2010/10/09

ПОСТКОММУНИСТ ОРОН ЗАЙ ДАХЬ ЛОББИЗМЫН ОНЦЛОГ

Посткоммунист улс төрийн тогтолцоотой ихэнх улс орнууд түүний дотор монголын хувьд лоббизм нь эрх зүйн хувьд институчлалдаагүйн улмаас улс төрийн тогтолцоо болон нийгмийн хоорондын харилцааны суваг болж хараахан төлөвшөөгүй гэж хэлж болно. Гэхдээ судлаачдын үзэж буйгаар лобби үйл ажиллагааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй байгааг эс харгалзвал лоббзим нь манай улс төрийн тогтолцооны салшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг нэгэнт болсон байна. Посткоммунист орнуудын онцлог бол ихэнх тохиолдолд сонирхлын социал бүлгүүд нь шахалтын бүлэг байж чаддаггүй, байлаа ч шахалтын бүлгүүд нь социал ашиг сонирхлыг илэрхийлдэггүй байна. Энэ нь дараах шалтгаантай.

1.    Посткоммунист ихэнх улс төрийн тогтолцооны хувьд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх нөлөөлөл улс төрийн системийн дотор нь ажиллаж буй тоглогчоор дамжин илэрдэг, үйл ажиллагаа нь ихэнх тохиолдолд явцуу корпоратив, отог омгийн шинжтэй буюу системийн шинжилгээний хэлээр илэрхийлвэл “дотроосоо оролт”-той байдлаар хөгжиж буй онцлогтой байна.
 

2.    Үүнд үндсэндээ төрийн аппаратын салаа мөчрүүдийг болон корпоратив ивээн тэтгэгч-түншийн харилцаатай этгээдийг төлөөлж буй шахалтын институционал бүлгүүд үйл ажиллагаа явуулдаг. Казахстанд хийсэн судалгаагаар нилээд нөлөө бүхий лоббист бүлгүүдийн анхдагч гурвалд засгийн газрын лобби -66.7%, гадаадын компаний эрх ашгийг төлөөлж буй шахалтын бүлэг 61.9%, отог омгийн (төрөл төрөгсдийн) лобби 38.1% тус тус орж болохыг гаргажээ.
 

Энэхүү хуучин социалист орнуудын системийн дотоод шахалтын бүлэг бүхий лоббизм нь ерөнхийдөө авилгалыг газар авахуулахад хүргэж, төр улсын ашиг сонирхолд хохирол учруулж байгаа нь түүний сөрөг үр дагавар болж байна. Лобби үйл ажиллагааг хэрэгжүүлэх  “түгээмэл” арга нь (монголын хувьд) харилцааны албан бус сувгийг буюу төрөл төрөгсөд, танил тал, нутгийн хүний болон хувийн харилцаан дээр тулгуурладаг гэж хэлж болно.
 

Мөн тус орнуудын нийгмийн ухамсарт лобби үйл явц нь авилгалын үйл явцыг өргөжүүлэх бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгогдох болсон байна. Гэхдээ энэ нь лоббизм социал тоглолтод харилцааны чухал үүрэг роль гүйцэтгэдэггүй гэсэн үг биш юм. Америкийн улс төр судлаачдын үзэж буйгаар ардчилсан улс төрийн системд лоббизм хэдий нь “авилгалаас мэдээлэлд” хувиран шилжсэн байна.
 

Шинэ мэдээлэл хомс хязгаарлагдмал нөхцөлд улс төрийн систем үндсэндээ төр засаг, нийгмийн хоорондын харилцааны посттоталитар улс төрийн уламжлалыг хадгалсан үнэт зүйл, дурсамжийн цогц дээр тулгуурладаг байна. Барууны улс төрийн системд удирдагч элит шахалтын бүлгүүдтэй харилцахдаа мэдээллийн олон янзын эх сурвалжийн үндсэн дээр шийдвэр гаргах тогтолцоотой гэж үздэг бол монголын улс төрийн нөхцөлд мэдээллийн үндсэн эх сурвалж, харилцаа холбооны сүлжээ нь улс төрийн системийн дотоодод оршдог.
 

Тухайн нөхцөлд Монголын хувьд онцлог бүхий лобби үйл ажиллагааны хүрээнд улс төрийн харилцааны үндсэн хоёр хэлбэрийг ангилж болно.
 

1.    Албан бус хэлхээ холбоог ашигласан харилцаа (шууд буюу дотоод лоббизм). Ийм төрлийн харилцаанд зуучлагч нь “know how” (хэрхэн мэдэх) + “Know who” (ашигтай байж болох хэнийг таних) технологийг эзэмшсэн хүн байдаг. Харилцааны тухайн төрөлд улс төрийн системийн дотоодод ажиллаж буй шахалтын институционал бүлгүүдийг идэвхтэй ашигладаг байна. Улс төрийн системийн гадна оршиж буй шахалтын ихэнх бүлгүүдийн хувьд бодиттойгоор уг харилцаанд огтоос орж чаддаггүй юм. 
 

2.    Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигладаг харилцаа (шууд бус лоббизм). Улс төрийн засаглалын институтад үзүүлэх шахалт нь сонирхож буй бүлгүүдийн хувьд өөрт таарамжтай нийгмийн санаа бодлыг бүрдүүлэх арга замаар илэрдэг. Монгол дахь лобби үйл ажиллагааны үндсэн аргын нэг нь ОНМХ-ээрх олон нийтийн тодорхой санаа бодлыг бүрдүүлэх, мэдээллийн шахалт үзүүлэх явдал байдаг байна. Гэхдээ ОНМХ төрийн хяналтад байх эсвэл янз бүрийн санхүү-үйлдвэрийн болон улс төрийн элит бүлэглэлүүдийн тэмцлийн хэрэгсэл болох асуудал тулгардаг. Түүнчлэн төр засаглал өөрийн санаачлагыг олон нийтийн бодит болон хуурмаг дэмжлэгийг үзүүлэхийн тулд олон нийтийн санаа бодлыг чиглүүлэн залахад хүрч болно.
 

Посткоммунист улсуудын туршлагаар тухайн бүлгүүдийн амжилттай лобби үйл ажиллагаа явуулахад дараах зүйлсийг тооцвол зохино:
•    Төр засгийн пирамидын оройд өөрийн төлөөлөгчтэй байх;
•    Бараа бүтээгдэхүүн борлуулах өөрийн салбартаа бүрэн монопол байхуйц экспорт-импортын бүтэц;
•    Хувийн банк санхүүгийн тогтолцоо;
•    Хамтын фракц, улс төрийн хөдөлгөөн;
•    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл;
Посткоммунист орнууд дахь лобби үйл ажиллагаа нь ерөнхийдөө лобби үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтгүй төрийн идэвхтэй лоббизм ба ашиг сонирхлын корпоратив, кланы шинж чанарыг агуулсан байдаг.

Посткоммунист орнууд дахь лоббизмын хөгжлийн хэтийн төлөв
 

1. Институционал түвшинд Постсоциалист орон зай дахь лобби үйл ажиллагааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар асуудлыг ярихаас оросын улс төр судлаач С.Перегудовын үечлэлийг авч үзье. Түүний үзэж буйгаар бүлгийн улс төрийн хувьслыг шилжилтийн чиглэлийн дагуу байрлуулвал: посттоталитар бюрократ корпоратив – шилжилтийн үе дэх лоббизмын хувь хүн-бүлгийн хэлбэр, хуучны тогтвортой тогтолцоо задарч - посткоммунизмын үеийн анархи (зэрлэг бүдүүлэг) лоббизм – 90-ээд оны эцсээр корпоратив-плюралист лоббизмын хөгжил. 
Тухайн үечлэл Монголын улс төрийн системд зарим хэмжээгээр тохирч, шилжилтийн үеийн лобби механизмын хэлбэр, агуулгыг гаргаж харуулж чадсан гэж үзэж болно. Бүлгийн улс төрийн хөгжлийг лобби бүтцийн корпоратив-плюралист хэлбэрийн үүднээс авч үзсэн байна. Чухамдаа лоббизмын хэтийн хандлага ашиг сонирхлын төлөөллийн (корпоратив болон плюралист) үндсэн хоёр хэв маягийн аль нь зонхилохоос шалтгаална.
 

Хөгжлийн корпоратив хувилбар
Ашиг сонирхлын төлөөллийн энэхүү хэв маяг цөөнхийн төлөөллөөр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, нөлөө бүхий лоббидогч цөөнх бүлэг ба улс төрийн засаглалын хоорондох тохиролцоо, хэлэлцээр дээр оршиж байдаг. Энэ утгаараа төр үндсэндээ албан бус (болон албан ёсны зөвшилцөл)-аар олигархиудын эрх ашгийг төлөөлж байдаг нэг буюу цөөн шахалтын томоохон бүлгүүд дээр тогтож байдаг гэсэн үг бөгөөд улмаар тухайн бүлэглэл, холбоод нь өөрийн улс төрийн эрх ашгийн үүднээс тохиролцож тодорхой хөнгөлөлт, ивээл халамж, эрх дархыг эдэлж байдаг байна.
 

Корпоратив төлөөлөл нь ихэнх төлөв хүрээлэн буй нийгмийн орчноос үзүүлэх түлхэц нөлөөг хүлээж авах чадваргүй хаалттай улс төрийн системд оршиж байдаг. Гэхдээ корпоративизм бүхий л хүрээнд туйлын эрх чөлөөтэй үйл ажиллагаатай, харьцангуй их бус шахалтын бүлгүүдийн өрсөлдөөний үндсэн дээр явагдаж байдаг ардчилсан улс төрийн системд ч үлэмж хэмжээгээр өргөжсөн байдаг. Энэхүү нөхцлийг тухайн үедээ Шумпетерийн ардчиллын элитийн үзэл баримтлалд “нэргүй их гүрэн”, хүчтэй шахалтын бүлгийн тухай үзэл санаанд тусгагдсан юм.   
 

Тухайн нөхцөлд институционал шахалтын бүлгүүдийн явуулж буй үйл ажиллагаа засаглалын харилцааны эргэх холбооны оролт цэг, ялангуяа нөлөөллийн тусдаа хүрээнүүдийн дахин хуваарилалт дээр оршин буй идэвхтэй шахалт нөлөө үзүүлэх практик туршлагатай шууд холбоотой байдаг. Өдгөө төлөөллийн корпоратив хэлбэрийг эрс хатуу шүүмжлэх, үгүйсгэх  байдлаар хандахгүй байна. Ивээгч-түншийн харилцааг хамгаалах нь ардчилалд аюултайг эс харгалзвал, корпоративизм ашиг сонирхлын плюрализмтай хослосноор зарим эерэг талтай байж болох юм.         
 

1.    Улс төрийн системийн үйл ажиллагаанд нийцтэй ямар нэгэн ашиг сонирхлын төлөөллийн монопол байдал түүний үр ашигтай шийдвэр гарахад тусладаг байна. Энэ нь төр бодлого боловсруулахдаа ашиг сонирхлын бүхий л бүлгүүдийн бус харин томоохон социал бүлгүүдийн эрх ашгийг төлөөлөх нөөц, ёс суртахууны эрхтэй бүлгүүдийн ашиг сонирхлыг харгалзан үздэгтэй холбоотой.
 

2.    Улс төрийн систем нээлттэй байдал руу шилжиж буй нөхцөлд олигархийн ашиг сонирхлыг төлөөлж буй лобби бүлгүүд хүмүүсийн томоохон бүлгүүдийн төдийгүй тэдний ажил олгогч болж буй бүс нутгийн эрх ашгийг өөртөө адилсуулдаг. Уламжлалт лобби аргуудаас гадна “grass-roots” өөрөөр хэлбэл, өөрийн хэрэгцээ сонирхлыг массын дэмжлэг мэтээр харуулахын тулд олон түмнийг ашиглах мэтийн нөлөөллийн арга хэрэгслүүдийг сонгож болдог байна.           
 

Хөгжлийн плюралист хувилбар
 Бүлгийн ашиг сонирхлын төлөөллийн уг хэв маяг өөр хоорондоо идэвхтэй өрсөлдөөн бүхий лобби үйл ажиллагаатай олон тооны субъектүүдийн зүгээс үзүүлдэг шахалтын сонгодог хэлбэр юм. Тухайн хувилбар улс орныг ардчилах үйл явцыг бий болгодог, иргэний нийгмийн институтуудаар дамжсан лобби үйл ажиллагаатай субъектүүдийн тоо хэмжээний өргөжилтөөр тодорхойлогдоно. Энэ үйл явцын гол шинж чанар улс орны улс төрийн амьдралд сонирхлын социал бүлгүүдийн тоо хэмжээг төдийгүй улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох явдлын тооны болон чанарын өөрчлөлтийг тусгаж байдаг. Дэлхийн практикт янз бүрийн түвшинд нэг болон олон зорилгот сонирхлын бүлгүүдийн хувьд шахалт үзүүлэх үндсэн суваг болж буй янз бүрийн оролт цэгийг бий болгох явдлыг албан ёсоор бүрдүүлж өгсөн байдгаас харж болно.
 

Тухайн оролт цэг өргөжснөөр хэвтээ түвшинд засаглалын төвлөрлийг сааруулах (засаглалын хуваарилалтын тогтолцоо) үйл явцыг өрнүүлж, босоо түвшний удирдлагын тогтолцоог (орон нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэх гэх мэт) боловсронгуй болгодог байна.
 

Түүнчлэн засаглалын институтад дэмжлэг үзүүлэх сонгуулийн хэлбэрийг төлөвшүүлэх үндэс суурь болж, түүний легетим чанарыг өсгөх төдийгүй улс төрийн үйл явцад социал бүлгүүдийн оролцох оролцооны түвшинг өргөжүүлж болно. Улс төрийн системийн нээлттэй байдал, нийгмийн хяналтын өргөжилт нь нийтийн засаглалын институтуудад нөлөө үзүүлэх янз бүрийн аргуудыг ашиглаж байдаг өрсөлдөөнт лобби бүлгүүдийг ихээр бий болгодог шалтгаанаар хангалттай түвшинд лоббизмын механизмыг хөгжүүлдэг байна.
 

1.    Хууль тогтоох түвшинд
Монгол дахь эрх зүйн зохицуулалтын хэтийн төлөв. Монголд лоббизмын зохицуулалт, хүлээн зөвшөөрөх үндэслэл Үндсэн хуулийн заалтаар бүрэлдсэн гэж хэлж болно. Монгол улсын Үндсэн хуулийн 2–р бүлгийн 16-р зүйлийн 10-д “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам,олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.” Ашиг сонирхлоо хамгаалах лобби хэлбэрийг дам байдлаар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” заалтаар гаргаж өгсөн гэж үзэж байна. “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох” замаар лоббизмын институтыг байгуулах нөхцлийг олгосон байна. “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.” лобби үйл ажиллагаа явуулах нөхцлийг бололцоог нээж өгсөн.
 

Гэхдээ тухайлан лоббизмын талаар эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн үндслэлийг эс харгалзвал, Монголд лобби үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн норматив акт байхгүй байна.
 

Тиймээс лоббизсыг зохицуулах хууль эрх зүйн тухай асуудлыг 2 үндсэн хандлагад хувааж болно. Эхнийх нь эрх зүйн зохицуулалтгүй лобби хийх явдлыг хязгаарлах зорилгоор нийгмийн зүгээс төр засаглалын байгууллагуудад хяналт тавих бололцоо, нээлттэй байдлыг бүрдүүлэхийг эрмэлзэхтэй холбоотой үзэл санаа юм. Түүний гол зорилго – Монгол дахь лоббизмыг нийгмийн болон төрийн институтын хяналт тавихад оршино. Тухайн хандлага хууль бус лобби хийх явдлыг хязгаарлахын тулд шаардлагатай хориглох арга хэмжээ явуулахад анхаарал хандуулдаг байна.
Хоёр дахь хандлага нь лоббизмыг хязгаарлах бус харин эрх зүйгээр дэмжих хэрэгтэй учир нь хориглох аливаа арга хэмжээ нь үр өгөөж багатай, хялбараар зөрчигддөгт асуудал оршино. Зохицуулалтын уг зорилготой уялдан лоббизмыг ил тод байдлаар явуулах, “гэрэл гаргах”-д суурилна.
 

Монголын хувьд лоббизмыг зохицуулах тухай хууль гаргах замаар дээрх хоёр хандлагыг хэрэгжүүлэх нь зохистой гэж үзэж байна. Учир нь хууль бус лоббизмыг хязгаарлах ч , түүний иргэншсэн хэлбэрийг хөгжүүлэх нь ч хэрэгтэй үйл явц байх юм.
Мэдээж лоббизмын эрх зүйн зохицуулалтын дэлхий дахины туршлагыг ашиглах нь багагүй ач холбогдолтой. Гэхдээ америк, герман болон франц зэрэг аль нэг загварт тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэст нь хэлэхэд ардчилал бүрэлдэн хөгжиж буй хэдий ч хүнд суртал, авилгалд ихээр идэгдсэн, мэргэжлийн лобби бүтэц байхгүй зэргээс шалтгаалан Монголын бодит байдал хөгжингүй орнуудын практик туршлагыг шууд хуулбарлах нь учир дутагдалтай юм.         
 
3. Технологийн түвшин
"GPR" концепци
Энэ асуудлын хүрээнд реклам сурталчилгаа, PR, сэтгүүл зүй гэх мэт салбарын үйл ажиллагааны янз бүрийн төрлүүдийг хослуулах тухай ярьж болно. Чухамдаа төр засаглал болон нийгмийн санаа бодолд нөлөө үзүүлэх өргөн хүрээтэй арга хэрэгслүүдийг ашиглана гэсэн үг. Зорилго, арга хэрэгслийн энэхүү цогц үйл ажиллагааг - үр ашигтай PR-кампанид лобби арга хэмжээг арга хэрэгслийн үүднээс зайлшгүй ашиглах, нөгөө талаас PR-кампанийг лобби зорилгодоо хүрэх хэрэгсэл болгох зэргээр байрыг нь сэлгэж болно.
 

Иймд реклам сурталчилгаа ба PR хэрэгслүүдийг ашиглах замаар лобби үйл ажиллагаанд ашиглагдах арга, хэрэгслүүдийг өргөжүүлэх хэтийн төлөвийг илрүүлэх шаардлагатай юм.  
 

Барууны технологиос зээлдэх нь
    Манай улс төрийн технологит барууны хар цагаан технологиудыг ялангуяа улс төрийн сонгуулийн үеээр өргөнөөр ашигладаг. Сэдвийн хүрээнд төр засаг болон нийгмийн санаа бодолд нөлөөлөх бүхий л шинэ технологиудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрдүүлэх замаар лобби үйл ажиллагааны цар хүрээг өргжүүлэх тухай асуудал дэвшигдэн тавигдаж байна. Тухайлбал, “grass-roots” өөрөөр хэлбэл, өөрийн хэрэгцээ сонирхлыг массын дэмжлэгтэй мэтээр харуулах аргыг манай оронд амжилттай хэрэглэж байсан туршлага бий.

1 comment:

  1. Hi. Holboo barih heregtei bna. tseenee_j@yahoo.com hayagaar handana uu

    ReplyDelete