2010/10/18

O.АНАР: УЛС ТӨРИЙН ИМИЖ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙД

Анх 1953 онд АНУ-д анх Веймхакэр, Вахмер нар улс төрийн кампани зохион байгуулах тусгай агентлаг бий болгож улмаар 1969 онд Германы “Социалист Демократ Нам”, 1967 онд “Христийн Ардчилсан Холбоо” зэрэг намууд намын дэргэд улс төрийн сонгуульд оролцоход нь дэмжиж туслах зорилго бүхий тусгай байгууллага байгууллагдсан нь эдүгээгийн улс төрийн имиж бүрдүүлэх тусгай мэргэшсэн байгууллагын үндэс суурь нь байлаа .
Улс төрийн имиж гэж юу вэ? Хүн болгон л энэ талаар мэддэг байх. Гэхдээ товчхон  тайлбарлая. Улс төр гэдэг бол  зах нь үл харагдах, ёроол нь үл мэдэгдэх далай тэнгис юм. Энэхүү далай тэнгист өөрийн оршин тогтнох чадвараа хэн сайн хангаж чадна тэр л “амьд” үлдэнэ.
Оршин тогтонохын нэг үндэс бол олон түмэн массаар өөрийгөө хүрээлүүлэх, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх явдал юм . Өөрөөр хэлбэл хэн олон түмний итгэлийг их хүлээж чадна тэр төдий чинээ тухайн улс төрийн орчинд  “амьд” явна гэсэн үг. Олон түмэнд таалагдахын тулд өөрийн онцлог давуу талаа таниулна гэсэн үг. Үүнийг л товчхондоо улс төрийн имиж гэж ойлгож болох болов уу. Улс төрийн имижээ бүрдүүлж буй хүн “Миний имиж нийт массын сэтгэл зүй хэрэгцээ шаардлагад тохирч байх ёстой” гэсэн уриаг ягштал баримтлаж байх нь зүйтэй.
Олон түмэн улс төрийн бодит байдал үйл ажиллагаа руу тэр болгон өдөр тутам ороод байж чаддаггүй учир тэд зөвхөн харах, сонсох мэдрэхүйгээр л дамжуулж сонголтоо хийдэг. Тэгэхээр улс төрийн имижийн гол зорилго нь сонгогчдын дээрх мэдэрхүйд тулгуурлан уг мэдрэхүйд илүү тааламжтай эерэг харагдахыг эрмэлзэх нь зүйтэй.
    Ер нь тухайн хувь хүний имиж хоёр хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэл олон түмний харах сонсох хоёр мэдрэхүйд нь таалагдахын тулд л өөрсдийн имижээ бүрдүүлэх хэрэгтэй. Тус бүрд нь чадлынхаа хэмжээнд задлан авч үзье.
     

Визуаль имиж
    Визуаль имиж гэдэг нь - Тухайн субьектийн имиж нь дүрсээр илрэх хэлбэр юм.  Өөрөөр хэлбэл ТВ , видео бичлэг , хурал цуглаан гэх мэт харах сувгаар дамжин илэрдэг имиж  юм.  Энэхүү имиж нь хэд хэдэн давуу талтай. 
•    Орчуулга шаардагдаггүй;
•    Хүний ой тогтоолтонд илүү үлддэг; 
•    Мэдээлэл харьцангуй бодитой;
    Энэхүү визуаль имижийг бүрдүүлэхэд анхаарах зүйлсүүд маш олон байдаг.  Үүнд: гаднах төрөх,  /үс, царай зүс, хувцаслалт, цүнх, энгэрийн зүүлт, цаг, тэр бүү хэл оймс хүртэл чухал/, биеэ авч явах байдал гэх мэт. Жишээ нь сонгуулийн кампаний үеэр сонгогч нартайгаа уулзах уулзалтан дээр өрвийсөн үстэй хайш яаш хувцасласан, үл ойшоосон байдалтай байвал тухайн нэр дэвшигчийн имижэд маш том сөрөг хүчин зүйл болдог. Иймээс ч манай улсын төдийгүй дэлхий дахины практикт нэр дэвшигчид нь “өөгүй цэвэр” байх ёстой байдаг.
Ер нь “Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг” гэсэн философийг барих нь чухал. Гаднах хувцаслалтаар их зүйлийг илэрхийлж болдог . Хувцсаар илэрхийлж тухайн асуудал, нөхцөл байлыг хэрхэн өөрчилсөн талаар нэг жишээ дурьдая.
2001 онд Мексик улсын ерөнхийлөгч Монгол улсад “гэнэт ” айлчилсан билээ, “Гэнэт” гэдэг нь энэ айлчлал урьдаас төлөвлөгдөөгүй байсан юм. Учир нь Мексикийн ерөнхийлөгч БНХАУ-д болох айлчлал хийх явцад БНХАУ-ын цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс болж онгоц нь түр саатаж, Монголын аэродром дээр буусан. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч ирж уулзсан байна. Тэр үед Монгол улсын ерөнхийлөгч улаан ноолууран цамц энгийн өмд гуталтай нэг үгээр бол “гэрийн хувцастай ” очиж уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ нь тэр үедээ маш сонин содон харагдаж байсан юм.
Харин энэхүү үйл явдал нь тохиолдлын чанартай хэрэг огт биш бөгөөд  Монгол улсыг зорьж ирээгүй зүгээр л нэг түр “дэн буудал“ маягаар авч үзсэн тул үүнийг Н.Багабанди ерөнхийлөгч мэдэрч Мексикийн ерөнхийлөгчид нэг их ач холбогдол өгөхгүй байгаагаа хувцсаараа буюу визуаль имижээр илэрхийлсэн хэрэг юм. Эндээс харахад хувцаслалтаар ямарч сэтгэгдэл төрүүлж болдог байх нь . Одоо доор дэлгэрэнгүй авч үзье.
     
Хувцаслалт.
    Хувцаслалт маш чухал. Өөрөөр хэлбэл таныг гаднаас тань хараад л эхний маш тогтвортой ойлголт авчихдаг. Тэгэхээр энэ сууриа маш зөв тавьж чадвал цаашдын имиж бүрдүүлэх арга замд тус дөхөмтэй.
    Ер нь улс төрч хүний төдийгүй албан хэрэгч хүний албан ёсны хувцас гэж байдаг. Жишээ нь цагдаа төрийн хувцастай, эмч цагаан халаадтай, тамирчин хүн бэлтгэлийн хувцастай байдаг шиг улс төрч хүн албан ёсны хувцас өмсдөг.  Тэр нь костюм, хослол.  Ингээд хувцас бүрийг нарийн задлан авч үзэхийг оролдьё.
    
Костюм - улс төрч ажил хэрэгч хүний албан ёсны хувцас бол ихэвчлэн хар хөх өнгийн костюм, цайвар цамц эрх мэдлийг бэлэгдсэн улаан зангиа байдаг. Тухайн нөхцөл байдалд зохицуулж костюм хослолоо сонгох хэрэгтэй. Гэхдээ эрэгтэй хүн 2-3 товчтой ардаа ганц оноотой пиджак илүү тохиромжтой. Албан ёсны уулзалтан дээр заавал хар бараан өнгийн костюм өмсдөг ба хэзээ ч цагаан цайвар костюм өмсдөггүй. Учир нь цагаан цайвар костюмийг хүлээн авалт ёслолын үед  өмсдөг гоёлын өнгө юм. Хэзээ ч костюмийн доод талын товчыг товчлож болохгүй ба Америк хийцийн костюмний дээд, доод хоёр товчийг товчилдоггүй. Учир нь суухад их үрчийж сүүдрэлж хараддаг.
    Эмэгтэй хүний хувьд хэт богино эсвэл хэт урт юбкатай хослол өмсөх тохиромжгүй байдаг. Суухад өвдөг ил гарсан юбка огт өмсдөггүй. Учир нь өвөр тал нь амархан үрчийдэг . Мөн тайзан дээр суухдаа их анхаарах хэрэгтэй. Нэн ялангуяа таны сууж байгаа ширээ өндөр тайзн дээр байрлаад ширээ чинь урдуураа хаалтгүй бол их эвгүй байх болно гэдгийг эмэгтэйчүүд маань надаар хэлүүлэлтгүй мэддэг байх .
    Эрэгтэй хүний хувьд хувцасны шүүгээ ямар байх ёстой талаар бяцхан зөвөлгөө өгье. Эмэгтэй хүн надаар хэлүүлэлтгүй тэртээ тэргүй хувцсаа сайн тохируулж өмсдөг мэргэжилтэн шүү дээ.
    Хамгийн гол нь таны костюмний хийц, загвар өндөр байх ёстой. Мөн та өөрийн авч чадах хэмжээндээ тултал костюмоо авч байгаарай. Үнэ дагаж чанар гэдэг. Мөн та зурагтаар гархад зориулагдсан нэг саарал костюм, олон түмний өмнө гарахад зориулагдсан хар хөх өнгийн костюм заавал байх хэрэгтэй. Мөн нэг нь бараавтар нөгөө нь цайвар хоёр өмдтэй. Мөн цагаан, цагаан саарал цайвар цулгуй хэд хэдэн цамцтай байх /доод тал нь 5,6 / байхад таны хувцасны шүүгээ хангалттай . Гэхдээ тоо ширхгийн хувьд хэд ч байж болно л доо.
    Харин эрээн, хурц өнгөтэй, тод судалтай дөрвөлжин хээтэй хилэн костюмыг өмсөж болохгүй гээгүй шүү дээ. Хаана яамар костюм өмсдөг байхыг бага зэрэг мэддэг байхад л хангалттай.
    
Цамц, зангиа - Албан ёсны уулзалтан дээр  цагаан цамц өмсдөг ба хар бараан, саарал цамц өдөр тутмын өнгө юм.
    Гэхдээ зурагтаар гарах үед эрүүл сэтгэдэг хүн цасан цагаан цамц өмсдөггүй. Харин цайвар саарал цамц нь цагаан харагддаг бөгөөд гэрэл ойж гялалзаад байдаггүй. Учир нь үзэгч таны яриа үйл хөдлөлийг анхаарах ёстой болохоос биш таны цасан цагаан гялалзсан цамцыг хараад ямар ч үр дүнгүй. Таны тэр цамц, зангианы гялалзсан хавчуурга харилцагчийн чинь нүдийг таны нүдээс салгаж зангиа цамцан дээр аваачих аюултай.  Бас цамцны чинь зах ягштал таарсан байх ёстой гэдгийг анхаар. Мэдээж бариу захтай цамц ямар инээдтэй харагдах нь ойлгомжтой шүү дээ. 
Зангианы хувьд өмсөж буй пиджакандаа тохируулж зангиагаа сонгох хэрэгтэй. Бас цамцандаа. Нэг анхаарах зүйл бол цамцнаасаа эсрэг өнгийн зангиа зүүх нь бас дэгжин харагддаг.
   Гэхдээ хар хөх өнгийн костюм эрх мэдлийг илтгэсэн улаан зангиа нь ихэнх улс төрчдийн “албан ёсны” хувцас юм.  Мөн хэт эрээн мяраан биш, хэт хурц биш өнгөтэй зангиа зүгээр. Зарим эрчүүд эрвээхэй зангиа их зүүдэг.  Гэхдээ өдөр тутмын ажилдаа эрвээхэй зангиа зүүгээд явах нь тохиромжгүй. Харин зүүхээр шийдсэн бол эрвээхэй зангианы цамц гэж тусдаа байдгийг анхаарах хэрэгтэй.
    Мөн  тухайн үеийн нийтлэг зарчмыг анхаарах хэрэгтэй. Одоо зангианы хавчуураг нь албан хэрэгч хүний хэрэглээ биш болжээ.
    Харин эмэгтэйчүүд хүзүүний алчуур зангиддаг. Гэхдээ эрчүүдийг дуурайж улаан алчуур зүүнэ гэсэн үг биш л дээ. Хамгийн гол зарчим бол таны хувцастай зохицож байхаас гадна таны нүүрэнд гэрэл өгч байх ёстойг л анхаарах хэрэгтэй. Мөн их цэвэр нямба зангидсан байхыг юу эс хэлүүлэх вэ.
    
Гадуур хувцас - Их нэвсийсэн хувцас онцгүй байдаг ба мөн  гадуур хувцсандаа түүртэж байгаа мэт хувцаслах нь зохимжгүй. Мөн л адил та өөрийн авч чадах хэмжээндээ тултал  үнэтэй байх нь зохимжтойн дээр, хийц загвар нь сайн байх нь хэн бүхэнд ойлгмжтой шүү дээ.  Мэдээж албаны ёсны уулзалт хурал цуглаан дээр очихдоо өмсөх пальто байхаас гадна зангиагүй уулзалтанд зориулсан өөр чөлөөт хувцас таньд заавал байх ёстой.
    
Оймс гутал - мэдээж ямар ч соёлтой эр хүн цагаан оймс өмсдөггүй шүү дээ . Үүнийг л мэдэж байвал болох нь тэр. Ихэнхдээ оймс гутал хоёр нэг өнгийн ба эсвэл ойролцоо өнгөтэй байвал зүгээр. Гол төлөв хар оймс хар гутал ямар ч пидижак дээр зохидгийг анхаар. Энэ дашрамд сонирхуулахад эрчvvдийг гутлынх нь хэлбэр загвараар нь шинжиж болдог. Ажил хэрэгч, тайван, өөртөө итгэлтэй эрчvvд тvрийгvй, нам өсгийтэй сонгодог загварын гутал өмсдөг. Харин хагас тvрийтэй гутал өмсдөг эрчvvд аливаа асуудалд бодит талаас нь ханддаг халамжтай, элгэмсэг дотно харьцаатай байдаг байна. Өндөр тvрийтэй гутал өмсдөг эрчvvд хэтэрхий бардам зантай, адал явдалд дуртай, цайлган сэтгэлтэй байдаг гэнэ. Гэхдээ хөлөө ачаад суухад өмдний түрий оймсны завсраар нүцгэн шилбэ харагдах шиг үзэшгүй муухай зүйл байхгүй. Тэгэхээр урт оймс өмсөх хэрэгтэй.
   
Алчуур - Хоёр алчууртай байвал зүгээр. Нэг дэх нь пиджакний дотор краманд хоёр дахь нь өмдний халаасанд. 2 дахь алчуураа өөрөө. 1 дэхийг онцгой үед /зарим тохиолдолд эмэгтэй хүнд алчуураар туслах тохиолдол гардаг./
Мөн энгэртээ хийдэг алчуур их чухал. Гэхдээ хэт эрээн биш зангиа костюмтойгоо зохицож байх ёстойгоос гадна цэвэрхэн эвхсэн байх хэрэгтэй.

Aксессуар.
     Хэдийгээр энэ нь жижиг мэт зүйл боловч бас имиж бүрдүүлэхэд ихээхэн үүрэгтэй. Үүнд жижиг хэрэглээний зүйлс ордог.
    Цүнх - чамин гэхээсээ илүү зай багтаамж сайтай, олон тасалгаатай байвал зүгээр. Энэ нь тухайн хүний ажил хэрэгч чанарыг илүүтэй тодорхойлно. Гэхдээ зай багтаамжтай гээд өөртөө хэт томдсон цүнх бариад түүндээ түүртээд явахгүй нь ойлгомжтой. Мэдээж цүнхээ элдэв зүйлээр дүүргэх нь тохиромжгүй. Тухайн өдөр хэрэггүй, ач холбогдол багатай зүйлээ байнга гэртээ орхиж бай.
    Эмэгтэй хүний хувьд дээрх анхааруулга нь илүү хэрэгтэй бөгөөд тэд маань элдэв зүйлд дуртай шүү дээ. Тэгэхээр та тухайн өдөр хэрэглэх гоо сайхныхаа хэрэглэл, түлхүүр, хэтэвч зэрэг хэрэглээний зүйлсээ хийсэн жижиг гар цүнхтэй  /мэдээж энэ нь тухайн өдрийнхөө хувцсанд зохицсон байх хэрэгтэйг бүсгүйчүүд минь надаар хэлүүлтгүй сайн мэднэ /,  мөн бичиг баримт бичгийн хэрэглэлээ хийсан бичгийн цүнхтэй байх нь тохиромжтой байдаг. Бичиг баримтаа будаг шунхтайгаа хийгээд явах нь тийм ч зохистой хэрэг огт биш бөгөөд  муугаар бодлоо гэхэд юмыг яаж мэдэх вэ? ямар нэг зүйл нь хагараад чухал гэрээ бичиг баримтыг будчихвал ч та тийм ч баяртай байхгүй л байх .
    Үзэг - Сайн үзэгтэй бай. Мэдээж маш чухал үед үзэг нь гарахгүй бэх нь дуусчихвал тийм  тааламжтай гэж үү. Ер нь ажил хэрэгч хүн  сайн хоёр үзэгтэй байвал зүгээр. Гэхдээ үзгийг пиджакны гадна талын энгэрийн карманд байвал зохисгүй. Хоёр үзэгний нэг нь дотор краманд нэг нь цүнхэнд хамгийн ойр байвал тохиромжтой.
Эмэгтэй хүний хувьд үзэг нь цүнхэнд авахад хялбар газар байх нь зүгээр. Ямар үзгээ гаргах гэж энгэрээ ухаад байлтай биш.
    Цаг- Цаг хугацаа бол алт. Улс төр ч хүн цагтай уралдаж байх ёстой . Иймд сайн цаг нь тэрхүү хүнийг цаг сайн баримталдаг, ажил хэрэгч гэсэн үнэлэмжийг нөгөө харилцагчид олгодог. Гэхдээ таныг showatch, omega, Seiko фермийн үнэтэй алтан цаг  заавал зүү гээгүй. Хамгийн гол нь тоо нь тод харадддаг байх нь чухал. Зарим цаг тооны оронд шигтгээ эсвэл зураас байдаг. Энэ нь тухайн хүнийг цаг нарийвлан авч  үздэггүйг илэрхийлнэ. Хэрэв та санхүүгийн боломжтой бол дээрх фермийн цагийг зүүчихсэн байхад илүүдэхгүй. 

    Тэмдэглийн дэвтэр – Тэмдэглэлийн дэвтэр нь маш чухал. Уг дэвтэр нь хэт том эсвэл хэт жижиг байвал зохисгүй бөгөөд цагаан толгойн дараалалтай мөн телефон утас, электрон шуудангийн хаяг бичих зориулалт бүхий хуудастай тэдгээр дээр төрөлжүүлэн бичсэн эмх цэгцтэй байх хэрэгтэй. Мэдээж чухал түнштэйгээ эсвэл сонгочидтойгоо уулзахдаа түүний хэлсэн үгийг нь анхааралтай тэмдэглэж авах нь тэд нарт таатай сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ хуулан бичлэгч юм уу, хичээлээ хийж буй хүүхэд шиг толгой өндийхгүй бичихийн нэр биш ээ.  Сэтгэгдлийг төрүүлэх гэж байна гээд салбайсан эмх цэгцгүй дэвтэр гаргаад ирвэл ч ёстой инээд нь хүрэх биз.
    Үс бол биднийг чимэж байдаг гол зүйл. Тэгэхээр анхаарал тавихгүй байхаас өөр аргаггүй. 
    Үсээрээ чихний дээд хэсгээ бага зэрэг дарж өгвөл зохимжтой. Гэхдээ энэ нь сандруу тэвдүү хүмүүст  хамаарах зүйл. Учир нь улайсан чих ямар л олигтой харагдав гэж. Ахмад насны эрчүүд бууралтсан үсээрээ нэг их оролдоод хэрэггүй. Буурал үс намбалаг тухтай харагддагаас гадна их зөөлрүүлж өгдөг.  Та төсөөлдөө: гялалзсан хар үс хөгширч буй нүүрны арьс хойр хэр зохицох вэ? Гэхдээ энэ нь эрчүүдэд хамаарах бөгөөд эмэгтэй хүн бол харин ч эсргээрээ байж болох юм.
    Харин та халзан байвал яах вэ. Үүнтэйгээ эвлэрэхээс өөр аргаггүй. Тэгээд ч энэ нь хүн ичээд байхар зүйл биш шүү дээ. Гэхдээ та халзан гэдгээ мэдэгдүүлэхийг хүсэхгүй байвал тонгойж биш эрүүгээ өргөөд аль болох цэх сууж бай. Харин олны танил нэр нөлөө бүхий улс төрч хүнд хиймэл үс төдийлөн зохидоггүйг анхаараарай. Ийм л байна.
    Сахал нь хүнийг бас их дэгжин харагдуулдаг. Мэдээж зохисон сахал шүү дээ. Гэхдээ түүнийгээ үргэлж засаж арчилж байх хэрэгтэй . Ер нь сахал маань их ихэмсэг чамин дүр эсгэдэг. Жишээ нь Н.Багабанди ерөнхийлөгчийг хар. Сахал нь түүний имиж гэж бараг үзэж болно.
    Харин эмэгтэй хүний хувьд урт үстэй бол түүний задгай тавих нь тохиромжгүй. Гэхдээ хамгийн гол шаардлага бол мэдээж өрвийсөн үстэй байх нь онцгүй шүү дээ. Мөн үс тань таны аль нэг дутагдлыг нуух давуу талыг илрүүлэн гаргах хэрэгсэл юм шүү. Байнгын арчилгаа шаардагдсан, салхинд амархан эвдэрдэг, эргээд сайн сэргэдэггүй үсны засалт тийм ч тааламжтай биш. Зул сарын баяр ч юм уу багт наадамд явах гэж байгаа бол өөр хэрэг.
    Бусад - Нүдний шил ээмэг бөгц гэх мэт зүйсыг тохируулан хэрэглэж болно. Хамгийн гол нь та үдэшлэг дисконд явах гэж буй бус харин албан ёсны уулзалтанд явах гэж буйгаа санаарай. Харилцагч чинь хэзээ ч таны дэгжин ганган байна уу гэдгийг бус таны хувийн чадварыг үнэлэх болно.

Үйл хөдлөл буюу физик хэл
    Тухайн хүний биеээ авч явж буй байдал үйл хөдлөл зэрэг нь имижэд ихээхэн нөлөөлдөг. Биеийн хөдөлгөөн олон зүйлийг нээж харуулдаг. Таны ухамсартайгаар илэрхийлж чадаагүй байгаа зүйлсийг ч тэр тод харуулдаг.  Өөрөөр хэлбэл хурал цуглаан дээр хэрхэн биеэ авч явах вэ, дохио зангаа, үйл хөдлөл зэргээс их  олон зүйл хамаардаг гэсэн үг. 
    Үйл хөдлөлөөр имижээ тогтвортой байлгаж өсгөх суурь шинж нь тайван байх юм. Олон түмний өмнө гарчихаад сандарсан тайван бус байх нь таны имиж унах эхний алхам юм. Ер нь сандрахаар чих, нүүр улайгаад улмаар ээрч эхэлдэг.
    Жишээ нь 1980-аад оны дундуур М.Горбачев АНУ-д айлчилсан билээ. Энэ үед хүйтэн дайны уур амьсгал зөөлрөөгүй байлаа. М.Горбачев америкийн телевизэд шууд ярилцлага хийх боллоо. Энэ үед  АНУ-ын имижмейкерүүд М.Горбачевийн нэр хүндийг унагах “даалгавар” авсан байв. Ингээд телевизийн ярилцлага эхлэлээ. Уг шууд ярилцлагад М.Горбачев маш их ууртай омогтой байсан ба түүний ярианы агуулга, дууны өнгө үзэгчдэд сөрөг сэтгэгдэл төрүүлжээ. Учир нь  М.Горбачевийн нэвтрүүлгийг хөтөлч байсан хөтлөгч нь нүүрний зүүн хэсэгтээ  маш том зэвүүцмээр сорвитой байлаа. Студийн оператор тэр хоёрын баруун гар талаас зураг авч байв. Ингээд нөгөө нэг согог нь ноён М,Горбачевд харагдаад харин телевизээр баруун талын эрүүл нүүр нь гарч байв. М.Горбачев үүнийг өөрийг нь доромжилж буй хэрэг хэмээн ихэд ууртай байсан байна.
    Ингээд биеээ тайван байлгаж хянаж чаддаг болвол дараагийн алхам.  Энэ нь биеийн ерөнхий байдал үйл хөдлөлдөө анхаарах. Хэрэв та гараа зөрүүлж цээжин дээрээ тавих юм уу эрүүгээ тулаад сууж байвал надад бүү ойрт гэсэн санаа бөгөөд  харилцаж буй харилцагчидтайгаа дотно харилцаа төрүүлж чадахгүй. Дотно биш гэдэг чинь ойлголцож чадахгүй гэсэн үг . Гараа чөлөөтэй байлгаж, үл ялимгүй урагш түрж суувал, харин илүү дотно халуун дулаан уур амьсгал төрүүлж болох юм.
     Дохио зангаа буюу гарын хөдөлгөөн чинь ямагт дээшээ чиглэсэн хөдөлгөөн байх ёстой. Гэхдээ хиймэл хоосон дохио зангаа чамирхлаас нэг их хэтэрдэггүй. Харин бага зэргийн зогсолт авсан үедээ хийсэн дохио их зүйл илэрхийлдэг.
    Гараа дэлгэх, гараа урагш сунгах зэрэг нь зохимжтой бөгөөд харин ширээгээ тогших, хуруугаа дуугаргах, гараа зангидах зэрэг нь тун бүдүүлэг үйлдэл юм.
    Аливаа дохио зангааг цээжний түвшинд хийх нь тохиромжтой.
Таатай сэтгэгдэл төрүүлэх дараах зөвөлгөөг анхаар.
1.    Тэргүүнээ дээш өргөж хөнгөн инээмсгэлэн цэх шулуун харсан байх;
2.    Биеээ бүхэлд нь эгц тэгш байлга;
3.    Гар тань тайван чөлөөтэй унжиж байх;
4.    Хүнтэй ярихдаа  үл мэдэх ургаш болох;
5.    Нүд рүү нь харж ярьж бай;
 Таагүй сэтгэгдэл төрүүлэх үйлдлүүд:
1.    Дийлдсэн ядарсан байдалтай байх;
2.    Хөлөө зөрүүлж суух;
3.    Сонгогч нартайгаа уулзах уулзалтан дээр хөлөө  ачиж суух;
4.    Арагшаа гэдийж суух;
5.    Шал руу ширтэх;
6.     Үсээ майжих, гараараа самнах;
7.    Эвшээх;
8.    Бохь зажилах, уруулаа хазах;

Орчин.
    Тухайн орчноо сайн мэдрэх хэрэгтэй. Жишээ нь хөдөө сонгогч нартайгаа уулахдаа цав цагаан костюм өмсөөд, цэмцэгнээд очвол таны имиж унахгүй ч гэсэн нэг их өсөхгүй. Яг үүнтэй адил хотод сонгогч нартайгаа уулзахдаа дээл малгай болоод хэт хутга зүүчихээд давхиад байвал тийм ч тохиромжгүй.

Жишээ нь 1980-аад оны сүүлээр дэлхийн бодибилдингийн аварга шалгаруулах “дэлхийн мистер” тэмцээнээс өмнө бидний танил А.Щварцнеггер “Дэлхийн бодибилдингийн холбоо”-нд хандаж уг тэмцээнийг явуулах тайз зохион байгуулалтын асуудлыг өөрийн хөрөнгө мөнгөөр зохион байгуулъя гэсэн санал тавьсныг дуртай зөвшөөрчээ. Улмаар тэмцээн ч болдгоороо болж уг тэмцээнд А.Щварцнеггер түрүүлсэн юм.
Учир нь юунд оршиж байна вэ ? Энэ нь мөнгөндөө байгаа хэрэг огт биш юм.  Учир нь уг тэмцээний тайзны арын фоныг хар бараан өнгөөр хийсэн байлаа . Түүний гол өрсөлдөгч нар нь хар арьстай хүмүүс байсан юм . Хар фон дээр хар, цагаан хоёр хүний хэнийх  нь булчин илүү ялгарч харагдах нь ойлгомжтой биз ээ.
Тэрээр ингэж визуаль имижийг чадварлагаар ашигласан юм. Энэ түүний зальтай хэрэг огт биш, харин шүүгч нарын сэтгэл зүйг өөр лүүгээ татаж өөрийн имижээ өсгөхийн тулд ихээхэн анхаарал, санаа тавьсаны илрэл.
Мэдээж хэрэг дэлхийн мистер болох нь дэлхий нийтэд танигдах сайхан боломж шүү дээ. 

Вербаль имиж
     Үг яриа болон бичгээр илэрхийлэх имиж юм. Өөрөөр хэлбэл хэлж ярьж буй зүйлээр өөрийн имижээ бүрдүүлнэ гэсэн үг.
 
Үг яриа.
Үг яриа. Энэ бол асар том зэвсэг. Үгээр хүнийг амьдруулж ч болно . . . болно гэдэг биз дээ. 
Нэг жишээ доор дурьдя.  2001 онд АНУ-д халдсан террорист халдлагын дараа уг нуранги дээр ажиллаж байсан аврах алба, барилгачидтай АНУ-ын ерөнийлөгч Ж.Буш /G.W.Bush/ задгай талбайд уулзалт хийснийг санаж байгаа байх, Тэр уулзалтан дээр Ж.Буш зүгээр л жирийн цагаан хоолойгоор ярьж байсан юм. Тэгтэл Ж.Бушийн яриа хойгуур байгаа болон түүний ард зогсож байгаа хүмүүст сонсогдохгүй байсан тул арын хүмүүс “...Ноён ерөнхийлөгчөө таны яриа бидэнд сонсогдохгүй байна...” гэхэд Ж.Буш хэсэг эргэлзсэнээ “... Тэгвэл би та нарыг сонсож байна. Та нарыг дэлхий нийт сонсож байна, бүр бурхан тэнгэр сонсож байна...” гэжээ.  Тухайн үед Ж.Буш эвгүй байдалд орсон ч имижэд сөргөөр нөлөөлөх үйл явцыг Ж.Буш харин ч эергээр өөртөө ашигтайгаар эргүүлж энэхүү үгээрээ өөрийн имижээ бага ч гэсэн өсгөж чадсан байна.
   Яг үүнтэй адилхан жишээ бол Их Британий Ерөнхий сайд Т.Блейр саяхан /2003,1-сард/ нэг Их сургууль дээр лекц уншсан билээ. Гэтэл лекц сонсогч оюутнууд дотроос нэгэн оюутан босоод Их Британий засгийн газрыг шүүмжилж улмаар АНУ-аас Иракт явуулахаар зэхэж буй цэргийн ажиллагааг дэмжихийг шүүмжилж эрхэм ерөнхий сайдын үгийг тасалж түүнд ярих боломж олгоогүй байна. Эхэндээ Т.Блейр өөрөө арга эвийг нь олоод зохицуулчих санаатай байсан боловч энэ бүтэлгүйтэж аргагүй эрхэнд хамгаалалтын ажилтнууд түүнийг хурлын танхимаас гаргажээ. Харин Э.Блейр хэсэг эргэлзэн чимээгүй байснаа “... Энэ бол ардчилсан улс төрийн дэглэмийн нэг том илрэл.  Манай улс цэвэр ардчилсан улс гэдэг нь сая харагдлаа ... ” хэмээжээ. Энэ нь тухайн үед бий болсон эвгүй уур амьсгалыг зөөлрүүлж чадсан байна. 
    Энэхүү имижийг бүрдүүлэхийн тулд үг яриа нь ойлгомжтой, цэгцтэй, уран байх нь нэн чухал. Ишлэл, зүйр цэцэн үг зэргийг тохируулж хэрэглснээр та өөртөө оноо нэмнэ. Та соногчдтойгоо ганцаарчлан юм уу цөөн тооны сонгогчдтой уулзвал заавал нүд рүү нь харж ярьж бай. Энэ нь таны өөртөө итгэлтэйгээс гадна намайг анхааралтай сонсож байна гэсэн сэтгэгдэл харилцагчид чинь төрүүлэх болно.
Иймд “Агт алдвал барьж болдог. Ам алдвал барьж болдоггүй ” гэсэн философийг баримтлах нь зүйтэй. Гэхдээ энэ нь өөрийн үг яриагаа хэт их барьж хяна гэсэн үг биш бөгөөд сайтар бодож байж баримттай, тулхтай зүйл ярьж бай гэсэн үг юм. Мэдээж цэгцтэй, ойлгомжтой, үндэслэл сайтай зүйл ярьж байж л олон түмэнд таалагдах нь тодорхой. Ярих   завсраа  “... тэр эрдэмтэн тэгэж хэлсэн байдаг... “ , “... Тэр хүн тийм номондоо тэгэж бичсэн байдаг ... ” гэх мэтээр эрдэмтдийн зохиол бүтээл, хэлсэн үг, ишлэлийг хавчуулан ярих нь тухайн хүний өндөр мэдлэгтэй гэсэн анхдагч дүр төсөөллийг бүрдүүлдэг. Гэхдээ энэ нь байнга алхам тутамд  дээрх ишлэл зүүлтийг оруулаад байх нь бас л тохиромжгүй ба мөн ярианыхаа завсар гадаад үг оруулан холион бантанг нь хутгах нь бүр ч хэрэггүй. Энэ нь өөрийн гэсэн үзэл бодол, баримталсан чиг шугамгүй мэт харагдахаас гадна зүгээр л нэг чамирхах гэсэн хийрэхсэн дүр төсөөллийг бүрдүүлдэг юм. 
1.    Гол ач холбогдол өгөх хамгийн чухал хэсгээ давтах хэрэгтэй;
2.    Хэтэрхий нэг хэмээр ярьж болохгүй;
3.    Богино өгүүлбэрээр яриж байх хэрэгтэй;
4.    Ярианы өнгөө хяна;
5.    Тээ, Одоо болвол, мм гэдэг үгүүдийг давтахаас зайлс хий;
6.    Санаа алдах эвшээхээс зайлс хий;
7.    Микропон луугаа үлээж амьсгаадаж яриж болохгүй;
8.    Заалаа тэвэрч ярь;
 
Илтгэл.
Харин илтгэл тавих юм уу уулзалт хийж байхдаа заалаа их сайн мэдрэх хэрэгтэй. Заал шуугиж байна уу, эсвэл таныг анааралтай сонсож байна уу. Хэрвээ заал шуугиантай байвал та өөрийгөө л буруутга.
Учир таны сайн илтгэгч үү гэдгийг лекцээс чинь биш заал хэр шуугиантай байна вэ гэдгээр л дүгнэнэ. Заал шуугих тусам таны лекц муу болж гэсэн үг. Илтгэл нь ерөнхий дөө эхлэл өрнөл төгсгөл гэсэн бүтэцтэй байдаг ба идэвхжүүлэх хэсэг нь тухайн лекцийн хугацаанаас хамаарч хэд ч байж болно.
Илтгэлээ эхлэхээс өмнө сэдэл гэж юм их чухал. Заавал сэдэл хэрэглэж байх хэрэгтэй.
                2003 он

3 comments:

  1. Dajgui saihan niitlel bna,gehdee setgel zuin huchin zuiluud gej yarih ih durtai yumaa daa,magadgui ene sedeb tanii suuliin ued zailshgui heregtei gedgiig bodoj,sonirhon sudlaj bui asuudal bh.Gehdee hun helehees naash gej 2 -3 sanal,suumj helehiig huslee.
    1. Minii medehiin bid bnga l ajil heregch hun ni alban yosnii hubtsastai bh... (getel ...alban heregch hunii alban yosnii hubtsas...)
    - nairuulga zuin hubid aldaatai
    - muhus bi uls turchid alban heregch hun gej yaridagiig medehgui bj boloh yum shuu bolgoono uu
    2. ...turuh hun ehees turuh,shine sanaa turuh g.m. harin gadnah turuh gehed ingej bichihgui bulguu. (sanamsargui aldaa bh gej bodoj bna.
    3.uil hudlul ba fizika hel gesen bnaa,ner tomyonii hubid buruu sanagdlaa,uuruur helbel manai setgel zuichid biyeiin hel gej yarij bichdeg bolohoor dasaagui sonin sodon sanagdlaa.

    Iimerhuu l zuiliig heleh gej bodson yum.Tegeed ch aldaatai,onootoigoor yamarvaa negen zuiliig hiij bj amjiltand hurdegiig nadaar heluuleh yun.
    Hudlaa chi sain bna gej tsaasan malgaig umsguhiig hussengui uuriin untsuguus haran,setgegdlee bichij uldeesniig maani bolgoono bui za.Alibaa hun aldaanaasaa suraltsdag yum chini baga ch gesen shuumjiig maani huleene abna uu.Chamd amjilt husiye!!!

    ReplyDelete
  2. deerhi setgegdliin harav. shudarga shuumjilsen bna gehdee shuumjelgch hun chin neree tavih estoi bizdee

    ReplyDelete
  3. цагаантолгойтJanuary 24, 2011 at 2:35 AM

    шулага эсвэл нутгийн аялгатай хүн ярианы имиж бүрдүүлдэг, иймээс монголд дөрвөд эсвэл халх бус хүмүүсийн хэлсэн үг ярианаасаа илүү хүмүүсийн чихэнд үлдэж улс төрчид болдог

    ReplyDelete