2011/01/29

ЛОББИ БОЛ ТУНГАЛАГ УЛС ТӨР

Манай улс ардчилсан үндсэн хуультай, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай, олон намын тогтолцоотой, ард түмэн нь улс төрчдийн аливаа үйлдэл, амлалтыг хянаж байх ёстойг ойлгож мэдэрдэг, түүнийг нь хянаж шүүмжилж байх олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй, Төрийн ордныхоо өмнө Чингис хааныхаа хөшөөтэй, өнгөт хавтан бүхий өргөн сайхан талбайтай, ер ардчилал хөгжихөд дутах зүйлгүй “сайхан орон” болжээ. Гэтэл авилгал, улс төрчдийн хуйвалдаан, газрын хууль бус наймаа, шудрага бус тендер, хувьчлал газар авчихсан байдаг нь ёстой л парадокс болчихоод байна.   
Өөр үгээр хэлбэл, эрх чөлөө, тэгш байдал, шудрага шүүхийн талаар төсөөлөл, хувийн өмчтэй байхын ашиг тус зэргийн талаар ардчилсан үнэлэмж, сэтгэлгээ төлөвшсөн, институт тогтолцооны хувьд ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, засаглалын хуваарилалт мэтийн ардчиллын үндсэндээ бүрэлдсэн гэж үзэж болно. Харин одоо ардчилсан үйл явц, улс төрийн субъектүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын харилцаа зохицуулсан механизм буюу “тоглоомын дүрэм” дутагдалтай байгаа нь дээрх зөрчлийн шалтгаан болж байна.  
 
Ардчилсан нийгэм-улс төрийн хөгжилд зайлшгүй чухал учир холбогдолтой нэг харилцаа бол лоббизм юм. Лоббизм гэдэг нь товчхондоо төрийн бүхий л байгууллагад шахалт үзүүлэх, нөлөөлөх замаар хувь хүн болон янз бүрийн сонирхлын бүлгүүд  ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэр гаргуулах үйл ажиллагааг нэрлэдэг.
 
Улс төр гэдэг угаас бүх нийтийн шинжтэй шийдвэрийг боловсруулах, гаргах, хэрэгжүүлэх хүрээ байдаг. Энэ үүднээс өөртөө үр ашигтай шийдвэрийг төрийн зүгээс гаргуулах эрмэлзэл нийгмийн бүхий л субъектэд байдаг. Энэ нь ч улс төрийн заяамал чанар бөгөөд заримдаа үүнийг л улс төр гэж нэрийдэх нь бий. Нэгэнт ашиг сонирхлоо хамгаалах, ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэр гаргуулах явдал улс төрийн заяамал чанар, зүй тогтол байдаг хойно хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Зөвхөн өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар зүтгэх нь хуучин сэтгэлгээгээр амиа бодсон, социалист үзэл сурталд үл нийцсэн буруу зүйл бол ардчилсан нийгмийн хувьд суурь шинжтэй улс төрийн харилцаа  байдаг. Харин тухайн этгээд өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд ямар арга хэрэгсэл ашиглаж байгаад ялгамжтай хандах шаардлага тулгарна.
 
Үр ашигтай шийдвэр гаргуулах гэдэгт хууль тогтоомж батлах эсвэл хориг тавих, тендер, хувьчлалд ялах, ашигтай лиценз олж авах, албан тушаалын томилгоо, цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, татвар бууруулах ба өсгөх гэх зэргээр маш өргөн хүрээг хамарч болно. Тухайн асуудлаар нийгмийн анхаарлыг хандуулах, эрх баригчдад нөлөөлөхийн тулд цуурхал тараах, жагсаж цуглах, ухуулга сурталчилгаа хийх, хуйвалдах, шагнал гардуулах, хахуул өгөх, амлалт өгөх, айлган дарамтлах, гэрээ хэлцэл хийх, уриалга, шаардлага хүргүүлэх, өлсгөлөн зарлах, өөрийгөө шатаахаар заналхийлэх, уулзалт зөвлөлгөөн зохион байгуулах зэрэг олон арга хэрэгслийг ашигладаг. Лобби хийх хууль ёсны орчин бүрдээгүй тэр газар авилгал цэцэглэн хөгждөг. Дээрх арга хэрэгслүүдийг хар цагаанаар нь ялган ангилвал хар бараан, буруу арга замыг нь авилгал, ардчилал, нийгмийн үнэлэмжэд нийцэж буйг нь лобби гэж нэрийдэж болно.
 
Төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, шахалт үзүүлэх явдал ардчилсан хийгээд ардчилсан бус аль ч нийгмийн хувьд түгээмэл зүйл. Социализмын үеийн “арын хаалга” гэх ойлголт нь лобби далд байдлаар өргөжиж байсны илрэл юм. Нийтэд хүртээлтэй, гарцаагүй хэрэгжих шинжтэй шийдвэр гаргадгаас шалтгаалан улс төр хамгийн амархан бохирддог орчин байдаг. Улс төр цэвэр тунгалаг байхад лоббизмыг төлөвшүүлэх нь чухал бөгөөд нэн тэргүүнд нийгмийн сэтгэлгээний түвшинд хүлээн зөвшөөрч, эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал тулгарч байна. Түүнээс бус “тунгалаг улс төрийг хөгжүүлэхүй”, “авилгалгүй төрийн төлөө”, “сайн засаглалын түгээмэл шинж” гэх маягийн уриа лоозон, төсөл хөтөлбөр (хэн нэг нь үүгээр аятайхан мөнгө цохичихноо бас), хурал зөвлөлгөөнөөр улс төрийн бохирдол, авилгалын асуудлыг шийдэхгүй.   
 
Нийгмийг бүхэлд нь хамарсан хамгийн том лобби бол улс төрийн сонгууль юм. Сонгогчид өөрсдийн хийгээд нийгмийн хувьд тулгамдсан асуудлыг төр, шийдвэр гаргах түвшинд илэрхийл, нөлөөл, шийдвэрлэ хэмээн улс төрийн хүчин болон улс төрчийг (лоббист) сонгон томилдог. Тэрчлэн нийгмийн сонирхлын бүлгүүд (манай орны хувьд голчлон компани, аж ахуйн нэгжүүд) төрд эрх ашгийг нь илэрхийлэх лоббистоо сонгуулийн үед мөнгө санхүү, материаллаг байдлаар дэмжлэг үзүүлдэг нь тодорхой. Энэ утгаараа УИХ гишүүд, засгийн газрын сайд нар лоббистууд гэж үзэж болно. Тэдний улс төрд лоббиг хэр хийх байдлаар нь үнэлж дүгнэж болно. Ялангуяа бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд төрөөс гаргаж буй хууль тогтоомж, аливаа шийдвэр шууд болон дам байдлаар нөлөөлж байдаг. Төрийн шийдвэрт нөлөөлөх шудрага оновчтой тогтолцоо бүрдээгүйн улмаас тэд авилгал өгөх улмаар зарцуулж буй авилга, хахуулийн хэмжээнээс хамаагүй бага зардалтай бөгөөд сонгогдсон хойноо хамгийн их ашигтайгаар нь өөрсдөө улс төрд гарахыг эрмэлзэх болсон нь зүй тогтол. Улмаар “Бизнесмен-Улс төрч” (УИХ-ийн гишүүдийн талаас илүү нь уг бүлэгт багтана), “Улс төрийн нам-Компани” (Жишээлбэл “Эрэл-Эх орон нам”, “Буян-БНН”) гэсэн хоршил бий болсон нь хэн бүхэнд тодорхой.    
 
Олон улсын жишигт эдийн засгийн шинжтэй лоббиг бизнес санхүүгийн байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэсэн холбоо, нийгэмлэг гүйцэтгэдэг бөгөөд ялангуяа үйлдвэрчний эвлэл, худалдаа аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын холбоо зэрэг нь албан ёсоор лобби байгууллага байдаг уламжлалтай. Манай орны хувьд дээрх хэлбэрийн байгууллагууд нь лоббидох туршлага, мэдлэг, хүн хүчний нөөц бүрдээгүй байгааг хэлэх хэрэгтэй. Мөн захиалагч нарт лобби үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн түүгээр дагнан мэргэшсэн ажилтан бүхий байгууллага, товчоод үйл ажиллагаа явуулах нь түгээмэл байдаг. Өдгөө баруун европт гэхэд албан ёсоор бүртгэгдсэн 10.000 гаруй лобби агентлаг, мэргэжилтнүүд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.  
 
Лоббизм засаглалын бүхий л салаа мөчирт байж болно. Харамсалтай нь манайд шүүх засаглалд лобби хамгийн сөрөг байдлаараа хамгийн хүчтэйгээр хөгжснийг бүгд анзаарч байгаа.  
 
Тэр энэ лобби, лоббистуудаас болж нийгэм, үндэсний эрх ашиг ингэж тэгэж хохирлоо эсвэл хохирохоор болчихлоо гэдэг нь тогтоогдлоо гэх мэтийн мэдэгдэл, санаа онооны хувьд (энэ нь ч өөрөө лобби болой) ахиад өөр асуудал ярих шаардлага гарах тул өгүүллээ ингээд цэглэе.                     2008 он.

No comments:

Post a Comment