2011/01/13

ХАРТАЙГААС АВААД ЗОЖИГ УЛС ТӨРЧ ХҮРТЭЛ

Улс төрчдийн мөн чанар, зан авир, шийдвэр гаргах чадвар ба онцлогийг танин мэдэхийн тулд хүн төрөлхтөн бишгүй оролдлого хийж ирсэн. Энэ удаад удирдагч, улс төрч, аливаа шийдвэр гаргагчдын зан авир, асуудалд хандах хандлагаар нь дамжуулж танин мэдэхийг эрмэлзсэн нэгэн ангиллыг хүргэж байна.
Мэдээж нийгмийн бусад салбарын нөхдүүдэд ч сэтгэл зүйн шинж маягийг ашиглан шинжих боломжтой юм. Тэрчлэн Монголын улс төрчдийн зан байдлыг ч доорх ангиллаар харж дүгнэх бололцоо бүрэн байна лээ.


Паранойд буюу хартай улс төрч.
Нэг үгээр “эзэн” гэсэн ойлголтоор орлуулж болно. Ийм шинжийн лидер нь хардамтгай, бусдад үл итгэдэг, нууц аюул эрсдэлд мэдрэмтгий, бусдыг захирах, хянах байнгын хүсэл шуналтай. Тэдгээрийн зан байдал, үйлдлийг урьдчилан таахын аргагүй. Хардамтгай улс төрч бусдын санаа бодлыг хүлээн зөвшөөрдөггүй, өөрийн онол, итгэл үнэмшил, байр сууринд үл нийцэх аливаа мэдээлэлд огтоос итгэдэггүй.
 
Хүмүүсийг дайсан ба нөхөр гэсэн хоёрхон бүлэгт хувааж, бодит байдлыг хар ба цагаан гэх хоёр өнцгөөр л үнэлэн үздэг. Хувийн эрх ашгийн үүднээс  бусдыг өөр хооронд нь зөрчилдүүлэх, захирагдагсдаа байнга мэхлэн, нууцаар нөлөөлөх байдлаар хэмжээгүй эрх мэдлээ баталгаажуулахыг эрмэлзэж байдаг. Ямар ч хамаагүй үнэ цэнээр бусад улс төрчдийг доройтуулах, замаасаа зайлуулах гэсэн чин хүслээ ямагт нууж явдаг. 
 
Дээрх хэв шинжийн лидер тогтвортой ардчилсан уламжлалгүй, улс төрийн соёл маруухан хөгжсөн нийгэмд гарч ирэх нь түгээмэл бөгөөд ийм улс оронд түүний үйл ажиллагаа өргөн олны улс төрийн сонирхол хэрэгцээтэй давхцаж байх нь жирийн үзэгдэл.
 
Хартай, үзэн ядах үзэл, өшөө хорсол бүхий ийм улс төрч нэгийгээ матах, “дайсныг” илчлэх, бүх нийтийн айдас дээр тулгуурлан засаглаж, улмаар тоталитар дэглэмийг тогтооход хүргэх нь нийтлэг.
 
Гадна талаасаа ийм хэв маягийн засаглал нь үр ашиггүй хэдий ч түүхэн тодорхой хугацаанд улс төрийн том чиглэлийг дэс дараатай хэрэгжүүлэх, стратегийн чухал зорилгыг шийдвэрлэхэд олон түмнийг дайчлахад багагүй нөөц эзэмшдэг гэж тооцох нь бий. Гэхдээ “эзэн” үр ашигтай удирдан жолоодогч байлаа ч зөвхөн улс төрийн аллага, залхаан цээрлүүлэх тогтолцоонд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулж байдаг. Ийм хэв маягийн удирдагчийн жишээнд, Сталин, Саддам Хуссейн, Гитлер, Тито нарыг тооцдог.
 
Өөрийгөө сурталчлагч улс төрч. Олон нийтийн өмнө байнга жүжиглэн тоглодог болохоор нь “жүжигчин” гэж нэрлэх нь бий. Тэд бусдад өөрийгөө харуулан илэрхийлэх дур сонирхолтой, бусдын анхаарлыг өөртөө татах, таалагдах хүсэл эрмэлзлийг тээж явдаг. Ихэнхдээ тэдгээрийн зан байдал, улс төрийн үйл ажиллагаа нь тойрон хүрээлэгчид хийгээд олон түмэн түүнийг хэр хайрлаж, “таалж” байгаагаас шууд хамаарч байдаг. Тэр нөхцлөөс шалтгаалж, уг улс төрч хэр сайн удирдаж, бялдуучдын үгэнд хэр орж, сонор сэрэмжээ алдаж байгааг нь шууд тааварлах боломжтой.
 
Гэвч ийм лидерүүд өөрт нь хандсан шүүмжлэлтэй тэрсэлдэн, улмаар өөрийгөө эзэмдэх байдлаа алдахад хүрэх нь бий. Энэ тохиолдолд улс төрийн зорилго хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа түр орхиод олон түмний итгэл, сайшаалыг олохын тулд бүхий л анхаарлаа хандуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн чухал эрх ашиг төдийгүй өөрийн улс төрийн итгэл үнэмшлийг золиосонд гаргахад бэлэн болдог гэсэн үг.
 
Жүжигчин хэв маягийн уг улс төрийн дүр нь урт хугацааны үр бүтээлтэй шаргуу ажил үйлсэд явцгүй. Харин улс төрд итгэл алдрах, урам хугарах зэрэг хямралын нөхцөлд сайн ажиллаж, өөртөө олон түмнийг татаж чаддаг. Тэдгээрийн эрч хүч урт хугацаанд хангалтгүй, иймээс эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггүй. Тэд прагматик гэхээсээ сэтгэл хөдөлгөөнтэй нөхдүүд юм. Тухайлбал, В.Жириновский, П.Гэндэн, Уго Чавес.
 
Компульсив буюу албадагч улс төрч. Янз бүрийн дүрийн хоршил учраас “Онц сурлагатан” нэрлэх нь бий. Тэд бололцоо нөхцлөөс үл хамааран бүхий л зүйлийг хамгийн сайнаар хийхийг албадах хүсэл сонирхолтой. Албадагч улс төрчийн зан байдал нь уян хатан, зальжин байдлыг ор тас үгүйсгэж, шахаж тулгасан байдлаар тодорхойлогдоно. Тэд ямагт ямар нэг зүйлд санаа зовомтгой, нягт нямбай, асуудлыг шийдэхдээ дүрэм зааврын дагуу хатуу чанд хийхийг эрмэлздэг. Бүр засаглалын түвшинд үүссэн зөрчилдөөний шалтгааныг дүрэм зааварчилгааны дагуу шийдэрлэхийг эрмэлзэх нь цөөнгүй.
 
Онц сурлагатнууд яаралтай шийдвэр гаргах, стандарт бус арга ашиглах зэрэг гэнэтийн нөхцөлд байдалд тэвдэж эхэлдэг. Түүний хувьд үйл ажиллагааны төлөвлөгөөт явцаас жаахан хазайхад л тэр эргэлзэж, бухимдах нь олон. Түүнийг паникт оруулбал алдаа хийх нь өсдөг байна.
 
Тэд сонгосон улс төрийн чиглэл зорилгоо чанд мөрддөг, гэхдээ тэр нь бодит амьдралтай нийцэхгүй зүйл байх нь бий. Нийгмийн амьдралын нөхцлийн байнгын өөрчлөлт нь тэдгээрийн социаль баримжаа, цаг хугацааны мэдрэмжээ алдахад хүргэж, улмаар нийгмийг хямрал, зогсонги байдал руу түлхэж, мухардалд оруулж ч болзошгүй. Ийм нөхөрт Л.Брежнев, Ким Ир Сен.
 
Гутранги улс төрч. Ийм маягийн улс төрч нь улс төрийн тавцанд тэргүүлэх үүрэг роль эзлэх чадваргүй, иймээс тэрээр хэн бодиттой хийж чадах тэр нөхдүүдтэй нэгдэхийг оролдож байдаг. Тэд хэн нэгэн хүн, улс төрийн хөдөлгөөнийг шүтэн дээдэлдэг, өөрийн гэсэн нарийн тодорхой улс төрийн чиг сургууль, бий болсон асуудлыг шийдвэрлэх тогтвортой хандлага гэж байхгүй, өөрөө үйл явдлын ард хоцрохыг чухалд авч үздэг. Асуудалд гутранги байр сууринаас хандаж, өөрийн сул тал, улс төрийн хүсэл зориггүй байдлаа ил тод харуулах нь цөөнгүй.
 
Шизоид буюу зожиг улс төрч. Тэр гутранги улс төрчидтэй нилээн төстэй. Тэрээр ганцаардмал лидер хэмээх дүр бүтээж байдаг. Тодорхой үйл явдалд биечлэн оролцохоос зайлсхийж, өөрийгөө тусгаарлан холдуулж байдаг нь түүний гол зан. “Зожиг” ямар нэг нийгмийн хөдөлгөөнүүдтэй нэгдэн нийлэх хүсэлгүй, хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандахыг эрмэлздэг. Ямар нэг зүйлийн төлөө улс төрийн хариуцлага хүлээх чадваргүй. Чухамдаа тэр лидерийн байр сууринд очихын тулд хөндлөнгийн ажиглагч байж болохгүй гэдгийг мэддэг тул өөрийн гэсэн нам хүчин байгуулж эрх мэдлийн төлөө тэмцэх нь түүний шилдэг арга замд тооцогддог. Тэд асуудалд тэс өөр байр суурьтай лидер гэдгээ харуулахын тулд “шүүмжлэгч” хэмээх дүр бүтээх нь олонтаа.
 
Дээрх шинж бүхий улс төрчид  түүхэн шилжилтийн үед олноор төрдөг. Зожиг улс төрчид улс төрийн амьдралд оролцох, эрх мэдлээ тэлэхийн тулд “жүжигчин” болон “хардамтгай” улс төрчийн дүрийг өөрийн шинж чанартайгаа хольж хувьсах нь бий. Сонгомол дүр - Ленин, Чаушеску, Ф.Кастро.

No comments:

Post a Comment