2011/05/04

СЭТГЭЛ ЗҮЙН ДАЙН

Аливаа өрсөлдөөн тэмцэлд бодит хүч нөлөөнөөс гадна сэтгэл зүйн маш нарийн тэмцэл давхар явагдаж байдаг. Сэтгэл зүйн тэрхүү нөлөөллийг хэн үр нөлөөтэй чадварлаг ашиглаж ирсэн нь ялалтад хүрэх нөхцөлдөө төдий хэрээр дөхөж очдог нь тодорхой юм. Их Монгол улсын дэлхийг байлдан дагуулсаны гол нууц нь сэтгэл зүйн дайныг чадварлагаар ашиглаж, дайсан этгээдээ тулалдахаасаа өмнө урьдчилаад ялж байсанд оршиж байсан юм (Шөнө олон түүдэг асаах, алсаас хүүхэлдэй унуулсан морь харуулах, дайчдын хүчирхэг аймшигтай тухай цуурхал тараах гэх мэт). Өдгөө хүртэл өвгөдийн сэтгэл зүйн дайн ямар хүчтэй нөлөөтэй байсны "гор"-ыг үр ач бид нь амсаж байна. 


Харин орчин үед энэ нь хувь улс төрчид төдийгүй дэлхий дахиныг хамарсан өрсөлдөөнд нарийн технологи, аргын цогцлол бүхий арга зам болж өргөжсөн байна. Ингээд сэтгэл зүйн дайны талаар бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
 
Сэтгэл зүйн дайн гэдэг нь өргөн утгаараа өрсөлдөгчийнхөө санаа бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмжинд ил далд байдлаар нөлөөлөх, улмаар түүний үйл байдлыг хүсч буй чиглэл рүүгээ хөтлөх зорилгоор сэтгэл зүйн болон бусад арга хэрэгслийг (суртал ухуулга, дипломат, цэрэг зэвсэг, эдийн засаг, улс төрийн) төлөвлөгөө, санаархалтай ашиглах үйл явцыг хэлнэ. 
 
Улс төр-сэтгэлзүйн бодит үйл явц болох сэтгэл зүйн дайн нь улс төрийн өрсөлдөгчийн нийгмийн бааз суурь буюу массын дэмжлэгийг үгүй хийх, өрсөлдөгчийн үзэл санааны хэрэгжилт, зөв гэдэгт нь итгэх явдлыг устгах, өрсөлдөгчийн нөлөөн дор буй массын идэвхтэй чанар, сэтгэл зүйн тогтвортой байдал, ёс суртахууны амин сүнс, улс төрийн болон нийгмийн бусад санаачлагийг сулруулахад чиглэдэг байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн дайны эцсийн зорилго бол өрсөлдөгч этгээдийг нь дэмжихэд бэлэн байдал, сэтгэл хангалуун байх олон түмний сэтгэл санаа, ухамсрыг эргүүлэн, тэдгээрийн харилцаанд үл итгэлцэл, сөрөг хандлагыг бий болгох явдал юм. Үүний тулд улс төрийн дэглэмийг түлхэн унагахын зорилгоор массыг бэлтгэх, өдөөн түлхэхээс аваад альтернатив сонголт бүхий нийгэм-улс төр, үзэл суртлын тогтолцоог сонирхох сонирхлыг өдөөх хүртэл янз бүрийн хэлбэрээр илэрч болно. 
 
Бодит байдал дээр уг үйл явц нь онолын ухамсрын хүрээнээс үзэл суртал, улс төрийн тэмцлийг ердийн ухамсарын түвшин лүү буулгах явдал юм. Гэхдээ тэдгээр нь шинжлэх ухааны  шалтгаан, логик нотолгоо, эсвэл оюун ухамсар, баримт судалгаанд бус харин иррационал үзэгдэл рүү түлхүү ханддаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөл, инстинкт (үндэстний бахархах үзэл, амин ашиг сонирхол, их гүрний сэтгэлгээ, нийгэм, үндэстний өөрийгөө хамгаалах зөн), хуучин заншил (арьстны болон үндэстний), хардалт болгоомжлол (уламжлалт түүхэн шинж чанартай)-той голлон харьцдаг гэсэн үг. Үүнээс үүдэн “лалын аюул”, “луугийн түрэлт”, “даяаршлын гай”, “их гүрнүүдийн хуйвалдаан” гэх мэт янз бүрийн үзэл суртлын шинжтэй домог үүсч байдаг. 
 
Аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөний үеийн салшгүй бүрдэл болох “сэтгэл зүйн дайн” нь дайсныхаа талд буй жирийн иргэд хийгээд цэрэг дайчид руу чиглэсэн “тусгай суртал ухуулга” байдлаар илэрч байдаг. Энэ нөхцөлд энэ нь цэрэг-улс төрийн сэтгэл зүйн арга хэрэгсэл болдог. 20-р зууны хувьд тодорхой хугацаанд нууцын зэрэглэлтэй явж байгаад олон нийтэд нээлттэй болсон сэтгэл зүйн 2 том төсөл бий. Нэг нь 1943 онд америкийн ТТГ-ын даалгавраар хийсэн А.Гитлерийн сэтгэл зүйн зураглал бөгөөд 1972 онд сая нэг хэвлэгдсэн гэнэ. Нөгөө нь 1960-аад онд мөн л АНУ-ын тусгай байгууллага боловсруулж нэр нь өдгөөг хүртэл тодорхойгүй үлдсэн сэтгэл судлаачийн ахласан “Кеймлот” төсөл юм.
 
“Кеймлот” (keymlot) төслийн зорилго нь капиталист бус дэглэмтэй “гурав дахь ертөнц”-ийн орнууд дахь улс төрийн хүчнүүдийн талаар мэдээлэл цуглуулах явдал байсан аж. Үүний тулд хүчирхийллийн үр дагаврыг урьдчилан таамаглах буюу хорлон сүйтгэх арга хэмжээ явуулах эсвэл босогчдоос барууныг дэмждэг засгийн газруудыг хамгаалах гэсэн зорилтыг өмнөө тавьжээ. “Кеймлот” хамгийн эхлээд Чилийн С.Альендийн засгийн газар луу анхаарлаа хандуулжээ. Америкийн засгийн газар түүнээс татгалзаж буй тухай цуурхлыг сонин хэвлэлээр тараажээ. Үүгээр зогсохгүй цэргийн эргэлт хийх зохион байгуулахад шууд дэмжлэг үзүүлэн, энэхүү ажиллагааны үед С.Альенде суманд өртөн 1973 онд таалал төгссөн юм. 

“Agile” ажиллагаа нь Вьетнамын дайны үед босогчдын эсрэг арга хэмжээний үр нөлөөг судлахад чиглэсэн төсөл юм. Вьетнам дахь америкуудын цэрэг, улс төрийн үйл ажиллагааны сэтгэл зүйн үр дагавар, эсэргүүцэл, нэгдэл нягтралын механизм, хойд Вьетнамын коммунистуудын сэдэлд дүн шинжилгээ хийх зорилго тавьжээ. Үүний үр дүнд Ардчилсан Вьетнам улсад олон нийтийг хамарсан бөмбөгдөлт хийвэл сэтгэл зүйн сөрөг үр нөлөө үзүүлэх хандлагатайг мэдээд, уг дүн шинжилгээн дээр тулгуурлан АНУ-ын ерөнхийлөгч Л.Жонсон  бөмбөгдөх шийдвэрээ гаргасан гэдэг. Гэвч тэд бөмбөгдөлтийн талаар америкийн нийгмийн санаа бодол, вьетнамын хүн амын болзошгүй хариу үйлдлийг алдаатай тооцсон болох нь дараа тодорхой болсон ажээ. 

Энх цагт өрсөлдөгчтэйгөө зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй үед сэтгэл зүйн дай нь улс төрийн мөргөлдөөний гол бүрдлийн нэг болж байдаг. Энэ тухай дэлхийн 2-р дайнаас хойш өрнөсөн “хүйтэн дайны” үед өрнө дорнын хооронд үүсч байсан суртал ухуулга, сэтгэл зүйн дайны тухай хангалттай жишээ бий.

Сэтгэл зүйн дайны арга хэрэгсэл
Ерөнхийд нь 3 хувааж болно.
“Сэтгэл зүйн шахалт үзүүлэх”. Янз бүрийн бодол санааг хослуулан (ишлэл үгээр гуйвуулан эхэлж, байхгүй эх сурвалж ашиглан төгсгөх гэх мэт) нэр хүндэд нь халдах, ямар нэг хуурамч сэдвийг олон удаа давтах, объектив, тодорхой мэт харагдуулахын тулд тоо баримтаар “тоглох” буюу манипуляци хийх, “драмчилсан нөлөө” зэрэг эффектэд тулгуурлан зурагт материалын цуглуулга бэлтгэх, суртал ухуулгын шинжтэй “зурагт хуудас”-аар айлгах зэрэг мэдээллийг ухамсартайгаар үнэлж цэгнэх чадварыг саармагжуулах, сэтгэл зүйн тааламжгүй байдалд оруулахад чиглэсэн бусад аргуудыг хэрэглэдэг байна.
 
Сэтгэл зүйн шахалт үзүүлэх эдгээр арга нь  өргөн хүрээтэй, массын хамарсан завсаргүй, улаан цайм байгаа тэр нөхцөлд үр дүнтэй байдаг гэдгээс үүдэн  фашист германы суртал ухуулгын сайд байсан хүний нэрээр “геббельсийн суртал ухуулга” гэж нэрийдэх болсон аж. Тухайлбал хүйтэн дайны ид халуурлын үеэр буюу 1975 онд баруун германы “Франкфуртер рундшау” сонин 2 сарын туршид 4 дугаарт дараалуулан зөвлөлтийн цэргийн хүчийг өсгөсөн байдалтайгаар мэдээлж байсан аж (11 сарын 8 дугаартаа 13500 танк, 12 сарын 12-ны дугаартаа 15500 танк, мөн сарын 16-нд 16000 танк, маргаашийнх нь дугаарт 17мянган танк европт нэвтэрсэн гэж мэдээлж байжээ). Үүнтэй нэг зэрэг “барууны танкны” тоог дарай 5-6 мянгаар бууруулж хэлж байсан гэдэг.

“Ухамсарт далдуур нэвтрэх”. Энэ нь хөгжим, цугаа цэнгэлийн нэвтрүүлэг, кино болон моод загвар (ялангуяа улс төрийн билэгдэл бүхий хувцас, ахуйн эд зүйл, аялал жуулчлал, амралт) зэргээр дамжуулан хүсч буй улс төрийн үнэт зүйл, массын соёлын стандартыг түгээх, амьдралын өөрийн гэсэн дүр төрхийг сурталчлах явдлаар илэрнэ. Үүний тулд улс төрийн өрсөлдөгчийн талаар албан ёсны суртал ухуулгын сүлжээ үүсгэх, массыг хамарсан цуурхал, улс төрийн онигоо, “хуурамч” ардын аман зохиол, зүйр үг, хэлц үг зохион олон нийтэд цацах зэрэг аргуудыг ашигладаг. 

Уг аргыг мөн “социологийн суртал ухуулга” гэх ойлголттой нэгтгэж, энэ хүрээнд амьдралын эрхэмлэж буй эерэг таатай гэх элемент бүрдлийг боломжит холбоотон хийгээд өрсөлдөгчийн аль алинд нь байнгын далд ухамсрын хэлбэрээр халдаахад чиглэдэг. Үзэл суртлын шинж тэмдэг, улс төрийн зорилгыг нь хасчихвал уг суртал ухуулга нь стратегийн хувьд тун үр дүнтэй байдаг. Хүмүүсийн эрх ашиг,  хэрэгцээг өдөөхийн зэрэгцээ үйл байдлыг тодорхойлогч урт хугацааны хүчин зүйл болдог байна. Нийгэм-улс төрийн янз бүрийн хүчнүүдэд нөлөө үзүүлэх, нарийвчлан төлөвлөн чиглүүлэх үндсэн дээр уг суртал ухуулга нь нөлөөллийн дэс дараалсан үе шатуудаар дамжин улам бүр “цэцэглэн” өргөжиж байдаг ажээ.

Логикийн хуулийг гуйвуулах, зөрчих арга. Шалтгаан үр дагаврыг өөрчлөн солих, тавтологи хийх, нотолгоогүй үндэслэл дэвшүүлсэн дүгнэлт хийх, хуурамч харьцуулалт, гол утгыг авч хаях зэрэг олон арга техникийг хэрэглэнэ. Сэтгэл зүйн дайны ийм төрөл нь дээрх маягийн өгүүлэмжид шууд итгэдэг, рационал дүгнэлт өгөх чадвар сул нийгмийн бага боловсролтой давхаргатай харьцах үед нилээн үр дүнтэй байдаг гэнэ. Хөгжиж буй орнууд дахь колоний эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнүүд хуурамч социалист суртал ухуулгыг анхандаа амжилттай ашиглаж байсан аж. Хүн амын зарим хэсгийг өөртөө татаж чадсан ч хожим нь тэд хүмүүст нөлөөлөх уг аргынхаа зарчмын шинжтэй дутагдлаас болж хоорондоо зөрчилдөж эхэлсэн байна.
 
Дээр аргууд нь хүн амын мэдээлэлжсэн байдал, ухамсрын төлөвшлийн хэмжээгээр үр нөлөө нь хязгаарлагдаж, тактикийн шинжтэй, үр дүн нь түр зуурын чанарыг агуулах болсоныг хэлэх хэрэгтэй.
 
Орчин үед мэргэжилтнүүд сэтгэл зүйн нөлөөллийг хэд хэдэн төрөлд авч үзэх болсон байна.Үүнд:
1) Мэдээлэл-сэтгэл зүйн,
2) Психоген нөлөөллийн,
3) Психоаналитик арга,
4) Нейро-лингвистикийн арга,
5) Психотрон,
6) Психотроп.
 
Сэтгэл зүйн дайн улс төрийн тэмцлийн бие даасан аспект биш юм. Харин улс төрийн харилцааны системийн нэг бүрдэл хэсэг болж байдаг. Иймээс сэтгэл зүйн хүчтэй нөлөөллийн дор оршдог уг системд түүний арга хэрэгслүүдийн бүхий л элементийг ашиглаж болно. Тухайн үедээ АНУ Японы Хиросима, Нагасаки хотууд дээр хаясан цөмийн бөмбөг нь цэрэг дайны зорилгоосоо гадна япончуудад төдийгүй зөвлөлтийн удирдагчид руу чиглсэн сэтгэл зүйн зорилго давхар агуулж байсан юм. Хожим “цөмийн шантаж” нь зэвсэглэлээр хөөцөлдөх аюулаасаа илүүтэй сэтгэл зүйн дайн зорилгоор өргөн ашиглагдах болсон билээ.
 
Улс төрийн харилцаанд сэтгэл зүйн дайн гадаад төдийгүй дотоод улс төрийн үйл явцад өргөнөөр ашиглагдаж байдаг нь тодорхой. Гадаад улс төрийн бодлогын салбарт энэ нь  нөлөөллийн бусад арга хэрэгслүүдтэй хоршин дайсныхаа эсрэг чиглэсэн сэтгэл зүйн үр нөлөө бүхий суртал ухуулга болон ашиглагддаг байна. Өрнөдөд сэтгэл зүйн дайны чиглэлээр батлан хамгаалах салбарт болон төрийн бусад салбарт энэ чиглэлээр дагнан ажилладаг тусгай бүтэц аппарат хэдий нь бий болсон бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, суртал ухуулгын чиглэлээр зөвлөмж боловсруулах, стратеги сэтгэл зүйн ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх, ажиллагааны үед тодорхой “тусгай төсөл” санаачлан хэрэгжүүлэх ажлыг хариуцан явуулдаг байна.
 
Дотоод улс төрийн талбарт улс төрийн өрсөлдөгчийнхөө эсрэг чиглэсэн суртал ухуулга төдийгөөр хязгаарлагддаг хэдий ч заримдаа энэ нь үлэмж нарийн төвөгтэй, иж бүрэн шинжтэй үйл ажиллагаа байх нь олонтаа. Гол төлөв сонгуулийн кампани, засгийн эрхийн төлөө тэмцлийн үед хүчтэй илэрдэг. Улс төрийн өрсөлдөгчдийгөө сулруулах, улс төрийн сөрөг хүчний удирдагчдын нэр хүндийг унагах, гутаахад чиглэсэн улс төрийн янз бүрийн үйлдлээр уг сэтгэл зүйн дайн илэрч байдаг. Орчин үед уг үзэгдлийг хар PR хэмээх ойлголтын хүрээнд түлхүү авч үзэх болсон байна.

No comments:

Post a Comment