2010/10/10

СЦЕНАРИ АРГА

Сценари бичлэгийн арга бол үйл явдлын хөгжлийн улс төрийн ямар нэг үйл явцын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх зураглал боловсруулдаг арга юм. Сценари гэдгийг “судлаачдын сонирхол огтолцол дээр прогноз хийж буй нөхцөл байдлын хувьсал өөрчлөлтийг иж бүрнээр нь багтаасан үйл явдлын хөгжлийн дэс дараалсан таамнал дүр зураг”  гэж тодорхойлжээ. 

Товчхондоо сценари бол ирээдүйд үйл явдал хэрхэн өрнөж болохыг харуулах зорилготой өгүүлэмж юм. Тодорхой байдлаар судалж буй объект ба өөрчлөлтөд хүргэж буй нөхцөл байдлыг үндэслэлтэй бөгөөд дэс дараалсан шилжилтийг алхам алхмаар тодорхойлоход чиглэдэг. Үүнээс гадна үйл явдлын цаг хугацааны ээдрээг тайлахад онцгой анхаардаг. Дэвшүүлсэн сценари нь харилцан уялдаатай цогц байдлаар бүрэлдэх бөгөөд үйл явдлын хөгжлийн альтернатив арга замын ерөнхийлсөн нэгдмэл спектр  буюу системтэй сценари байх ёстой. Зураглалын цуврал хөгжлийн санаа нь үйл ажиллагааг цогцоор нь хамарсан бөгөөд дүрслэл сайтай, уран сайхны шинжтэй загварчлал байдаг. 
 

Сценари дэлхий, ертөнц, аль нэг байгууллага, бизнес, хот суурин, бүс нутаг, үндэстний ирээдүйн байр суурь, дүр төлөвийн талаар өгүүлж болно. Гэхдээ судлаачид сценари аргыг томоохон системийн (олон улсын харилцаа, нийгмийн харилцаа гэх мэт) хөгжлийн альтернатив хувилбарыг тодорхойлоход илүү тохиромжтой гэж үздэг. Сценари бичлэг нь зөвхөн толин тусгал төдийг бус талуудын тэмцэл, мөргөлдөөн болон ашиг сонирхлын зөрчилдөөн, тэдгээрийн дотоод зөрчлийг илрүүлэн гаргах, бий болсон байдлын дүр зургийг хурцлан илэрхийлэх үйл явц юм.
 

Сценарийг (бодож, боловсруулах болон төлөвлөлтийг оролцуулаад) байгууллага, хүмүүсийн боломжит ирээдүйг дүрслэн төсөөлөх арга, хэрэгсэл болгон ашиглаж болно. Сценари боловсруулах явдал нь судлаачийг бусад нөхцөл байдалд өнгөц алдаж болох ч үйл явц болон бүрдэл хэсэг бүрийг нарийн нягт авч үзэхийг шаарддаг. Сценари арга нь тухайлбал, сонгуулийн кампани, янз бүрийн мөргөлдөөн зөрчлийг зохицуулах үйл ажиллагаа зэрэг өөр хоорондоо харилцан холбогдсон хийгээд өрсөлдөөн бүхий үйл явцад олон тооны оролцогчтой үйл явдлын хөгжлийг алхам алхмаар тодорхойлох мөн талуудын үйл ажиллагааг загварчлах, урьдаас харах шаардлагатай тухайлсан тохиолдлуудад хэрэглэгдэнэ.

No comments:

Post a Comment