2011/03/13

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА СОНГОГЧДОД НӨЛӨӨЛДӨГ ҮҮ?

АНУ-ын Охайогийн их сургууль (Ohio State University), Колорадогийн их сургууль (University of Colorado)-ийн сэтгэл судлаачид хамтран АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн сурталчилгааны “дайралт”-ад сонгогчид хэр өртдөг болохыг судалсан байна. Тэд судалгаагаа 2008 оны 11 сард буюу АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Жон МакКейн нарын өрсөлдөөнийг ажигласан байна. Тэд БНН болон Ардчилсан намд ойролцоо тооны дэмжигчид саналаа өгдөг нэр бүхий “хил орчмын” муж улсуудад сурталчилгаагаа илэрхий хүчтэй явуулсан аж. Учир нь  энэхүү мужуудад ялалт авч ирэх нь үндэсний хэмжээнд ялахад шууд нөлөөлдөг нь сүүлийн 10 гаруй жилийн туршлагаас харагдсан юм.


Судалгааны хүрээнд “хил орчмын” болон “энгийн” мужуудыг оршин суугчдын үндсэн шинж онцлог (сонгогчдын нас, боловсролын түвшин, орлого болон бусад)-оор дамжуулан тэдгээрийн үзэл бодолд задлан шинжилгээ хийжээ. Тэдгээрийн “эргэлзээтэй байдлын түвшин” буюу улс төрийн хоёрдмол хандлага яг адил байжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эерэг, сөрөг талын тухай сонгогчдын санаа бодлыг тодорхойлж: хэрэв сонгогчид зөвхөн нэг л нэр дэвшигчээс нь дутагдал илрүүлсэн бол тэд “бага эргэлзээтэй”, харин хоёуланд нь дутагдал байгаа гэж үзсэн нөхцөлд “нилээд эргэлзээтэй” буюу хоёрдмол хандага нь харьцангуй өндөр байжээ. Тэрчлэн Барак Обама болон, Жон МакКейн нарын орон нутгийн телевизүүдээр сурталчилгааны ролик хэдэн удаа цацагдсаныг үзүүлсэн статистикт энэхүү үр дүн тусгагдсан байна.

Явуулсан судалгааны дүнд улс төрийн реклам сурталчилгааны нийт тоо хэмжээ сонгогчдын үзэл бодолд нөлөөлөл үзүүлээгүй болохыг тогтоожээ. Харин телевиз үзэгчид сонгуульд өрсөлдөгчдийн сурталчилгааг их хэмжээгээр үзэхэд хүрсэн муж улсуудад эрс өөр нөхцөл байдал ажиглагджээ. Тэнд хоёрдмол хандлагатай, эргэлзсэн сонгогчид мэдэгдэхүйц их байсан аж. Өөрөөр хэлбэл, улс төрийн зөрчилдсөн мэдээлэл хэдий их байна, төдий хэрээр сонгогчид сонголтоо хийхэд төвөгтэй байдалд ордог байна. Ялангуяа БНН, Ардчилсан намын дэмжигчид ойролцоо тооны, реклам сурталчилгааны довтолгоо үлэмж өндөр, “хил орчмын” мужууд нь энэхүү байдал ихээр ажиглагдсан байна.

Үүний зэрэгцээ, эргэлзээтэй сонгогчдын үзэл бодолд тэдний орчин тойрныхон нь мөн нөлөө үзүүлдэг байна. Хэрэв эргэлзээ бүхий хүмүүс нэр дэвшигчдээс аль нэгийг нь дэмжигч болон “тууштай” дэмжигчидтэй сонгуулийн кампаний талаар ярилцаж,мэтгэлцвэл, тэдгээрийн эргэлзээ илэрхий багасаж байжээ. Харин тэрхүү харилцан ярилцагчдын дунд хоёр улс төрийн лагерийн төлөөлөгчид аль аль нь байвал эргэлзээний түвшин дахиа л өсөхөд хүрч байсан аж.

Судалгаагаар АНУ-ын иргэдийн улс төрийн мэдлэг мэдээлэл, боловсролын түвшин хэдий өндөр байна төдий хэрээр сонголт хийхэд төвөгтэй, эргэлзээтэй байдалд ордог байна. Мэдээж аль нэг намыг тууштай дэмжигчдийн хувьд энэхүү асуудал үүсдэггүй нь тодорхой.

Харин улс төрийн сурталчилгаа манай сонгогчдод хэр нөлөөлдөг бол? Судлах л хэрэгтэй юм байна даа.

1 comment:

  1. sain baina uu? tanai blogt bainga zochildog. tanii niitleluud taalagddag shuu. Tand amjilt husey.

    ReplyDelete