2010/10/09

ЛОББИЗМЫН ТЕХНОЛОГИ, ТҮҮНИЙ ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА

Лобби  19-р зууны үед төрийн албан байгууллагад ирдэг “гуйгч” гэж нэрийдэгдсэн хүмүүсийг хэлдэг байлаа. Тухайн хүмүүс хаана хууль батлах гэж байна тэр хурлын зааланд орох гэж оролддог байжээ. Гэвч “гуйгч”-ид гол танхим, хүлээн авах өрөө рүү нэвтэрч чаддаггүй байсан тул тэднийг лоббист гэж нэрийджээ.
 

Лоббизм - Засгийн газрын захиалгыг хуваарилах, хууль гаргах зэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлэхийн тулд хууль тогтоох болон төрийн албаны түшмэдүүд нөлөөлөх /авилга өгөх хүртэл/ замаар монополийн ашиг сонирхлыг илэрхийлж буй АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь томоохон монополиудын агентлаг, албуудын тогтолцоо. Лоббист бол тэрхүү агентлаг, албаны төлөөлөгч агент юм.

Гадаад орнуудад лоббизм нь хуулиар зохицуулагдсан мэргэшсэн алба юм.  Энэ нь төр засгийн байгууллага дахь томоохон монополиудын агентлаг, төлөөлөгчийн газрын бүхэл бүтэн систем байдаг. Тэдний ажил бол хууль тогтоох хүрээнд хувийн компаний эрх ашгийг хамгаалахад чиглэнэ. Түүгээр ч зогсохгүй олон улс оронд лоббистуудын санхүүгийн ашиг орлогыг хууль тогтоох үйл ажиллагааны хяналтад багтаан авч үздэг байна. Тухайлбал, Их Британид лоббистуудын эвсэл холбоодын жилийн гүйлгээ 500 сая фунт стерлингээс давдаг байна. Европын хамтын нөхөрлөлийн орнуудад зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн 10000 гаруй лоббист байдаг.
 

Лоббистын үйл ажиллагаа зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаарын хүрээнд явагдах ёстой.  Үүнд заримдаа “авилгал өгөх” явдлыг ч багтааж үзэх нь бий.          
Лоббизм гэдэгт хэд хэдэн ерөнхий нөхцлүүдийг  тооцож үздэг.
1.    Энэ нь нэн тэргүүнд субъект, объект хоёрын харилцан нөлөөлөл юм. Нөлөөллийн объектод засаглалын хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагууд орно.
2.    Лоббистын үйл ажиллагаа тодорхой ашиг сонирхлын хүрээнд явагддаг.
3.    Лоббистууд нь төрийн байгууллага ба иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд зуучлах үүрэг гүйцэтгэдэг.
4.    Лоббизм улс төр, эрх зүйн шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд иргэний бүлгүүдийн шууд бус оролцох бололцоог олгож байдаг. Учир нь тэдгээрийн бүлгүүдийн ихэнх нь засгийн газар болон парламентад өөрийн төлөөлөгчгүй байдаг тул энэ нь чухал ач холбогдолтой байдаг.  
 

Нийгмийн бүлэг бүлэглэлүүд, төр засгийн харилцан нөлөөллийн механизм ихээхэн хэмжээгээр “тайзны ардуур” буюу далд, эмх журамгүй байдлаар явагддаг бөгөөд цаашлаад авилгалд өртөмтгий байдаг. Төр засгийн байгууллагад харилцан нөлөөлөхөд санхүүгийн нөөц, төрийн удирдлагатай хэлхээ холбоо бүхий нилээд зохион байгуулалттай, хүчтэй байгууллага гол давуу талыг эзэмшдэг. Тодорхой лоббист байгууллага, албан тушаалтнууд татагдан оролцсон “Уотергейт”, “Ирангейт” ба “Локхид”-ын зэрэг дэлхий дахинд шуугиан тарьсан хэргүүд үүнийг гэрчлэж байна.  

Лобби үйл ажиллагааны үндсэн субъект
Лобби үйл ажиллагааны субъект нь хувь хүн болон хуулийн этгээд байдаг. Гэхдээ улс орны онцлог, лобби туршлагаас шалтгаалан ялгаатай бөгөөд тухайлбал, АНУ-д энэ хоёр этгээд хоёулаа байдаг бол ХБНГУ зөвхөн хуулийн этгээд харин ОХУ-д тодорхой түнш, үйлчлүүлэгчийн эрх ашиг, нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг хувь хүн байдаг.
 

Бодит байдал дээр парламент, засгийн газар зэрэг хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ойр тойрон хүрээлэлд нөлөөлөл үзүүлэх замаар өөрт ашигтай шийдвэр гаргуулахыг эрмэлзэж байдаг янз бүрийн байгууллагууд, нам, иргэний бүлгүүд болон хувь хүмүүс цаашлаад албан тушаалтан, түшмэдүүд зэрэг улс төрийн "истеблишменте" (улс төрийн гол бүлэглэлүүд)-ийг лоббистод тооцож үздэг. 
 

Янз бүрийн албан тушаалтнуудад бүхий л арга замаар өөрийн тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхийг эрмэлзэх нь гадаадын фирм болон компани, хувь хүмүүсийн зүгээс явуулж буй лобби үйл ажиллагааг идэвхжүүлдэг нь илэрхий.
 

Лоббистыг улс төрийн, социал, эдийн засгийн мөн бүс нутаг, гадаадын лоббист гэж хувааж болно.
1.    Улс төрийн лоббист гэдэгт сонгуулийн кампани хийгээд улс төрийн тэмцэлд шууд оролцох замаар чухал нөлөөлөл үзүүлэхийг эрмэлздэг санхүү-эдийн засгийн болон социал бүлгүүд  орно. УУҮА, Алтан гадас, Эрс шинэчлэл, Эрүүл нийгэм-иргэдийн хөдөлгөөнүүд багтана.
 

2.    Социал лоббист – нэн тэргүүнд үйлдвэрчний эвлэл орно. Тэдний лоббийн нөөц чадавх төлөөлж буй салбарынх нь эдийн засагт эзлэх байр суурьтай шууд давхцдаг. Тухайлбал, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн халамжийн салбарын ажилчидтай харьцуулахад уул уурхай ашигт малтмал, зам тээвэр, эрүүл мэндийн салбарынхан өөрийн эрх ашгийг лоббидох маш өргөн бололцоотой байдаг гэсэн үг. Тухайн салбарын үйлдвэрчний эвлэл өргөн хэмжээний ажил хаялт зохион байгуулах замаар нийгмийн тогтвортой байдалд хүчтэй нөлөөлөх чадвартай байдгаар тэдний үзүүлэх нөлөө тодорхойлогдоно. Социал лоббистод ахмадын болон эмэгтэйчүүдийн, залуучуудын, экологийн байгууллагуудыг тооцдог. Монголд тэдгээрийн нөөц чадвар удирдагчдынх нь нэр нөлөөнөөс хамааралтай байх нь түгээмэл. Гэхдээ хөгжингүй орнуудад ийм бүлгүүд өөрийн сайн дурын байгууллагуудын салбар сүлжээнд тулгуурладаг тул томоохон лобби хийх боломжтой байдаг байна. Монголд МҮЭҮХ, МЗХ, МОХ, МАЧХ, Монголын газар шороо хөдөлгөөн, “Онги гол” хөдөлгөөн.
 

3.    Эдийн засгийн лоббистын хувьд төрийн шийдвэр гаргах үйл явцад шахалт үзүүлэх зорилгоор маш хүчтэй хөшүүрэг болох эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлдгээрээ онцлог. Энэхүү ангилалд бараа бүтээгдэхүүн боруулалтаараа салбартаа тэргүүлсэн эсвэл экспорт импорт давхар эрхлэдэг мөн банк-санхүүгийн салбар, ОНМХ, засаглалын гүйцэтгэх дээд түвшин, парламент, улс төрийн бүлэглэл хөдөлгөөнд өөрийн төлөөлөгчтэй үйлдвэрийн бүлгүүд, корпораци, салбарын компаниуд багтана. Монгол дахь үүний жишээнд “Эрэл” компани, MCS групп, “Монгол ньюс” компани, Женко групп, АПУ, “НИК”, Мобиком корпорациудыг дурьдаж болно.  
 

4.    Бүс нутгийн лоббист нь өөрийн нутаг дэвсгэрт тодорхой хөнгөлөлт, давуу тал олж авахыг эрмэлзэж байдаг. Үүнд баруун бүсийн болон зүүн, төв бүсийн улс төрийн бүлэглэлүүдийг нилээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж тооцдог тал бий.
 

5.    Гадаадын лоббист – үүнд нөлөө бүхий гадаадын “шахалтын бүлэг”, үндэсний нийгэмлэг тооцогдоно. Тухайлбал, АНУ-ын улс төрийн тогтолцоонд европ, польш, араб, израйлын лобби жинтэй байр суурь эзэлдэг байна. Тэдгээр нь бүгд өөрийн уугуул буюу дүрвэн гарсан улс орныхоо ашиг сонирхлыг илэрхийлж, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөхийг хичээж байдаг.
 

Дээр дурьдсан субъектүүд нь хоорондоо харилцан холбоотой байх нь түгээмэл.
 

Лоббийн объект, бүтэц бүрдэл
 

Лоббийн үндсэн бүрдэл Лоббийн бүтэц бүрдлийг янз бүрээр ангилдаг. Хамгийн түгээмэл нь засаглалын байгууллагуудад лоббидох үндсэн 3 бүрдэлд: нөөц баялаг (нийгмийн баялгийг өөрсдийн тусын тулд дахин хуваарилуулах зорилго бүхий үйл ажиллагаа явуулах), асуудал (тулгамдсан нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд тухайлбал, бизнест тулгарч буй саад бэрхшээлийг арилгах зорилгоор явуулж буй үйл ажиллагаа багтана), байр суурь (байр суурь статусаа хадгалах, монопол байдал олж авах зэрэгтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх) ордог. Энэхүү 3 бүрдэл нь субъектын лоббидох ашиг сонирхлыг тусгаж байдаг.
 

Лобби үйл ажиллагааны объект
Лоббист үйл ажиллагааны объект: хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагууд.
 

Төр засаглалын байгууллагуудад лоббистуудын үзүүлэх нөлөөллийн түвшин тухайн орны эрх зүйн зохицуулалт, улс төрийн практик туршлага хэр бүрдснээс хамаардаг. Авторитар төр улсад парламентыг огтоос үгүйсгэх эсвэл, түүний үйл ажиллагааг нэр төдий хэрэгжүүлдэг тул лоббистын идэвх чармайлт чухамдаа эрх баригч төрийн тэргүүн, засгийн газартай хамтран ажилллахад чиглэдэг байна. Гүйцэтгэх засаглалын бүрэн эрх хууль тогтоох хүрээгээр хязгаарлагддаг орнуудын хувьд лоббизм парламентын түвшинд голчлон явагддаг. Мэдээж лоббизм хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээгээр гол төлөв хязгаарлагддаг хэдий ч шүүх засаглалын хүрээнд ямар нэг хэлбэрээр явагдаж болно. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалын хараат бус байх зарчимтай холбоотойгоор дам лобби буюу ОНМХ, суртал ухуулгын кампани зохион байгуулах замаар лобби үйл ажиллагааг явуулдаг гэсэн үг.
 

Монгол оронд шүүх засаглал дахь лобби нь ОНМХ-ээс үзүүлэх нөлөөллийг хамгийн өргөнөөр ашигладаг бөгөөд энэ ч үүднээс шүүгчдэд ОНМХ-ээр дамжуулан дам нөлөөлөх явдал санамсаргүй хийгээд зориудаар явагдаж байдаг. Гэхдээ монголын шүүх засаглалд “сүүдрийн лобби” буюу ардчилсан үнэлэмжийн үүднээс сөрөг шинж чанартай шүүх засаглалыг томилох эрхтэй этгээдээс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, түүнчлэн авилгалаар дамжуулан өөрт ашигтай шийдвэр гаргуулах явдал ил далд хэлбэрээр байсаар байна.
 

Лобби үйл ажиллагааны төрөл Лоббист үйл ажиллагааны төрлүүд нь:
1) лоббидож буй объект (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн лоббизм);
2) лоббидож буй субъект (улс төр, эдийн засаг, социал болон бүс нутаг, гадаадын лоббизм);
3) лоббийн объект, субъект хоорондын харилцаа (плюралист болон корпоратив лоббизм);
4) зорилгод хүрэх механизм (хууль тогтоох байгууллагын норматив актаар дамжуулан хэрэгжүүлж буй хууль санаачлах, хуулийг хэрэгжүүлэх актаар дамжуулан хүрч буй хууль хэрэгжүүлэх лоббизм); шууд – шахалтын объектод түүний найз нөхөд, төрөл төрөгсдөөр дамжуулан хувийн уулзалт хийх замаар нөлөөлөх; шууд бус – шахалтын объектод тухайн асуудлын талаар төсөөлөлтэй болгох замаар дам нөлөөлөх.
5) үйл ажиллагааны хугацаа (нэг буюу хэд хэдэн шийдвэрийг гаргуулахад чиглэсэн урт хугацааны буюу байнгын лоббизм, богино хугацааны лоббизм) зэргээс хамаарч ялгагдана.

No comments:

Post a Comment