2010/10/09

ТӨР ЗАСГИЙН ЛОББИЗМ

Гадаадын лоббизм (АНУ-ын жишээн дээр)
Гадаад лоббизм нь нилээд уламжлалт үзэгдэл. Бүхий л төр улсууд гадаад лоббизмыг хууль ёсны хэлбэрээр дамжуулан гадаад улс орнуудад  өөрийн төлөөний этгээдээр дамжуулан хэрэгтэй бодлогоо явуулахад тусалж байсан нөлөөллийн дипломат бус төвүүдийг гадаад улс орнуудад байгуулахыг оролдож ирсэн байна. Тухайлбал, хамгийн эртний жишээ бол 19-р зуунд америкийн экс-сенатч АНУ-д Аляскийг худалдахыг лоббидохын тулд Оросын засаг захиргаанд 30.000 доллар хүртэлх их хэмжээний мөнгийг төлж байсан бөгөөд энэ нь ч амжилттай хэрэгжсэн юм. 


Олон жилийн туршид АНУ дахь гадаад лоббизм гэдэгт нэн тэргүүнд тодорхой гадаад бодлогын ашиг сонирхлыг лоббидох явдлыг багтааж ирсэн бөгөөд энэ ч утгаар 1938 онд гадаадын төлөөлөгч агентыг бүртгэх тухай хуулийг гаргаж тэдгээрийг бүртгэж, өөрийн үйл ажиллагааг зохих байгууллагад тайлагнаж байхыг шаардаж эхэлжээ. Хамгийн хүчтэй гадаад лоббид тухайн үеийн бололцоо нөхцлийг амжилттай ашиглаж чадсан 60-70-аад оны израйль, тайваний лоббиг тооцдог. Израйлийн лобби нь сонгогчдын тодорхой хэсгийг бүрдүүлж байдаг америкийн ервейчүүдийг өөрийн үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулах замаар урьдын нөлөөллөө өнөөг хүртэл алдаагүй юм. 

1990-ээд оноос АНУ дахь гадаад лоббизмын нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд гадаад орнуудын лоббизм улс төрийн төдийгүй цаашлаад эдийн засаг, төрийн болон хувийн лоббизмтой нягт холбогдох болсон. Эдийн засгийн ашиг сонирхлын лоббийн тухай ярихад нэн тэргүүнд ҮДК холбогдоно. Үүнээс гадна гадаад лоббизмд гарч ирсэн том өөрчлөлт бол өнгөрсөн зууны сүүлчээр дэлхийн эдийн засаг глобалчлагдан, дотоодын үйлдвэрлэгчдийн ашиг сонирхол тэрхүү зах зээлд тулгуурласан гадаадын ашиг сонирхолтой нягт сүлжилдэх болсон явдал юм.
 

Гадаад лоббизм нь дотоод лоббизмд эрчимтэй бөгөөд өргөнөөр нэвтэрч, түүний органик бүрэлдэхүүн хэсэг (дотоод лоббизм гадаад руу нэвчин шингэх) болж, эцсийн бүлэгт тэдгээрийн хил заагийг тогтоох явдал улам нарийн төвөгтэй болжээ. Америкийн компаниуд, өөрсөдтэй нь холбоотой япон нийлүүлэгчдийнхээ ашиг сонирхол, технологи цаашлаад хятадын зах зээл, ажиллах хүч, борлуулалт зэргийг давхар тооцож байх ёстой болсон байна. Нөгөө талаас япон болон хятад түншүүд нь ч америкийн ашиг сонирхлыг харгалзах шаардлага тулгардаг.
 

Энэ үүднээс лобби үйл ажиллагааны нээлттэй байдлын тухай 1995 оны шинэ хуулиар худалдааны ашиг сонирхлыг төлөөлж буй гадаадын лоббистууд нь америк дахь коллегт бүртгүүлэх талаарх заалтыг нэмж оруулсан байна. Харин гадаадын агент төлөөлөгч (ФАРА) гэдэгт зөвхөн гадаад орны шахалтын (олон улсын буюу засгийн газар хоорондын байгууллага, элчин төлөөлөгчийн газрын ажилтнууд гэх мэт) агент төлөөлөгчдийг тооцож байхаар тогтсон байна. 
 

Монголын орны хувьд 90-ээд он хүртэл дан ганц ЗХУ-ын хүчтэй нөлөөлөл, харилцан хамаарлаас шалтгаалан ганц орны лобби ноёрхол тогтож байсан бөгөөд 1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт үйлдвэр үйчилгээний салбар бүрт өргөжин тэлж буйтай холбогдон гадаад лоббизм хүчтэй хөгжих болсон. Гадаад улс орнуудын хувьд газар зүйн байрлал, үндэсний онцлог, үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөр дагнасан байдал зэргээсээ шалтгаалан тухайлсан салбарт илүү ач холбогдол өгч энэ дагуу лобби хийх болсон байна. Монгол дахь хамгийн хүчтэй лоббитой орнуудад нэн тэргүүнд Хятад, ОХУ, Япон, Солонгосыг тооцож болно.Тухайлбал, хятадууд барилга, нийтийн хоол, авто зам, ашигт малтмал олборлолтоор, хүнд, хөнгөн үйлдвэр, ОХУ, ашигт малтмал, төмөр зам, барилга, банк санхүү, хүнд үйлдвэрээр, Япон барилга, ашигт малтмал, эрчим хүчний салбарт, Солонгос нийтийн хоол, мэдээллийн технологи, зочид буудлаар, Канад уул уурхай, ашигт малтмалын салбарт түлхүү ач холбогдол өгч тухайн чиглэлээр төр засгийн шийдвэрт нөлөө үзүүлэхийг эрмэлзэж байдаг гэж хэлж болно. Түүнчлэн зарим нэг ялангуяа уул уурхай ашигт малтмалын салбарт ҮДК-иудын шахалт, лобби хийх явдал улам бүр өсч байна. “Сентерио гоулд”, “Айвэнхо Майнз”, “Иточу” корпораци, “Шангри-ла” зочид буудлын сүлжээ зэрэг ҮДК-иуд монголд үйл ажиллагаа явуулаад нэгэнт эхэлсэн, өөрийн ашиг сонирхлыг хангах зорилгоор янз бүрийн лобби үйл ажиллагаа явуулж байгааг баримтаар тодотгож болно. Хамгийн сүүлийн жишээ бол 2006 онд АНУ-ын төрийн нарийн бичиг асан Ж.Бейкер Монголд албан бус байдлаар ирсэн нь чухамдаа Канадын уул уурхайн “Айвенхо майнз” компаний эрх ашгийг төрийн түвшинд лоббидох зорилготой ирсэн гэж тухайн үеийн ОНМХ-ээр шуугиж байлаа. (тус компаний удирдлагад түүний төрсөн хүү алба хашдаг байна)
 

Төрийн дотоод тогтолцоон дахь лобби (Оросын жишээн дээр)
Өдгөө тодорхой шийдвэрийг лоббидож буй гол лоббист нь төр засаг юм. Нэн тэргүүнд лоббизмыг бүс нутгийн тэргүүнүүд хийдэг бөгөөд бүс нутаг нь өөрөө бизнес-корпораци  болж байдаг. Тухайлбал, өөрийн улсыг “Халимагийн корпораци” БНУ хэмээн нэрийддэг К.Илюмжиновийг дурьдаж болно. Бүс нутгийн 25 лоббистын рейтингийг тогтооход тэрбээр Тюмений губернатор С.Собянины өмнө 24-рт орсон байна. Ядуу буурай БНУ-уудын хувьд зөвхөн удирдагч лидерийнхээ тусламжтайгаар холбооны түвшинд бүс нутгийн түүхий эдийн томоохон нийлүүлэгчдээс ч илүү бат найдвартай харагдах нь бий. Энэ утгаар лоббизмд хувь хүний хүчин зүйл чухал үүрэг рольтой байдаг байна. Чухамхүү губернаторуудад л холбооны нөөцөөс авах байнгын бөгөөд хуульчласан эрхтэй байдаг.
 

Бүс нутгийн тэргүүнүүд өндөр лобби статустай байдгийн хоёр дахь шалтгаан бол өөрийн нутаг дэвсгэр дэх эдийн засгийг захиран зохицуулах эрх мэдлээ ашиглахыг эрмэлзэж байдагтай холбоотой. 
 

Лоббизмд УИХ, засгийн газар, ерөнхийлөгч, төрийн өмчийн хороо зэрэг төрийн институциудын албаны ёсны /албан газрын/ лоббизм чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, “ОХУ-ын хувьд олон яамд өөрийн лобби бүлэгтэй. Яамд 20-30 хүнийг дэмжин тэтгэж, улмаар Төрийн Думд гарахыг дэмжин тусалж байдаг. Дараа нь тэд 4 жилийн туршид үүний төлөөсийг төлдөг байна. Улмаар уг үйл ажиллагааны дор яамдууд мөнгө босгох тусгай бүтцийг байгуулж ажилладаг. Энэхүү бүтэц нь албан ёсоор салбарын ажил хэрэгт буклет гаргах явдлыг хариуцдаг. Нөгөө талаас Минатомын лобби кампани (цөмийн хаягдлыг булах ажиллагааг зохион байгуулахыг оролддог) түүнийг сөргөн ОНМХ-ээр дэлгэх ажлыг явуулдаг лоббийн эсрэг кампани ч бас бий.       
 

Хууль тогтоогч лоббист – Парламентийн гишүүн. Депутатын лоббизм нь нэг удаагийн бус байнгын ажил байдгаараа онцлог. Иймээс депутат- лоббистын дунд бизнесээс гаралтай Пугачев (Межпромбанк), Невзлин (ЮКОС) нар байдаг нь санамсаргүй хэрэг биш. Газар тариалангийн томоохон хөрөнгөтний эрх ашгийг төлөөлөгч гэгдэх Примаков ТПП хэмээх бизнес ашиг сонирхлын лобби байгууллагыг толгойлдог бол Вольский, Тосунян нар хэрэг дээрээ төрийн тогтолцоонд ойрхон РСПП (Оросын үйлдвэрлэгчдийн холбоо) болон Оросын банкны ассоциацийг тэргүүлж байдаг.
 

Ямар нэгэн ашиг сонирхлыг лоббидож буй депутатын бүлгээс хууль гаргахдаа шаардлагатай кворумыг хангахын тулд бусад бүлэг холбоодыг өөрийн талд татах хэрэгтэй. Өнгөрсөн үеийнхээсээ орчин үеийн Дум нь “бүлэг” гэдэгт хувь депутатуудыг бус бүхэл фракцийг багтаасан томоохон лоббиг тооцдог болсноороо онцлог юм. Тэдгээр нь тус бүртээ томоохон корпораци, аж ахуйн нэгж зэрэг үйлчлүүлэгчтэй бөгөөд тэдгээрийн эрх ашгийг лоббидож байдаг. Мөн үйлчлүүлэгч нь компани байхаас гадна яам, албан газрууд депутатын санаачлагын захиалагч байх нь олонтаа. Жишээлбэл, Холбооны үнэт цаасны хороо нь думын коммунистуудтай нягт холбоотой байдаг байна.    Гэхдээ депутат-лоббистыг сөрөг утгаар буюу “авилгач”-ид гэж цоллох нь ч бий. Ямартай ч депутат бүр лоббист байдаг нь нэгэнт жишиг болсныг хэлэх хэрэгтэй.
 

Фракц дамнасан депутатын эвсэл – Думд хамтын ашиг сонирхлыг лоббидогч шинэ субъект. Депутатын эвслийн гишүүд нь янз бүрийн нам, фракцийн төлөөлөгчид байдаг. Уг эвсэл бүтэцлэгдсэн хэлбэртэй депутатуудын лобби үйл ажиллагаа гэж хэлж болно. Чухамдаа энэ нь оросын парламентчдын анхны бөгөөд албан ёсны, нээлттэй, хууль ёсны лоббизм юм.
 

“Оросын эрчим хүч” хэмээх анхны фракц дамнасан эвсэл нь 2000 онд байгуулагдан ажиллаж эхэлсэн, парламентийн бүтцийн хамгийн олон тооны гишүүдтэй, идэвхтэй үйл ажиллагаа бүхий эвслүүдийн нэг юм. Анх 11 гишүүнтэй байсан бол өдгөө 122 депутатыг эгнээндээ нэгтгэсэн. Үүнээс гадна “Зубр” хэмээх эвсэл (Украин, Орос, Беларусийн холбооны төлөө) 142 гишүүнтэй, орос, украйн, беларусын парламентчдын хоорондын хамтын ажиллагааг дэмждэг. Мөн славяны 3 төр улсын нэгдсэн парламентыг байгуулах нь уг эвслийн нэг үзэл санаа болж байдаг. Үүнээс гадна “Оросын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” эвсэл 107 гишүүнтэй бол хамгийн цөөн тооны гишүүдтэй ч /14/ маш идэвхтэй үйл ажиллагаа бүхий тус улсын шинжлэх ухааны эрх ашгийг төлөөлж байдаг “Ирээдүйн стратеги” зэрэг эвслүүд үйл ажиллагаа явуулж байна.    
 

Монголын хувьд албан байдлаар “Алтан гадас” ассоциацийг энэхүү бүлэгт багтааж болно.
 

Заримдаг төрийн шинжтэй лоббист гэдэгт Газпром, Внешторгбанк, Транснефть зэрэг төрийн өмчийн байгууллагын удирдлагуудыг тооцож болно. Чубайс, Костин, Казьмин, Миллер нарыг улс оронд болж буй улс төрийн дээд байгууллагуудын хурал зөвлөлгөөнд урих нь олонтаа. Эдгээр нь дахин санхүүжилт хийх, хөрөнгө оруулалт болон тарифийг бууруулах зэргийг шаардаж байдаг заримдаг төрийн шинжтэй лоббистууд юм.
 

Монголд Эрдэнэт”, Төмөр зам, МИАТ, Монголросцветмет зэрэг төрийн өмчит компаниуд энэхүү ангилалд тооцогдоно.

Лобби кампанийг зохион байгуулах технологи
Лоббистыг ангилах нь: “Цагаан” ба “сүүдрийн” лоббистын тухай
90-ээд оны эхээр лоббизм илэрхий гэмт хэргийн шинжтэй байсан хэдий ч өдгөө олон зүйл өөрчлөгдсөн. Өдгөө сонин хэвлэлийн зарлалаар дамжуулан лоббистын сул орон тоог нөхөх болж бөгөөд улмаар зарим томоохон компаниуд төр засагтай холбоо тогтоох хэлтэс, товчоо буюу “government relations” гэсэн тусгай бүтэц байгуулах болсон. Энэхүү салбарыг гол төлөв хуучин түшмэд албан хаагчид тэргүүлж байна. Уг салбарын зорилго нь компаний хувьд үлэмж тааламжтай байхуйц төрийн тогтолцооны дэглэм, нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Тэдгээрийг төлөөлж буй субъектийнхээ ашиг сонирхлыг хэрэгжүүлэх явдлыг албан ёсоор эрхлэж буйг нь “цагаан” лоббист гэж нэрийдэж болно.
 

“Цагаан” лоббизмын бас нэг хэлбэр бол зах зээлийн тодорхой сектороор мэргэшиж дагнасан ассоциаци юм. Тухайлбал, ХАҮТ, УУҮА. Эдгээр байгууллага гишүүд нь татвараа чухамдаа лоббизмоор төлөх явдал дээр оршин тогтнодог. Тэд хууль боловсруулах ажиллагаанд оролцож, лоббизмын чухал нэг бүрдэл болох нийгмийн санаа бодлыг бүрдүүлэхийн тулд янз бүрийн хурал зөвөлгөөн зохион байгуулдаг.
 

Гэхдээ “цагаан” лоббизм сүүдрийн лоббизмтай харьцуулахад хэт явцуу бөгөөд үр нөлөөний хувьд сул дорой байгааг хэлэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд ямар нэгэн бүтэц тогтолцооны ашиг сонирхлыг хангах зорилтыг шийдвэрлэдэг.
 

Сүүдрийн лоббийг дотор нь салбарын болон хувийн гэж ангилдаг. Нэгдүгээрх нь ашигт малтмал, эрчим хүч, авто замын зэрэг бүхэл салбарын ашиг сонирхлыг төлөөлдөг. Хувийнх нь тодорхой банк, үйлдвэр, компаний эрх ашгийг хамгаалдаг байна. Ерөнхийдөө сүүдрийн лоббист нь томоохон түшмэд, албан тушаалтны ойр шадар хүмүүс байдаг. Тэд танхимд уулзах төдийгүй хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдтэй ан авд болон саун, амралтанд явж асуудал шийдүүлдэг. Тухайн “сүүдэрлэгчид”-ийн хувьд үгээр хэлбэл, “танил тал”-ынхаа бүх төрөл төрөгсдийн нэрийг мэдэж байх, тэдний төрсөн өдрийг мартахгүй байх нь албан үүрэг нь байдаг.
 

Лоббистын хувьд зөвхөн эрх баригчидтай бат бэх холбоо тогтоох нь чухал төдийгүй засаглалын “гал тогоо”-ны талаар ялангуяа түүний өнгөрсөнтэй холбоотой зүйлийн талаар мэдлэгтэй байх явдал чухал ач холбогдолтой.
 

Гэвч лоббистын ихэнх хэсэг нь – доод  зиндааны гарууд байдаг. Иймээс ч хөлсний этгээдүүд ажиллаж байх нь цөөнгүй. Лоббистын хөлс тэдний шийдвэрлэж чадах асуудлын үнэ өртгөөс шууд хамаарч байдаг. Жишээлбэл, орост томоохон холдингын эрх ашгийг хамгаалж буй этгээд жилд хэдэн зуун мянгаас хэдэн сая хүртэлх доллараар хөлслөгддөг. Эдгээр хүмүүс заримдаа компаний удирдлагад оролцох буюу түүний үүсгэн байгуулагч байх нь бий.
 

Дараагийн түвшин бол том бус компанид ажиллаж буй лоббист юм. Тэд хэр таарсан хөлсөөр ажиллах боломжтой байдаг. Тийм хүмүүсийг компани 40 мянгаас 250 мянган $-оор хөлслөхөд бэлэн байдаг.  
 

Сүүлийн ангиллын төлөөлөгч - хувийн том бус төсөлд хөлслөгддөг лоббист, тэд хэдхэн мянган доллараар өөрийн ажлаа олдог байна. Тэдгээр хүмүүсийн үйлчилгээ ОНМХ-ээр төдийгүй танхим, хурлын заалан дахь PR-аар хязгаарлагдах нь олонтаа.  
 

Болхи хэлбэрийн бас нэг лоббист бол улиг болсон мөнөөх л хээл хахууль тарааж байдаг “дугтуй хүргэгч” гэх төдийгөөр нэрлэгддэг лоббист юм. Мэдээж бас ур чадвар шаардагдана. Гэвч жинхэнэ лоббист нэг ч бутархай мөнгө үрэлгүйгээр зорилгодоо хүрэх урлагийг эзэмшсэн байх ёстой.

Лоббист үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн параметр
Лобби байгууллага хүн амтай ажиллах бодлого
Уг асуудлыг хоёр аспектаар авч үзэж болно.
 

а) Бие даасан байдлаар болон уриалан дайчлах байдлаар үйл ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн хүн амын тогтвортой бөгөөд “гарын дорх” бүлгүүд, дэмжлэгийн бүлгүүдээр дамжуулан томоохон субъектэд шахалт үзүүлэх.
 

б) Тухайн бүлгийг сурган бэлтгэх тогтолцоо. Сургалт нь семинар дадлага болон тусгай ном товхимол хэвлэх замаар явагдана. Олон нийтийн кампани зохион байгуулагчид, идэвхтнүүд товхимол, гарын авлагаар дамжуулан хууль тогтоогчидтой харилцах сэтгэл зүйн хийгээд ёс зүйн энгийн дүрэм, захиа бичих аргачлал зэргийг шууд ойлгомжтой байдлаар хүргэдэг.

4 comments:

  1. хэрэгтэй мэдээлэл нийтэлсэнд баярлалаа. Гадаадийн лоббизмтэй холбоотой, Монгол хэл дээрх ном байдаг уу? байдаг бол хаанаас олж болох вэ?

    ReplyDelete
  2. Ер нь лоббизмын талаар тусгайлсан ном бүтээл хараагүй юм байна аа. Зүгээр улс төр судлалын чиглэлээр суралцагчдын дипломын ажил, курсын ажил, эрдэм шинжилгээний бүтээл, сэтгүүлүүд дээр тусгагдсан байж магад.

    ReplyDelete
  3. аан заза. Ямартай ч хэрэгтэй нийтлэл оруулсанд баярллаа. Лоббизмын талаар ухагдахуунтай боллоо.

    ReplyDelete
  4. монголд аль ч намаас хамаарахгүй эрх ашгийн бүлэглэл "жалгын" үзлийн баг,ангийнхны,төрөл садны дараа бизнесийн ашиг сонирхлын гэх бүлэглэлүүд байгаа бөгөө хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа нь увсчууд, ховдынхон.2010 онд УВс аймагт 104 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

    ReplyDelete