2011/04/16

УЛС ТӨРИЙН ХҮСЭЛ СОНИРХОЛ БА ОЮУНЫ ЧАДАМЖ

Улс төрийн хүсэл сонирхол, шашинд хандах хандлага, бэлгийн чадавхи нь оюуны чадвартай шууд холбоотой байж болохыг АНУ-ын сэтгэл судлаач Сатоши Каназава өөрийн судалгааны үр дүнгээр батлахыг оролдсон байна. Судлаач хэдэн жилийн туршид америкчуудын томоохон бүлгүүдэд явуулсан судалгааны эцэст өөрийгөө либерал, шашингүйн үзэлт гэж тооцдог хүмүүсийн оюуны итгэлцүүр (IQ) нь харьцангуй өдөр байдаг гэж дүгнэжээ.
 
Каназава америкийн 18-28 насны залуучуудаас авсан санал асуулгын дүнгээр өөрийгөө “маш хуучинсаг” гэж үзэгсдийн оюуны итгэлцүүр дунджаар 95 байсан бол “Либерал чөлөөт” гэж өөрийгөө тооцогсдынх 106-ын хооронд хэлбэлзэж байжээ. 


Харин атеист буюу шашингүйн үзэлтнүүд дунджаар IQ-103 байсан бол итгэн бишрэгчдийн IQ-97 гэсэн хариу гарсан байна.
 
Түүний үзэж буйгаар шашингүйн үзэлт, либерал эрчүүд сексийн чадавхи нилээд өндөртэй аж. Гэхдээ энэ нь “өндөр оюуны хөгжилтэй хүмүүс олон хүүхэдтэй” гэсэн үг биш болохыг эрдэмтэн мөн сануулсан байна.
 
Улс төрийн итгэл үнэмшил айдас болгоомжоос хамааралтай юу?
Урьд нь хүний улс төрийн итгэл үнэмшил хувийн туршлага, ухамсартай дүгнэлт гаргалгаанаас бүрэн хамааралтай гэж тооцож байв. Гэхдээ судлаачид үүнийг физиологийн шинжтэй холбоотой болохыг тогтоожээ. Аймшгийн зураг, хахир чанга дуу чимээнд эрс хариу үйлдэл үзүүлдэг америкчууд Иракийн дайн, батлан хамгаалах зардлыг өсгөх, цаазлах ялыг дэмжих талдаа байдаг нь харагджээ.
 
Сүүлийн жилүүдэд явуулсан судалгаагаар хүмүүсийн улс төрийн хүсэл сонирхол  зөвхөн бодолтой дүгнэлт гаргалгаагаар тодорхойлогддоггүй нь илэрчээ. Тэрхүү хүсэл сонирхол сэтгэцийн олон нарийн үе давхрага цаашлаад бие организмын физиологийн шинэ чанараас үүдэн гардаг байна. Жишээлбэл, айдас нь гадаадын иргэдтэй сөргөөр харьцах харилцааг төрүүлж, харин өөрийн талын нийгмийн бүлгийг (эх оронч үзэл) дэмжих хандлагыг өсгөдөг байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүсэл сонирхол нь айдас болгоомжлолоос үүдсэн физиологийн хариу үйлдлийн илрэх түвшнээс хамааралтай байдаг аж. Уг хариу үйлдэл нь дасан зохицох шинж чанартай.
 
Америкийн Линкольн хотод улс төрийн хатуу итгэл үнэмшилтээй 46 сайн дурын хүмүүс оролцсон туршилт явуулжээ. Оролцогчид нийгмийн аюулгүй байдал, “өөрийн” социал бүлгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой 18 асуултад өөрийн байр сууриа илэрхийлэх ёстой байв. Тухайн тохиолдолд “Өөрийн” бүлэг гэдэг нь АНУ юм. Оролцогчид армийн зардлын өсгөх, цаазаар авах, эх оронч үзэл, сургуулийн залбирал, Библид үнэнч байх, Ирак дахь дайн, аборт, порнографийг хориглох (эдгээр асуултын эерэг хариулт нь “хамгаалалтын арга хэмжээ”-г дэмжих байдлаар тайлбарлагдана), тэрчлэн дайныг эсэргүүцэх, цагаачлал, зэвсэг эзэмшихийг хориглох, бусад улс оронд туслах, улс төрийн харилцан буулт хийх, ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх (эдгээр асуултад “хамгаалалтын арга хэмжээ”-ний дэмжлэгийн индикатор нь сөрөг хариулт байх юм) зэргийн дэмжин баримтлагчид эсэхээ тодорхойлох ёстой байжээ. Судлаачид ижил хүйстний гэрлэлтийг хориглох, аборт хийх явдлыг нийгмийн аюулгүй байдалд нөлөөтэй гэж баталж чадаагүй юм. Гэхдээ орчин үеийн америкчуудаас нийгмийн аюулгүй байдлын асуудалд хүчтэй санаа зовж буй хэсэг нь тухайн арга хэмжээг дэмжих сонирхолтой байсныг үндэслэлтэй харуулж чадсан байна. Бүх оролцогчдыг “хамгаалалтын арга хэмжээг дэмжих” байдлаар нь “дэмжигчид”, “эсэргүүцэгчид” гэж 2 хуваажээ.
 
Бүх оролцогчдод дэлгэцэн дээр 33 зураг үзүүлснээс 30 нь энгийн 3 аймшгийн зураг байжээ. Энэ зуур тусгай багажаар тэдний айдсыг хэмжиж тусгай мэдрэгч арьсанд нь наасан байсан аж. Мөн туршилтын 2 дахь шатанд гэнэтийн чанга дуу чимээг ашиглан айх өдөөлтийг үүсгэжээ.
 
Нийгмийн аюулгүй байдал санаа зовогч хүмүүсийн физиологийн хариу үйлдэл айлгах өдөөлтийн 2 төрөлд аль алинд нь хүчтэй илэрч байв. Тухайлбал, аймгийн зураг үзүүлэхэд “нийгмийн аюулгүй байдалд” санаа зовдог хүмүүс хүчтэй физиологийн хариу үйлдэл үзүүлсэн байхад улс төрийн чөлөөт үзэл бодол бүхий хүмүүсийн хувьд энэ нь ажиглагдаагүй байна.
 
Улс төрийн итгэл үнэмшил, айдас хүргэсэн физиологийн хариу үйлдлийн хоорондын илэрхий хамаарлыг онолын хувьд хэд хэдэн байдлаар тайлбарлаж болно. Судлаачид үүнд шалтгаан үр дагаврын шууд холбоог эргэлзээтэй үзжээ (физиологийн хариу үйлдлийн илрэл нь тодорхой улс төрийн итгэл үнэмшлийн сонголтын шалтгаан болох эсвэл улс төрийн итгэл үнэмшил нь тухайн хариу үйлдлийн их бага илрэлийн шалтгаан байх).
 
Харин бусад ерөнхий шалтгааны үр дүн байж болно. Тухайлбал, хүмүүжилд энэ шалтгаан нөлөөлж болох талтай. Айлгах сэдэлд хүүхдийн физиологийн хариу үйлдлийг өөрчлөхийн тулд “хүмүүжлийн арга хэмжээ” нь хэтэрхий хатуу ширүүн байх ёстой. Гэтэл орчин цагийн Америкт энэ нь тун бага үзэгдэл. Судлаачдын үзэж буйгаар энэ нь тархины зарим хэсэг тухайлбал, “айдсын төв” гэж нэрлэгддэг миндалина (amygdala)-гийн идэвхжилтэд удамшил, генетик нөхцөлдсөн хэлбийлтийн талаар ярьж буй хэрэг юм.
 
Үүнээс өмнө аливаа улс төрийн үзэл нь хүмүүжлээс илүүтэй удамшлаас хамаардаг тухайг нотолсон агаад миндалины идэвхжилт дэх хэлбийлт нь удамшлын (генетикийн) мөн чанартай болох нь тодорхой юм. 
 
Хэрэв бидний улс төрийн үзэл, үнэлэмж үнэхээр физиологи, удамшлаар нөхцөлддөг бол яагаад хүмүүс хүмүүс өөрийн итгэл үнэмшлийг тууштай барьдаг, нийгэмд улс төрийн зөвшилцөл, нэгдмэл үзэл санаа бий болгох чармайлт хялбар бус болохын учир шалтгаан тодорхой болох юм. Цаашдаа тийнхүү генетикийн нарийвчилсан судалгаанд тулгуурлан ирээдүйн улс төрийн сонгуулийн үр дүнг социологчид биш харин генетикчид таамаглах боломж гарч ирэх ч юм бил үү хэн мэдэхэв.

No comments:

Post a Comment