2011/04/25

ЦУГЛАРСАН ОЛНЫ ҮЙЛ БАЙДЛЫН ЗАГВАРЧЛАЛ

Аризона их сургуулийн (Arizona State University) эрдэмтэд  цугларсан олны (crowd, толпа) гаргах зан байдлын хувилбарыг их бага хэмжээгээр урьдчилан хэлж болохуйц компьютерийн загвар (Modeling Crowd Behavior) бүтээснээ мэдэгдсэн байна.
 
2006 оноос эхэлсэн уг судалгааны төслийн удирдагч Пол Торренсын мэдэгдсэнээр хот суурин газарт нэг дор цугларсан олон түмний үйл байдлын янз бүрийн сценари (олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэмт хэрэг, хүчирхийлэл, онцгой болон аюултай нөхцөл байдал, хүн амыг авран хамгаалах ажиллагаа гэх мэт) зохиох, нийгмийн хандлагатай болон нийгмийн эсрэг хандлагатай олны нэгийгээ дуурайх, бусадтайгаа харилцах, цугласан олныг удирдах механизм, хүний үйл байдлыг загварчлахад чиглэсэн ажлын талбар бүтээх явдал судалгааны гол зорилго байсан гэж хэлжээ. 

Тэрчлэн тайван байсан олон ямар нөхцөл байдалд хүчирхийлэл үйлдэхэд уруу татагдсан түрэмгийлэгч олон болж хувирдаг талаар асуултад хариулахыг зорьсон байна. Гэхдээ тус тусдаа хүмүүс, тэдгээр нь өөр өөрийн амьдралын туршлага, оюун ухаан, ёс суртахууны хандлагатай нэг дор цугларсан хүмүүсийн үйлдлийг тодорхойлно гэдэг тун амаргүй, нарийн төвөгтэй ажил юм. Иймээс цугларсан хүмүүсийн компьютер загварчлал хийх нь зарчмын хувьд бараг тун хэцүү зорилт гэж хэлж болно.  

Ямар ч гэсэн тэдгээр эрдэмтэд цугларсан хүмүүсийн үйлдлийн талаар онолуудыг шалгах зорилгоор компьютерийн тусгай програм ашиглан олон зуун “бие хүмүүс”-ээс бүрдсэн хүн ам бүхий хиймэл “хот” бүтээж, туршилтаа явуулсан байна. “Бие хүн” бүр нас, хүйс, биеийн хөдөлгөөн зэрэг хувийн шинж онцлогтой, тайван байдал, хөл үймээн үүсэх, сандралд орох гэх мэт хамтын сэтгэл хөдлөлийн үед тодорхой үйлдэл хийхээр програмчилсан байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийг үнэлж цэгнэн өөр өөрийнхөөрөө үйлдэл хийдэг кибер хүмүүс бүтээжээ.
 
Ингээд өөрсдийн туршилтын эхний үр дүнг танилцуулжээ.
1.    Цугларсан олон вербал бус замаар (нүүрний хувиралт, дохио зангаа, хөдөлгөөн гэх мэт) мэдээллийг маш хурдтайгаар солилцдог.
2.    Зөвхөн нэг хүний үйлдэл нь бусад бүх цугларсан хүмүүсийн зан байдалд нөлөөлөх чадвартай. (Жишээлбэл, хүн гэнэт зогсох, ухасхийх үйлдэл хийх тохиолдолд тойрон бүчсэн бүхий л хүмүүс даган дуурайж, хүмүүсийн “давалгаа” үүсдэг байна.)
3.    Хүмүүс бөөгнөрөн цуглах үед, тэнд буй хүмүүсийн ихэнх нь нийгмийн эсрэг чиглэсэн үйлдэлтэй болж (antisocial) хувь хүмүүс болж хувираад зогсохгүй хуулинд бүрэн дуулгавартай ханддаг иргэд хүртэл хууль зөрчиж эхэлдэг байна (дэлгүүр тонох, чулуу шидэх). Эсрэгээр  гэмт хэрэгтэн, хүнд гарууд цугларсан олон түмний дунд сөрөг инстинктээ барьж, сахилга баттай, эерэг зан ааштай хүмүүсийн эгнээ рүү шилждэг ажээ.  


Судлаачид өөрсдийн төслийг хүмүүсийн үйл байдлыг ажиглах ажиглалтын тусламжтайгаар цугларсан олны зан байдлын сэтгэл зүйн тухай шинэ баримт нотолгоо гаргаж ирэх, онолыг практикаар шалган турших, үйл байдлын задлан шинжилгээ хийхэд тохиромжтой багаж хэрэгсэл болж чадсан хэмээн үзсэн байна.  

No comments:

Post a Comment