2011/04/27

ОЛНЫ СЭТГЭЛ ЗҮЙ

Бөөгнөрсөн олны (crowd, толпа гэх ойлголтыг олон, цугларсан олно гэдэг үгээр орлуулвал утгаа авна гэж үзэв. Монгол хэлэнд нэг мөр болж одоо хүртэл орчуулагдаагүй байна.) сэтгэл зүйн асуудал нь нийгмийн шинжлэх ухаан ялангуяа сэтгэл судлал, улс төр, социологийн ухаан хөгжсөн өрнөдийн орнуудад нарийн судлагдсан бөгөөд ардчилсан шинэчлэл, шилжилтийг хийж буй манай орны хувьд уг үзэгдлийг судлах нь онолын төдийгүй практик чухал учир холбогдолтой асуудал юм. Уг ойлголтын хүрээнд “массын хийрхэл”, “олныг хамарсан үймээн самуун”, “бослого хөдөлгөөн”, “шинэчлэлийн төлөө хөдөлгөөн”, “хувьсгалт үйлдэл” зэрэг нийгэм-улс төрийн шинж чанартай олон үзэгдлийг авч үзэж иржээ. 


Америкийн сэтгэл судлаач С. Милгрэм (S. Milgram) Г. Тох (Н. Toch) нарын “Хамтын зан үйл: цугларсан олон ба нийгмийн хөдөлгөөн” (Collective Behavior: Crowds and Social Movements) бүтээлд “Цугларсан олон гэдэг нь жагсаал цуглаан, бөөгнөрөн овооролт, үймээн, нэг дор буй үзэгч сонсогч зэргээр маш олон янзын төлөв байдлаар илрэх хүмүүс нэг дор цугларсан нөхцлийг оноон нэрлэсэн ойлголт юм”. Хүмүүс орон зайн хувьд ойр шахуу байх нь тэдний зан байдалд нөлөө үзүүлж, улмаар уг үзэгдлийн хувьд ерөнхий адил зүй тогтол үйлчилж эхэлдэг аж.
 
Сэтгэл зүйн үүднээс цугларсан олон гэдэг нь ерөнхий ухамсарт зорилгогүй харин сэтгэл хөөрөлд автсан, зохион байгуулалтгүй (эсвэл зохион байгуулалтаа алдсан) хүмүүсийн бөөгнөрөл гэж эхний ээлжинд тодорхойлж болно.  Гэхдээ энэ нь цугларсан олон түмэн бий болох буюу түүний үйлдлийн процесс ямар нэг зохион байгуулалттайгаар эхлүүлсэн субъект, хүчнийг ор үгүйсгэсэн хэрэг биш юм. Харин ч нийгмийн практикт цугларсан олныг арга хэрэгслээ болгон ашиглах явдал цөөнгүй байдаг.
 
Цугларсан олныг зан үйлийн шинж чанараар нь идэвхтэй ба идэвхгүй хэмээн ангилж болно.
 
Америкийн сэтгэл зүйчид цугласан хүмүүсийн тооноос хамааран явуулын хүмүүс хэрхэн анхаарал нь ханддаг талаар сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд 1-5, 10, 15 хүнтэй бүлэг үүсгэж, байшингийн нэг цонх руу бүгдээрээ нэгэн зэрэг харсан байдлаар зогсоожээ. Ажиглалтаар нэг хүн ийнхүү зогсож буй нөхцөлд явуулын хүмүүсийн 4.05% нь тэр зүг рүү анзаарч байсан бол 15 хүнтэй үед энэ хувь даруй 39.98% болтлоо өссөн байна. Энэ нөхцөлд ямар нэгэн сэтгэл хөдлөлийн нөлөөлөл үйлчилгээгүй, санамсаргүй үүссэн цугларсан хүмүүсийн нэг удаагийн үйлдэл байсан юм.
 
Харин хүчтэй сэтгэл хөдлөлийн цэнэгтэй, тэр нь нөхцөл байдлаас хамааран залж чиглэгдэж байгаа бол түүний идэвтэй олон гэж үзэж болно. Үүний нилээн аюултай хувилбар бол түрэмгий шинжтэй олон юм. Түрэмгий буюу агрессив олон нь тулгарсан нийгмийн асуудлыг хүчирхийллийн замаар  шийдвэрлэхийг оролддог, энэ үедээ тэд үйлдлийнхээ рационал чанараа алдаж, ямар ч тохиолдлын объект руу уур бухимдлаа гаргах, мухардсан мэт (frustration) сэтгэхүйд автсан байдаг гэнэ.
 
Харин аврах арга зам, хэрэгслийг хэрхэн сонгох нь тодорхойгүй, хязгаарлагдмал болсноос үймээн сандралд орсон нөхцөлд аврал эрсэн олон гэж нэрлэж болно. Тухайлбал, үзвэр үйлчилгээний газар гал гарах үед цугларагсад айдаст автсанаа болж хүмүүс иррационал үйлдэл хийхэд хүрэх нь олонтаа.
 
Тэрчлэн нөхцөл байдлаас үүдэн материаллаг зүйлс хулгайлах, дээрэмдэх байдал руу орсон хүмүүсийн бөөгнөрлийг булаагч олон гэж нэрлэж болно. Энэ тохиолдолд тэднийг “эрүүгийн элемент” гэж мөрдөн мөшгөдөггүй. Учир нь үймээн самууны үед хүмүүсийн зан байдалд хийсэн дүн шинжилгээгээр тодорхой нөхцөлд байдалд ёс журамтай хүмүүс хүртэл хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй мэт санагдаж улмаар дээрэмчин олон болж хувирдаг байна. Улмаар өөрийн үйлдлээ зөвтгөх буюу рационалчлал (“тэртээ тэргүй алга болох байсан зүйл”, “би аваагүй бол өөр хэн нэгэн нь авч л таарна шүү дээ”, “эд хөрөнгийн эзэн үхэж байна гэж харагдсан” гэх мэт)-д гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх явдалтайгаа эвлэрсэн сэтгэл зүйн механизм үйлчилж байдаг. Энэ мөн л цугларсан олны үзэгдэл юм.  
 
Цаашлаад нийгмийн ямар нэг эсэргүүцлээ илэрхийлэх зорилгоор цугларсан хүмүүсийг жагсагч олон гэж нэрлэж болно. Энэ тохиолдолд уг цугларалт нь улс төрийн ч, сэтгэл зүйн ч утгыг давхар агуулж байдаг.
 
Судлаачид цугласан олны үзэгдлийг урт хугацааны, нөхцөл байдлын шинжтэй гэж 2 ангилан үздэг. Эхнийх нь нийгэмд түгшүүрт байдлыг бий болгодог харьцангуй урт хугацааны үйлдлүүд нь эдийн засаг, улс төр, социал  болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалан мухардмал, цөхрөнгүй, аргаа барсан байдал руу түлхдэг байдаг. Дарангуйлсан дэглэмд уг мэдрэмж ямар нэгэн массын тэр тусмаа хүчирхийллийн шинжтэй үйлдлийн хэлбэрээр бухимдлаа тайлах аргаа олохгүй нөхцөлд энэ нь урт хугацаанд далд хэлбэрээр хадгалагдаж, улмаар нийгэм ноомой гөлгөр (apathy), эмгэгтэй (anomie) байдалд шилждэг байна. Гэхдээ ямар нэг тааламжтай, хамгийн эхний завшаан бололцоо бүрдэнгүүт нийгэм тэсрэлтэт нөхцөл байдал руу хурдтайгаар шилжиж, түрэмгий олон болж хувирах хандлага төдий хэрээр өсдөг аж.
 
Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болох нөхцөл байдал ардчилсан замаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх туршлагыг багтаасан улс төрийн соёлын хөгжлийн түвшин, тэрчлэн үндэстний түүхэн уламжлалын онцлогоос хамаардаг байна. Үүнийг томъёонд оруулвал:
 
МТ=ХБТ/ХТ. МТ бол олон түмнийг хамарсан эмх замбараагүй байдлын магадлалын түвшин, ХБТ нь нийгэм эдийн засгийн асуудлын хурцадмал байдлын түвшин, ХТ бол улс төрийн соёлын хөгжлийн түвшин юм.
 
Цугларсан олны үзэгдлийн мөн чанар, онцлогийг судлана  гэдэг нилээн бэрхшээлтэй ажил юм. Учир нь тэдгээрийн тохиолдлын шинж чанар, тоон ба чанарын тодорхойгүй байдал, гэнэтийн, урьдчилан таамаглах боломжгүй явдал нь нарийн төлөвлөгөөний дагуу судалгаа явуулах бололцоог хязгаарлаж байдаг. Судлаачид уг үзэгдлийг судлахын тулд түүхэн баримт, кино бүтээл, сонин хэвлэл дээрх мэдээ баримт болон гэрчийн ярилцлага зэрэг аргуудыг ашигладаг. Тэрчлэн 2 дахь эх сурвалж, прожектийн арга, туршилт судалгаа, олны үйл байдлын загварчлал зэрэг аргуудыг хэрэглэдэг байна.
 
Олны нийгэм-сэтгэл зүйн онцлог
Массын буюу олны сэтгэл зүйн талаар анхны онолын үзэл баримтлалыг 19-р зууны сүүлээр францын социологч Г. Лебона (G. Le Bon) “Олны сэтгэл зүй” гэх бүтээлээрээ өгөхийг оролдсон юм. “Олон бол хуй салхинд дээш дэгдэн хөөрч, тал тал тийш хийсч удалгүй газарт унах навчистай адил юм”.
 
Лебоны үзэж буйгаар хүн бол мэдрэмжийн нөлөөн дор бүрэлдсэн, үеэс үед удамшсан төрөлхийн төсөөлөл, олдмол буюу оюун ухааны гэсэн 2 төрлийн төсөөллөөр амьдрлаа залж чиглүүлж явдаг. Нийгмийн үнэт зүйл, итгэл үнэмшил, хүсэл эрмэлзлийг өөртөө тээдэг ухамсарт бие хүн гэх ойлголтыг үгүйсгээд, хүн чухамдаа инстинктдээ захирагддаг, ямар нэг “арьстны амин сүнс”-ийг тээгч, олны идэвхгүй хэсэг юм. Цугласан олны иррационал чанарыг эс тооцвол тэр нийгмийн ашиг сонирхлыг ойлгон илэрхийлж байдаг. Олон дунд буй аливаа хүн эрс хувиралд орж, хувь хүний чанар, өөрийөө хянах хяналтаа алдаж, улмаар “олны сэтгэл зүйн нэгжийн хууль”, болхи иррационал “хамтын ухамсар”-т захирагдаж эхэлдэг байна. Лебоны үзэл дээр тулгуурлан дараах цугласан олны шинж чанарыг гаргаж болно.
-    Цулгасан олон хэмээх үзэгдэл  нь сэтгэл зүйн илрэл, үйл байдлын хувьд нэг түвшинд буюу ухамсрын тэгшитгэлийг бий болгодог. Иймээс олон дунд буй хүмүүс нэг төрлийн болдог байна. Энэхүү хамтын ухамсаргүйдлийн үзэл санаа нь хүмүүсийн хувийн шинж чанараас даваж, түүнийг дарж үгүйсгэн, улмаар адил ухамсаргүй төсөөлөлд нийтээр захирагдаж эхэлдэг.
-    Цугласан олны оюун ухамсар түүнийг бүрдүүлж буй хувь хүмүүсийнхээс үлэмж доогуур байдаг. Олон нь анхаарал нь хурдтайгаар шилжиж, хамгийн үл итгэм цуурхалд хүртэл хялбархан хүлээн авч, ямар нэг лидерийн үг яриа, уриа лоозонгийн нөлөөнд амархан автдаг.
-    Олонд дунд буй хүн жирийн үед санаанд нь ч үл буух хатуу харгис үйдлэл, хүчирхийлэл, эвдлэн сүйтгэх сэдэлд автахдаа хялбар.
-    Олон хурц сэтгэл хөдлөл, тэвчээргүй чанар өндөртэй.
 
Лебон цугласан олны дээр дурьдагдсан шинж бий болоход нөлөөлдөг “ үндсэн механизмыг авч үзсэн байдаг.
1.    Аноним буюу эзэнгүй байдал.  Нэг талаас энэ нь бөөгнөрөлд оролцож буй үлэмж тооны хүмүүсийн оролцоо хувь хүмүүст ялагдашгүй байдал, хүч чадлын мэдрэмжийг өгдөг байна. Нөгөө талаас ямар нэг “хаяггүй”, эзэн биегүй байдал нь хүмүүсийг хариуцлагын мэдрэмжээ алдахад хүргэж, хүн бүр бүхий л үйлдэл нь түүнд бус эзэнгүй олонд нялзан замхрана гэх үүднээс хандаж эхэлдэг. 
2.    Халдвар. Хүмүүсийн сэтгэл зүйн байдал нэгээс нөгөөд халдварлан тархдаг.
3.    Итгэмтгий гэнэн байдал. Олны үйл байдал нь ямар нэг үйлдэлд уриалсан уриалга, өдөөлтөд дорхноо татагдаж, өөрийн ухамсар, зан авир, дадал зуршлаасаа эсрэг төлөв байдалд шилждэг.

Лебоны үзэл санаа өнгөрсөн зууны 50-60-аад онд шүүмжлэлт өртөж, арьсны үзэл, иррационал олны үйл байдалтай улс төрийн зохион байгуулалттай үйлдэл холилдсон чанар, ухамсраас дорд “хамтын ухамсаргүйдэл” зэрэг ойлголтуудад өөр өнцгөөр авч үзэж эхэлсэн байна. Гэхдээ түүний ажиглалт, үзэл санааны учир холбогдол өдгөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй юм.
 
Психанализын үзэл баримтлал. З.Фрейдийн үзснээр либидо буюу бэлгийн чөлөөлөгдсөн энерги нь сэтгэцийн ухамсаргүйдлийн механизмын тогтолцоог зохицуулж чиглүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн, хүмүүсийн хоорондын бүхий л харилцаа нь либидолог шинжтэй гэдгээр асуудлыг тайлбарлахыг оролдсон. Фрейд либидолог дур хүсэлт харилцаа, өөртөө дурлах хандлага (нарциссизм) гэх ойлголтоор олны зан байдлын механизмыг тайлбарлахыг зорьсон байна. Үүнд хүмүүсийн ухамсаргүй либидо мэдрэмжид чиглэсэн цугларсан олны лидер шийдвэрлэх үүрэгтэй аж. Лидер тэдний хувьд “эцгийн” үүрэг гүйцэтгэдэг. Лидертэйгээ цугларсан олны адилсах механизм нь тэдгээрийг хувийн “супер-его”-с татгалзахад хүргэж, уг үүргээ лидерт шилжүүлдэг байна.  

Улмаар тэд түүний шийдвэрээс бүрэн хамааралтай болж, бүхий л тушаал зааврыг нь биелүүлэхэд бэлэн болдог. Энэ нь хувь хүмүүсийн “тэгшитгэл”, олны “нэг төрөл” болох байдал тэрчлэн хүмүүс хувь хувьдаа хийх боломжгүй байсан зүйлийг хийнх бололцоог хүмүүст олгодогоор тайлбарлагдана. Лидер гэдэг нь бодит хүн байхаас гадна Христос, Будда, Чингис зэрэг билэг тэмдэг бүхий фигур эсвэл зүгээр ямар нэг зүйлд уриалсан энгийн уриа лоозон ч байж болно. 

Фрейдийн үзэл санааг Е. Мартин (Е. Martin), Ф. Редль (F. Redle), И. Джанис (I. Janis) нар цаашид задлан авч үзэж өөрсдийн үзлээр дэлгэрүүлэн баяжуулсан юм. Тэд үзэл суртал, улс төрийн уриа лоозонгор халхавчилсан чухамдаа нийгмийн эсрэг (antisocial) дүр хүсэл нь олны цугларалтын шалтгаан болдог тухай болон хүүхэд цагийн эцэг эхээ алдах айдсын мэдрэмж нь хэн нэгэн хүнийг тухайлбал  лидер удирдагчийн хамааралд ороход хүргэдэг байдлаар тайлбарлахыг оролдсон юм. 

Бихевиорист үзэл баримтлал. 1930-аад онд Ж.Доллард (J. Dollard) и Н.Миллер (N. Miller) нар аргагүйдсэн байдлын (frustration- ямар нэг хэрэгцээ, хүсэл нь хангагдах боломжгүй байдал) үзэл баримтлал дээрээ тулгуурлан олны үзэгдлийг тайлбарлах онолоо гаргаж иржээ. Нийгмийн, хүмүүсийн мухардмал байдал нь түрэмгий байдал руу хөтөлж байдаг. Аливаа түрэмгий шинжтэй ажиллагааны ард заавал аргагүйдсэн байдал нуугддаг аж. Энэхүү аргагүйдсэн байдлын тухай үзэл санаагаар массын эсэргүүцлийн үзэгдлийг тайлбарлан авч үзэх бүрэн боломжтой гэж тэд үзжээ.

Олны үйл байдлын сэтгэл зүйд халдварын механизм хэмээх ойлголт түлхүү хэрэглэгддэг. Уг ойлголтын хүрээнд хүмүүс нэгээс нөгөөд нүүрний хувиргал, дохио зангаа болон бусад хэлбэрээр дамжуулан сэтгэл хөдлөлөө “халдааж”, улмаар дотоод инстинктээрээ адилхан сэтгэл хөдлөлтэй болж эхэлдэг байна.

Судлаач Ф. Олпорт (F. Allport) “цагирган хариу үйлдэл” гэх санааг дэвшүүлээд хувь хүн олон дунд буй бусад этгээдэд өөрийн зан үйлдлээрээ түлхэц үзүүлэхийн зэрэгцээ бусдын хариу үйлдлийг харж сонсож байдаг бөгөөд үр дүнд нь түүнээсээ илүү идэвхтэй байдал руу өөрийгөө өдөөж эхэлдэг. Улмаар олны хөөрөл, сэтгэл хөдлөлт завсаргүй өсөхөд хүргэдэг байна.
 
Халдварын онолоор жирийн хүмүүс олон дунд орохоороо хэвийн бус зан төлөвт шилждэг тухай авч үздэг бол конвергенцийн онолоор цугларсан олонд угаасаа ерөнхий шинж, онцлогтой хүмүүс цуглардаг байдлаар асуудлыг тайлбарладаг. Жишээ нь, түрэмгий олонд анхнаасаа түрэмгий харгис зан чанартай, нийгмийн эсрэг сэдэл, үйлдэл хийх хүсэл санаархал бүхий хүмүүс цуглардаг байна. Халдварын болон конвергенцийн онол нь олны сэтгэл зүйн механизмыг тун хялбарчлан тайлбарладаг тул асуудлыг өөр өнцгөөр авч үзсэн бусад үзэл санаанууд ч бий.

Цугласан олны бүтэц хэлбэр
Хэрэв нисдэг тэргээр хийсэн ажиглалт, бичлэгээр цугласан олон нь гол төлөв цагираг хэлбэр үүсгэх (байшиг барилга, бусад объект саад болоогүй бол) байдлаар бөөгнөрнөдөг байна. Энэ үед хүмүүсийн идэвхээс хамаарч, нэг хэсэг хүмүүс төв рүү тэмүүлсэн бол нөгөө хэсэг нь төвөөс зах руугаа чиглэсэн  шинжтэй хөдөлгөөн үүсгэж байдаг аж.
 
Харин олны хил хязгаар нь нарийн илэрхийлэгдэхүйц ба бүтэцжээгүй, хаалттай ба нээлттэй байж болно. Мөн л хүмүүсийн сонирхол, хүслээс хамаарч хөдөлгөөнт чанарыг агуулж байнга өөрчлөгдөж байдаг.
 
Цугласан олонд хүмүүсийн түр зуурын холбоо хамаарал, явцуу сонирхлоос үүдэн дотроо бүлэг, дэд бүлэгт хуваагдсан дотоод бүтцийг үүсгэж байдаг. Тэрчлэн зөрчилт бүлгүүдээс үүдэж массын эмх замбараагүй байдал руу ч түлхэж болзошгүй.
 
Цуурхал бол цугласан олны хувьд мэдээлэл солилцох, дамжуулах өвөрмөц арга зам төдийгүй ерөөс олны үзэгдлийн салшгүй онцлог болж байдаг. Цуурхал нь хүмүүс баримжаа авах, шийдвэр гаргах, үйл ажиллагааны зорилго, арга зам, хэм хэмжээг хэрхэн цаашид бүрэлдэхийг чиглүүлж өгдөг.  Г.Олпорт (G. Allport), Л.Постмэн (L. Postman) нар цуурхлын зүй тогтлыг (бий болох магадлал, тархах хурд, далайц, олон түмэнд үзүүлэх нөлөөлөл) томъёолох гэж оролдсон байна. 
 
Цуурхлын эрчимжилт = сонирхох байдал Х тодорхойгүй байдал. 

No comments:

Post a Comment