2010/10/14

ИМИЖИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ОЙЛГОЛТ


 Имижлоги – хүмүүс хэрхэн “гэрэлтэн гялалзах” чадварыг эзэмших, хувь хүний сэтгэл татам чанарыг ашиглан хүн хэрхэн дүр төрхөө тодотгох талаарх шинжлэх ухаан, урлаг юм.
Имиж нь хэдийгээр мөн чанарынхаа хувьд субъектив чанартай хэдий ч үнэлгээний суурь хүчин зүйлд хамааралтай байдаг. Энэ нь төрийн удирдлагын бүх тогтолцооны үйл ажиллагаанд хамгийн ихээр шууд нөлөө үзүүлдэг. Учир нь имиж бол төр захиргааны байгууллагын төлөөлөгч болсон албаны хүний болоод олон түмний ухамсарт туссан дүр зураг юм.
Имиж нь сайн, муу үйл, сайхан, муухай, гоё, гаж, ашигтай, ашиггүйн тухай төсөөлөл болон мэдрэмжийг өөртөө агуулж байдаг. Имиж нь ямарч тохиолдолд хүрээлэн буй хүмүүсийн нүдэнд эерэг дүр төрхийг төрүүлдэг урлаг мөртлөө тодорхой практик үйлдэл дээр нь нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээтэй зөрчилдөх тал олноор тохиолддог. 
Имиж нь гадаад байдал, ерөнхий төрхөөрөө илрэх нь бий. Нүдэнд дулаахан харагдах, ажлын байрны эмх цэгц, эелдэг харьцаа, нүдний харц, дууны өнгө, алхаж гишгэх байдал, өөрийн болон бусдын цагийг хэмнэхийг шаардах зэрэг олон жишээ дурьдаж болно. Тэгэхдээ гадаад илрэл бүхэн тэр бүр дотоод мөн чанараа бүрэн тусгаж чаддаггүйг философи сэтгэлгээнээс аваад бодит амьдралын жишээ ч хангалттай харуулдаг. Үүнтэй холбогдуулан Далай ламын бүтээлд доорх маягаар өгүүлдэг байна. Үүнд: “Хэн нэгэн алдартны аятайхан зүс царайны цаана зохистой зан чанар байгаа эсэхийг бид мэдэж байх хэрэгтэй. Бие хүний гадаад хийгээд дотоод байдалд зөрүү байх ёсгүй. Эцсийн эцэст энэ бол нэг л хүн шүү дээ. Харин зөрүүтэй ойлголт түүнд итгэж болохгүй гэдгийг илэрхийлэх болно”  гэжээ. Энэ үг нь зан суртахууны имижид бүрэн утгаараа хамаарна. Имиж нь бидний хувийн амьдралд ч түгээмэл байдаг. Хүн өөрийнхөө имижтэй нийцэх хүнтэй нөхөрлөдөг.
Нийгмийн эрс шинэчлэл нь имижийг үндсэнд нь өөрчилж байна. Тухайлбал, уламжлалт нийгэмд асар их статус болон нөлөөтэй байсан феодалын имиж 1921 оны хувьсгалын дараа бараг алга болж, оронд нь ард түмэн болон нам эвлэлийн гишүүн, цэргийн дарга, жолооч нарын имиж нийгэмд томоохон байр суурь эзлэх болсон. Харин 1990-ээд оноос хойш бизнесмен, компаний захирал, улс төрч, төслийн мэргэжилтэн зэрэг нийгэмд нэр хүндтэй имиж бий болсны зэрэгцээ “шинэ монгол”, “траншейныхан”, “өвгөнтийн хөндийхөн”, “алтны нинжа” зэргээр нийгмийн тодорхой бүлгийг сөрөг байдлаар илэрхийлсэн имиж ойлголт ч аль хэдийнэ бий болж бүрэлджээ. Өөрөөр хэлбэл, имиж нь түүхэн тодорхой нөхцөл байдал, үе шат, нийгмийн сэтгэлгээний өөрчлөлтийг даган хувьсан өөрчлөгдөж байдаг нийгмийн үзэгдэл юм.
Орчин үед улс төр, бизнес, урлаг соёл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, удирдлагын зэрэг нийгэмтэй байнга харилцаанд орж байдаг олон салбарт имиж бүрдүүлэх үйл явцыг нэн чухал технологит тооцож, энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, зөвлөхүүдийг өргөнөөр авч ажиллуулах болсон байна.
Б.Мөнхбаяр

No comments:

Post a Comment