2011/03/14

УЛС ТӨРИЙН БУС СУРТАЛЧИЛГАА

Улс төрийн технологичид, PR-чдын ярианы гол сэдэв "улс төрч сурталчилгаандаа яаж инээмсгэлэх эсвэл уурлах" дүр бүтээх, "хэрхэн мөрөн дээрээ пиджакаа “гоё” тохох" тухай л байх нь олонтаа. Харин энэ удаад улс төрчдийн тоглосон улс төрийн бус сурталчилгааны тухай цөөн хэдэн баримт орууллаа. Сурталчилгаа, PR-ийн технологи талаас харвал санаа авчихаар зүйл байна лээ...

Сильвио Берлускони
2009 оны 6 сараас “Magic Italy” гэх 30 секундын сурталчилгааны ролик гарч Итали орон даяар цацагдах болжээ. Үндэсний аялал жуулчлалыг дэмжсэн, эх орондоо амарч аялахыг уриалсан уг видео-роликонд Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони дуу оруулсан нь нилээнд сонирхол татаж чадсан байна. Берлускони сурталчилгаандаа Италийг “нар, тэнгис, тэнгэрийн” орон хэмээн нэрлээд, италичуудыг эх орныхоо соёл, түүхийг мэдэхийн тулд өөрийн орондоо амарч зугаалахыг урьсан байна. Тэрээр өөрийн хоолойгоо “зээлдүүлсэн”-дээ тун сэтгэл хангалуун байсан бөгөөд өөрийн хоолойны “давтагдашгүй, мэдрэмжтэй, хэнд ч танигдахуйц” байсныг Италийн зочид буудлын удирдлагуудын нийгэмлэгтэй хийсэн албан ёсны уулзалт дээрээ цохон тэмдэглэсэн байна. Италийн аялал жуулчлалын сайд Виттория Брамбилла уг төслийг санаачилсан гэх агаад ерөнхий сайд нь италичуудыг хилийн чандад амралгүйгээр үндэсний эдийн засгаа аврахыг уриалсан сурталчилгаанд албан ёсоор оролцсон анхны тохиолдол болохыг мөн мэдэгдсэн байна. Сильвио Берлускони 1961 онд Миланы хууль зүйн факультетийг төгсөхдөө “Сурталчилгааны хууль эрх зүй” сэдвээр хамгаалж байжээ. Тэрээр “Publitalia” хэмээх реклам сурталчилгааны томоохон агентлагийг  харъяалдаг “Mediaset” гэх аварга медиахолдингийг эзэмшдэг аж.
 
Гэхдээ Берлускони жуулчлалын салбарын сурталчилгаанд өөрийн имижийг ашиглуулахыг зөвшөөрсөн анхны төрийн тэргүүн биш гэнэ. 2003 онд Японы ерөнхий сайд Жуничиро Коизуми Наран улсад жуулчдыг зочлохыг уриалж, “жинхэнэ суши, темпура” амсаж үзэхийг урьсан сурталчилгааны роликт тоглосон байна. Тэрхүү сурталчилгааг олон улсын нислэгээр зорчиж буй гадныханд зориулан үзүүлж байжээ.
 
Барак Обама
Олны танил, ялангуяа улс төрчид тоглосон реклам сурталчилгааг үзэгчдийн сонирхол байнга татаж байна гэнэ. Гэхдээ үзэгчид тухайн улс төрчийн дүр төрхийг байнга сурталчилгаанд “ашиглах” нь хууль бус болохыг тэр бүр мэддэггүй аж. Үндэсний эрх ашгийн тухай суртал ухуулга биш л бол тухайн сурталчилгааг зөвшөөрөхгүй болохыг баталгаатай хэлэх байна.
 
Тухайлбал, 2010 оны 1 сард Цагаан ордон брендийнх нь тэмдэг бүхий хүрэм өмссөн Ерөнхийлөгч Барак Обамагийн зурагтай сурталчилгааны самбараа буулгахыг “Weatherproof” компаниас хүссэн байна. “Weatherproof”-ын захирал тэр дор нь зөвшөөрөөгүй байна. Гэхдээ дараа нь буулгасан аж. Тэрээр “Leader in Style” уриатай сурталчилгаанд зохисгүй зүйл огт үгүй, харин ч “Америкийн ерөнхийлөгч 100 жилийн дараа анх удаа загвартай хувцасласанд” компани баяртай байгаа болохыг нотолсон байна.
 

Обама тухайн сурталчилгаанд зөвшөөрөл өгөөгүй нь тодорхой. Ерөнхийлөгчийн захиргаа урьдчилан зөвшилцөлгүйгээр сурталчилгаа байрлуулсанд компанийг буруутгасан ажээ. Харин ч тус компанийг хэрэглэгчдээ төөрөгдөлд оруулахад хүргэж, уг барааны тэмдэгтэй хувцсыг Обама эрхэмлэдэг мэтээр үйл ажиллагаандаа огт үл зохицох сурталчилгаа байсан болохыг онцлосон байна. 
 
Яг адил үйл явдал тэргүүн хатагтай Мишель Обамад тохиолдож, “Амьтадтай шудрагаар харьцахын төлөө хүмүүс” (PETA) байгууллаг түүний дүрийг сурталчилгаандаа ашиглажээ. Мишель албан ёсоор тус ажиллагаанд оролцоогүй ч, амьтдын эрхийг хамгаалагчид ерөнхийлөгчийн гэргийн зурагтай самбарыг буулгахаас татгалзаж байжээ.
 
Ангела Меркель
Мөн л Германий Канцлер Ангела Меркель “Bruno Banani” үйлдвэрийн  дотуур хувцсыг рекламдсан сурталчилгаагаар Берлиний гудамжийг “чимэж” байгаагаа өөрөө мэдээгүй байсан байна. 2009 оны 5 сард “фотошоп”-ын тусламжтайгаар түүнийг цэнхэр дотуур хувцастай дүрсэлсэн сурталчилгаа хаа сайгүй байрлах болжээ. Ангела Меркелийн хамт өнөөгийн болон өмнөх үеийн ЗГ-ын гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, Гидо Вестервелле нарыг дотоожтой байрлуулсан явдалд түүний хэвлэлийн алба болон өөрөө ямар нэг тайлбар хийгээгүй ажээ. Түүнийг мөн Украин дахь туркууд өөрсдийн үндэсний хоол болох шаурманы сурталчилгаанд тоглуулаад амжсан гэдэг.
 

Николя Саркози
Харин Францын Ерөнхийлөгч Николя Саркозийн хувьд ямар нэг видеонд тоглож, роликонд дуур оруулаагүй юм. Гэхдээ автомашины түрээс эрхлэдэг германий “Sixt” компаний ачаар сурталчилгаанд "өөрийн мэдэлгүй" орсон байна. Тэд францийн ерөнхийлөгчийн намхан нурууг дайруулан шоглосон байдлаар Citroen С3 машиныг сурталчилсан байна. Машин дээрх сурталчилгааны хуудас дээр “Хатагтай Бруни шиг хийцгээе. Бяцхан францханыг аваарай” (Machen Sie es wie Madame Bruni. Nehmen Sie sich einen kleinen Franzosen) гэж бичсэн байжээ. 
Гэхдээ Саркози сурталчилгааны зураг авалтад бас оролцож явсан түүхтэй гэнэ. Тэрээр 1967 онд 12 настай бяцхан жаал байхдаа “Bonux” угаалгын нунтагийг сурталчилж байжээ. 

Дмитрий Медведев
2010 оны 7 сард Холбооны монополийн эсрэг албанаас "Стройбат" худалдааны төвийн нэгэн сурталчилгааг “баталгаатай биш” болохыг нь тогтоожээ. Учир нь тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн зургийг сурталчилгааны кампанидаа ашигласан байж. Гэхдээ тэд сурталчилгаандаа “Ерөнхийлөгчтэй гадаад төрхийн хувьд адилхан хүнийг дүрсэлсэн” болохоо учирласан байна. Барилгачны хувцас бүхий ерөнхийлөгчтэй адилхан зургийг Киров хотод 6 газар байрлуулсан байж. Уг компанийг захиргааны хэрэг үүсгэн шалгасан гэдэг.
 
 
Михаил Горбачев
ЗХУ-ын тэргүүн М.Горбачев 1990-ээд оны дундуур анх “Pizza Hut”-ын роликонд тоглосон гэдэг. Бүр пицца зөөгчтэй маргалдаж буй байдлаар дүрээ бүтээсэн байна. Тэрчлэн 2000 онд Австрийн үндэсний төмөр замын сурталчилгаанд дахин дүрээ “мөнхөлсөн” аж. Шинэ баригдсан вокзал, төмөр зам, галт тэрэг харж зогсоо тэрээр энэ бүхэн “өөрчлөн байгуулалтын үр дүн” болохыг сурталчилгаандаа харуулсан ажээ.  
2007 онд М.Горбачев “Louis Vuitton” загварын ордны зураг авалтад оролцож, Алдарт жүжигчин актриса Катрин Денев, теннисчин Андре Агасси, Штефи Граф нартай хамтран дэлхийд нэртэй брендийг сурталчилсан байна. 

No comments:

Post a Comment