2010/12/13

ПОПУЛИЗМ БОЛ УЛС ТӨРИЙН ТЕХНОЛОГИ

Популизм гэж юу вэ?
1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалаар нийгэм улс төр, эдийн засгийн салбарт өөрчлөлт гарсан, нийгмийн харилцааг илэрхийлж байдаг хэл ярианд олон шинэ нэр томъё орж ирсэн юм. Үүний нэг тод жишээ бол улс төр, сэтгүүл зүйн салбарт их багаар хэрэглэгдэх болсон популизм хэмээх ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорив.
 
Популизм (populus – ард түмэн гэсэн утгатай латин үгнээс гаралтай) хэмээх нэр томъёог анх АНУ-д XIX зууны эцсээр хэрэглэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуунаас улс төрийн хэллэгт нилээд том байр суурь эзлэх болсон аж.


Үүнээс хойш “популизм” хэмээх нэр томъёог улс төрийн тэмцлийн арга гэдэг утгаар байнга хэрэглэх болсон байна. “Популист” аргын өвөрмөц онцлог нь энгийн бөгөөд нэг амьсгаагаар улс төрийн шийдвэрийг гаргах чадвар, нийгэм – улс   төрийн амьдралын тухай төсөөллийг хялбарчлан ойлгох чанар, ердийн ухамсрын түвшинд уг шинж чанарыг ашиглах, олон түмний энгийн ухамсрыг “өмгөөлөх”, тэдгээрийн шаардлагад нийцэхийг оролдох үйл явцыг бүхэлд нь хэлнэ.   

“Сопена” нэвтэрхий тольд “популизм” хэмээх ойлголтыг “АНУ-ын ардын намыг хамгаалсан улс төрийн сургааль, популистууд уг нам ба үзэл баримтлалыг дэмжигчид, түүний дотор италийн фашист, оросын коммунистуудыг тооцно.”гэж тайлбарласан байхад америкийн нэвтэрхий тольд популист үзэл баримтлалыг бүхэлд нь үгүйсгээд “Ардын Нам” – АНУ-ын ХАА-д эмх замбараагүй байдал дээд цэгтээ хүрсэн цаг үед оршин байсан улс төрийн нам” хэмээн тодорхойлсон байна. Популист хөдөлгөөнд оросын народник хөдөлгөөн зүй ёсоор холбогддог. Ларуссын /Франц/ их нэвтэрхий тольд популизмыг “1870-аад онд Орост гарсан социализм хүрэх өвөрмөц замыг тусгасан үзэл суртал, улс төрийн хөдөлгөөн /народник/ ” гэж тодорхойлжээ. Оросын народник хөдөлгөөн өргөн олон түмний ашиг сонирхлыг хамгаалсан улс төрийн хөдөлгөөн болох популизмын  тодорхойлолттой бүрэн нийцдэг. Тэгээд ч Орос цаашлан Европт нилээд хүндэтгэж байсан популистуудад народник Л.Л.Петр, К.М.Николай  нар ордог.

Популизмын үндсэн зарчим
  • Ардчиллын хөгжил; 
  • Монополист капиталын ноёрхлын эсрэг тэмцэл;
  • Арьсны үзлийн эсрэг үзэл санаа;
  • Хөдөлмөрчин олон түмэн бол нийгмийн гол үнэт зүйл;
  • Хөдөлмөрчин ард түмний хяналттай, ашиг сонирхолд нь үйлчлэх хүчтэй төрийг байгуулах;
  • Төрийн гол зорилт – эгэл жирийн хүний сайн сайхан байдал, материаллаг хангамж, оюун санааны тайван амгалан байдал;
  • Нийгмийн тулгамдсан асуудлыг хүчирхийллээр шийдвэрлэхийг үгүйсгэх;
Улс төрийн технологит ашигласан нь
Шинэ үеийн түүхэнд популист арга технологийг ашиглах явдал зөвхөн ардчилсан улс төрийн тогтолцооны улс төрийн зүтгэлтнүүд төдийгүй авторитар, тоталитар дэглэмтэй улс орнуудын удирдагчид ч өргөнөөр “ашиглаж” байв. Италийн дуче Муссолина, фашист германы удирдагч А.Гитлер нарын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн зорилго, зорилт нь ард олны “талх ба үзвэр”-ийн хэрэгцээг хангах эрмэлзэл дээр суурилж байлаа Тэд хямралаас гарах яаралтай, хамгийн хялбар арга замыг амлан, эгэл борчуудын чихний чимэг болсон баялгийг тэгш хуваарилах, язгууртны эрх ямбыг хасах, өвөрмөц онцгой хувь тавилан авчрах, нийгмийн шудрага ёсыг тогтоох зэрэг алдарт уриа лоозонгоо дэвшүүлсэн байлаа. Гитлерийн национал – социализмын дайнч үзэл, арьсны үзлийг дэвэргэх популист арга нь үлэмж үр дүнтэй үйлчилсэн чадаж байв. “Арийчууд хүн төрөлхтний Прометей мөн” зэрэг шашин домгийн сэтгэлгээг Гитлер гарамгай ашиглагч популизмын мастер байсан юм.
 
Популизмыг Оросын большевик нам бодлогодоо ончтой ашиглаж байсан төдийгүй угаас түүний мөн чанар нь популизм байсан ажээ. “Ертөнцийг ард түмэнд”, “Газрыг тариачдад” хэмээх уриа лоозонгоор олон сая ард түмний сэтгэлийг урвуулж, улмаар тэднийг өөртөө татаж чадсан байна. Эгэл жирийн хүмүүсийн хүсэл зориг, болхи эрмэлзлийг илэрхийлсэн уриа лоозонтой большевикууд олон түмний инстинкт дээр тоглож, тухайлбал, “дээрэмдснийг дээрэмд”, “дайн – сүр жавхлан” зэрэг уриа нь хойчийн өдөр нөхөж баршгүй хохирол учруулах байсныг тэд гадарлаагүй юм. 
 
Популист аргууд 
  • Үйл ажиллагаагаа ард түмний шаардлага хэрэгцээнд уялдуулан тохируулах; 
  • Олон түмний ердийн ухамсрын онцлогийг ашиглах: нийгмийн амьдралын талаар эгэл болхи төсөөлөл, максимализм, ойлголтын шууд хүлээж авах чанар, хүчтэй бие хүн рүү тэмүүлэх;
  • Чухал асуудлыг хялбарчлан урьдаар шийдэх, санал болгож буй арга хэмжээний ойлгомжтой байдал, хялбар энгийнээр тайлбарлах явдал;
  • Хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан хямралаас гарах хялбар, хөнгөн, хурдан шуурхай арга замыг итгүүлэн ятгах;
  • Элит болон засаглалын институтын зүг хүмүүсийн гомдол, уур бухимдлыг хандуулах;
  • Зөвшилцөл ба хамтын ухамсрыг сөргүүлэн хувь хүний /индивидуаль/ эрх чөлөө, ёс суртахууныг эрхэмлэх;
  • Энгийн боловч алдартай уриа лоозонд олон түмэн автдагийг ашиглах;
  • Ард түмний “горьдлого, найдлага” дээр тоглох;
  • Улс төрийн аливаа институтын зуучлалгүйгээр лидер ба олон түмний хооронд шууд холбоо тогтоох;
  • Эгэл ардын нэрийг барих;
  • Олон түмний дунд үргэлж байхын төлөө тухайн үед хамгийн чухал асуудлын шийдвэрлэгдээгүй байдлыг ашиглах;
Бодит амьдралд популизм улс төрийн үзэгдэл болохын хувьд бүх нийтийн сонгуулийн эрх, иргэий тэгш эрх, тодорхой ардчилсан институт болон сонгогч олон түмэн улс төрийн үйл явцын оролцогч нь байдаг улс оронд үүсдэг. Зөвхөн хүн амын хүсэл зоргийг илэрхийлэхийг хичээх, энэ нь чухамдаа олон түмний ухамсарт тохируулан засаглалыг гартаа авах арга хэрэгсэл болж байдаг. Популизм нь улс төр, эрх зүйн соёлын доогуур түвшинтэй давхрага болон ардын засаг бэхжиж чадаагүй улс оронд үлэмж хэмжээгээр тархдаг. Олон түмний реалист төсөөлөл, ертөнцийн эрээн барааныг хуурмаг үг ярианаас ялгах чадваргүй байдал, өрсөлдөгчдөө үзэн ядах хийгээд өөрийн бишрэн дагуулагчдаа шүтэхэд хэзээд бэлэн байх явдал зэрэг улс төрийн өндөр бус соёлын бүхий л шинж чанарыг ашиглан нийгмийн дэмжлэгийг дайчлахад популист лидер тун ч чадварлаг байдаг.
 
Чухамдаа люмпен төдийгүй сэтгэцийн тогтворгүй шинж чанартай хүмүүс популист хөдөлгөөний үндсэн суурийг бүрдүүлдэг боловч заримдаа нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд нилээд чинээлэг, боловсролтой давхрага хүртэл хэн нэгний бэрхшээл зовлонгоос гаргах талаар илэрхий, энгийн хялбар бэлэн жорыг сонсохыг хүсдэг тийм нөхцөл байдал ирж болно.

Популизмын онолын үндэс...
Түүхэн талаасаа популизм сүйтгэн бусниулагч хийгээд хувьсгалт хөдөлгөөн огт биш. Түүний мөн чанар нь үгүй болсныг сэргээх явдал. Популизм тогтолцооны гажгийн ёс суртахууны шийтгэл юм. Популизмын нийгмийн үндэс ба үүрэг нь түүний өвөрмөц учир холбогдлыг төрүүлдэг ч нийгмийн хувьд тулгамдсан асуудал болж буй ардчилсан үнэт зүйлс, дээд түвшинд удирдлагын тогтолцооны цогц чанарыг бүрэлдүүлэх явдал ажээ. Популизмын түүхэн үндсийг зөвхөн уламжлалт үнэт зүйлсийн үүднээс дээрх нийгмийн шинэчлэл зайлшгүй гэж үзвэл хязгаар нутаг дахь  хүн амын аж амьдралын үндэс суурийг дордуулж буй хөгжлийн явц дахь хямралд хүмүүсийн хариу үйлдлийн хоёрдмол утгыг агуулж болно. Энэ нь популизмын улс төрийн нөлөөллийн консерватив хүчин зүйлийг илэрхийлж байна. Энэ утгаар популизм консерватизмын нэг бүрэлдэхүүн хэсэг болж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалалтыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, томоохон бизнест хяналт тавих зэргээр энэ үйлдэл нь илэрч болно.

Популистууд юу сэтгэж явдаг вэ?
Популистуудыг ерөнхийд нь эгэл хялбар шийдвэрт эрмэлзэгчид гэж нэрлэж болно. Тэд иррациональ шинжтэй, иймээс ёс суртахуунгүй. Гэхдээ энэхүү шалгуураар популистууд нь тогтолцооны рациональ чанартай нийгмийн амьдралыг өөрчлөн шинэчлэх үйл  ажиллагааны өөр өөр зарчим баримтлагч хувьсгалчид хийгээд хуурамч хутагт хувилгаадаас ялгагдана. Популистуудын үйл ажиллагааны шинжийг шүүмжлэгчид олж тогтоохыг хичээдэг ч үүнийгээ хэрхэн хийхээ ойлгодоггүй.
 
Популизмыг олон түмний мэдрэмж, хүмүүсийн уур  хилэн, гомдлыг дайчлах өвөрмөц хэрэгсэл болохын нь хувьд национализм, расизм, этноцентризмын хүрээ гэж хувааж болно. Мөн ард түмнээс тасран холдсон төр засаг, элитүүдийн эсрэг чиглэдэг. Популизм засварлагч, шийтгэгч, гэхдээ хувьсгалаар бус хөдөлгөөний замаар хэрэгжүүлдэг. Ёс суртахууны чиг нь ардчиллыг анагаах явдал, гэхдээ тарчилган тамлах замаар бус.
 
Популизм өөрөө хөдөлмөрийн тогтолцоог өөрчлөн хувьсгах чадваргүй, иймээс популист тунхаг хүсэл эрмэлзлээ биелүүлэх арга замын талаар дуугүй өнгөрөх буюу дуугарахаас зайлсхийдэг.  
 
Орчин үеийн барууны зохиол бүтээлүүдэд “популист” хэмээх ойлголтыг “жирийн хүмүүс, олон түмний ашиг сонирхлыг төлөөлөхийг эрмэлзэгч, жирийн хүмүүс, хүний ашиг сонирхлыг тусгахыг эрмэлзсэн улс төрийн намын гишүүн” хэмээн тайлбарлан тодорхойлж байна. Францын улс төрийн зүтгэлтэн Алекс Москович популизм гэдэг нь чухамдаа “Дэлхий дахинаа хүмүүсийн сэтгэл дурыг байлдан дагуулагч урлаг” хэмээн тодорхойлсон байна.
 
Гэхдээ ард түмнийг өмгөөлсөн янз бүрийн улс төрийн хүчин, ард түмний нэрийг барих явдал бүр популизм биш юм. Улс төр судлаачид популизмыг тулгамдсан асуудлыг хялбарчлан тайлбарлах, алдартай эгэл болхи уриа лоозонд олон түмний дуулгавартай дагах байдал, уг дуулгавартай чанарыг ашиглахыг эрмэлзсэн улс төрийн хуурмаг сүржин явдал гэж тодорхойлж байна.
 
Популизмыг нилээд нарийвчлан авч үзвэл: санал болгож буй арга хэмжээний ойлгомжтой, энгийн байдлыг хадгалах, хялбар энгийн урьдчилсан шийдвэрийн технологийн цуглуулга, бага хэмжээний гэхдээ тодорхой ажил хэрэгт ач холбогдол өгөх, ард түмний “итгэл найдлага” дээр тоглох, олон түмэнд зулгуйдах зэргийг өөртөө агуулдаг. Популист хөдөлгөөн улс орнуудын түүхэн эргэлтийн үед илүүтэй идэвхждэгийг дэлхийн түүх нотолж байна. Нийгэм эдийн засгийн эрс шилжилт ялангуяа өмнөх үндэс суурь нь эвдэрч, шинэ нь нарийн тодорхой бүрэлдээгүй үед улс төрийн талбарт популист зүтгэлтэн гарч ирдэг байна. Хүрээлэн буй ертөнцийн талаар энгийн, өдөр тутмын ойлголт, нийгмийн амьдралын шалтгаан үр дагаврын уялдаа холбооны талаар эгэл хялбар төсөөлөлд суурилсан популизм нь нарийн төвөгтэй нөхцөл байдлаас гарахын тулд үймээн самууны арга замыг сонгох нь олонтаа. 


Популизмын олон янзын үзэл санаа  ардчилсан болон консерватизм, харгис хандлагын үндсэн дээр бий болдог бөгөөд энэхүү ялгаагаар нь “зүүний популизм” болон “барууны популизм” гэж хувааж болно. Зүүний популистуудын гол уриа нь албадан хуваарилах явдал бол “шудрага ёс” мөн. Харин барууныхны хувьд  цэрэг цагдаад суурилсан “дэг журам” болно. Зүүнийхэн экологийн асуудал болон тэгш байдал-ах дүүсийн эв нэгдэлд анхаардаг бол барууныхан үндсэний асуудлыг эн тэргүүнд тавьдаг. Зарим эрдэмтэд /В.Заславский/ өмчийн хэлбэртэй харьцах байдлыг параметр болгон зах зээлийн зохицуулалтад үндэслэсэн “зах зээлийн популизм”, захиргаадалтын зохицуулалтад үндэслэсэн “төрийн популизм” гэж ангилсан байна.  
 
Популизм ба демагог
Популизм бол улс төрийн тодорхой институтаар дамжуулалгүйгээр олон түмний оюун санаа, мэдрэхүйд шууд нөлөөлөл үзүүлэх чадвартай лидерүүдийн хооронд шууд харилцаа тогтдогт оршино. Популизмд “эгэл борчууд”-ын бодит хүсэл эрмэлзэл, “ард түмний дуу хоолой”-г үйл ажиллагааны хөтөлбөр болгосон, нам болон бусад байгууллагын боловсруулсан ямар нэг  мөрийн хөтөлбөргүй хүчтэй бие хүн, харизмат лидер, удирдагч руу тэмүүлж байдаг. Энэхүү хандлага нь төр засгийг удирдах, хянахад ард түмний шууд оролцооны үзэл санаа болох популизмын ардчилсан чадвахийг доройтуулахад хүргэж буй чадварлаг хуурмаглагч улс төрчдөд өргөн боломжийг нээж өгдөг байна. Нөгөө талаас популизм ард түмэнд үнэнч шудрагаар мэтээр хандах  хуурамч андгай тангараг болох демагог   арга хэрэгслийг заримдаа ашигладгийг эс тооцвол түүнээс ялгаатай. Хэрэг дээрээ нийгмийн жинхэнэ ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж буй этгээдийн үндэслэл муутай хөтөлбөр ба хариуцлагагүй амлалт, нэгэн зэрэг гүтгэлэг доромжлол юм. Популизм демагогоор үл хязгаарлагдана. Демагог хэрэглэгдэх хүрээ нь илүү өргөн. Популизм улс төртэй холбогдсон нийгмийн демагогоор дамжин нэр алдарт хүрдэг. Ард түмнийг өмгөөлөх тогтсон популист үг яриатай лидерүүдийн хувьд “эгэл борчуудын” нэрийн өмнөөс үг хэлэх, “ард түмний хүсэл зориг бол дээд хууль” зэрэг манипуляци үг өгүүлбэрийг хэрэглэх нь хэвшсэн үзэгдэл байдаг.
 
Ардчилал ба популизм
“Шууд ардчилал” гэж томъёологдсон удирдлагад ард түмний шууд оролцох явдал тэрчлэн төрийн төлөөллийн институтад үл итгэх үзэл санаа, хүнд суртал, авилгалыг шүүмжлэх зэрэг нь популизмын үндсэн үзэл санаа юм.
 
Популизм – практикт хэрэгжих зорилго чиглэл бүхий тодорхой үзэл суртал огт биш харин хувь хүмүүсийн тулсан ашиг сонирхлыг байнга хязгаарлаж буй үйл явдлын өрнөл дэх тэдгээрийн улс төрийн шууд хариу үйлдлийн нийлбэр юм. Улс төрийн үйл явцын хүрээнд популизм нь төр засгийн тодорхой арга хэмжээний эсрэг эсэргүүцлийн илрэл буюу “аян дайн”, нийгмийн кампани, иргэний эсэргүүцэх эс үйлдлийг бүхэлд нь тусгадаг.
 
Нийгмийн тулгамдсан асуудлыг хялбараар шийдвэрлэх боломжинд итгэх, нэг буюу цөөхөн энгийн арга ажиллагаагаар нийгмийн нөхцөл байдлыг эрс өөрчлөн сайжруулж болно гэдэгт найдсан эдийн засаг, улс төрийн панацийг тахин шүтэх явдал нь түүний бас нэг онцлог юм.
 
Популистууд дэвшилт ардчилсан шаардлагыг ч дэвшүүлдэг. Гэхдээ популизм эдийн засгийн бэрхшээлийг тайлбарлах явдал нь өнгөцхөн, иррационалист шинжтэй байдаг. Иймээс хүмүүсийн объектив бодит ашиг сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлаас гарах тухайн гарц нь олон түмнийг бодит байдлаас хөндийрүүлэн, үл биелэх хоосон итгэл найдлага, аз жаргал руу ямагт түлхдэг. Популизм итгэл алдахуй дээр бий болж, мөн л итгэл алдахуйгаар төгсдөг.
 
Хэрэв зорилго дэвшүүлсэн бол шийдвэрлэх арга хэрэгсэл нь байх ёстой бөгөөд зөвхөн түүнийг эрж олон, улмаар хэрэглэх шаардлагатай. Эрс шаардлагыг тодорхой цаг хугацааны дараа бүрдэх зорилго арга хэрэгслийн хоорондын бодит зай завсрыг үгүй болгох гэсэн улс төрийн радикализмтай нөхцөлддөг. Хэдий чинээ радикал улс төрч байна төдий чинээ популист арга замыг тэрээр хэрэглэнэ.
 
Улс төрч бол популист
Популист улс төрчийн стратегийн онцлог нь засгийн эрх авах өөрийн боломжит үйлдэл, түүнээс гарах үр дагаврын талаар ерөөс боддоггүй байна. Түүний хувьд хамгийн олон саналыг авах явдал л чухал юм. Дараа нь нөгөө л нөхцөл байдал, нөгөө л уриа лоозон давтагдана. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улс төрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь харагддаг. Чухамдаа уг бүдүүн тойм бодол санаа нь олонхийг үргэлж  талдаа татахын тулд бүрэлддэг. Улс төр, шашин, үндэсний популист цөөнх сонгуулийн уур амьсгалыг бүрдүүлж чаддаггүй тул түүнийг сонирхдоггүй. Иймээс популизм ялахад тоталитар дарангуйлал тогтох нь олонтаа. Эсвэл бусад арга зам хангалтгүй гэж үзвэл хамгийн хялбар арга бол тэдний биеийг устгах явдал юм. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас гаргаж буй популист шинжтэй хууль тогтоомж нь  хэрэгжүүлэх механизм, эдийн засгийн тодорхой үндэсгүй байдлыг өөртөө агуулдаг.

Популист улс төрчдийн дүр төрх  
  • Олон түмэнд “зулгуйдаж” зөвхөн сонсохыг хүссэн тэр зүйлийг ярьдаг. 
  • “Ард түмэнд зарагдах” /улс орны өргөн олон түмнийг өмгөөлөх/
  • “Ардын дипломати” /хилийн чанад дахь өргөн олон түмнийг өмгөөлөх/
  • Улс төрч өөртөө итгэлтэй, шийдэмгий дүр төрхийг бүрдүүлэх
  • Мөрийн хөтөлбөрөө ойлгомжтой, товч тодорхой илэрхийлэх чадвар, илтгэгчийн ур чадварлаг байдал
  • “Ард түмний хүү” дүр бүтээх: “Та ямар байна би тийм…”
  • ОНМХ-ийг ашиглан эерэг дүр бүтээх
  • Ард түмний эх оронч, үндсэрхэг сэтгэл зүйг нь ашиглах
  • Алдарт бие хүн, “эстрадын од”, жүжигчдийн зүгээс дэмжлэг үзүүлж буй мэт сэтгэгдэл төрүүлэх
Зарим ердийн боловч өргөн хэрэглэгддэг уриа лоозон дэвшүүлэх түүний золионы этгээдийг олж тогтоох, урваж болох сонгогчдодоо нөлөөлөх чиглэлээ өөрчлөх, засварлах бүхий л оролдлого нь улс төрийн хувьд популизмын жинхэнэ аюул юм. 
Улс төр судлалын ойлголт болох популизмыг дан эергээр болон сөргөөр туйлшруулан авч үзэх нь учир дутагдалтай.  Энэхүү утгаар нь популизмыг – олон түмний ухамсарт нөлөөлөл үзүүлэх түвшин, популист уриа лоозонг амьдралд хэрэгжүүлэх үр ашигтай чанар, популист улс төрчийн эцсийн үр дүн гэж тодорхойлж болно.          

Популимзын нийгмийн үр ашиг
Тэгээд ч нийгмийн ардчилсан уламжлал сул гэхээсээ илүү ноцтой тохиолдолд уг үр дүн бий болдог. Нөгөө талаас ард түмний нийгэм-улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа байх нь ардчиллын сайн сургууль болох бөгөөд жирийн хүмүүст нийгмийн хариуцлага ба бие хүний хангалуун байдлын  мэдрэхүйг нь төлөвшүүлж, түүний мэдлэг ухааныг нь тэлж өгдөг.

1 comment:

  1. Mash ih byarlalaa :)....ta buhen mash goy blog hiisen bn

    ReplyDelete