2011/04/11

УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ ХАНДЛАГА ГЕНЭЭС ШАЛТГААЛДАГ УУ?

Биополитик гэж салбар байх. Хүний улс төрийн зан байдлын судалгаанд биологийн шинжлэх ухааны ойлголт, арга зүйг ашиглах тухай концепцийг тусгахын зэрэгцээ улс төрийн системийн өөрчлөлтөд биологи хувьслын эх сурвалжийг эрж хайхыг зорилгоо болгож анх үүссэн салбар ухаан юм. Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдан биологийн зэвсэг, генийн инженерчлэл, экологийн бодлоготой холбоотой асуудлаар судалгааны цар хүрээ нь улам өргөжиж байгааг судлаачид хүлээн зөвшөөрдөг. 

Гэхдээ уг салбарын онолын судалгааны ерөнхий шинж чанараас хальж нарийвчласан хавсарга судалгаа хийж буй шинэ чиглэлүүд түүнийг алгасан аль хэдий нь үүсч эхэлжээ. Улс төр ба генетикийн уялдаа холбооны талаар тэр бүр яригдаж амжаагүй нэгэн сэдвийг доор бэлтгэн хүргэж байна. Магад энэ нь генетик-улс төр гэх цоо шинэ салбарын эх үндэс тавигдсаны илрэл байхыг үгүйсгэхгүй ээ.
 
Америкт урт хугацаанд явуулсан судалгааны үр дүнд улс төрийн үнэлэмж мэт нарийн төвөгтэй гадаад шинж чанарт социал орчин болон генийн хосолмол нөлөө байгааг олж тогтоожээ. DRD4 генийн 7R хувилбар удамшсан хүмүүс идэр насандаа хэдий олон найзтай байна төдий хэрээр либерал үзэл рүү татагдах хандлагатай байдаг гэнэ. Харин дээрх генийн бусад хувилбартай нөхдүүдийн хувьд улс төрийн үзэл нь найз нөхдийн тооноос үл хамаардаг ажээ. Тус генийн 7R хувилбар нь шинэ мэдрэмжийг эрж хайх, адал явдалд дурлах явдлыг өсгөдөг байна.
 
Улс төрийн үнэлэмж нийгмийн орчин болон хүмүүжлээс шалтгаалдаг тухайд улс төр, нийгэм судлаачид цаашлаад мэргэжлийн бус хүмүүсийн хувьд эргэлзээ огт төрүүлдэггүй асуудал юм. Гэхдээ ген улс төрийн үзэл, үнэлэмжд мөн нөлөөлж болох тухай баримт сэлт сүүлийн үед тун эрчимтэй тавигдах болсон байна. Урьд нь үнэлэмжд генийн үзүүлэх нөлөөний талаар асуудал нь ямар нэг сэтгэл зүйн болон зан байдлын шинж тэмдэг эсвэл статистик, магадлалын шинжтэй зүйл байснаас биш илэрхий шалтгаант асуудал хэзээ ч байгаагүй юм.   
 
1980-аад онд аль нэг улс төрийн үзэлд татагдах хандлага хүмүүжлээс илүүтэй удамшлаас зонхилон хамаардаг тухай анхны судалгаа гарч эхэлсэн байна (Martin et al., 1986. Transmission of social attitudes).  Энэхүү дүгнэлтийг ихрүүд дээр хийсэн шинжилгээгээр хожим нэг бус удаа нотложээ (Alford et al., 2005. Are Political orientations genetically transmitted?). Хүмүүс аль нэг улс төрийн намд элсэх сонирхол нь зарим талаар удамшдаг цаашлаад сонгуулийн үр дүн санал өгөгчдийг генотипээс үлэмж хэмжээгээр хамаардаг болохыг илрүүлсэн байна. Нэг гэр бүлийн ихрүүдийн хувьд улс төрийн үзлийн хувьсан өөрчлөгдөх нөхцлийн гуравны нэгээс багагүй хувийг ген тодорхойлж байсан бол үлдсэн тал хувь нь орчны хүчин зүйл, гэр бүлийн хүмүүжлийн нөхцөл дөнгөж 1/6 хувийн тус тус нөлөөтэй байсан нь харагджээ.
 
Гэхдээ өдгөө хүртэл улс төрийн зан байдалд нөлөөтэй ген, генетикийн тодорхой хувилбар (аллели)-ын тухайд тун бага судлагдсан ажээ. “Улс төрийн ген”-ийн эрэл хайгуулд эрдэмтэнд нэн тэргүүнд хүний зан байдал, араншин, шунал хүсэлд нөлөөлдөг гэх урьд нь судлагдсан генүүдийг шалгаж байна. Намын харъяалал, сонгууль дахь зан байдалд D2 дофамин рецепторын ген нөлөөтэйг саяхан тогтоосон байна (Dawes & Fowler, 2009. Partisanship, voting, and the dopamine D2 receptor gene). DRD2 ген, түүний зарим аллели нь архинд дурлах, мөрийтэй тоглоомонд донтох, тэвчээргүй зан байдал гаргахад нөлөөлдөг болох нь нэгэнт тодорхой болжээ.
 
Тэрхүү ген ба нийгэм-соёлын хүчин зүйлийн харилцан хамаарлын шинж чанарын тухай мэдэгдсэн зүйлээс тодорхой “улс төрийн зан байдлын ген”-ийн талаар тун бага зүйл мэдэгдэж буй хэдий ч эцсийн үр дүн, улс төрийн үзэл яг тэрхүү харилцан нөлөөллийн явцад бүрэлддэг болохыг хүлээн зөвшөөрөх болжээ. Генетикийг харгалзан үзэхгүйгээр нийгмийн хүчин зүйл болон өөрөө ген нь улс төрийн итгэл үнэмшлийн ажиглагдахуйц тархацыг тайлбарлаж чадахгүй, гэсэн хэдий ч тэдгээр нь хоорондоо яг хэрхэн харилцан үйлчилж байдаг нь хэрэг дээрээ тодорхойгүй хэвээрээ л байна.
 
Калифорнийн их сургуулийн генетикч Жеймс Фоулероор ахлуулсан америкийн судлаачдын бүлэг  “The Journal of Politics” сэтгүүлийн өнгөрсөн оны 10 сарын дугаарт америк дахь залуучуудын улс төрийн үзлийн бүрдүүлэхэд D4 дофамин рецепторын үзүүлэх үүргийн талаар шинэ үр дүнгээ зарласан байна. DRD4 гений 7R аллелийн нэг нь нь шинийг эрж хайх зан байдал, адал явдалд дурлахад нөлөөлдөг байна.  
 
Улс төрийн үзэл ба шинэ зүйлийн талаар ойлгоцын хоорондын холбоо хамаарал нейробиологийн судалгааны явцад тодорхой болоод байна. Либерал болон консерватив хүмүүсийн тархи гэнэтийн нөхцөлд ялгаатай хариу үйлдэл үзүүлдэг аж. Сэтгэл зүйн сорилоор либерал хүмүүсийн тархи шинэлэг зүйлд хариу өдөөгдөх чанар хүчтэй болохыг тогтоосны зэрэгцээ судалгаагаар улс төрийн либерал үзэлд татагдах шинэ зүйлийг эрж хайх явдлын хооронд хамаарал байгаа болох нь илэрсэн байна. Судлаачид энэхүү баримт нотолгоонд үндэслэн DRD4 ген бус харин түүний 7R аллель улс төрийн үнэлэмжд нөлөөлж буйг шалгахаар шийдвэрлэжээ.
 
2500 гаруй хүнийг хамруулсан судалгааны дүнд хийсэн статистик шинжилгээгээр 7R аллель ба “үзэл суртал”(тусгай загварын дагуу бөглүүлсэн либерал, консерватив үзлийн талаар санал асуулга)-ын хооронд шууд холбоо хамаарал байгаагүй аж. Гэхдээ энэ нь судлаачдыг эргэлзээнд оруулаагүй байна, учир нь тэд генийн нөлөө шууд бус харин дам байдлаар буюу ямар нэг нийгмийн хүчин зүйлтэй нийлэн цогцолсон тэр нөхцөлд илэрч болно гэж анхнаасаа үзэж байсан юм. 
 
 
Энэ нь ч батлагдсан байна. Судлаачид үзэл суртал нь 7R аллель ба залуучуудын найз нөхөд гэсэн хоёр хүчин зүйлийн зохицлоос илэрхий хамаарч байгааг илрүүлж амжжээ. Хэрэв 2 ч 7R аллельтай, олон найзтай хүний хувьд түүний либерал байх магадлал илт өсдөг байна. Гэхдээ 7R аллель ба найз нарын хооронд шууд хамаарал байхгүй буюу 7R аллельтай болон түүнгүй этгээдүүдийн найз нөхдийн тоо ойролцоо байсан аж. Үүнээс гадна ихрүүдэд хийсэн судалгаанд өсвөр насан дахь найз нөхдийн тоо ба генетикийн буюу удамшлийн шинж тэмдэг бий эсэхийг тодруулж чадаагүйг судлаад энэ нь генээс тун бараг хамааралтай шинж болохыг нөхөн илрүүлжээ.
 
Олон найз нөхөдтэй байх хийгээд 7R нь тус тусдаа  байхдаа хүнийг либерал болгодоггүй байна. Өөрөөр хэлбэл генетикийн ба нийгмийн, төрөлхийн ба орчны гэх хоёр хүчин зүйл хамтдаа улс төрийн үзэлд гол нөлөө үзүүлдэг гэсэн үг.
 
Судлаачид бүлэг “либерал үзлийн гений нээлтээ” бусад бие даасан судалгааны бүлгүүд нотолсон тэр нөхцөлд дэлхий дахинд зарлахыг илүүд үзэж буйгаа шударгаар цохон тэмдэглэсэн байна. Тус судалгаа нь улс төрийн үзэл бүрэлдэхэд цугтаа нөлөө үзүүлдэг генетикийн болон нийгмийн хүчин зүйлийн хоорондын өвөрмөц харилцан үйлдлийг анх удаа харуулсанаараа чухал ач холбогдолтой юм.  Тэрнээс биш либерал ба консерватив үзэлд нийцтэй хандах нь идэр залуусын найз нөхдийн тоо хийгээд DRD4 гений аллелийн хоршлын үр дүн гэж шууд утгаар ойлгох нь өрөөсгөл хэрэг. Тэрхүү үнэлэмж бүрэлдэхэд янз бүрийн генээс мянга биш гэхэд зуу нь цаашлаад орчны (соёлын болон социал) олон тооны хүчин зүйл, тэдгээрийн хоорондын тоо томшгүй харилцан үйлдлээс хамааралтай зүйл болохыг сануулая. Дээрх судалгаа нь өнөөгийн түвшинд шалтгаан үр дагаврын харилцан хамаарлаас нарийвчлан судлагдсанаа л авч үзсэн нь үр дүн болохыг сануулах юун. 
 
Жич: дэлгэрэнгүй судалгааг доор материалаас харна уу?
 
Jaime E. Settle, Christopher T. Dawes, Nicholas A. Christakis, James H. Fowler. Friendships Moderate an Association between a Dopamine Gene Variant and Political Ideology (PDF, 134 Кб) // The Journal of Politics. 2010. V. 72. P. 1189–1198.

1 comment: