2011/03/09

УЛС ТӨРИЙН БРЕНДИНГ

Улс төрийн брендинг гэдэг нь массын дунд улс төрчийг нэр хүндтэй болгох, урт хугацааны туршид тэрхүү нэр хүндийг хадгалахын тулд тэдгээрийн имижийг бүрдүүлэх, өсгөх арга технологи, урлаг юм. Мэдээж улс төрийн бренд нь маркетингийн салбарын “анд”-аасаа зээлдэн авсан зүйл олон боловч түүнд өөрийн гэсэн тусдаа зорилго, зорилт бас бий. Улс төрийн брендийн үндсэн бүрэлдэхүүн бол улс төрийн намын билэгдэл, улс төрчийн имиж юм.

Улс төрчийн хувьд улс төрийн бренд гэдэг нь нэг нэгээс нь салгаж үл болох бүрдэл хэсгүүдээс бүрддэг. Тухайлбал, улс төрийн лидер гэх үндсэн брендийг харъяалагдах нам, улс төрийн штаб буюу хамтран зүтгэгчид,гэр бүл, хамтран ажиллагч бизнесийн түншүүд, түүнд үйлчилдэг ОНМХ гээд бусад дагалдах элемент бүрдлүүд тойрон нэгдэж байж үндсэн субъектээ амилуулдаг. Тэдгээр бусад бүрдэл байхгүй бол улс төрийн лидер нэрнээс цаашгүй этгээд болж хувирах нь тодорхой.  Харин улс төрийн намын хувьд харъяалагдах олон нийтийн байгууллагууд, залуучуудын хөдөлгөөн, хамтран хоршигч нам хүчнүүд нь түүний бренд болж байдаг юм. Мөн “эрлийз” маягийн брендтэй нам хүчин байж болно. Үүнд олон нам хүчнийг өөртөө нэгтгэсэн буюу нэг малгайн дор нэгдэж, нэр нэрээр овоглосон улс төрийн эвсэл хүчнүүдийг оруулан тооцох нь бий.
 
Улс төрийн брендийг зохицуулах, удирдах тогтолцоо нь 3 үндсэн зарчимтай.
Нэгдүгээрт – улс төрийн зорилтот зах зээл рүү хандах. Үүнд судлаач шинжээчид хүн амын талаар ерөнхий мэдээлэлд үндэслэн улс төрчдийн имиж ямар байвал зохихыг зааж чиглүүлэхэд тэдэнд тусалдаг. Улс төрийн брендээр мэргэшсэн нөхөр зорилтот зах зээлийг сонгож, тэдгээрийн улс төрийн эрхэмлэгээнд тохирох тэрхүү имижийг бүтээх стратегийг боловсруулж өгнө.
 
Хоёрдугаар зарчим – хүн амын улс төрийн хүсэл сонирхолд нийцүүлэх үүднээс бий болгосон материаллаг болон материаллаг бус шинж онцлогоор дамжуулан өөрийгөө илэрхийлэхүйц улс төрийн имижийн нарийвчласан концепци бий болгох. Үүний тулд улс орон даяар болон орон нутагт, тодорхой үзэгдэл үйл явцад хандах хүм амын зан байдалд дүн шинжилгээ хийх, фокус бүлэг, сурвалжлагын аргаар боловсруулсан үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
 
Гурав дахь зарчим – Улс төрийн намын билэгдэл, түүний загварыг зорилтот бүллгийн төсөөлөлтэй уялдуулах. Улс төрийн брендийн мэргэжилтэн улс төрийн билэгдэлд шингэсэн байх ёстой бүрдлүүдийг (өнгө, хэлбэр дүрсний сонголт) тодорхойлоход улс төрчдөд туслана.
 
Ард түмний хүлээлт сонирхолд нийцсэн брендийг оновчтой бүтээж чадсан буюу цаг үеийн асуудал, улс төрийн орчин дахь хэрэгцээг мэдэрсэн улс төрч, улс төрийн нам нь сонгуульд амжилт олоход нэг том алхам хийж чадсан гэж өөрийгөө үзэж болно.
 
Дээрх улс төрийн брендингийн талаар идэвхгүй хандлага байхаас гадна бусад байдлаар хандаж авч үзсэн хандлага ч бий.
 
Энэ үүднээс улс төрийн бренд гэх ойлголтыг 2 янзаар авч үзэж байна. Нэг хэсэг нь брендийн гол агуулга гадаад байдал, имижийн шинж чанараас онцгой хамааралтай зүйл гэж үзэж байна. Энэ санааг дэмжигчид улс төрийн брендинг нь хэрэгжихгүй ч байж болох амлалтан дээр бүрэлдэн бий болдог гэж тооцдог. Харин нөгөө хэсэг нь нэг зохист тогтолцоо руу төвлөрсөн улс төрчийн зан үйл, харилцаа, үзэл бодол, санааны зохист хоршил юм гэж дүгнэдэг байна. Энэ утгаар улс төрийн брендинг нь хүмүүсийн шаардлага, хүсэл сонирхлоор тодрон мандсан тэрхүү брендийн төлөө өрсөлдөөнт тэмцэл, ардчилсан үйл явцын зайлшгүй үзэгдэл мэтээр тайлбарладаг ажээ.
 
Улс төрийн бренд бол дан ганц гадаад дүр төрх имиж төдий зүйл биш, харин сэтгэлгээ, зан үйл, сэтгэл хөдөл, харилцаа, дүр байдлын цогц - улс төрийн бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн бренд гэдэг нь товчхондоо ямар нэгэн улс төрийн бүтээгдэхүүний тухай төсөөлөл юм. Үүний тулд улс төрийн бүтээгдэхүүний тухай мэдээлэл цуглуулах, эрэл хайгуулах хийх, бусад бүтээгдэхүүнтэй харьцуулах, авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх замаар уг төсөөллийг олж авдаг. Мэдээж улс төрийн реклам сурталчилгаа, суртал ухуулга, манипуляци хийх болон бусад технологийг ашиглаж уг төсөөллийг “бүтээдэг”. Бодит байдал дээр сонгогчид тодорхой төсөөлөлд тулгуурласан зөв стратегиар бий болгосон бэлэн мэдээлэл, загварыг л хүлээн авч, шингээж байдаг. Ийм байдлаар л ард түмний сэтгэл татам, хүчтэй улс төрийн брендүүд төрдөг. Тухайлбал амжилттай брендингийн жишээнд В.Путин, Барак Обама, Тони Блэр нарыг тооцож болно.
 
Орчин үед улс төрийн бренд бүтээхдээ үндэсний ухамсраас гадна мэдээллийн хэрэгслийн шинэ орчин нөхцлийг харгалзах шаардлага гарч ирэх болов. Үүнд телевиз, сонин хэвлэлээс гадна социал сүлжээ, интернет мэдээллээр дамжин улс төрчийн имижийн талаар олон түмэнд шинэ тутам төсөөлөл бүрэлдэх болсныг зайлшгүй тооцох хэрэгтэй болсон. Тэрхүү орон зайд улс төрчдийн үг, үйлдлийн талаар хошин зураг, видео бичлэг, сайт, сэтгэгдлүүд тун хангалттай байх болсон нь улс төрийн бренд бүтээхдээ тооцох чухал хүчин зүйл болсныг хэлэх нь зүйтэй. 

Монголд...
Улс төрийн бренд нь Монголчуудын хувьд үзэгдлийн хувьд хуучин хэдий ч ойлголтын хувьд шинэ юм. Сайндаа тухайлсан шинжлэх ухааны салбарын явцуу хүрээнд яригдаж буйгаас цаашгүй гэж хэлэх бүрэн үндэстэй. Гэхдээ улс төрчдийн хувь зах зээл дээр өөрийгөө борлуулах зорилгоор зориудын болон санаандгүй олон үг үйлдэл явуулж байдаг нь тодорхой хэмжээгээр байгаа онодог. Гэвч энэ асуудалд мэргэжлийн үүднээс хандах, авч үзэх явдал тун хомс. Тухайлбал, МАХН гэх эрх баригч хүчин “рэбрендинг” хийж намын нэр МАН болгосон хэдий ч (мөн туг далбаа, програм) гарах үр дагаврыг хангалттай тооцоогүйн улмаас хуучин нэрийг нь ашиглах явдал гарч, нэр хүндэд нь сөрөг нөлөө үзүүлэхэд хүргээд байна. Барууны улс төрийн чиг хандлага, ардчилсан засаглалыг сонгосон манай орны хувьд энэ нийгмийн тоглоомын дүрмийг шинжлэх ухааны үндэстэй судлан, өөртөө нутагшуулах боломж, үлгэр авах загвар хангалттай байгааг сануулах юун.

1 comment: