2010/10/14

ИМИЖИЙН ТУХАЙ ОНОЛЫН ОЙЛГОЛТ

           Имиж хэмээх ойлголт 1990 оны дунд үеэс манай орны нийгэм-улс төр, сэтгүүл зүй болон нийгмийн шинжлэх ухааны салбарт эргэлтэд орсон хэдий ч богино хугацаанд танигдаж өдгөө мэргэжлийн явцуу хүрээнээс хальж, нийгмийн харилцааны бүхий л салбарт төдийгүй өдөр тутмын ярианд хэрэглэгддэг өргөн хүрээтэй ойлголт нэгэнт болжээ.

Имиж /image/ нь дүр төрх, донж маяг, нэр төр гэсэн утгатай англи үгнээс гаралтай. Гэхдээ имиж нь олон утга санаагаар хэрэглэгддэг өргөн утгатай ойлголт юм. Уламжлалт ойлголтоор дүр төрх, дүрс гэдгээс гадна “дүрслэл”, “төсөөлөл”, “нэр төр”, “алдар хүнд” гэсэн утгаар хэрэглэгдэнэ. Орчин үеийн англи хэлний толь бичигт имиж гэдгийг нийтэд танигдсан хүн, байгууллага, бүтээгдэхүүн зэргээр өргөн утгаар тайлбарласан байдаг. Мөн англи хэл дээрх ном зохиолуудад “imagebuilding” буюу хувь хүн, байгууллагын “нүүр царай”, “нэр хүнд”-ийг бүтээх гэсэн утгатай ойлголт ихээр ашиглагддаг байна. Уг нэр томъёо нь орчин үеийн шинжлэх ухаанд бий болсон имижийн талаарх ойлголттой салшгүй холбоотой ухагдахуун юм.
 

Аль нэг байгууллага, этгээдийн имиж гэдэг нь зарим нэг ойролцоо утга бүхий тухайлбал, санаа бодол, чансаа буюу рейтинг, нэр хүнд, дүр төрх, харилцаа, алдар, нийтэд танигдсан байдал, нэр төр зэрэг ойлголтоос ялгаатай талаар барууны судлаачид янз бүрийн өнцгөөр авч үзсэн байдаг. Монгол хэлнээ уг нэр томъёог хэрхэн орчуулж хэрэглэх талаар тогтсон, нэг мөр ойлголтод хүрээгүй гэж үзэж болох бөгөөд “имиж”  хэмээх бичлэгээр холбогдох ном зохиолуудад нэгэнт бичиж хэвшсэн гэж үзэж болно. 
 

“Имиж” хэмээх ойлголтыг 20-р зууны жараад онд Америкийн эдийн засагч Болдуинг анх шинжлэх ухааны эргэлтэд оруулсан бөгөөд тэрээр “имиж”-ийг ажил хэрэгт амжилт олоход шаардлагатай чухал чанар гэж тайлбарласан байдаг.
Имиж хэмээх ойлголтыг шинжлэх ухааны салбар бүр өөр өөрийн аспектаар авч үзэн, тодорхойлсон байдаг.
 

Тухайлбал, А.В. Петровскийн “Краткий психологический словарь”-т “Олон нийтийн ухамсарт оршин буй тодорхой объектын хэвшиж тогтсон дүр. Мэдээж имиж хэмээх ойлголт нь тодорхой хүнд төдийгүй ямар нэг мэргэжил, байгууллага, бүтээгдэхүүн зэрэг зүйлүүдтэй холбогдож байдаг” гэж авч үзсэн байна.
 

Харин эрх зүйн социологийн мэргэжилтнүүд уг ухагдахууныг “хууль болон нийгэм- эрх зүйн нөлөөллийн аргын тухай цогц төсөөлөлд тулгуурласан, эрх зүйн үйл ажиллагааны тусгалын хэлбэр, нийгмийн ба хувь хүмүүсийн ухамсрын сэтгэл хөдлөл, ерөнхий дүгнэлтийн илрэл” гэж (Оксамытный В.В. Правомерное поведение личности) тайлбарласан байдаг.
 

Удирдлагын социологийн салбарын мэргэжилтэн тухайлбал, В.М.Шепель “Имиж бол бусдын анхаарлыг татах зорилгоор бие хүн өөрийн хүч нөөц болон нийгмийн бүлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан бий болгосон хувь хүний дүр төрх, нэр хүнд юм” гэж авч үзсэн байна.
 

Зах зээл судлаач Ф.Котлер имижийг “тодорхой компани хийгээд бараа бүтээгдэхүүний талаарх нийгмийн ойлгоц” гэж тодорхойлсон байдаг. Харин менежментийн салбарын судлаач О.С. Виханский “үзэгдлийн имиж гэдэг нь тухайн үзэгдлийн талаарх өвөрмөц чанар, шинж, ялгаа, онцлогийн талаар тогтсон төсөөлөл” гэсэн ерөнхий тодорхойлолтыг өгсөн байна. 
 

Харин коммуникатив технологийн боловсруулалтаар мэргэшсэн А.Б. Зверинцев имижийг “ямар нэгэн объектын тухай харьцангуй тогтвортой төсөөлөл”-ийг хэлнэ гэж тодорхойлжээ.
 

Дээрх судлаач, мэргэжилтнүүдийн хувьд имижийг өөрийн мэргэжил, судалгааны чиглэлээс шалтгаалан өөр өөрийн аспектаар авч үзсэн нь тодорхой. Мэдээж хэн ч маргахгүй туйлын тодорхойлолтыг өгөх боломж байхгүй.
 

Хүмүүсийн өмнө гарч ирж буй сонголт /бүтээгдэхүүн үйлчилгээнээс аваад улс төрийн нам, олон нийтийн байгууллага, удирдагч лидерыг сонгох/, хэрэглээний болон улс төрийн болон бусад янз бүрийн зах зээлийн өрсөлдөөнтэй холбоотой асуудал хурцдах үед мэдээллийн ач холбогдол ямагт өсдөг. Бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, өөрийгөө сонгогчдод таниулах, олон нийтийн байгууллага, их сургууль, банк, аж ахуйн нэгж зах зээлд амжилттай өрсөлдөхийн тулд өөртөө зохицсон имижийг бий болгох шаардлага гардаг. Нийгмийн үйл ажиллагааны аливаа төрөлд өөрсдийгөө хамгийн шилдэг сайн туршлагатай гэдгээ харуулахын тулд зохистой, тааламжтай имиж бүрдүүлэх шаардлага байнга тулгарч байдаг.
 

Ийм ч учраас улс төр судлал, сэтгэл зүй, социологи, эдийн засгийн ухаан зэрэг шинжлэх ухааны уламжлалт салбарын хүрээнд дүр бүтээх, ялангуяа социал дүр бүтээх асуудлыг үндсэн судлах зүйлээ гэж авч үздэг реклам сурталчилгаа, PR, имижлогийн онол, практикийг багтаасан шинжлэх ухаан-практикийн тусгайлсан салбарууд хөгжиж байна. 
 

Өрнө дахинд энэхүү асуудлыг тухайлан судалдаг бие даасан шинжлэх ухааны хавсрага салбар хэдийнэ үүсч, түүнийг “Имижлоги” болон “Имиж судлал” нэрийн дор имижийн мөн чанар, агуулга, хэлбэрийг олон шинжлэх ухааны зааг дээр судлан тодорхойлж байна.
 

Гэхдээ имижийг нийгмийн өвөрмөц үзэгдэл болохын хувьд үүнээс ч өмнө үед нийгэм, улс төрийн салбарын эрдэмтэн судлаачид  өөрсдийн зохиол бүтээлдээ тусган авч үзсэн байдаг. Н.Макиавеллийн “Эзэн захирагч” болон Г.Лебоны “Социализмын сэтгэл зүй” зэрэг бүтээлд тухайн үзэгдлийн практик үнэ цэнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байдаг. Тухайлбал, Н.Макиавелли төрийн хүний хувьд “хуурмаг дүр” /баг/-ийг эзэмшсэн байхын учир холбогдлыг авч үзсэн бол Г.Лебон “хувь хүний сэтгэл татам чанар”-ын үзүүлэх үр нөлөөний тусламжтайгаар улс төрийн талбарт амжилтад хүрэхэд имиж чухал хэрэгсэл болох талаас нь тайлбарласан байна.
 

Имижийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлах явдал бүр  эрт үеэс уламжлалтай ажээ. Эртний грекийн эмч Гиппократ нүүрний хөдөлгөөнөөр нь хүмүүсийн зан авирыг тодорхойлох аргыг тодорхойлохыг зорьж байв. Грекийн алдарт сэтгэгч Аристотель “Илтгэх урлаг”, “Амьтны үүслийн тухай” зэрэг бүтээлдээ хүний хөдөлгөөний уран, уян хатан байдлын сэтгэл зүйн үндсийг авч үзсэн байдаг. Эртний Римийн эмч Гален “физиогномик” хэмээгдэх сургаалийг үндэслэж, эмч Парацельс олон физиогномик баримтад тулгуурлан өвчин оношлохдоо ашиглаж байжээ. Хожим дээрх сэтгэгчдийн үзэл санаанд тулгуурлан хүний гадаад дүр төрхийг судлах чиглэлээр тусгайлсан бүтээлүүд хэвлэгдэж эхэлжээ. Тухайлбал, А.Шопенгауэр “Физиогномикийн тухай”, Ч.Дарвин “Хүн амьтны сэтгэл хөдлөлийн илрэлийн тухай” бүтээлүүдийг үүнд дурьдаж болно.
 

Өнгөрсөн зууны 60-аад оноос Америк, Европт имижийн философи, сэтгэл судлал, социологи, түүхийн чиглэлийн судалгаа шинжилгээ ихээр хийх болж, улмаар имижлоги хэмээх олон шинжлэх ухааны зааг дээр бий болсон шинэ хавсрага салбар үндэслэгджээ.

Имижлоги болон бусад шинжлэх ухаан, практик мэдлэгийн тусламжтайгаар бие хүн, аж ахуйн нэгж байгууллага, улс төрийн нам, төр засгийн имижийг бий болгож болно. Гэхдээ зөвхөн имижийн технологийг бий болгох төдийгөөр имижлогийн учир холбогдлыг хязгаарлаж болохгүй. Имижээр дамжуулан өөрийгөө таниулах явдал нь хувь хүн дээр “ажиллах” төдийгүй түүний социал харилцааг тааламжтай байлгах хүчин зүйлүүдийг нэгэн зэрэг бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг. Тухайлбал, хөдөлмөрийн хамт олныхоо дунд “сэтгэл татах нөлөөлөл”-ийг сайн эзэмшсэн албан тушаалтан, ажилтан байдаг хэрнээ гэр бүлдээ тэр бүр тааламжтай байдал үүсгэж чаддаггүй хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн гадаад үзэмж, бусдад таалагдах шинж чанараас гадна тухайн орчин нөхцөлд харилцах харилцааны ур чадварыг эзэмших явдал туйлын чухал гэдэг нь үүнээс харагдаж байна.
 

Энэ утгаар имиж нь өөрийгөө үнэлэх, ямар нэгэн прагматик зорилгод хүрэх арга хэрэгсэл төдий бус бие хүнийг өргөмжлөн өргөх гоозүйн хүчин зүйл мөн. Имижийн тусламжтайгаар хүн бүр өөрийн эрхэмсэг байдлаа илрүүлэх, бусад хүмүүст түүнийгээ товойлгон харуулах бололцоог олж авна. Ийм байдлаар урлаг соёлын одод шоу бизнест амжилт олж, улс төрийн талбарт хэн нэгэн улс төрийн дүр товойн гарч ирдэг юм.

No comments:

Post a Comment