2010/12/03

ЦАХИМ АРДЧИЛЛЫН ДАВАЛГАА

Орчин үеийн аж үйлдвэржсэн нийгэмд ардчиллын гурван давалгаа өрнөсөн тухай онолын болон судалгааны түвшинд эрдэмтэн судлаачид олон талаас нь баталсаар ирсэн.

Ардчиллыг  нийгэм улс төрийн шинэ тутам тогтолцоо, арга механизм гэдэг талаас үзвэл 4 дэх давалгаа аль хэдий ч эхэлж, хүчтэй өргөжиж байна. Энэ бол цахим ардчиллын давалгаа.

 Цахим ардчилал /E-democracy/ - бүхэлдээ шууд болон төлөөллийн ардчиллын нөхцөлд ардчиллын үйл явцын чанарыг сайжруулах зорилгоор харилцааны цахим технологи, тэр дотор интернетийг ашиглах үйл явцыг хэлнэ. Цахим ардчилал өдгөө хөгжлийн эхний шатандаа яваа хэдий ч дэлхий дахинд түүнийг хөгжүүлэх бололцоо улам бүр тэлж, улмаар хэрэгжүүлэх эхний оролдлогууд гарах болсон.

Цахим ардчиллын талынхан шийдвэр гаргахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, ардчилсан улс төрийн үйл явцад иргэдийг оруулах өргөн бололцооны талаар ярьж байна. Ардчилсан улс төрийн үйл явцад үлэмж тооны иргэд оролцох нь чанарын шийдвэр гаргахад хүргэх ёстой гэж тооцож болж. Цахим ардчилал нь нийгэмд засаглалын тунгалаг, хүртээлтэй байдлыг хөгжүүлэх суурь чадамжийг өөртөө агуулдаг. Гэхдээ юуны өмнө засгийн газар, албан хаагчид цаашлаад иргэн, социал бүлгүүдээс цахим ардчиллын үзэл санааг хэрэгжүүлэх чадавхитай буюу ардчиллын шинэ үйл явцыг ойлгох боловсруулах, шинэ арга хэрэгслийг хөгжүүлэх нөхцлийг шаардаж байдаг. Мөн цахим ардчилалд оролцох техникийн бололцоо нөхцөл /жишээ нь интернетэд суух/-ийг хангах, хувь хүмүүсийн мэдээлэл, харилцааны аюулгүй байдлыг хангах бололцоог бүрдүүлэхийг шаарддаг.
 
Орчин үед интернет-хэлэлцүүлэг, блог нь цахим ардчиллын хувьд ашиглаж болох гол, боломжит хэрэгсэл юм. Гэвч тэдгээр нь, хувь хүмүүсийн мэдээ баримт хулгайлагдах, мэдээлэл хэт ачаалагдах, танхайрах нэгийгээ доромжлон гутаахаас хамгаалах, шинэ санаачлагыг дэмжих нөхцлийг хараахан хангаж чадахгүй юм.
 
Орчин үеийн мэдээлэл технологийн эрчимтэй хөгжил нь ардчиллын онолын талаарх мэтгэлцээнийг шинэ шатанд гаргаж ирж байна. Уг хэлэлцүүлгийн төвд ардчилсан институт болон үйл явцад интернетийн үзүүлж буй нөлөөллийн тухай асуудал чухалд тавигдах болов. Үүнтэй холбоотойгоор интернет нь уламжлалт ардчиллын тогтолцоо, үйл явцад аюул занал учруулах эсвэл цор ганц гарц, бололцоо эсэх, цахим ардчиллын өөрчлөлт ямар чиглэлтэй болох, түүний мөн чанар, эрчим далайц нь ямар байх, компъютерт суурилсан цахим ардчиллын агуулга юу болох, интернетийн “ардчилагдсан” үр нөлөөг яаж үнэлэх зэрэг олон шинэ асуудлыг ар араасаа дагуулсаар...
 
Мэдээллийн шинэ технологийн  үр нөлөөгөөр улс орнууд дахь /тэр дотор Монгол/ улс төрийн үйл явц нээлттэй, тунгалаг болох, иргэний нийгэм-улс төрийн амьдралд оролцох оролцоо өргөжих, улс төрийн оролцогчдын тоо өсөх, улс төрийн үйл явц дахь ашиг сонирхлын ялгарал олшрох, сонгуулийн кампани, нийгмийн санаа бодлын судалгаа цаашлаад нэр дэвшигчийг сонгох арга механизм, намын бүтэц тогтолцоон дахь цаашдын хувьсал өөрчлөлт явагдахад түлхэц үзүүлж байна.
 
Улс төрийн оролцоо нь цахим ардчиллын хувьд маргаан мэтгэлцээний гол асуудал юм. Олон судалгаанд интернет шууд ардчиллыг /нэн тэргүүнд виртуал нийгэм/ байгуулах чухал хэрэгсэл гэж тооцож байна. Энэ үүдээс цахим шууд ардчилал бол олон нийтийн санал асуулга явуулахдаа орчин үеийн харилцаа холбооны хэрэгслийг ашигладаг шууд ардчиллын хэлбэр юм. Уг ардчилал нь санал хураалтыг цахим хэлбэрээр бүртгэхийг шаарддаг.  Гэтэл хүн төрөлхтний ядуу, технологийн дэвшлийг ашиглаж чадахгүй олон зуун сая хүмүүс энэ талаар ямар ойлголтгүй, өдөр хоногийн хоолныхоо төлөө амь зууж байгаа нь түүний цар хүрээ хаа хүрээд зогсохыг шууд хэлээд өгч байна.
 
Ямартай ч технологжсон нийгэмд түрүүлдэггүй юмаа гэхэд хоцрохгүй байх чин эрмэлзэлтэй монголчуудын хувьд цахим ардиллын асуудлыг судлан тодорхойлох, хэтийн төлөв хэрэгжилтийн талаар өөрийн гэсэн хувилбаруудыг дэвшүүлж байх шаардлага зүй ёсоор гарч байна.

Цахим ардчилалд бид бэлэн үү?

No comments:

Post a Comment