2011/06/30

УЛС ТӨРИЙН ЦАХИМ АЖИГЛАГЧ

Орчин цагийн ардчилсан улс төрийн тогтолцоонд ОНМХ-тэй харьцах явдал улс төрийн амжилтын түлхүүр нөхцлийн нэг гэдэг нь хэдий нь нууц биш зүйл болжээ. Тэр тусмаа интернет-ОНМХ (интернет сонин, интернет телевиз, интернет-радио гэх мэт) улс төрчдийн хувьд өөрийгөө таниулах, нэр хүнд олох өргөн бөгөөд шинэ бололцоо нөхцлийг улам бүр нээж өгөх болов. 


Үүнтэй уялдан улс төрийн интернет технологи буюу цахим орчинд улс төрийг өрнүүлэх үйл явцыг тухайлан судалж,тодорхой аргачлал боловсруулдаг салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Тухайн салбараар дагнасан шинэ тутам мэргэжлүүд ч бий болж эхлэв. Оросын улс төр судлаач С.Н.Федорченко даяаршсан сүлжээ болох интернет орчинд илэрч буй улс төрийн үйл явцад мониторинг явуулах цаашлаад шаардлагатай манипуляци хийх чадвартай улс төрийн технологичийг “цахим ажиглагч” буюу “venator” гэх ойлголтоор тэмдэглэн авч үзсэн байна.
 
Социологич И. Эйдман үзэж буйгаар ажил мэргэжлийн үйл ажиллагаагаар аль нэг түвшинд улс төрийн амьдралтай холбогдох, оролцох шаардлага гардаг ихэнх хүмүүсийн хувьд интернетийн учир холбогдол тун өндөр ажээ. Энэ үүднээс өдгөө олон улс оронд төр засгийн байгууллагад сонгуулийн санал хураалтыг интернетээр явуулах ажиллагааг хэрэгжүүлдэг “Цахим ардчилал” гэж нэрлэгдсэн институци  хөгжиж байна. Тэгээд ч орчин цагийн хүмүүс нийгмийн зорилт зорилгыг шийдвэрлэх, олон нийтийг хамарсан ажиллагаа зэргийг зохион байгуулахдаа интернет ашиглан нэгдэх явдлыг чухалчлах болжээ.
 
Интернет хэмээх шууд ардчиллын бааз суурин дээр бий болсон үзэл санаа тэр дорхноо бүгдэд хүрч, улмаар интернет хэрэглэгч бүхий л хүмүүс түүнд оролцох бололцоо бүрэн нээгдсэн шинэ  цаг үед бид амьдарч байна.  Энэ нь төлөөллийн ардчиллын сонгомол хувилбар болох парламентийг интернет-ардчилал орлож эхлэх үндэс тавигдсаныг судлаачид нотлох болжээ. Иймээс улс төрийн технологич, PR мэргэжилтнүүдийнх увьд дахин мэргэших шаардлага аяндаа урган гарах болсон гэсэн үг.
 
Ийнхүү бий болсон улс төрийн цахим ажиглалтын технологи ажиллах хүрээ салбар нь:
 
1. Улс төрийн нам болон олон нийтийн байгууллага, залуучуудын хөдөлгөөний сайт, интернет эх үүсвэр нөөцийг бий болгох, ажиллуулах.
 
2. Интернетэд улс төрийн кампани, реклам сурталчилгаа зохион байгуулах
 
3. Улс төрийн өрсөлдөгчдийн интернет эх үүсвэр нөөцөд дүн шинжилгээ хийх.
 
4. Интернетийн улс төрийн нөөц бололцоог зохицуулах гадны туршлагыг судлах.
 
5. Улс төрийн лидер болон байгууллагуудын талаар интернет дэх гадаад хэл дээрх бичвэрүүдийг эрэн сурвалжлах.
 
6. Улс төрийн өрсөлдөгчдийн интернет эх үүсвэр нөөцөд довтлогоо явуулах.
 
7. Facebook, twitter, myspase зэрэг нэр хүндтэй социал сүлжээн дэх сонгогчид ба улс төрийн нам, улс төрчдийн “эргэх холбоо”-нд мониторинг хийх.
8. Улс төрийн шинэ социал сүлжээ бий болгон хөгжүүлэх. Сүүлийн жилүүдэд сонгуулийн ялалтад улс төрийн социал сүлжээнд ажиллах явдал шийдвэрлэх хүчин зүйл болж эхэллээ. Тухайлбал, 2007 онд Австралид Кевин Раддаар толгойлуулсан лейбористууд засгийн эрхийг авах гол нэг арга хэрэгсэл нь интернет технологи байсан юм. 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамагийн кампанид мөн адил технологи өргөнөөр ашиглагджээ.
 
9. Хувийн блогуудын (Livejournal, Twitter, blogspot, Wordpress гэх мэт) тусламжтайгаар улс төрчид, нийгмийн зүтгэлтэн төдийгүй төрийн түшмэдүүдтэй харьцах, хөтлөх бололцоог нээх.
 
10. Олон улсын болон дотоодын видеохостингоор (YouTube) улс төрчдийн үйл ажиллагааг эерэг хэлбэрээр тусгах болон сонирхолтой, богион хэмжээний улс төрийн видеоролик явуулах.
 
11. Интернет сүлжээнд улс төрийн болон олон нийтийн байгууллагуудын бренд, улс төрчдийн эерэг имижийг бүрдүүлэх
 
12.    Өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийн цахим мэргэжилтнүүдийн кибер довтолгооноос хамгаалах, улс төрийн зорилго чиглэлтэй форумыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарч байна.
 
Үнэхээр шинэ тутам бий болж буй цахим ажиглагч буюу венаторын ажиллах талбар тун өргөн юм. Цахим орон зай дахь улс төр нь дан гарц ажиглагчдыг төдийгүй бодит улс төр дэх бусад мэргэжлүүд цахим орчинд шилжин ажиллах эсвэл шинэ мэргэжил үүсэх явдлыг улам бүр өдөөж байна. Улс төрийн технологи, менежмент, имижмейкер, консалтинг, сэтгэл зүйч, спиндоктор зэрэг хавсрага мэргэжлүүд тун удахгүй урдаа “цахим” гэх тодотголтой мэргэшил болон өргөжих нээ.

1 comment:

  1. sain bn uu tanii id iig awch bolohuu? uyanga_516 namaig nemehiig tanias husii

    ReplyDelete