2011/11/29

КОММУНИКАЦИ АЖИЛЛАГАА БУЮУ ТАЙЛБАРЛАХУЙД СУУРИЛСАН ХАРИЛЦАА


Мэдээллийн урсгал өнөөдөр санаанд оромгүй хурдацтайгаар өсч байна. Иймд мэдээллийн хомсдол биш харин анхаарлын хомсдол нийгэмд тэлж өргөсөх болов. Энэ үүднээс мэдээлэл түгээх үйл явц биш харин олон нийтийн ухамсар, анхаарлыг удирдах, түүнийг шаардлагатай нөхцөл байдал, объект руу хандуулах ажиллагаа чухалд тооцогдох болжээ. 



Орчин цагийн мэдээллийн орон зай юу юунаас илүү “ачаалалтай” ажиллах болсон нь хэн бүхэнд тодорхой. Үүнтэй холбоотойгоор зугаа цэнгээн, хөгжөөнт нэвтрүүлгийн үүрэг роль ч эрс өссөн юм. Гэхдээ зугаа цэнгэлийн бүрдлүүд нь хэлбэрийн хувьд үзэл сурталжсан хэвээр үлджээ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл, цэнгүүний агуулгатайн зэрэгцээ улс төрийн утга санаа ч давхар явагдаж байдаг гэсэн үг. Энэ нөхцөлд мэдээллийн хөтөлбөрүүдэд баримт фактыг биш харин тайлбар зонхилдог байна. Тэр тусмаа тайлбар нь мэдээллийн талбарт яг спин-доктор шиг мэргэжлүүдийн хувьд үйл ажиллагааны талбар нь болж өгдөг. 

Хүмүүсийн хувьд янз бүрийн мэдээллийн хөтөлбөрүүдэд итгэх явдал тун бага болсон. Ялангуяа сөрөг хүчнийхээс илүүтэй эрх баригчдад ойр ажилладаг хэвлэлийн хэрэгслүүдэд анхаарал бага хандуулах нь түгээмэл. Эрх баригчдын өөрсдийн тухай эерэг мэдээлэл нь бүхэлдээ сөрөг шинжтэй мэдээ мэдээллээс агуулга, сонирхол багатай байдаг нь ойлгомжтой. 

Дээр нь массын сэтгэл зүйд нөлөөлөхөд чиглэсэн мэдээлэл нь олон түмний сэтгэл хөдлөлийг өдөөхөд чиглэсэн янз бүрийн далд арга хэрэгслүүдийг ашиглаж байдаг. Энэ тохиолдолд рационал ухамсар ажиллах шаардлагагүй байдаг гэсэн үг. Судлаач Дрю Вестен (Westen D. The political brain — New York, 2008) сонгуулийн үед зөвхөн сэтгэл хөдлөлийн ухамсрууд идэвхждэг гэж үзжээ. Сонгогчдын хувьд сэтгэл хөдлөл нь рационал ухамсраасаа илүү учир холбогдолтой ажээ. Улмаар сэтгэл хөдлөлийн түвшнээр нь сонгуулийн үр дүнг таамаглах бололцоотой гэсэн үг. Хэдий их сэтгэл хөдлөл төдий хэрээр рационал ухамсрыг доод түвшинд хөтлөн аваачдаг. Тийм учраас улс төрийн технологичид үүн дээр тоглох дуртай байдаг.  

2004 онд болсон Украины “улбар шар хувьсгал” нь үйл явдлыг сэтгэл хөдлөл ихтэй тайлбар үндэслэл дээр суурилсан мэдээллийн урсгалыг ихээр ашиглаж байжээ. Улс төрийн тэмцлийн сэдэв нь библийн сургаал дахь сайн муугийн зөрчилт асуудал төдийхөн энгийн зүйлс байв. Барууны зарим судлаачид украин дахь үйл явдлыг ямар нэг тогтолцооны шилжилтэд хүргэсэн хувьсгал биш, зүгээр л ард түмнийг амжилттай дайчилж чадсан хөдөлгөөн байсан гэж тооцож байна. 

Жирийн улс төрийн технологиор бол сонгогчдын зөв сонголтыг “хөнгөвчлөх”-ийн тулд өрсөлдөгчийн сөрөг, өөрийнхний эерэг талыг үлэмж ихэсгэж харуулдаг. Гэвч бодит байдал дээр илүү нарийн төвөгтэй нөхцөл үүсэх нь бий. Тухайлбал, 80-аад оны сүүлээр ЗХУ-ын Онцгой байдлын хороо (ГКЧП) нэг зэрэг өрнөдийн хийгээд коммунистуудын талд хоёуланд нь удирдагдаж байжээ. Түүнийг ямар нэг хүч хэрэглэх оролдлого хийх бололцоог нь олгохгүй байсан юм. Нэг үгээр “Онцгой байдлын улсын хороо” зөвлөлт засгийг унагахын тулд түүнийг хамгаалахыг тухайлан оролдож байв. Наоми Клейн үүнийг нийгмийн тогтолцоог анхдагч төлөв рүү нь эргүүлж буцаахааргүй цочролд оруулдаг “шокны номлол” гэж нэрлэсэн байна. (Klein N. The shock doctrine. The rise of disaster capitalism. 2007). Жинхэнэ төрийн эргэлт, бослогыг алдаа дутагдал гаргуулахгүйгээр нэг бүрчлэн урьдаас судалж төлөвлөсөн байдаг. Ирээдүйн ялагч Б.Ельцин өөрийн байр сууриа бүрэн эзлэхэд тулаан тэмцэл хийх шаардлагатай байлаа. Форосскт ЗХУ-ыг задлах хэлэлцээрийн дараагаар М.Горбачев золиосонд гарч, эргэж ирээгүй юм. Тэр зүгээр л дурсамжаа бичдэг хүн болон хувирсан юм. 1993 онд төрийн эргэлт хийсэн 3 этгээдийн хувь тавилан нь үндэсний эмэгнэл байсан бол нөхөр Ельциний хувьд энэ бослогын үеэр хохирсон олон зуун хүний үхэл шинэ мэдээ байгаагүй юм. 

Өдөр тутам хүмүүсийн анхаарлыг автомашины аваар осол, дэлбэрэлт, түймэр, үе ус татаж байдаг. Энэ болгон нь эргээд дорхноо төгсдөг энгийн түвшний үйл явдлууд тул анхаарал байнга өдөөж байдаг мэдээллийн “унтрашгүй түүдэг гал” болж чаддаггүй. 
Ер нь мэдээллийг анхаарал хандуулах шинж чанараар нь өдөр тутмын буюу тактикийн (аваар осол, дэлбэрэлт тэсрэлт, эмх замбараагүй явдал), урт хугацааны буюу стратегийн (халдварт өвчин, олон нийтийг хамарсан эмх замбараагүй хөдөлгөөн, томоохон мөрдөлт баривчлагаа) гэж ангилж болно. Гэхдээ нөхцөл байдлаас хамааран энэхүү ангиллын байр солигдож болно. 

Хүмүүс телевизээр “тайвшруулагч” шинж чанартай хошин шог, эстрад, концерт болон жирийн ярилцлага үзэхээрээ бусад бүхий л зүйлийг мартагнан, анхаарал нь сулардаг. Мөн “цочоогч” шинжтэй аюул ослын талаар мэдээлэл авах үедээ ч бусад зүйлийн талаар мартаж эхэлдэг. Нөгөө талаас улс төрийн ток-шоун дахь маргаан хэрүүл нь тухайн сэдвийн эсрэг байнгын дархлаа үүсгэхэд хүрдэг тул эдийн засаг, улс төрийн асуудалд зориудаар сонирхол татахын тулд дээрх мэдээллийг орлуулан хэрэглэх нь бий. Тухайлбал, оросын Онцгой байдлын алба тодорхой хугацаанд “Долоо хоногийн осол сүйрэл” теле нэвтрүүлэг бэлддэг байв. Санаа нь маш энгийн, бусад оронд болж буй илүү осол сүйрлийг илүү ноцтойгоор харуулж мэдрүүлэх. Өөрөөр хэлбэл, өөрийн эх оронд болж буй бодит үйл явдлыг эергээр үнэлэхэд уг контекст үзэгчдэд туслах ёстой байв. Шаардлагатай гэсэн тайлбар гаргахын тулд текст бүтээх ба контекст бүтээх гэсэн 2 арга замыг ашиглаж болно. Тесктээр «+»-ыг «-» эсвэл эсрэгээр сольж болно. Харин контекстийн хувьд «-» дээр «-», «+» дээр «++» гэх зэргээр илүү нарийн нягт ажиллах шаардлагатай болдог.

Мэдээллийн ажиллагаанаас ялгаатай нь коммуникатив ажиллагаа нь хүлээн авагчдын үүрэг рольд илүү ач холбогдол өгдөг. Энэ нөхцөлд “Та юу гэж хэлсэнд биш харин хүмүүс юу гэж сонссон тэр үед “үг” сая ажиллаж эхэлдэг”  Фрэнк Лунцын хэлсэн нь яг тохирч байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийн ажиллагаа нь хэлэхүйд чиглэдэг бол коммуникатив ажилллагаа нь сонсохуйг чухалчилдаг. Майкл Марфол: “Ардчилсан удирдагчид засгийн эрхийг барихын тулд эдийн засгийн үр дүнгээ ил нээлттэй үзүүлэн таниулж байх шаардлагатай болдог. Харин авторитар засаг төрд ингэх шаардлагагүй. Заримдаа тухайн үр дүнг үзүүлж болох ч янз бүрийн шалтаг шалтгаанаар тухайлбал, Хятад үүнийгээ тэр бүр зарлахгүй нь олонтаа” гэж нэгэн илтгэлдээ дурьдсан байна. 

Нэг үгээр ардчилал гэдэг нь доороосоо дээшээ хамаарлыг тодорхойлоод зогсохгүй төдийгүй дээрээс үүсэлтэй коммуникацийн агуулгыг ч мөн тодорхойлж өгдөг. Цаашлаад дарангуйлалт төрийн хувьд хэзээ ч үл дурсахаар алдаа дутагдлыг ардчилал хүчтэй хөгжсөн тогтолцоонд хүлээн зөвшөөрөхөөсөө үл эмээдэг байна. 

Цагтаа Жорж Бушийн баруун гар гэж тооцогдож байсан Карен Хьюз ерөнхийлөгчөөс санаачилж буй бүхий л мессежүүд дэс дараалалтай, давтагдсан шинж чанартай байх ёстой гэж тооцдог байв. Дэс дараалалтай гэдгийг системтэй байх явдал гэж ойлгож болно. Бүхий л хугацаанд нэг асуудлын талаар олон талаас нь яригдахыг хэлнэ. Харин давтагдах шинж чанарын тухайд гэвэл хэдийгээр  улс төрийн бүтэц тогтолцооны өөр өөр хэв загварыг санал болгосон байсан Гитлер ч, Никсон ч сүүлд өөрийн хэвлэлийн төлөөлөгчид хэлсэн байлаа ч тэдгээрийн гараар энэ нь бичигдсэн нь тодорхой болсон тэр үед, ард түмэнд уг мэдэгдэл хүрэх учиртай байжээ. 

Коммуникатив ажиллагаа нь тааламжгүй мэдээллийн орчинд өөрийн мессежээ хадгалах явдал гэж ойлгож болно. Мэдээллийн орон зай төвийг сахьсан эсвэл сөрөг шинжтэй байж болно. Ялангуяа засгийн газрын коммуникаци сөрөг орчинд голчлон ажиллаж байдаг. Гэтэл Путины PR-чид буруу стратегиар явж буй тухай Майкл Макфол шүүмжилжээ. Тэдний үндсэн стратеги нь  барууны “эсэргүү”хэвлэлүүд дээрх Путины талаар гомдол харуусал буюу имижийг засварлахад чиглэдэг. Энэ нь болхи, үр ашиггүй төдий хэрээр мэргэжлийн бус стратеги юм. Эцэстээ энэ нь өрнөдийн орнууд дахь Путины имиж, нэр хүндэд санаа тавьж буй эдгээр PR-чдыг хэн хөлсөлсөн болохыг нухацтай бодоход хүргэж байгаа хэрэг юм.  Энэ тохиолдолд барууны орнуудад ОНМХ гэлтгүй нөлөөллийн бусад институцийг ашиглах байлаа. Гэтэл зөвлөлт тогтолцооны дараах орон зайд нийгмийн бусад бүхий л институци нь “хөлдүү”,  коммунист намын төв хорооны удирдлага дор ажиллаж байсан шигээ ОНМХ-тэйгээ ажиллаж байна. Коммуникатив ажиллагаа нь олон нийтийн мэдээллийн орон зай гэхээсээ ОНМХ төдийгөөр хязгаарлагддаг гэсэн үг. 

Өнгөрсөн үеийн коммуникатив ажиллагаа нь үлэмж төвлөрсөн, дээрээсээ доош чиглэсэн шинжтэй байв. Харин өдгөө бол зөвхөн “босоо” төдийгүй “хэвтээ” байдлаар байж болно. “Улбар шар хувьсгал”-ын коммуникацийн амжилт нь босоо тогтолцооны эсрэг мэдээллийн хэвтээ урсгалыг амжилттай ашигласанд оршино. 

Мэдээллийн орон зай гэдэг нь нэн тэргүүнд баримт сэлтээр дүүргэх явдал юм. Харин коммуникатив орон зай бол тайлбарлахуй юм. Эцсийн дүндээ аливаа баримт фактад ямар ч байдлаар тайлбар өгч болно. Гэхдээ үүнд бусад бүхий л “ивээн тэтгэгч, оролцогчид” хувийн мессежээрээ садаа хийх нь бий. Тэр тусмаа тэрхүү мэдээллийг хүлээн авагч эцсийн хэрэглэгч нэгэн бээр хүртэл өөрийн тайлбараа хийх эрхтэй бөлгөө. 

No comments:

Post a Comment