2011/04/22

УЛС ТӨРИЙН БИЛЭГ ТЭМДЭГ

Дайнд эсрэг талаа буюу дайснаа дарсны хамгийн эхний илэрхийлэл нь аль нэг албан бичиг цаас биш харин дайсныхаа туг далбааг өвдөглөн буулгаж, өөрийн далбааг өндрөөс өндөрт мандуулах явдал байдаг. Туг, далбаагаа мандсаныг харсан цэрэг дайчид урамшин, улам зоригждог бол эсрэг талын этгээдүүдийн хүч аяндаа замхран арилдаг.
 
Улс төр бол билэг тэмдэг. Мэдээж бодлого боловсруулах, хууль батлах, асуудал хэлэлцэх, марган мэтгэлцэх, бүтээн байгуулах гээд бодит үйл ажиллагаанууд зөндөө бий. Гэхдээ улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс төрийн хүчнүүдийн сонгуулийн өрсөлдөөн, ялалт ялагдал, дипломат ёс, үндэсний баяр наадам зэрэг нь бүхэлдээ билэг тэмдгээр дамжин илрэх хийгээд ерөөс бүхэлдээ билэг тэмдэг л байдаг. 
 
Улс орнуудын харилцаанд аль нэг үндэстний төрийн билэг тэмдэг, сүлд далбааг гутаасан, эсвэл зориудын хийгээд санамсаргүй алдаа гарган өлгөх, байршуулсаны улмаас төвөгтэй байдал олон гарч ирсэн. Билэг тэмдэгтэй харьцан хандах нь зөвхөн нэг үндэстэн ард түмний хувьд төдийгүй олон улсын харилцаанд ч чухал асуудлын нэг мөн.
 
Улс төрийн билэг тэмдэг гэдэг нь улс төрийн үзэл суртлын ерөөс улс төрийн мөн чанарын салшгүй хэсэг болж ирсэн юм. Билэг тэмдэг бол тэмдгийн тогтолцоо, хийсвэр сэтгэлгээний илрэл юм. Улс төрийн билэг тэмдэг нь улс төрийн ил тодорхой чанар эсвэл бүр далд нууц утгын биежсэн янз бүрийн хэлбэр бөгөөд улс төрийн амьдрал, үйл ажиллагааг хэлбэржүүлэн илэрхийлэгч хэрэгсэл юм. 
 
Э. Кассирерынхаар хүн бол угаасаа “билэг тэмдгийн амьтан” бөгөөд хүн төрөлхтний бүхий л түүхийг хүрээлэн буй орчин, түүний хаос болох хэл, домог, шашин, урлаг, шинжлэх ухаан зэрэг “билэг тэмдгийн хэлбэрүүд”-ийг хүмүүс цэгцлэх замаар билэг тэмдгийн призм дундуур нэвтлэх үйл явц байсан гэж хэлж болно. “Төвөгтэй нөхцөл байдал бий болсон үед хүмүүс ямагт аргаа барсан арга зам руу хандаж эхэлдэг. Өнөө цагийн улс төрийн домог нь яг тэрхүү цөхөрсөн арга зам нь юм. Хэрэв оюун ухаан маань бидний итгэл найдлагыг зөвтгөхгүй тэр нь  засаглалын ер бусын, ид шидийн чанар болон үүрд үлдэх болно” гэж тэр билэг тэмдэгт тулгуурласан улс төрийн домгийн орчин цагийн техникээр дамжуулан засаглалын механизмын тайлбарлахыг оролдсон байна.
 
Улс орон нийгэм-улс төрийн хаос байдалд байнга байх тусам улс төрийн домгийн учир холбогдол төдий хэрээр өснө. Гэхдээ тогтвортой улс орон, тайван цагт ч домог оршин байсаар л байдаг. Учир нь улс төрийн тогтворжилт нь домгийг харьцангуй дэгтэй, шаталсан болгоход  нөлөөлдгөөр тайлбарлагдана.
 
Билэг тэмдэг нь ахуйн хийгээд ухамсрын хоорондын мөнхийн маргааны талбар бөгөөд ухамсар хийгээд материаллаг байдлын шинжийг аль алийг нь агуулж байдаг. Улс төрийн хүрээнд тэрхүү ухамсар, материаллаг байдлын билэг тэмдгийн синтез нь хүмүүний бий болгосон бодит зүйлийн ертөнцтэй засаглалын талаарх туйлын хүсэл зорилго, ойлголтыг нэгтгэх замаар бүрэлддэг аж.
 
Улс төрийн билэг тэмдгийг дараах байдлаар ангилж болно.
1.    Улс үндэстний улс төрийн билэг тэмдэг (далбаа, сүлд, төрийн дуулал зэрэг улс орон төдийгүй янз бүрийн байгууллага, бүлэглэлүүдийн ашигладаг билэг тэмдгийн хэлбэрүүд орно).
2.    Архитектурын цогцолбор (Барилга байгууламжууд жишээлбэл, Вашингтоны цагаан ордон, Хятадын цагаан хэрэм, Москвагийн Кремль гэх мэт)
3.    Хөшөө дурсгалууд (улс төрийн зүтгэлтний  хөшөө болон түүхэн үйл явдлын гэрэлт хөшөө, самбар)
4.    Мөнгөн тэмдэгт (тухайн улс орны онцлогтой холбоотой билэг тэмдэг дүрслэгдэхээс гадна улс орны улс төр, эдийн засгийн статусыг зураглан харуулах нь бий)
5.    Улс төрийн нэршил (улс орон, хот, гудамж талбайн нэршил)
6.    Зан үйлийн шинжтэй билэгдлүүд: олон улс төрийн арга хэмжээн дээр, парламентийн чуулган, төрийн тэргүүний албан тушаалдаа томилогдох ёслол, үндэсний баяр наадам зохион явуулахад тодорхой процедурын дагуу явуулдаг ёслолууд орно.
7.    Улс төрийн реклам сурталчилгаанд (уриа лоозон, зурагт хуудас, сонгуулийн хэвлэмэл хуудас, хөрөг зураг, туг далбаа) чиглэсэн зэрэг ухуулгын багтаасан үзүүлэн таниулах суртал ухуулгын билэг тэмдэг
8.    Улс төр-хөгжмийн билэг тэмдэг (зөвхөн сүлд дуулал гэлтгүй түүхэн тодорхой нөхцлийг тусгасан үндэсний болон хувьсгалын дуу, алдартай аяз зэрэг байж болно).
9.    Эдлэл хэрэглэгдэхүүний шинжтэй улс төрийн билэгдэл (үндэсний онцлогийг тусгасан хэрэглэл, объект: Америкчуудын хувьд эрх чөлөөний хонх, Оросуудын хувьд Хаан хонх, Их үхэр буу, Грект Афон уул, Шриланкад Буддийн шүд зэрэг, мөн зэвсэг, ялангуяа цөмийн бөмбөг ч сөрөг билэгдлийн утга авна)
10.    Хүн бол улс төрийн билэг тэмдэг (Нэн тэргүүнд улс төрийн лидерүүд – Чингис хаан, Линкольн, Ленин, Наполеон, Марксаас аваад домогт баатрууд болох Вильгельм Телль, Робин Гуд, Илья Муромец, зохиомол баатрууд Английн Жон Буль, АНУ-ын Сэм авга)
11.    Болзмол дүрслэлийн шинжтэй билэг тэмдэг (од, 5 хошуу, загалмай, бүргэд, арслан гэх мэт)
12.    Улс төрийн хэл (улс төрийн практикт өргөнөөр ашигладаг хэлний конструкциуд: Эрхэм ноёд, нөхөд, “Ура”, болон бусад өвөрмөц билэгдэл утга бүхий үг, бичиглэл орно.)
13.    Улс төрийн моод, загвар (ямар нэгэн хөдөлгөөний дэмжигчид өөрсдийгөө илэрхийлсэн хувцас, үйл байдал гаргах замаар илрэнэ.)
14.    Орон зай, цаг хугацааны билэгдэл (Их монгол гүрний үе, I Петрийн үе, “Зөвлөлт засгийн үе” болон хил хязгаар, нийслэл, үндэсний баяр наадам зэрэгт тусгагдана.)
 
Улс төрийн билэгдэл нь тэмдэгтийн тогтолцоо болохын хувьд заримдаа “ариун” нуур, мод, уул байгалийн үзэгдлийг багтаахаас гадна бурхан хөрөг, конвенциал буюу одон медаль, ёслолын буюу тунхаглал, чуулган мэт хэлбэрээр илэрдэг. Цаашлаад математик тоо, код улс төрийн зорилгоор ашиглагдах нь бий.  Түүхэн хөгжлийн явцад овог аймгуудын нийгмийн амьдралыг эмхлэх үүрэгтэй энгийн билэгдэл болох сүлд тотем, зан үйл нь улс төрий хэл (хууль, үндсэн хууль, хүний эрхийн тунхаглал гэх мэт) болон шилжин өөрчлөгдсөн байна. Тэр тусмаа түүхэн утгаараа “өвөг дээдсийн”-ийн билэгдэл хожмын соёл иргэншлийн хөгжлийн явцад боловсрогдсон хэлбэрээр өдгөө хүртэл ашиглагдаж ирсэн. Үүнд таван хошуу, хос загас, хас тэмдэг зэрэг бүхэл бүтэн үзэл суртал, улс төрийн тогтолцоог илэрхийлсэн билэгдлүүд нь аль эртний сурвалжтай.
 
Аливаа улс төрийн билэг тэмдгийн талаар ярианд нийгмийн улс төрийн соёлын онцлог буюу зонхилох үзэл санаа, үнэ зүйлийн талаар шүүн хэлэлцэх шаардлага давхар гардаг. Билэг тэмдэгт хандах хандлагаар дамжуулан улс төрийн соёлыг таних ажил хийж болох бол улс төрийн соёлын шинж чанараас харж билэг тэмдгийн утгыг тайлж болно. Янз бүрийн нийгмийн давхрагуудын улс төрийн билэг тэмдэг хандах хандлагын өөрчлөлтийг судлах явцад урт хугацааны туршид улс төр, соёл болон бусад төрлийн үнэ цэнэтэй мэдээллийг олж болно.
 
Билэг тэмдгийн талаар энэхүү өөрчлөлтийг судлан мөшгих нь нэг зуун жилээр тогтохгүй юм. Хэрэв улс орны “амин сүнс”, элитүүдийн төвлөрсөн илэрхийлэл болох төрийн билэгдэлд хүн амын хандах нөхцөлт харилцааны талаар хөндөхдөө энэхүү үнэлгээгээр дамжуулан ямар нэгэн үзэл суртлын үр нөлөөтэй чанар, оршин буй давхрагын дэмжлэгийн хэр хэмжээний талаар шүүн хэлэлцэж мөн болно. Тодорхой утгаар улс төрийн билэгдэл нь хүний оюуны гэхээсээ сэтгэл хөдлөлийн тал руу илүүтэй хандсан урлагийн төрөл юм. Үүний тулд рациональ ухамсарт хандах, шаардлагатай нөлөөлөл үзүүлэхийн тулд хүний сэтгэц физиологийн онцлогийг харгалзан тооцох шаардлага үүсдэг. Жишээ нь Хүмүүс хэвтээ болон босоо объектоор бүтсэн орон зайн зохион байгуулалтыг сэтгэл хөдлөлийн хэт эерэг байдлаар мэдэрч байдаг. Энэ нь сэтгэл зүйчдийнхээр хүний сэтгэл зүйн тэнцвэрт харьцаагаа хадгалахад хэрэгтэй байдаг аж. Тэрчлэн аливаа өндөрлөг зүйл нь хүнийг “уриалсан”, нилээд хүчтэй дохиог ухамсарт өгдөг байна. Иймээс том барилга, байгууламж (Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, тэнгэр баганадсан байшин) зэрэг нь ухамсарт билэг тэмдэг болон хувирдаг байна.  Энэхүү байгууламжууд руу авиран өгсөхдөө хүмүүс өндрийг ялан давж буй мэт мэдрэмж авдаг гэнэ.  Мэдээж бүтээн байгуулах нь билэгдэл зүйг шинээр төрүүлдэг шигээ устган сөнөөх, буулгах нь билэгдлийн утга мөн авч болно. Карфаген, Бастилийн цайз, Берлиний хана зэргийг нураах нь шинэ эрин үеийн онцлог үйл явдал болж байх жишээтэй. 
 
Энэ бүхнээс улс төрийн билэг тэмдэг “хадгалагдах”, “шилжих” хуулийг харж болох юм. Гэхдээ энэ асуудал тэр бүр хангалттай судлагдсан сэдэв биш ажээ.
 
Загалмай, хас тэдэг зэрэг зарим нөхцөлт дүрслэл бүхий дүрүүд нь төрөлхийн ухамсарт хоногшсон архетип тэмдэгтүүд болох тухай санааг К.Юнг дэвшүүлсэн байдаг. Энэхүү төрөлхийн механизм нь бидэнд маш хурдан бараг үргэлж мөнхийн ухамсаргүйдлээр биологийн шинжтэй чухал мэдээлэлд семантик боловсруулалт хийх бололцоог олгож байдаг. Тухайлбал, геометрийн дүрсүүд загалмай, тойрог, тэгш өнцөгтүүд зэрэг матриц бүтцүүдийг харааны анализатор тусган авахдаа хялбар байдаг гэнэ. К.Юнг болон бусад судлаачид билэг тэмдэг нь нийгэмд хүмүүсийн зан байдалд “ухамсаргүйн” нөлөө үзүүлэхтэй салшгүй холбоотой гэж авч үзсэн байдаг.
 
Өнгө, өнгөний хоршлийн тусгал нь (улаан – цус, цэнхэр- тэнгэр, шар-нар гэх мэт) биологийн түвшинд өгөгдсөн байдаг ч явцдаа өнгө нь нийгмийн контекстийн утга чанар авах болсон юм. Зарим судлаачид шар болон хар өнгө нь аюултай гэх утгыг хүмүүст өгдөг нь хүн сүргийн анхны дайсан леопардын зүснээс болсон гэж үздэг байна. Билэг тэмдгийн тусгал хүлээж авах чанар нь орон зай, цаг хугацаа, нийгмийн хөгжлийн түвшин, боловсролын түвшнээр тодорхойлогдоно.
 
Цаг хугацааны явцад аль нэг билэг тэмдгийг тайлж унших, тайлбарлах явдал нь өөрчлөгдөн хувьсаж байдаг. Дагаад улс төрийн хэл өөрчлөгддөг байна. Тухайлбал, хас тэмдэг нь фашист германыг бий болох хүртэл дорно дахинд гүн ухааны нарийн утга чанартай билэг тэмдэг байсан бол өдгөө энэ нь харгис үзэл, үндсэрхэг санааны билэгдэл болон дэлхий дахинд ойлгогдох болжээ.
 
Улс төрийн билэг тэмдэг нь хүмүүсийн хооронд ойлголцол үүсэх эсвэл зөрчилдөх харилцааны хэрэгсэл болох нь бий. Билэг тэмдгээр нь дамжуулж өөрийн эсвэл “дайсны” тал болохыг хялбархан тодорхойлж болно.
 
Улс төрийн билэг тэмдгийн ихэнх бүрдэл нь засаглалын харилцаатай холбогддог. Хэн онц эрх (титэм, очир таяг, нөмрөг, тамга, гэрэгэ)-тэй байна тэр бусад эрх мэдэл, давуу талыг давхар эзэмшинэ.
 
Улс төрийн билэгдэл зүйг идэвхжүүлэх тухай санал бодол нийгэм-улс төрийн тогтолцооны тогтворгүй байдалтай холбоотойгоор түүхэн шилжилтийн үедэд нэг бус гарч байсан. Тодорхой нийтлэгийн адилсал, нэгдлийн хэрэгсэл, ямар нэг үзэл суртлын үндэс болох улс төрийн билэг тэмдгийн “тоо” нь оюуны болон материаллаг соёлын хөгжилтэй шууд хамааралтай хөгжихийн зэрэгцээ энэ утгаараа нийгмийн эрс өөрчлөлтөөс давхар хамаарч байдаг. Улс төрийн билэгдлийн ерөнхий багтаамж дэлхийн хүн амын ердийн өсөлттэй шууд хамааралтай гэсэн үзэл бий. Хүн бүр ямар нэг билэг тэмдгийн үүр гэж үзвэл нийгмийн бүлгүүд өөрийн билэг тэмдэг бүхий байгууллага үүсгэж, хуучныг халж, шинэ үзэл суртал бий болгохдоо ямар нэгэн билэг тэмдгийг хэрэглэх сонирхолтой байдаг. Хүмүүс билэгдэл зүйн үйл явцыг өөртөө агуулсан материаллаг үнэт зүйл бий болгож байдаг. Зарим тэмдэг мартагдан алга болж, оронд нь өөр нэг нь үүсч бий болно. Тодорхой нийгэмд материаллаг соёл, үзэл суртлыг агуулсан улс төрийн тэмдэгтийн тогтолцоо шаардлагатай багтаамж хэмжээгээрээ зайлшгүй нөхөгдөн дүүрдэг байна. Улс төрийн харилцаа вакуум орчныг тэвчдэггүй байна. Нэг хэсэг бүлэг хийгээд улс орон цаашлаад дэлхий дахины хувьд ч нийтлэг билэг тэмдгээр талцан хуваагдах явдал байсаар ирсэн (Капитализм-Комуннизм, Өрнө ба Дорно). Билэг тэмдэг дайн ба энхийн үйлст үргэлжүүлэн хэрэглэгдсээр л байна.
 
Билэг тэмдэг нь хүмүүсийн нэг нийтлэг, нэг зорилгод хандуулан чиглүүлж байдаг. Энэ нь түүний давуу хийгээд сул тал юм. Төрийн билэгдэлтэй харьцах асуудлыг ёс суртахууны хүрээнд төдийгүй хууль эрх зүйн хүрээнд нарийвчлан тодорхойлох нь олон улс оронд хэвшмэл асуудал юм. Нэг билэг тэмдгийн оронд өөр нэг нь нөхөгдөн бий болж байдаг. Социализм байгуулахын тулд нэгэн жарныг туулсан монголчууд тэр үедээ ад муугийн жишээ болсон Чингис хаанаа шүтэж түүний үзэл сургаалийг эргүүлэн сэргээхийг хичээж байна. Үүнийг дагаад барьж байгуулах хөшөө дурсгал, төрийн одон медал, цаашлаад энгийн хэрэглээний түвшинд ч билэг тэмдгийн эрс өөрчлөлт гарсан юм. Билэг тэмдгийн тодорхой бус байдал үзэл суртлын хямралыг даван туулахад саад учруулдаг байна. 
 
Билэг тэмдэг бол улс төрийн хэл, улс төрийн толь юм. Тухайн ард түмэн үндэстэн юуг эрхэм зүйлээ болгож буйг түүгээр дамжуулан бүрэн таньж болно. Улс төрийн билэг тэмдэг нь шашны болон эдийн засгийнхтай харилцан холбоотой бөгөөд иргэний хийгээд шашны салбар нь үргэлжид холилдсон шинжтэй явж ирсэн, иймээс сүм хийдийн суртал ухуулгын арга, үзэл суртлын нөлөөллийн бүдүүвч нь бодит байдал дээр давхцаж байдаг. Орчин үед ч монголын улс төрийн зүтгэлтнүүд шашны билэгдлийг нэг бус зорилгодоо ашиглаж ирсэн.
 
Т.Арнольдын үзэж буйгаар аливаа улс төрийн билэг тэмдгийн хүндлэлийн институцичлал нь үндэсний төр улсын урьдчилсан төлөвшлийн зайлшгүй чухал бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн билэгдэл нь улс төрийн соёлын гол бүрдэл хэсгийн нэг бөгөөд түүний хүний оюун бодолд үзүүлэх далд ухамсрын өвөрмөц нөлөөллийн тусламжтайгаар үзэл суртал, улс төрийн үнэт зүйл бэхжих төдийгүй орчин үед билэг тэмдгийн улс төрийн сурталчилгаанд гүйцэтгэх үүрэг улам бүр өсч буйг хэлэх нь зүйтэй юм.

No comments:

Post a Comment