2011/04/12

ПОСТМОДЕРН УЛС ТӨР АЙСУЙ

Нийгмийн улс төрийн өдөр тутмын амьдралд "гал тогоо" тойрсон хэрүүл маргаан, хэлэлцүүлэг байнга болж байдгийг ёстой л балчир настнууд нь хүртэл гадарлаж байдаг. Улс орон, дэлхий дахин хөгжлийн талаар асуудалтай холбоотой иргэд, улс төрчдийн маргаан мэтгэлцээн нь улс төрийн өөрчлөлт хөгжлийн ойрын болон холын хандлагыг тодорхойлж байдгийг хэн бүхэн мэднэ. Өрнөж буй асуудлын дотроос нь анзаарч хэлэлцэх нь нэг асуудал. Гаднаас нь буюу хөндлөнгөөс харж судлан асуудал дэвшүүлэх нь харин тусдаа хэрэг. Улс төрийн амьдралын хэтийн төлөвийн талаар жирийн иргэдийн хандлагаас гадна эрдэмтэн судлаачид, сэтгэгчдийн философи, онолын маргаан хэлэлцүүлэг давхар өрнөж байдгийг сануулах нь илүүц зүйл. Ингээд алс ирээдүйн дэлхий дахины улс төрийн хэтийн төлөв хаашаа явж буй талаар постмодерн хэмээх хандлагын үүднээс асуудал дэвшүүлсэн өгүүллийг бэлтгэн хүргэж байна аа.


Улс төрийн ухаанд, постмодернист хандлагын хүрээнд улс төр, соёлын олон талт байдал (улс төрийн дэд болон дунд, бичил соёлын хөгжин цэцэглэлт), постмодерн улс төрийн үнэт зүйлсийн тархалт, улс төрд  бие хүний эзлэх байр суурь, улс төр, улс төрийн удирдлага дахь адилслын асуудал, доороос үүсэлтэй нийгмийн бодлого, санаачлага, иргэний нийгмийн хийгээд төрийн бодлогын доод, дунд шатан дахь хэвтээ харилцан үйлчлэл, доод шатны ардчилсан тогтолцоо, сүлжээний орчин дахь хэвтээ өөрийн удирдлагын хөгжил зэрэг олон асуудлын учир холбогдол улам бүр өсөх болжээ.
 
Ирээдүйн нийгэм буюу постмодерн нийгэм гэдэг нь капитализм, социализм, империализм зэрэг үзэл суртлаар будагдсан хандлага хөтөлбөрөөс ангид байж, харин мэдээлэлжсэн, аж үйлдвэрийн дараах, технологижсон зэрэг шалгуур параметрээр хандах байдал зонхилох болно гэж философичид үзэж байна. Орчин үед үзэл суртал хараахан төгсгөл болоогүй ч бие хүнтэй холбогдох түүний үйл ажиллагаа, арга зам зарчмын хувьд өөрчлөгдөж буй нь ажиглагдах болжээ. Үүнтэй уялдан орчин үеийн улс төрд аль нэг төрлийн корпорациуд гол тоглогч болох эхэлсэн агаад нам анги хөдөлгөөнийг төлөөлсөн хүчний хувиар бус харин аппарат бүхий корпораци болж улс төрийн тэмцэлд оролцох болсон байна. Постмодернист  хэв маягийн орчин үеийн улс төрийн намуудыг нэг төслийг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн мэргэжилтнүүдийн эвсэл буюу виртуал корпораци гэж ойлгох хандлага өсч байна.
 
Европын болон бусад хөгжингүй орнуудын засгийн газрын бодлогыг “либерал” ба “социал-демократ” чиг шугамтай хэмээн бодит байдал дээр хуваах боломжгүй болж, уг ойлголтыг үндсэндээ хэт үндсэрхэг болон коммунист санаа бүхий маргинал нам дээр хэрэглэгдэх болов. Барууны эрх баригч нам, эвслүүд хөтөлбөртөө социал-либерал нийлэгжилт, хоршлыг оновчтой тусгаж чадсан нь ялалтаа хадгалах болжээ. Америкийн болон европын улс төрийн намууд юугаараа ялгагддагийг нэгэн дипломат “Европын улс төрчдийг эхлээд маршрутаа зөвшилцөн тогтчихоод автобусаа түрээслдэг бол америкчууд эхлээд автобусаа түрээлсээд дараа нь маршрутаа тогтдог хүмүүс”-тэй адилтган зүйрлэсэн нь сонирхолтой юм. 
 
Мэдээллийн нийгэмд ямар ч үзэл суртал хувь хүний үзэл болон хувирч, хүн амын социал амин эрх ашгий үзэл сурталжсан намуудын зэрэгцээ ТББ тэр дотор олон улсын байгууллагууд хамгаалах болов. Өөрөөр хэлбэл, үр нөлө бүхий иргэний нийгэм үндэслэсэн гэсэн үг. 
 
Засгийн эрхийн төлөө тэмцэл нь орчин үед улс төрийн намын байгууллагын тэмцэл буюу үйл ажиллагааны хөтөлбөрийн өрсөлдөөн биш харин имижмейкер, хэвлэлийн нарийн бичиг, улс төрийн кампаний үед татагдан оролцдог шоу бизнесийн “одод”, рейтинг чансааг бий болгодог улс төрийн имиж хэмээх дүрийн төлөөх тэмцэл юм.
 
Асуудал юунаас урган гарав?
Сүүлийн хориод жилд орчин үеийн улс төрийн үндэс суурь постмодернизмын үзэгдэлд илэрхий автах болжээ. Модерн эрин зуунд либерализм, марксизм болон бусад үзэл суртлууд эсэргүүцэлтэй тулах болов.
 
Бүх нийтийн эрх, эрх чөлөөний талаарх либерал үзэл хандлага нь нийгмийг өөр өөрийн эрх, ашиг сонирхол, соёлоо хамгаалсан олон тооны бүлгүүдийн сөргөлдөөнд няцах болж, дэлхийн хувьсгалын тухай аугаа санаа бүхий марксизм үлэмж явцуу зорилго бүхий орон нутгийн тэмцэл төдий зүйл болж хувирав. Үр дүнд нь олон тооны постмодернист улс төрийн хэлбэрүүд бий болсон байна.
 
Орчин үеийн ертөнцөд улс төрийн хүрээнд чамгүй өөрчлөлт гарч, улс төрийн мөргөлдөөний шинэ хэлбэрүүд үүсэх болсон байна. Өнөөгийн нөхцөлд туйлын зөрчилдөөнт байдал хэвээр үлджээ. Өндөр хөгжилтэй Өрнө ба Умардынхан модерн ба постмодернист гэж нэрлэгдсэн шинэ эриний яг зааг дээр оршиж байна. Харин дэлхийн бусад өнцөг буланд модернизмын өмнөх хэлбэрийн нийгэмд амьдарч байгаа тул үр дүнд нь хөгжингүй орнууд модернизмын өмнөх, модерн, постмодернист гэсэн 3 эрин үеийн нарийн төвөгтэй огтолцол, зөрчил дээр орших болсон байна.  
 
Хурдацтай өөрчлөлт нь хүмүүнлэг үзэл, соён гэгээрлийн уламжлалыг гээгдүүлж, радикал улс төрийн хөдөлгөөнүүд үүсэх зэрэг шинэ тутам аюулыг бий болгож байна. Хуучин онол, үзэл санаа, сэтгэлгээний арга маяг, судалгаа шинжилгээнд шийдвэртэй шинэчлэл шаардах болов.
 
Өнөөдөр бидэнд онолын өөрчлөлттэй зэрэгцэн, практик, улс төрийн сэтгэлгээний сонирхолтой мутаци ажиглагдаж байна. Гэхдээ “постмодернист улс төр”-ийг шууд олж харахгүй харин постмодернист онолууд, нийгмийн тодорхой бус өөрчлөлтөөс үүдсэн үзэл санааны зөрчилдөөнийг нэн тэргүүнд харж болно.
 
Мөн янз бүрийн улс төрийн постмодернист онол нь үзэл баримтлалын тогтолцоо төдий биш нийгэмд, өдөр тутмын амьдралд чиглэсэн улс төрийн хандлага юм. Нийгмийн амьдралын янз бүрийн салбарт шинэ технологи нэвтэрч, шинэ глобал эдийн засагт капитал бүрэлдэн, улс төр ч шинэ агуулга, хэлбэрээр баяжих болжээ.
 
Ерөнхийдөө орчин үеийн улс төр нь эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн түгээмэл зорилгыг тодорхойлох хэрэгжүүлэх, үүнтэй таарч тохирсон засаглалын институцийг бий болгоход бүхэлдээ чиглэж байна. Орчин үеийн улс төр нь нийгмийн үйл хэрэгт бодит нөлөө үзүүлж, улс төрийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж чадахуйц хүмүүс бүхий ардчилсан нийгэм бий болж эхэлсэн Соёр гэгээрлийн үеэс эхтэй. 
 
Гэхдээ орчин үеийн ч бай, модерн ч бай улс төр нь аль аль нь бодит байдал дээр тун явцуу хүрээнд хэрэгжсэн юм. Модерн эринд хөдөлмөрчид капиталд хатуу ширүүнээр мөлжигдөж ирсэн бөгөөд дөнгөж 20-р зуунаас л эмэгтэйчүүд ардчилсан эрхээ эдлэж эхэлсэн хэдий ч дэлхийн ихэнх улс оронд эцгийн эрхэт ёс өдгөө хүртэл дарангуйлж, өнгөт арьстнууд арьс өнгөөр ялгаварлах үзэлд дарлагдан, хөгжиж буй орнуудын эрх ашиг империалист хүчнүүдэд  урьдын адил хавчигдаж байлаа. Дайн, эдийн засгийн хямрал, шударга бус байдал дэлхий дахинаа ноёрхож буйг эс тооцвол орчин үеийн улс төрд өөдрөг төлөв байдал бий. Гэсэн ч түүхийн дэвшилт зүй тогтлоос илүүтэй шашны итгэл үнэмшил л улам бүр хүрээгээ тэлж байгааг хэлэх нь зүйтэй.  
 
Постмодернист улс төрийн хэлбэрүүд
Постмодерн улс төр нь 1960-аад оноос бий болж, олон түүний улс төрийн бүлгүүд үүсч эхэлсэн. Түүний хөгжил нь Франц, АНУ дахь нийгмийн хөдөлгөөнүүд болон шинэ постмодернист онол бий болсонтой холбогдоно. Нийгмийн салбар хүрээ, засаглалын институцийн өөрчлөлт шинэчлэлд анхаарч байсан өмнөх хандлага өдөр тутмын амьдрал, адилсал, соёлд ач холбогдол өгөх байдлаар солигдон, макро улс төр орон нутгийн шинжтэй микро улс төрөөр халагдаж эхлэв. Өөр хоорондоо өрсөлдөөнтэй постмодернист шинэ улс төрийн онолууд бий боллоо. Постмодернист улс төр нь улс төрийн эсрэг (antipolitics) үзэл санааг хүртэл багтаасан олон тооны хэлбэрүүдтэй. Улс төрийн эсрэг үзлийн гол төлөөлөгч францийн сэтгэгч Бодрийяр нийгмийн дэвшилд итгэх итгэл үнэмшлээс эрээ цээргүй татгалзахыг санал болгоод улс төрийг шинээр бий болгохын тулд бүхий л хүч чармайлтаа зориулахаа илэрхийлсэн ажээ. Бодрийярын улс төргүй, радикал онол нь бидэнд хоорондоо ялгарах зүйлгүй,  зогсонги массаас бүрдсэн царцаж саажсан ертөнцөө өөр өнцгөөр харахад суралцуулж байна.
 
Дээрх сөрөг, үгүйсгэсэн сэтгэлгээний эсрэг эерэг, нотолгоот сэтгэлгээ ч бий. Тухайлбал, Фуко, Лиотара, Рорти нар орон нутгийн түвшинд нийгмийн дэвшил, бие хүний эрхийг хамгаалах чиглэлээр өөрчлөлт хийхийн тулд системийн шинжтэй, глобал улс төрийн шинэчлэлийг ашиглахыг эсэргүүцдэг. Цаашлаад Фуко “террорист” янзаар “бүх нийтийн” гэх ухагдахуун байх ёсгүйг нотлон, хэлний олон янз тоглоом, амьдралын шинэ хэв маягуудыг эрж хайхыг санал болгосон байна. Постмодернист улс төрийн энэхүү хэлбэрийг хүмүүсийн эв нэгдэл, хамтын ажиллагааны нилээд радикал эрс улс төрд суурилсан бодит байдлыг шинэ өнцгөөр харахыг оролдсон либерал реформизм гэж нэрлэдэг.
 
Мөн модерн ба постмодерныг хослуулсан бас нэг хэлбэр бий. Түүний төлөөлөгч Лакло, Муффе нар ангийн тэмцлийн марксист тэмцлээс татгалзаад, “радикал ардчилал”-д хүргэх чадвартай дэвшилт өөрчлөлтийн эх үндэс 70-80-аад оноос “нийгмийн шинэ хөдөлгөөн”-өөр тавигдсан гэж үзсэн байдаг.
 
Постмодернист улс төрийн давуу болон сул тал
Постмодернизмыг эргэлт авч ирсэн гол үзэл санааны нэг бол Фукогийн санал болгосон хаа сайгүй, үйлдвэр, эмнэлэг, сургууль, шорон болон нийгмийн бусад институтуудад засаглал байдаг тухай санаа юм. Уг санаа капитализм, төр засаг, хүнд суртал болон хэрэглээний нийгэм дэх залхаан цээрлүүлэгч байгууллагуудтай тэмцэх шинэ хэлбэрүүдэд бололцоо нээж өгсөн байна. Постмодернист улс төр дэх нийгмийн амьдралын бүхий л хүрээ эргэлзээнд орж, тэмцлийн талбар болов. Түүний дотор соёл ч ашиг сонирхлын тэмцлийн чухал нэг талбар болж хувирчээ. Райх, Адорно нар шиг ингэж үзэж байсан сэтгэгчид фашизмыг монополист капитализмын хямрал дээр төдийгүй “Авторитар бие хүн”-ийг бий болгох, хүний өөрийн инстинктийг дарж хязгаарлах дээр үндэслэдэг гэж тооцсон байдаг.
 
Рационал үндэс, ёс суртахууны үндэстэй улс төрийн боловсрол, хүмүүжил нь интернет, моод загвар, реклам, хэрэглээ, өндөр орлоготой кино, зугаа цэнгэлийн нэвтрүүлэг зэрэг  хүчтэй эргүүлгүүдийн хувьд тун өчүүхэн байр суурь эзлэх болжээ. Чухамдаа бидэнд нийгэм, улс төрийн өргөн хүрээтэй шилжилтийн катализатор болох учиртай байсан үзэх харах, мэдрэх, ойлгох, өөрөөрөө оршин байх шинэ арга замд маань ноёрхож буй соёлтой тэмцэх нь төдий хэрээр учир холбогдолтой зүйл юм.
 
Постмодернист улс төрийн бодлогын янз бүрийн хэлбэрүүд Соёл гэгээрлийн хийсвэр, үзэл сурталжсан универсализм, марксизмын сонгодог редукционист улс төрөөс чөлөөлөх нөөц боломжтой хэдий ч тэдгээр нь тус тусдаа бүлгүүд, тэдгээрийн цаашдын задралд түлхэц болсон тэрхүү улс төрийн тэмцэлд үндсэндээ анхаарал хандуулж байна. Энэ нь эмэгтэй хүн орчлонгийн ариун хайр, энх тайван, “байгаль ертөнцдөө ойртох” чанарыг өөртөө тээгч  болохыг магтан алдаршуулж, харин эрэгтэйчүүд, “эрэгтэйчүүдийн рационал чанар”-ыг жигшин хараадаг феминизм, экофенимизмтэй хамт үүссэн гэдэг. 1960-аад онд хар арьстнуудын үндсэрхэг хөдөлгөөнүүд чухамдаа цагаан хүмүүсийг газар дэлхийн зовлонг тээгч мэтээр үзэн ядсан арьс өнгөөр ялгаварлах үзэл байсан юм. Цаашлаад ижил хүйстнүүдийн зарим бүлгүүд өөрсдийн явцуу эрх ашигт бус харин бусад бүлгүүд ялангуяа өөр арьстны хүмүүстэй ажил хэрэг явуулахыг хүсдэггүй экологийн зарим хөдөлгөөнүүд рүү бодлогоо хандуулах болсон. Иймэрхүү бүхий л бүлгүүд цорын ганц боломж болох өөрсдийн адилсан нэгдэх явдлаа эрс хамгаалдаг. Ерөнхий зорилгод хүрэхийн төлөөх хамтын ажиллагааг бололцоогүй байдал руу түлхэхийн зэрэгцээ “сайн” ба “муу” гэж хуваан хүмүүсийг өөр хооронд нь сөргөлдүүлэхэд хүргэдэг нь постмодернист улс төрийн гол сул талын нэг юм.
 
Улс төрийн шинэ талбар
Нийгмийн дарамт шахалт, хүнийслийг даван туулахын тулд постмодернист онол тодорхой хандлагуудыг санал болгож байна. Үүнд ардчиллын радикалчлах хандлага орно. Постмодернистууд зөрчил мөргөлдөөн, хоорондын ялгаатай чанар, нэгэн зэрэг харилцан нэгийгээ хүндэтгэхэд учир холбогдол өгсөн бичил улс төрийг санал болгодгоороо ямар нэгэн нийтлэг үнэнийг дэвшүүлсэн урьд өмнөх үзэл суртлуудаас ялгаатай. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцан тэнцэтгэх эгалитар, ардчилсан үзлийн үндсийг тавьсан юм.  Гэхдээ нэгдүгээрх нь хуучирсан харгис, хоёр дахь нь эрх чөлөөнд эрмэлзэгч дэвшилт  хандлагатай мэтээр модернт, постмодерн парадигмыг хооронд нь хэтэрхий ялгах нь алдаанд үргэнэ. Аль алинд нь дэвшилт хийгээд ухраах элементүүд бий.
 
Өнөөдөр бид модерн ба постмодерн гэх түүхэн эриний завсарт амьдарч байна. Үүнээс тэдгээрийн харилцан үйлдлийг харах, тэдгээрийн бололцоог ашиглах тухай асуудал урган гарч байна. Шинэ, бүтээлч улс төр нь ямар нэг утга чанарыг шүтэх үзлийг даван туулж, философийн зарчим, нийтлэг ашиг сонирхолд үндэслэсэн шинэ нийлэгшлийг бий болгохын хамт 2 уламжлалын хооронд зуучлагч байх ёстой.
 
Шинэ улс төр евроцентризмээс ангижирч, орон нутгийн олон янзын санаачлага, кампанийг идэвхжүүлэн сэрээх учиртай. Өнөөдөр модернизаци нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын соёл, технологийг холбосон ОУВС, Дэлхийн банк, ДХБ зэрэг хүчирхэг байгууллагууд болон төрийн хяналт, капиталын түрэмгийлэл тэрчлэн даяаршсан соёл, шинэ адилсал, глобал ОНМХ-ийн шахалттай сөргөлдөх учиртай  “постмодернизаци” үйл явцыг мөн өөртөө агуулдаг. Гэхдээ ирээдүйн улс төрийн шинэ талбар ямар хэлбэртэй байх тухай урьдчилан таамаглах хараахан боломжгүй. Ямартай ч шинэ мянган шинэ улс төрийн хандлага, сэтгэлгээг шаардах болсон нь тодорхой юм. 
 
Шинэ нийлэгжилт
 Өнөөгийн нөхцөл байдал нь модерн ба постмодерн, хуучин ба шинэ, уламжлалт ба орчин үеийн, даяар ба орон нутгийн, нийтийн ба хувийн зэрэг олон нарий төвөгтэй толгой эргүүлсэн, түгшүүр айдас дагуулсан байдлын завсарт хүн төрөлхтөн оршиж байна. Дан ганц улс төр гэлтгүй соёл урлаг, амьдрал бүхэлдээ ийм шинж тэмдгийг өөртөө агуулах болж.
 
Үнэхээр улс төрийн парадигм бүр өөрийн давуу болон сул талтай. Тэдгээрт буй тэрхүү сайн чанаруудын бүтээлч хоршлыг бий болгох хэрэгтэй байна. Бидэнд эв нэгдэл, хамтын ажиллагаа, түгээмэл эрх, микро улс төр ба адилсал, олон талт, ялгаатай чанар бүхий постмодернист үзэлтэй макро-улс төр бүхий модерн эрин үеийн үнэт зүйлсүүдийг холбон уялдуулах шаардлага байна. Үүнийг эхний ээлжинд “улс төрийн шинэ нийлэгжилт” гэж нэрлэж болох талтай.
 
Манай үеийн гол асуудал бол бид ирээдүйд хүмүүсийг нэгтгэх эсвэл хаос байдал руу түлхсэн замуудаас алийг нь сонгох тухай асуудал юм. Асуултыг өөр байдлаар буюу дайн ба энхийн алийг нь, нийгмийн шударга ёс ба тэгш бус байдал, ядуурлын алийг нь сонгох вэ? гэдэг өнцгөөр ч тавьж болно.  Бид эдийн засаг, нийгэм, экологийн тогтонги хямралыг төрүүлэгч даяаршсан капиталист эдийн засгийн хэмжээ хязгааргүй, галзуурсан түрэмгийллийн зам руу хальтрах уу? эсвэл байгаль ертөнцтэй харилцан тэнцвэртэйгээр орших тогтвортой нийгмийг бий болгох уу?
 
Ирээдүй чухамхүү бид сонгож авсан улс төрийн бодлого, бидний хэрэгжүүлэх сонголтоос  бүхэлдээ хамаарах ажгуу.

No comments:

Post a Comment