2010/10/10

КОГНИТИВ КАРТЫН АРГА

    Олон улсын харилцаа ялангуяа дотоод улс төрийн судалгаанд шийдвэр гаргагч этгээд бодит байдлыг хэрхэн авч үзэж байгааг явдал багагүй учир холбогдолтой. Иймээс улс төрийн практикт сэтгэл зүйн асуудлыг янз бүрийн судлаачид олон арга чиглэлээр анхаарлаа хандуулж иржээ. Улс төрийн үйл явцад хувь хүний хүчин зүйлийн үүрэг ролийг тодорхойлох асуудлыг улс төрийн хошуулчлалын онолын үндэс, улс төрийн намтар зүйн харьцуулсан шинжилгээний аргаар авч үзэх асуудлыг анх О.Холст 1940-өөд онд судалгааны бүтээлдээ тусгасан гэдэг. Улмаар 1970-аад оноос хувь хүний /мөн бүлгийн/ улс төрийн сэтгэлгээний онцлогийг судлах когнитив картын арга гэсэн шинэ чиглэл үүссэн байна.
Чухамдаа хүрээлэн буй орчныхоо талаарх хувь хүний мэдлэг бүрэлдэх, өөрчлөгдөх онцлогийг судалдаг танин мэдэхүйн сэтгэл судлалын хүрээнд асуудал хөнддсөн бөгөөд уг хандлагын үүднээс янз бүрийн нөхцөл байдалд бие хүний үйл байдлыг тодорхойлох, улмаар улс төрчийн хийж буй сонголтыг урьдаас таамаглах бололцоог когнитив картын арга олгодог гэж үздэг.

Үнэхээр ч улс төрийн хүрээнд болж буй үйл явдал, тоглоомын дүрэм, цаашдын өрнөл, улс төрчдийн гаргах шийдвэрийг тэдгээрийн асуудалд хандах хандлага, өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөл, зан авир, мэдлэг боловсролынх нь түвшнээр тодорхойлох бололцоо бий. Манайд энэ аргыг эзэмшсэн нөхөр бол олон улсын түвшинд биш юмаа гэхэд дотоодын улс төрийн өрнөлийн талаар “хөөрхөн” таамагнал дэвшүүлж, санал зөвөлгөө боловсруулаад лобби хийгээд байж болмоор санагдана.

Хавсрага улс төр судлалд   уг арга нь удирдлагын тоглоомын дүрэм хэрэгжихгүй, доголдох зэрэг хямралын болон зөрчилдөөний нөхцөл байдалд шийдвэр гаргах үйл явцад дүн шинжилгээ хийхэд өргөнөөр ашиглагддаг.

Уг арга 5 үе шаттай.
1.    Хавсрага судалгаа явуулах зохих аргачлал, дүрмийн дагуу судалгааны обьектын /улс төрчийг л хэлээд байна/талаар баримт материал цуглуулах, мэдээллийн бааз үүсгэх. Тухайлбал, улс төрчийн илтгэл, хэлсэн үг, нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага эх сурвалжид тооцогдож болно.

2.    Улс төрийн зүтгэлтний баримталж буй үндсэн ойлголтыг илрүүлэх, тэдгээрийн хоорондын шалтгаан үр дагаврын холбоог тодорхойлох, уг холбооны “нягтшил”, ач холбогдлыг үнэлэх. Үүнд үндэслэн тухайн этгээдийн бичвэрийг унших явцдаа үндсэн агуулга, шалтгаан үр дагаврын холбоог тусгасан бүдүүвч график буюу когнитив карт зурна.

3.    График бүдүүвчийн онцлогийг илэрхийлсэн тоон дүгнэлт гаргах.

4.    Когнитив картад үндэслэн үр дүнг тайлбарлах.

5.    Шинэ мэдээлэл, судалгааг давтах байдлаар авсан үр дүнгээ шалгах.

No comments:

Post a Comment