2010/10/09

ЛОББИЗМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Уг асуудал хэд хэдэн аспекттай:
а) Олон нийтийг хамарсан байх. Өөрөөр хэлбэл, өдгөө “шинэ лоббизм”-ын шинж чанарыг илэрхий агуулсан массын үзэгдэл гэгдэх шууд бус лоббизм бөгөөд хүн амын өргөн давхрагыг дайчилж байдгаараа онцлог. Жишээлбэл, АНУ-д 80-аад оны сүүлээр лоббист Кен Пейний Холбооны улсын хэмжээнд зохион байгуулсан зээлийн хоршооны “grass root” кампани нь өдгөө ч гэсэн тухайн төрөлдөө анхны томоохон бөгөөд амжилттай ажиллагаа гэж тооцогддог. 


Америкийн банкны эздийн нийгэмлэгээс банкны хувьд шаардлагатай даатгалын төлбөртэй үйл ажиллагааг нь жишин тэнцүүлэх, цэвэр өрсөлдөөний тухай асуудлыг тавьж, татвар төлөхөөс чөлөөлөн тэдний статусыг өөрчлөн, зээлийн хоршооны бие даасан зохицуулагч болох холбооны агентлагийг татан буулгах тухай заалтыг хуулийн төсөлд багтаах талаар хүчтэй лобби явуулсан байна. Үндэсний зээлийн хоршооны ассоциаци (НАКС) иргэдийн бие даасан холбоодын мөнгө хүүлэхтэй хэрхэн тэмцэх талаар маргаан өрнүүлэхийн тулд хариу стратеги хэрэгжүүлжээ. Эцсийн дүнд нь тэд өргөн хэмжээний “grass root” кампани явуулахаар шийдвэрлэсэн байна. 

Муж улсын зээлийн хоршооны 50 лиг хүн амын дэмжлэгийг олж авах ажлыг зохион, 15 мянган хоршоо руу мэдэгдэх хуудас илгээж, Хадгаламж эзэмшигчид тэдгээрт гарын үсэг зурах мэтийн дэс дараалсан санхүүгийн өргөн ажиллагааг зохион явуулжээ. Ингээд 6 сарын туршид 5 сая гаруй гарын үсэг цуглуулсан чадсан байна. Хоёрдугаарт  НАКС Вашингтон хот руу 20000 орчим хүн оролцсон том аян зохиох, цуглуулсан гарын үсгээ илгээхэд бэлтгэж, цаашлаад, тойрог бүрээс 10000 орчим хүний мэдэгдэх хуудсыг тусгайлан бэлтгэгдсэн “гол хүмүүс”-ээр Конгрессийн гишүүдэд хүргүүлжээ. Тухайн ажиллагааг явуулахад хууль тогтоогчдод ОНМХ-ээр таниулах үйл ажиллагаа шийдвэрлэх нөлөөлөл үзүүлснийг хэлэх хэрэгтэй.
б) Лобби кампаний санхүүгийн хүч чадавх. Шинэ лоббизм улам бүр өртөг зардалтай болж байна. Олон нийтийн кампанийг зохион байгуулах зардалтай ямар ч өндөр урамшууллыг харьцуулах аргагүй гэдэг нь ойлгомжтой.
 

в) Стратеги сэтгэлгээ болон эвсэл байгуулах явдал чанарын шинэ түвшинд гарсан. Хэрэв ганцаараа бол өргөн хэмжээний кампани хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд гол зарчим бол холбоотон олох цаашлаад эвсэл байгуулах явдал мөн.
 

г) ОНМХ-ийг идэвхтэй ашиглах. Энэхүү зарчим нь “шинэ” лоббизмд туйлын чухал. Өөрөөр хэбэл, тухайн асуудлыг ОНХМ-ээр сурталчлах замаар олон нийтийн кампанийг явуулахад тусладаг байна. Ямар ч нээлттэй лобби ажиллагаа нь “чанга дуу хоолой”-гүй бол албан бус лоббизмд ялагдахад хүрнэ. Тэрчлэн өмнө нь бүхий л “grass root” ажиллагаа хэвлэл мэдээллийн хувьд цоо шинэ зүйл байсан бол өдгөө мэргэжлийн чадварын хувьд хэвлэл мэдээлэлтэй ажиллахын чухлыг, түүнгүйгээр төлөвлөсөн үйл ажиллагаа унахад хүрнэ гэдгийг зохион байгуулагч бүр ойлгох болсон. ОМНХ болон олон нийттэй харьцах технологи нь хэвлэлийн бага хурал зарлах, жирийн пресс-релизээс улам бүр зайлсхийх болсон. Томоохон ажиллагаанд ОНМХ-ийн зохих хэмжээний анхаарал хандуулахад хоёр арга замыг ашигладаг болжээ. 1. мэргэшиж дагнасан фирм ба ОНМХ-ийн хооронд урт удаан хугацаанд төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах явдлыг ашиглах (корпоациудын дунд зонхилдог), 2. Эвсэлдээ ОНМХ-ийг элсүүлэн оролцуулах (олон нийтийн хөдөлгөөнүүдийн дунд зонхилон ашиглана).    
 

д) Орлон гүйцэтгэгч (outsoursing) ашиглах, мэргэшиж дагнасан байдлыг гүнзгийрүүлэх. Олон тооны орлон гүйцэтгэгч нь орчин үеийн лоббизмын өвөрмөц шинж чанар болсон байна. Тухайлбал, тодорхой компани лобби фирмийг хөлслөн авах явцад тэр нь өөрийн ээлжинд лобби кампаний нэг хэсгийг зохион байгуулахын тулд олон нийттэй харьцах фирмийг авч ажиллуулдаг. Харин олон нийттэй харилцах фирм нь рекламны ролик бүтээхийн тулд реклам сурталчилгааны фирмийг хөлсөлдөг байна.                   
 

е) Аливаа лобби ажиллагаанд олон нийтийн санал асуулгыг зайлшгүй харгалзах ёстой. Лоббизмын ихэнх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар орчин үед шууд лобби харилцааг хүн амын дэмжлэгийн хэлбэрийг нотлохуйц ямар нэгэн томъёоллыг дэмжлэг болгон ашиглавал зохино. Энэ нь олон нийтийн санал асуулга мөн сонгогчдын тодорхой хэмжээний захидал хүсэлт ч байж болно. Уг дэмжлэг нь лоббистын нотолгооны хувьд ч, лоббидох объектын хувьд ч түүний үйлдлийг (тэр нь огт буруу, олон нийтэд түгээгүй байж ч болно) зөвтгөх шалтгаан болох юм. Олон нийтийн санал асуулга (түүний үр дүн) нь чухамдаа өндөр үнэ өртөгтэй олон нийтийн кампани буюу “идэвхгүй олон нийтийн кампани” зохион байгуулах боломжгүй байдлыг орлож чаддаг.
 

ё) Өвөрмөц технологитой байх
 

Дараах байдлаар илрэнэ.
а) Үйл ажиллагааг компьютержүүлэх. Шахалт үзүүлэх, нөлөөлөх арга зам, бүхий л боломжит арга хэрэгслээр лобби хийхдээ компьютерийн глобал системийн дэвшлийг ашиглах болсон. Интернетийг ашиглах нь кампаний хувьд холбоотон олох, шаардлагатай баримт сэлтийг эрж хайх гэсэн хоёр чухал нөхцлийг өргөжүүлж өгдөг. Энэ нь “виртуал бодит байдал”-ын нөхцөлд үйл ажиллагааг зохицуулах, гэнэтийн зар түгээхэд цахим шууданг ашиглан хүч нөөцийг шууд дайчлах боломжийг олгодгоос гадна орчин үед цахим шуудан нь хууль тогтоогчидтой утсаар холбоо барихаас илүү найдвартай гэдэг нь нотлогдох болсон байна.
 

б) Кампаний зохицуулалт. Орчин үеийн технологийг ашиглах замаар шууд бус лоббизмын механизмын үйл ажиллагаан дахь үлэмж эмх замбараагүй байдлыг хянах болжээ. Видео болон утсан хурал зөвлөлгөөн, үүрэн сүлжээний (чухал тохиолдолд хиймэл дагуулыг ашиглан) холбоо харилцаа нь тухайн зохицуулалтыг хангаж байна.   
в) Үйл явдлын мониторинг хяналт. Хэт оройтож эхэлсэн нэг ч ажиллагаа ялалтад хүрэх нь үгүй. Гол нь дэлхийн бөмбөрцөгт байгаа газраасаа үл хамааран, биелэгдэхүйц хугацаанд үйл явдлыг чиглэлтэй байхад нь орчин үеийн технологи чухал бололцоо олгож байна. Орчин үеийн компьютерийн алба, эрэл хайгуулын систем нэгэн зэрэг асуудлын бүх хүрээний талаар бүрэн мэдээлэлтэй байхад тусалж чадна.
 

г) Мэдээлэл түгээх, хүч нөөц дайчлах. Интернет ашигласнаар дээрх нөхцлүүдийг бүрэн хэрэгжүүлж чадна. Магадгүй дэлхий дахинаа өөрийн интернет сайтгүй нэр хүндтэй нэг ч компани байхгүй. Ямар ч компани өөрийн байр суурийг илэрхийлсэн ерөнхий мэдээлэл, жилийн тайлан, хаяг утасны дугаар, ерөнхий танилцуулгатай байхыг албан үүргээ гэж тооцох болсон нь санамсаргүй хэрэг биш юм. 
 

Лоббизм ба PR (реклам)-ийн аргыг хослуулах нь – GPR концепци
Хуучны бүхий л үйлчлүүлэгч корпорациуд энэхүү чиглэлийг хөгжүүлэхийн тулд хувийн фирм хөлсөлж авдаг байсан бөгөөд тэдгээрийн ажил хэрэг тасалддаггүй байв. Өнөө үед дэлхийн том корпорациуд үйлчлүүлэгч түншийн хувьд “супермаркет” бий болгохыг хичээж байна. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш учир нь реклам сурталчилгаа хийх явдал лоббийн бүрдэл хэсэг болж байдагт асуудал оршино. Тухайлбал, Б.Клинтоны эрүүлийг хамгаалахын шинэчлэлийн төслийг дэмжигчдийн ялагдал түүнийг эсэргүүцэгчдийн ашигласан шууд реклам сурталчилгааны эсрэг хожимдсон эсэргүүцэл үзүүлсэнтэй холбоотой бөгөөд энэ нь үндэсний түвшинд лоббизмын хувьд шинэ үзэгдэл болсон гэж задлан шинжээчид үзсэн байна.
 

Энэ утгаар гадаад ялангуяа японы лоббизм сайн бэлтгэгджээ.  "Конгрешнл Куотсрли Уикли Рипорт" хэмээх конгрессийн албан ёсны цомгийн хавтсан дээр “Хонда” автомашины рекламыг байрлуулсан байдаг. Бичвэр нь бүтээгдэхүүний чанарын талаар бус харин “Огайо дахь манай үйлдвэр өмнө нь хэзээ ч америкийн эд материал, бүтээгдэхүүнээс (машин угсрахдаа) ашиглаж байгаагүй. Харин энэ онд нийт 5.3 сая долларт хүргэлээ” гэж бичсэн байна. Ямар ч мэргэжилтний хувьд тухайн цомгийг уншигч нь автомашины рекламны зорилтод бүлэг нь хүн амын өргөн давхрага бус гэдэг нь тодорхой юм. Сурталчилгааны хэлбэр маяг, бичвэр нь шууд рекламны бус харин “PR” шинжтэй технологийг багтаасан лобби зорилгыг хангахад чиглэж байна. Тухайн тактикийг “Америк дах хөрөнгө оруулалтын төлөө” рекламны уриа дэвшүүлсэн “Ниссан” корпораци мөн сонгосон байдаг байна.
 

Газар зүйн хамрах хүрээ, бүс нутаг, муж улс зэрэг субъектын үйл ажиллагаа
Холбооны улсын субъектийн түвшинд лобби хийх явдал өвөрмөц онцлогтой. Томоохон лоббидогч байгууллагын хувьд өөрийн ашиг сонирхлыг бүрэн хэмжээгээр төлөөлөх явдал нэн чухал.
 

Орчин үеийн лоббизмын үндсэн параметрийг авч үзлээ. Энэхүү бүх нөхцөл нь шахалт үзүүлэх томоохон үйл ажиллагааны загварын хувьд эхлэл цэг байх юм. Гэхдээ энгийн буюу хуучин лоббизмыг огт үгүйсгэнэ гэсэн үг биш.
 

Түүнчлэн лоббизмыг зохион байгуулахад шаардлагатай зайлшгүй чухал чанаруудыг харгалзан үзэх хэрэгтэй.
 

1. Лобби кампанийг зохион байгуулах үе шат
 Зохион байгуулалтын үлэмж оновчтой, чухал шинж чанар:
Нөхцөл байдлын дүн шинжилгээ
а) Нөхцөл байдал бүрэлдэн бий болох шалтгаан.
б) Шахалтын субъектын түүх намтар.
в) Дөрвөн бүрдэл бүхий бүдүүвч схемээр түнш этгээдийн /лоббидуулагч/ байр суурийн талаар баримт сэлт цуглуулах, дүн шинжилгээ хийх, (SWOT-шинжилгээ): Давуу тал, Сул тал, Аюул,Боломж.
г) Зорилго - үндсэн ба нэмэлт. Амжилтад хүрэх магадлал.
Стратеги боловсруулах
а) Түнш этгээдийн /лоббидуулагч/ өмнөх үйл ажиллагаануудад дүн анализ хийх.
б) Өрсөлдөгч этгээдийн үйл ажиллагаанд анализ хийх
в) Үр нөлөө үзүүлэх хувилбарууд,  үр дүнгийн магадлал.
г) Урьдчилсан төлөвлөгөө:
- шахалтын объект – хууль тогтоох, гүйцэтгэх засаг, засаглалын түвшин, амжилтад хүрэх хувилбар;
- үе шатлал ба үе шат бүрийн зорилт;
- төр засаг ба зөрчилдөөн – засаглалын салаа мөчир ба улс төрийн бүлэглэл, шахалтын объектын холбоотон ба өрсөлдөгчид хоорондын сөргөлдөөний чиглэлийн талаар тоглолт;
- үйл ажиллагааны хувилбарууд, тэдгээрийн улс төр/эдийн засгийн өртөг зардал;
- хувилбаруудын үндсэн шинж чанар.
д) Хувилбараас сонгох.
 

Кампаний үндсэн төлөвлөгөө бэлтгэх
а) Сонгосон хувилбарыг боловсруулах явдал нь:
- эвсэл зайлшгүй шаардлагатай эсэх асуудал; хэрэв “тийм” гэвэл тухайн эвслийг бүрдүүлэх, өрсөлдөгчдөөс завсрын хийгээд тодорхойгүй хүчнүүдийг салган тусгаарлах;
- штаб байгуулах, үүрэг функцийг хуваарилах;
- нэмэгдэл хүч хэрэгтэй эсэх асуудал – хөлсний дэд гүйцэтгэгч олох;
- хүн амын бодит дэмжлэгийг зохион байгуулах эсэх тухай асуудал, хэрэв “тийм” гэж үзвэл нөхцлүүдийг боловсруулах:
       1. Зорилтот бүлгийг сонгох.
       2. Татан элсүүлэхдээ зөв нөхцөл тохироог ашиглах
       3. Хувийн идэвх чармайлт, санаачлагаас оролцогчдийг     хөндийрүүлэх.
       4. Хүн бүрт тухайн ажиллагааны утга учир, ач     холбогдлыг таниулах.
       5. Ажиллагааны арга хэлбэр(захидал, жагсаал цуглаан,     илтгэл яриа).
       6. Ажиллагааг зохион байгуулах.
- Бүс нутагтай холбоотой ажил бий эсэх, хэрэв бий бол бүс нутаг бүрийг тухайлан тус төлөвлөгөөний зүйл хэсэг бүрт тусган боловсруулах;
- Зүйл хэсгүүдэд (нийтэд нь болон бүс нутагт) нэмэлт хүчин чармайлт хэрэгтэй эсэх:
       1. Реклам сурталчилгаа
       2. ОНМХ-ийг ашиглах, олон нийттэй холбоо тогтоох.
- Нөөцийг хуваарилах санхүүгийн төлөвлөгөө зэргийг тус тус багтаадаг.
б) Хувийн үйл ажиллагаанд тавих хууль зүйн хяналт:
- өрсөлдөгчийн нүдээр үйлдэлдээ аудит хийх;
- бүхий л кампани, арга хэмжээнд цохилт үзүүлж чадахуйц тааламжгүй  үйлдлүүдийг тооцох;
- эрсдлийн хувь хэмжээ, түвшинг тооцоолох.
в) Хямралт нөхцөл байдлыг зохицуулах төлөвлөгөө зохиох.
г) Үйл ажиллагааны өмнө зөв оновчтой баримт сэлтийг сонгох.
д) Хүчнүүдийн дадлага сургуулилт хийх.

Гүйцэтгэх, хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө
а) Хүчин чармайлтынхаа үндсийг хэрэгжүүл, түүнгүйгээр лобби кампани өндөр үнэтэй ч, үр дүнгүй болоход хүрнэ .
б) Өөрийн үйлдлийг нягт нямбай хяна.
в) ОНМХ, тэдгээртэй харьцах, хэвлэлээр тайлбарлан таниулах үйл ажилллагаа.
г) Техникийн тал, материаллаг хангалт
д) Үндсэн төлөвлөгөөг тасалдуулалгүйгээр биелүүл.
е) Ажиллагааг хэрэгжүүлэх явцад нэмэлт хүчин чармайлт гарах явдалд бэлэн бай:
- олон нийтийн санал асуулга;
- реклам сурталчилгааны орон зай, цаг хугацааг худалдаж ав;
- ялангуяа өөрийн талын дэмжигч их бус бол тодорхой штабын үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай;
- үйл ажиллагааны явцад стратегиа шинэчил (тухайлбал, нөөц стратеги, хямралын хувилбарыг ашигла).
 

Дүгнэлт гаргах
Стратегийн сонголтын үе шатанд ч, цаашлаад төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед ч алдаа дутагдлаа магадлаж, үйл ажиллагаандаа дүн шинжилгээг хийж байх ёстой. Тухайн асуудалтай дахин нүүр тулж чадах хамтрагчийг олох туршлагатай байх ёстой. 

Лобби хийх үндсэн технологи
Дэлхийн болон монголын практикт лобби үйл ажиллагааг зохион байгуулах дараах технологиуд зонхилж байна:
 

1.    Хууль тогтоох байгууллагын байнгын хороонд илтгэл тавих.
Байнгын хорооны хуралдаанд гишүүд болон сонирхож буй лоббист, шинжээчид оролцохыг зөвшөөрдөг механизм дэлхий дахинд түгээмэл байдаг. Жишээлбэл, германы Бундестагийн дотоод дүрэмтэй уялдуулан парламентын хороонд холбогдох мэдээлэл авахын тулд сонирхлын бүлгийн төлөөлөгч, бүрэн эрхт этгээдүүд оролцон, олон нийтийн сонсгол хийх эрх эдэлдэг байна.
 

2.    Хуулийн төсөл боловсруулах, тэдгээрийг парламентын хэлэлцүүлэгт оруулах
Үүнийг сонирхлын бүлгүүдийн оролцоотой хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагууд, түүнчлэн лоббистууд хэрэгжүүлдэг.
 

Лобби хийх энэхүү технологи тодорхой хуулийн төсөл “шахах”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр илэрч болно. Үүнээс гадна парламентийн гишүүдэд болон төрийн бусад байгууллагын албан тушаалтнуудад янз бүрийн захидал, санал хүсэлт, шаардлага хүргүүлэх байдлаар явагдана. Парламентын гишүүнтэй хувийн харилцаа тогтоох явдал лобби үйл ажиллагаанд багагүй ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, парламентчтай хувиараа танилцснаар шаардлагатай хуулийн төслийг тэрээр дэмжих эсэхийг тодорхойлох боломжтой болно гэсэн үг.
 

Парламентад хуулийн төсөл, санал санаачлага оруулах лобби нь ерөнхийдөө гишүүдийн дотроос дэмжигчээ (санаа нэгтэн) эрж хайхаас эхэлдэг. Дараа нь тийнхүү олсон гишүүн, парламент дахь бүлгээр дамжуулан санал болгож буй хуулийн төслөө парламентад өргөн барина. Ийм нөхцөлд хууль боловсруулагч нь лоббист бус харин тэдгээрийн өмнөөс хөдөлж буй этгээд байж болно. Иймээс жинхэнэ захиалагч нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байж чадна.
 

Лоббист парламенттай ажиллахдаа зөвхөн дэмжигч буюу санаа нэгтнээ эрж хайхаар хязгаарлагдахгүй. Тухайн хуулийн төсөл тодорхой үзэл санаагүй байгаад “эргэлзэж буй” депутатуудыг өөртөө итгүүлэн үнэмшүүлэх, ятгах чадвартай байх явдал нэн чухал юм. Тэдгээрийн тоо хуулийн төсөл хэлэлцэх, батлахад шийдвэрлэх ач холбогдолтой байдаг.
 

Хуулийн төсөл лоббидох буюу хууль тогтоох процессийн бүхий л үе шатанд тодорхой хэмжээгээр оролцох бодит бололцоогоо лоббист хангагдсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, парламентад хуулийн төсөл оруулах; байнгын хорооноос боловсруулан эхний  хэлэлцүүлэг хүртэлх хуулийн төслийн хэлэлцүүлэг; эхний хэлэлцүүлгээс гарах; хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахын тулд байнгын хорооноос цаашид нарийвчлан боловсруулах; төслийг байнгын хорооноос чуулганаар хэлэлцүүлэхээр санал оруулах, хуулийг батлах үе шат хүртэлх бүх шат дамжлага.
 

Хууль тогтоох процессийн бүхий л үе шатанд лоббистын “нарийвчлан боловсруулах” объект нь депутатаас гадна, парламентын ажлын алба, холбогдох яамдын албан хаагчид байж болно. Парламентын ажилтан, албан хаагчдаас бэлтгэл ажлын хурдавчлах, хуулийн төслийн агуулгын боловсруулалт, гишүүдэд танилцуулахаар хүргүүлэх, хуулийн редакц, техникийн тал дээр ажиллах зэрэг олон зүйл шалтгаалдаг. Төрийн албан хаагч лоббисттой харилцахыг сонирхож буй бол зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд туслах, ажлын бүлгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, сүүлийн үеийн үнэн бодиттой мэдээллээр хангаж чадна. Тэгээд ч хууль тогтоох процесст нөлөөлөх хангалттай бололцоотой байлаа гээд үр дүнд хүрэхгүй байж болно. Тухайлбал, зарим хуулийн төсөл парламентад олон талаас нь авч үзсний эцэст хэлэлцүүлгээс буцах нь бий.  
1. Шийдвэр боловсруулагч болон гаргагчдад зориулан ОНМХ-ээр суртал ухуулгын кампани зохион байгуулах.
Тухайлбал, ноолуур, хаягдал төмрийн экспорт, алтны онцгой ашгийн татвар зэрэг олон асуудалд ОНМХ-ээр үзүүлсэн нөлөөлөл их байсныг хэлэх хэрэгтэй.
2. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын оролцоотой шинжлэх ухаан- практикийн бага хурал зохион байгуулах
Ялангуяа монголын нөхцөлд олон улсын байгууллага, иргэний санаачлагын байгууллага хөдөлгөөнүүд, олон улсын хэмжээний корпораци, аж ахуйн нэгжүүдээс сонирхож буй асуудлынхаа чиглэлээр төр засгийн төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг, бага хурал, зөвлөлдөх уулзалтыг олноор зохион байгуулах болсныг үүнд тооцож болно.
3. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын бүрэн эрхт төлөөлөгчдөд зориулан баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, уулзалт зохион байгуулах
4. Парламентийн гишүүн, засгийн газрын төлөөлөгчдөд сэтгэл зүйн шахалт дарамт хийх (тэдгээрийн хаягаар захидал, цахилгаан илгээх, утсаар ярих, нөлөө бүхий зүтгэлтэн, орон нутгийн сонгогчидтой хувийн уулзалт зохиох).
5. Жагсаал цуглаан, ажил хаялт. Өөрийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, хангах зорилгоор янз бүрийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын зүгээс зохион байгуулах нь түгээмэл бөгөөд сүүлийн үед салбарын удирдлагын халаа сэлгээнд дургүйцэж буйгаа илэрхийлж ажил хаялт зохион байгуулах явдал өргөжиж байна. 
6. Албан тушаалтанд авилга өгөх – лоббизмын эрх зүй, сэтгэлгээний орчинг бүрдүүлээгүйгээс шалтгаалан үлэмж өргөн хүрээтэй байгаа нь илэрхий юм.
7. Амин хувийн холбоо сүлбээ буюу “гудамны лоббизм» нь төрийн зүтгэлтнийг урьж залах, хувийн болон найз нөхрийн харилцаа тогтоох замаар хэрэгждэг.
8. Интернет технологи (цахим цуурхал, нэр хүндийг нь хугалах гэх мэт)
 

Улс төрийн зорилго агуулсан мэдээллийн лоббизмын тохиромжтой орчин нь “ажил хэргийн цуурхал”-ийн хүрээ буюу өөрөөр хэлбэл албан ёсны этгээдээр батлагдаагүй улс-төр эдийн засгийн мэдээ, мэдээлэл байдаг.
 

Мэдээллийн лоббистуудын хувьд интернет дэх улс төрийн мэдээллийн вэб сайттай харьцах явдал нилээд нарийн төвөгтэй зүйл байдаг. Өгөхөөр бэлтгэсэн мэдээлэл түүнд нийтлэгдэх эсэх эсвэл тухайн сайтыг эзэмшигч хэн болох, авч буй мэдээллийн объектив чанарыг үнэлж цэгнэх зэрэг асуудал тулгардаг байна.    

Зарим лобби технологийн үнэ өртөг
Үнэ нь лоббидох түвшнээр тодорхойлогдоно: орон нутгийн засаг захиргааных гэхэд УИХ-аас огт ялгаатай. Лоббистын хамгийн үнэтэй төсөл улс орнуудын хувьд тэдгээрийн төсөв зардлаас шалтгаална. Хамгийн хямд лобби ажиллагаа парламентын гишүүнээс асуух асуулга, лавлагаа тооцогддог. Мөн хамгийн хямд өртөгтэйгээр нөлөөлж болох арга хэрэгсэлд түүнтэй утсаар ярих, цахим шуудан илгээх, сонгогчдтой хийх уулзалтаар ярилцах замаар лобби хийж болох хэдий ч төдий үр нөлөө багатай арга хэмжээ байдагт асуудал оршино.
 

Манай улсын хувьд тендер, хувьчлалын чиглэлээр дагнасан албан бус лоббистууд олон байдаг бөгөөд тухайн тендер хувьчлалын үнэ цэнээс шалтгаалж өөрийн хөлсөө авдаг бололтой.
 

ОНМХ-ээрх мэдээллийн урсгал буюу PR арга хэмжээ үр ашигтай лобби болох нь олонтаа. Тухайлан нэг албан тушаалтан болон нам хүчинд хандсан асуулга, мэдэгдэл, илгээлт, захидлаар дамжуулан лобби хийх нь өртөг багатай үйл явц юм. Түүнчлэн мэргэжлийн сэтгүүлч, нийтлэлч, нэвтрүүлэгч нараар дамжуулан тухайн асуудалтай холбогдсон сонин хэвлэлд чанартай өгүүлэл, нийтлэл хэвлүүлэх, телевиз радиогийн нэвтрүүлэг бэлтгүүлэх боломжтой.
 

Чухал томоохон хуулийн төсөл оруулах, хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад 50-300 мянган $-ийн өртөгтэй байдаг жишигтэй.

No comments:

Post a Comment