2010/10/10

ЭКСПЕРТ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА /ДЕЛЬФИ АРГА/


    Эдгээр хүмүүс шинжлэх ухааны академийн гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан эсвэл зүгээр л жирийн иргэн байхаас үл хамааран дадсан тодорхой үүргээ гүйцэтгэж чаддаг байгаа болгоныг эксперт гэж нэрийдэж болно. Өргөн утгаараа эксперт бол бусдаас аль нэг зүйлийг илүү сайн мэддэг этгээд юм.
    Харин стандарт хангасан үнэлгээ дүгнэлт өгөх асуудал гарсан үед энэ чиглэлээр харьцангуй өндөр боловсрол эзэмшсэн байх шаардлага гардаг. Энэ үүднээс бол эксперт-шинжээч гэдэг нь тодорхой салбарын хүрээнд дүн шинжилгээ хийх дадлагатай, зохих мэдээлэл бүхий буй хүнийг хэлнэ.

    Улс төрийн өнгөрсөн хийгээд өнөөгийн практикт үр ашигтай шийдвэр гаргахад мэргэшлийн өндөр мэдлэг эзэмшсэн мэргэжилтнүүд буюу экспертүүд гол үүрэг рольтой байсаар ирсэн. Тодорхой асуудлыг шинжээчийн дэвшүүлсэн итгэл үнэмшил бүхий санаанд тулгуурлан бодлогын хувилбар дэвшүүлэх, улмаар шийдвэрлэх явдал аль эрт үеэс хэрэглэгдэж ирсэн гэж болно. 
Шинжээчдийн үнэлгээний эдгээр аргууд нь ямар нэг математик томъёоллоор хязгаарлагдахгүйгээр үзэгдэл, үйл явцад анализ шинжилгээ хийдгээрээ онцлог. 
Эксперт үнэлгээ хийх олон арга байдаг агаад хувийн ба бүлгийн үнэлгээний гэсэн аргуудаас 2 дахийг нь дэлгэрэнгүй авч үзэх болно. Учир нь улс төрийн амьдралыг судлан тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх, таамаглал дэвшүүлэхэд үлэмж нарийн төвөгтөй, олон хүчин зүйлийг харгалзан тооцох асуудал тулгардаг тул эксперт шинжилгээний бүлгийн аргыг голчлон хэрэглэдэг байна.
   Товчхондоо хувийн үнэлгээний арга нь тухайн салбарын мэргэжилтэн – эксперт багийг бүрдүүлээд улмаар тухайн экспертүүд нэг нэгээсээ үл хамааралтайгаар өөрсдийн дэвшүүлсэн асуудлаар үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Судлаачдын илэрхийлсэн үнэлгээний үндсэн дээр үйл явцын хөгжлийн боломжит альтернатив хувилбарын шинжилгээ бүхий аналитик тэмдэглэл хөтлөх байдлаар үргэжилнэ. Харин бүлгийн арга нь “дугуй ширээ”-ий уулзалттай нилээд төстэй. Энэ тохиолдолд асуудлыг бүх экспертүүд хамтдаа хэлэлцэж, хэлэлцүүлгийн дүнд нэг аналитик тэмдэглэлийг боловсруулна.

    Дельфи арга
    
Эксперт үнэлгээний бас нэг төрөл бол нилээд боловсронгуй, шалгарсан аргын нэг гэж тооцогдог Дельфи арга орно. Түүнийг ашигласнаар хувийн ба бүлгийн экспертизийн нилээд алдаа дутагдлаас зайлсхийх боломжтой болдог байна. 
  Эртний грекийн хотын нэрээр нэрлэгдсэн уг аргыг Америкийн тархины төв гэгддэг “Рэнд” корпорацид анх боловсруулсан бөгөөд зохиогч нь О.Хелмер, Т.Гордон нар юм. Харин улс төрийн хүрээнд анх цэрэг-стратеги, зэвсгийн үйлдвэрлэл, цэрэг-дипломатын шинжтэй асуудал судлахад хэрэглэж байжээ. Дельфи төслийг төрийн байгууллагуудын зүгээс санхүүжүүлэн, өргөн хүрээтэй асуудлаар нэн тэргүүнд цэргийн асуудлаар төрийн шийдвэр гаргахад шинжээчдийн оролцоог ашиглах зорилгоор анх хэрэгжүүлсэн байна. Дельфийг боловсруулагчдын өмнөө тавьсан эхний зорилт нь ЗХУ-ын удирдлагын зүгээс цөмийн цэнэгийн шаардлагатай тоо хэмжээ болон АНУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт хийх, тухайн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх оптимал зорилгыг иж бүрнээр нь экперт үнэлгээний аргаар тодорхойлох явдал байсан нь санамсаргүй хэрэг биш юм.
  Сонирхолтой байх үүднээс Дельфи хэмээн нэрлэсний учир нь: эртний грект жирийн иргэд төдийгүй эрх баригч улс төрийн элитийн төлөөлөгчид алдарт Апполон сүмд ирж өөр өөрсдийн асуудлыг шийдэж өгөхийг гуйн өөрийн зөн билигтээ ханддаг байжээ. Тухайн нэршил төр засгийн улс төрийн удирдлагад болон бусад субъектүүдийн улс төрийн үйл явцад өөрийн зөвөлгөөндөө зөн билгийн хэлбэрийг бус шинжлэх ухааны технологийг хэрэглэхэд үндэслэсэн экспертийн мэдлэгийг ашиглах нь зайлшгүй чухал болохыг билигдсэн утгыг илэрхийлэх болсон.  
Дельфи арга нь үе шатуудтай.
•    Бие даасан шинжээчид бодлого хийгээд үйл явцын хөгжил, өөрчлөлт, ирээдүйн үр дагаврын талаар боломжит альтернатив хувилбарыг дэвшүүлнэ. Экспертүүдийн шууд харилцан нөлөөллөөс ангид байх “бүлгийн шахалтын үзэгдэл”-тэй холбоотой алдаа доголдлоос зайлсхийх зорилгоор шинжээч нар бие  даасан урьдчилсан дүгнэлтийг гаргана.
•    Тодорхой төлөв байдлын талаар цуглуулсан мэдээлэлд анализ хийж, улмаар экспертүүдийн илэрхийлсэн бүх үнэлгээ, эрэгцүүллийг багтаасан нэгдмэл аналитик тэмдэглэл хөтлөнө.
•    Дараагийн шатанд аналитик тэмдэглэлийн дагуу өмнө дэвшүүлсэн хувилбаруудыг дахин хянаж, цаашдын үнэлгээг боловсруулна.
•    Жагсаалтанд байгаа таамаглалууд болон прогнозын талаар шинжээчдийн дунд санал хураана.
Дээрх аргын зорилго нь судалгааны явцад засвар хийх замаар хөгжлийн нилээд магадлалтай альтернатив хувилбаруудыг боловсруулах явдал юм. Дельфи аргын өөрийн сонгодог хувилбар нь тухайн улс төрийн үйл явдал өрнөх хугацаа болон магадлалын тоон үнэлгээг гаргахад хувьд нилээд тохиромжтой. Дельфи аргын тусламжтайгаар тухайлбал, УИХ-ын аль нэг намын бүлэг  парламентыг тараах тухай ерөнхийлөгчийн санал, засгийн газрын итгэл үзүүлэх эсэх тухай асуулгад хэр санал өгөх магадлалыг тооцоох боломжтой.  

No comments:

Post a Comment