2011/01/30

ШОУ-УЛС ТӨР

Энгэрт зүүдэг янз бүрийн өнгөтэй тууз зүүлтийг соёл урлаг, нийгмийн зүтгэлтнүүд гэхээсээ илүү улс төрчид, тэдгээрийн санаачлагатай өрнүүлсэн жагсаал цуглаан, хурал хэлэлцүүлэг, шоунд ашиглах нь улам бүр олширчээ. Энгэрийн улаан, цэнхэр зүүлтээс нь тухайн улс төрийн хүчнийг аль талынх болохыг нь тодорхойлж болохын зэрэгцээ санаачилсан жагсаал цуглааны зорилго, агуулга, үэзл санааг нь хялбархан тодорхойлж болдог цаг үед бид амьдарч байна. Улс төр маш энгийн билэг тэмдгийн зүйл болон хувирч байна. 

Улс төр улам бүр хялбаршин шоужиж, дүрсжин виртуалжиж байгаагийн нэг илрэл бол телевиз, интернет дэх улс төрчдийн маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлэг, шоу арга хэмжээгүйгээр улс төрийг төсөөлөх боломж улам бүр хязгаарлагдаж буйгаас харж боломжтой.
 
Ингээд массын соёл бүхий нийгэмд улс төрийн амьдралд шинэ тутам нэвтрэх болсон шоу-улс төр, шоу-хэлэлцүүлэг хэмээх үзэгдлийн талаар онолын ойлголтыг авч үзсэн болно.
 
Шоу- улс төр
Нийгмийн өдөр тутмын амьдрал хаа сайгүй шоужиж байна. Шоу бол үзүүлбэр, арга хэмжээ юм. Бүх зүйлийг өвөрмөцөөр үзүүлэх нь түүний гол зарчим. Шоу нь зөвхөн урлаг соёл, ОНМХ-ийн хүрээнээс хальж нийгмийн бусад салбартай хоршин шинэ тутам үзэгдлүүдийг бий болгох болсон.
 
Орчин үед улс төрийн мэргэжлийнхэн болон PR-чид шоу-улс төр, PR шоу хэмээх үйл явцын талаар нилээн анхаарал хандуулах болсон. Угаас улам бүр шоу, зугаа цэнгээнгүйгээр массын соёл бүхий орчин үеийн нийгмийг төсөөлөх аргагүй болсон нөхцөлд улс төрийг шоужуулахгүйгээр улс төрд амжилт олох аргагүй болсон байна. Тэгээд ч шоу-улс төр нь “Цэнгэн хөгжилд тэгээд захир” гэх гол уриатай байдаг нь санамсаргүй хэрэг биш юм.  
 
Шоу-улс төр нь театрчилсан үзүүлбэр ба шоу бизнес гэх соёлын хоёр том хослолын үр дүн юм. Өөрөөр хэлбэл улс төр, театр, шоу-бизнес 3 нэгдэж нэг цогц болсон гэсэн үг. Улс төрийн тоглоомонд оролцогч жолоодогч, лидер, хамтрагч, шүүмжлэгч, өрсөлдөгч, аналитикч гээд тоглогч бүр өөрийн өвөрмөц дүрүүдтэй. Тэд улс төр хэмээх тайзан дээр хууль тогтоомж, тушаал захирамж, уламжлал зан үйл гээд тоглоомын дүрмийн дагуу тоглож байдаг.
 
Шоу хийгээд улс төр нь тоглоом юм. Шоу, улс төрд хэн их эдийн засаг, мэдээлэл, уран бүтээл, ур чадварын нөөцтэй нь ялах гэсэн хурц өрсөлдөөнтэй шинжээрээ адилхан. Тэрчлэн аль аль нь PR, сурталчилгаа, мэдээллийн хэрэгсэлгүйгээр амжилттай хөгжих боломжгүй нь тодорхой.
 
Шоу-улс төрд од хэмээх ойлголт багагүй ач холбогдолтой. Од гэдэгт амжилттай яваа хүн, бренд эзэмшиж буй томоохон байгууллага, нийгэмлэг ордог байна. Харин улс төрийн хувьд олон түмэнд танигдсан, нэр хүндтэй улс төрийн лидер, өндөр албан тушаалтнууд орохоос гадна зарим нөхцөлд шоу бизнес, кино, театр, спортын одод ч тооцогдох нь бий. Тэрхүү оддын тусламжтайгаар  үзэл санаагаа хялбархан борлуулах, нам хүчний имижийг өсгөх, олон нийтийн санаа бодлыг татах бололцоотой болдог. Оддоор дамжиж аливаа шоу амилж, түүний утга санаа баяжин тодордог аж. Улс төрийн шоуны хувьд аливаа одод нь эерэг дүр бүтээж, тодорхой сайн чанарыг эзэмшигч болж байдаг.
 
Улс төрийн шоу гэдэгт баярын жагсаал, нийгэм төрийн зүтгэлтэн, үндэсний баатрын хөшөө дурсгалын нээлтийн ёслол, улс төрийн намын их хурал, сонгогчидтой хийх нэр дэвшигчийн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, эсэргүүцлийн цуглаан, жагсаалыг тооцож болно.
 
Улс төрийн шоу нь үзэгчдэд сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн байж гэмээ нь өөртөө оноогоо цуглуулж, улс төрчдийн хувьд хүссэн үр дүндээ хүрнэ. Үүний тулд шоу цэнгээний тодорхой технологиудыг ашиглахаас гадна өөрийн зүгээс имиж, дүрийн хувьд ямар байхаа анхааралтай судалж, масст нийцтэй тэр дүр, тоглолтыг бүтээх нь чухал.
 
Виртуал шоу-улс төр ба хэлэлцүүлэг
Орчин үеийн билэг тэмдэгжсэн орон зайд үг яриа нь дүрсийн буюу видео-соёл гэх үзэгдэлтэй салшгүй холбоотой байх болсон. Медиакрати (мэдээллийн хэрэгслийн засаглал) эрин зуунд аливаа мэдээллийн эх сурвалж нь үндсэндээ дэлгэцийн мэдээллийн хэрэгсэл болж хувирсан. Телевиз, кино, компьютерийн дэлгэцийн өмнө хүмүүс амьдралын багагүй цаг хугацааг зарцуулах болов. Дэлгэцийн гол бүтээлд дүрс зураг, амилуулсан виртуал дүр, дүрсэлгээ орно. Дуутай хоршсон зураг дүрс нь вербал тэмдэгтийн бодвол агуу хүчийг өөртөө агуулж байдаг нь хэнд ч ойлгомжтой. Дэлгэцийн дүрс зургийн тусламжтайгаар биежсэн утга санаа, билэг тэмдэг нь массын соёлын бүхий л бүрдэл хэсгүүдтэй холбогдож, улам бүр өргөжин тэлж байна.
 
Массын хэрэглээ, массын мэдээллийн нийгэмд дүрслэлийн соёл уламжлалт мэдээллийн хэрэгсэл (сонин сэтгүүл, ном) төдийгүй хот суурин, ерөөс олон нийт масс буй бүхий л газарт оршин байх болсон аж. Орчин үеийн хот сууринд бүхэлдээ дүрслэлт ертөнц ноёрхож буйн хамгийн тод жишээ бол гудамж, тээврийн хэрэгсэл, худалдаа үйлчилгээний төвүүдэд рекламны гэрэлт болон зурагт самбарууд хаа сайгүй байршдгаас харж болно. Бүх нийтийн рекламжсан орчинд өсч буй хойч үе реклам сурталчилгааны үг уриа, дүр дүрслэлээр бодит байдлыг сэтгэж төсөөлөх болж. Зөвхөн реклам сурталчилгаа гэлтгүй дэлгэцийн дүрүүдийн нөлөөгөөр массын ухамсарт хэн нэгэн “од”-ын дүр, имижтэй этгээдийн тоглолтын тухай сэтгэлгээ улам бүр бэхжиж байна.
 
Шоу-улс төрийн нэг чухал бүрдэл хэсэг бол шоу-хэлэлцүүлэг юм. Орчин үед шоу-хэлэлцүүлгийг улс төрийн технологичид идэвхтэй ашиглаж байна. Шоу-хэлэлцүүлэг гэдэг нь телевизийн жирийн форум, мэтгэлцээн, хэлэлцүүлгээс хавьгүй өргөн утгатай ойлголт юм. Үүнд улс орныг хамарсан баяр ёслол хийгээд жагсаал цуглаан, бослого хөдөлгөөн зэрэг өнгө дүрслэл (туг далбаа, энгэрийн тууз, зурагт хуудас), дуу хөгжим (сүлд дуулал, ая эгшиг) ашиглаж үзэл санаагаа илэрхийлж буй бүхий л олон нийтийн арга хэмжээ цаашлаад флэш-мобыг хүртэл багтдаг. Мэдээж улс төрийн уран илтгэл, суртал ухуулга, сурталчилгаа зэрэг ямар нэг байдлаар массаас “алга ташилт” хүлээж байдаг уламжлалт арга хэмжээнүүд ч орно.
 
Шоу-хэлэлцүүлэг нь өвөрмөц сценари, “тоглоомын дүрэм”, үе шат, тусгай ойлголт хэллэг ашигладаг. Түүнийг бүтээх нь тодорхой үе шат, дэс дараалал бүхий нарийн үйл явц байдаг.
1.    Шаталсан стратеги төсөл боловсруулах.
  •      Тодорхой бүлэг, этгээд, байгууллагыг имижтэй болгоход чиглэсэн маркетинг идэвхжүүлэлт хийх 
  •      Сэтгэл хөдлөлийн өдөөх (шоуг массын сэтгэхүйд хүргэн идэвхжүүлэх сэтгэл зүйн-манипуляцийн арга хэмжээнүүд)
  •      Драмчлан найруулсан төлөвлөгөө (сюжет зохиох, монтаж, үзэгдэлтэй хорших ая эгшиг, хөтлөгч гүйцэтгэгчээ сонгох)
  •      Үзэгдэх байдлаа тодорхойлох (тайз засал, хувцасны загвар, тусгай эффектүүд бий болгох)
  •      Бодит цаг хугацаа, дүрслэлтэй “од”-оо хоршин амилуулах
  •      Харилцан коммуникаци хийх
2.    Перформанс буюу тоглолт (стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх)
         •    Олон нийтийг сэтгэл зүйн хувьд “халаах” – тизинг
         •    Шоуны үндсэн оролцогчдын нийтэд танилцуулах
         •    Дүрийн харилцан тоглолт хийх
        •    Тоглолтыг сэтгэл хангалуун болгохын тулд рамшуулан зоригжуулах (баяр хүргэх, шагнал урамшил, бэлэг гардуулах)
 
3.    Арга хэмжээний дараа: хоногшил, дурсамж, шоуны хоёрдогч дүрүүд
 
4.    Макро соёлын тэмдэгтийн талбартай (semiosphere) нэгтгэх: ишлэл үг, бичлэгийн хэсгийг бичвэрээр болон цахим хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэн хоногшуулах.
 
Шоу-хэлэлцүүлгийг дараах төрлүүд байдаг.
  •      Телевизийн ток-шоу
  •      “Ододтой шоу” (“Ододтой бүжиглэе”, “талбай дээр ододтой цуг” гэх мэт)
  •      Карнавал
  •      Сэдэвчилсэн шалгаруулалт шоу (Дуу, бүжиг, урлагийн янз бүрийн төрлийн олон улс, бүс нутаг, үндэсний уралдаант тэмцээн)
  •      Бүтээлч багийн тоглолт (“Дэвжээ”, “АСК”)
  •      Реалити шоу
  •      Загварын шоу
  •      Спортын шоу
  •      Оюуны ухааны шоу
  •     Танилцуулга шоу (шинэ худалдаа үйлчилгээ, үзэсгэлэн яармаг, кино, жүжгийн нээлтүүд)

No comments:

Post a Comment