хөндөж чаддаг, сэтгэл хөдлөлтэй хүн байвал нүүрэмгий буюу экстраверт хэв шинжтэй хүн гэсэн дүгнэлт хийж болно. Үүний эсрэг зан байдал илэрвэл, дотогшоо буюу интроверт авиртай хүн гэж тодорхойлох боломжтой. Харин өөрт болон орчин тойрныхонд нь тохиолдсон явдлыг хариуцлагатай байх явдалтай холбох зуршилтай бол “locus of control” хэв шинжийн хүн гэж тодорхойлдог. 

Дээрх бүхий л хэсгээр аливаа бичвэрт анализ хийхдээ зөвхөн судалгааны баримт сэлтийн хуулбарууд дээр түшиглэн дүгнэлтээ гаргадаг. 

Социал сүлжээн дэх бичвэрийн бас нэг онцлог бол “хийсвэр барьцгүй” байдагт оршино. Цахим хэрэгслээр харилцагчид  өөр хоорондоо нэгийгээ харалгүйгээр харилцаж, улмаар мэдээллийн вербал утга орхигдон хоцордог талтай. Ярилцагчид өөрсдийн нэр, зүс царай, насаа санаанаасаа зохиож, худал мэдээлэл өгч, өөрийн санаа бодлоо нууж чадна. Энэ утгаараа социал сүлжээн дэх бичвэрт анализ хийгээд тухайн хүн өөрийгөө нуусан эсэхийг нь шууд хэлэхэд төвөгтэй. Гэхдээ харилцан яриан дахь тодорхойгүй байдал, алдаа гэнэдэл, муу зохиогдсон домог зэргээр нь хуурамч эсэхийг нь тодорхойлж болно. Харилцан ярианы манипулятив хэв шинж нь ярилцагчийн далд нууц санаархлыг илрүүлээд өгөх нь бий.

Социал сүлжээн дэх ярилцлагын бас нэг онцлог бол “аяндаа итгүүлэх” чанар юм. Цахим ярицлагад анализ хийх үед хүмүүс хэр итгэж үнэмшиж байгаа, ярилцагчийнхаа ухамсар бодолд хэр хялбараар харилцан нөлөөлж байгаа нь тун сайн харагддаг. Тухайн хүн өөрийн бодол санаагаа хялбархнаар хувиргахын сацуу харилцагч этгээдийнхээ итгэл үнэмшил, сэтгэлгээг “шүүлтүүр”-гүйгээр хүлээн авч, сэтгэл хөдлөлийг нь амарханаар даган дуурайж байдаг. Социал сүлжээнд ийнхүү аяндаа итгэн үнэмших боломж өндөр байдаг нь хүмүүс тухайн харилцаж буй хүнээ хардаггүй, түүнийг өөрийнхөөрөө төсөөлөн бодож, өөрөөр хэлбэл, бүхий л ярилцлагын явцыг дотоод төсөөллөөрөө дүрийг нь бүтээж байдгаас үүдэлтэй юм. Эдгээр төсөөллийн дүр нь аватараас харсан фото зураг, эсвэл ярилцаж байсан үеийн дуу хоолойны өнгө зэргээс бүрэлдэн бий болдог. Нөгөө хүний бичсэн текстийг өөрийн сэтгэл хөдлөл, ярианы хэв маягт буулган өөрийн хоолойгоор уншиж, уг бичвэрийг өөртөө “амилуулж” байдаг. Нэг үгээр, хүний дүр төрхийг бүтээх гол материал нь өөрийн дотоод ертөнцөөс төрдөг. 

Ярилцлагын энэхүү онцлог нь “миний толгой дахь бусад хүмүүс” гэж нэрлэгддэг эффектийг үүсгэдэг. Энэхүү “бусад” нь ухамсрын шүүмжлэлт шүүлтүүрээр оролгүйгээр тархинд суудгаараа онцлог. Социал сүлжээнд ямар нэг хүнтэй харилцах бидний хүсэл сонирхол нь тухайн ярилцагчаа дур хүслээрээ сонгох сонголтоос илүү тухайн харилцаанд орох өөрийн хүсэл, сэтгэл хөдлөлөөс ихэнхдээ хамаардаг ажээ. 

Социал сүлжээн дэх ярилцлагад анализ хийхдээ хүмүүсийн харилцан ярианы тухайн арга хэв маяг нь хязгаарлагдмал тул нарийвчласан дүгнэлт хийдэггүй болохыг санах нь зүйтэй. 

No comments:

Post a Comment