2010/11/23

БАЙН БАЙСААР БҮХ ДЭЛХИЙГ БҮРХЭХ ПОП

Дээрх гарчиг танил харагдаж байна уу? Тийм, энэ бол манай суут зохиолч Д.Нацагдоржийн “Октябрь” шүлгийн нэг шад. Тэрээр:
 Баруун Европ, Америкийн үйлдвэрчинд үлгэр болоод 
                                                 таван тивийг бүрхэх Октябрь
 Байн байсаар бүх дэлхийн Октябрь болж,  хуучин байдал  
 бүхэн  цөм өөрчлөгдөөд гагцхүү наран хэвээр мандана 
гэж шүлэглэсэн байдаг. Нацагдорж хэмээх хүн өдгөө байсан бол “Октябрь” биш харин “Поп” хэмээх шүлэг зохиох байсан гэдэгт итгэлтэй байна. Тухайн үеийн дэлхий дахины өнгө өөрчлөгдөж, хоёр том нийгэм-соёл хоорондоо өрсөлдөх болно гэдгийг манай шинэ үеийн уран зохиолын пионер мэдэж, мэдэрч байсан нь ойлгомжтой. Харин хагас зуун жилийн дараа аль нь ялахыг тэр мэдэж чадахгүй байсан нь ойлгомжтой. 

Блогчны зүгээс поп гэдэг ойлголтын талаар өгүүлэх гээд ийм урт оршил өгөөд байгаа ухаантай. Ингээд үндсэн асуудалдаа оръё.    
 
Шинэ эринийг мэдээллийн гэхээс гадна поп буюу бүх нийтийг хамарсан нэг соёлын орон зай үйлчилдгээрээ онцлог хэмээн авч үзэх болжээ. Поп соёл гэж томъёологдсон нийгмийн үзэгдэл нь шууд ухамсарлагдаж, яриад байдаггүй ч өдгөө аль хэдий нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болчихож.
 
Поп соёл хэмээх ойлголт анх 1930-аад онд бий болж, 60-аад оноос судлагдаж эхэлсэн байна. Ихэнх судлаачид поп соёлыг бодит амьдралд үргэлж байсан зүйл гэж тооцдог. Ялангуяа европт хэвлэх машин хийснээр поп соёл хөгжих үндэс тавигдсан гэж үздэг байна. Гэхдээ сүүлийн арван хэдэн жилд хүн төрөлхтний соёл иргэншилд түүний үзүүлэх илт огцом өссөн ажээ.
 
Поп соёл нь дотроо хөгжим, кино урлаг, хүүхэлдэйн кино, уран зохиол, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл /интернетийг багтаагаад/, моод загвар, хүнс хоол, реклам сурталчилгаа, спорт, аялал жуулчлал, дизайн болон бусад олон нийгмийн үзэгдэл үйл явцыг өөртөө багтаадаг. Цаашлаад үлгэр домог, тууль зэрэг ардын  аман зохиол, шинжлэх ухаан, түүний хялбаршуулсан хувилбарууд энэхүү соёлын бүрэлдэхүүн хэсэг болдог аж.
 
Аливаа соёл поп байхын тулд нийгэмд маш өргөн хүрээг хамарч бүтээгдсэн байх ёстой байдаг.
 
Амжилтад хүрсэн дэлхийн поп соёлын “од” болсон маш олон хөгжимчин, дуучин, жүжигчин, сэтгүүлч, улс төрч, тамирчин, зураач, уран бүтээлчид (Сальвадор Дали и Пабло Пикассо), зохиолчид (Э.Хэмингуэй, Жек Лондон), эрдэмтэн (А.Эйнштейн и З.Фрейд), шашны зүтгэлтнүүд (Ромын Пап, Далай лам), алан хядагч (“Чөөвөр чоно” Карлос, Бен Ладен), гэмт хэрэгтэн (Гэдэс хүүлэгч Жек), зохиолын баатар(Жеймс Бонд, Харри Поттер), хүүхэлдэйн киноны баатар (Микки Маус, Том, Жерри, Немо), хувьсгалч (Че Гевара, Мао Цзе-дун), комиксын баатар (Супермен, Хүн аалз), автомашин (Volkswagen Beetle), ундаа (Coca-Cola), телевизийн суваг (MTV, CNN), хүнсний бүтээгдэхүүн (макДональд, суши), ахуйн цахилгаан хэрэгсэл (гар утас, MP3, компьютер), хувцас (жинс), амьтан (панда), ургамал (олс, сарнай), хот (Парис, Лос-Анжелис), уул (Эверест)  гэх зэргээр хүн, үлгэр домгийн баатар, амьтан, эд зүйлс, хэрэгсэл орно.
 
Монголчуудын хувьд дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөн, эс хүлээн зөвшөөрөгдсөн олон “од” байдаг бол дэлхий дахинд танигдаж, эх орныхоо нэрийг өөрийн нэртэй хамт өндөрт өргөж явдаг цөөхөн од бий. Тухайлбал, сумогийн аварга Асашёорюv Д.Дагвадорж, балетийн бүжигчин Д.Алтанхуяг, болон Монголын олимпийн аваргуудаа дэлхийн одод тооцож болно.
 
Поп соёлын зарим зүйл урт удаан насалж, үеэс үед алдаршдаг бол нөгөө хэсэг нь нэг өдрийн настай, дорхноо мартагддаг зүйлс ч байдаг гэнэ. Поп соёл тэдгээрийн тусламжтайгаар олон сая хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх харилцааны ямар нэг шинэ арга хэрэгслийг бүтээж байдаг. Тухайлбал, улс төрч, телевизийн нэвтрүүлэгч, кино, реклам сурталчилгааны баатруудын хэлсэн анхаарал татсан үг өгүүлбэр, үйлдэл заримдаа хүмүүсийн ярианд ёж утгаар хэрэглэгдэн, улмаар хэлц үг болон хэвших нь ч бий. 
 
Өдгөө поп соёлыг нийгмийн бүх хүрээ салбарт нэвтэрсэн гэж үздэг бөгөөд тухайлан зарим нэг салбарыг авч үзье.
 
Поп-дипломати 
Поп соёл олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэсээр ч байна. Америкчууд холливудын кино урлаг америкийн улс төр, соёл, арилжаа, амьдрах хэв маягийг дэлхийн бүхий л хүмүүст ямар ч илүү зардалгүйгээр түгээж байдаг чухал хэрэгсэл гэж тооцдог. Тийм ч учраас 9/11-ний хэрэг явдлаас хойш Америкийн төрийн алба арабын ертөнц, Иранд америкийн поп хөгжмийг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн байна.  1950-60-аад онд америкийн жаз хөгжмийг ЗХУ болон бусад социалист орнуудад тоглохыг дэмжиж байлаа. Үүний шалтгаан нь тухайн орны иргэд америк хөгжимд дуртай болгох, жаз хөгжимчдөөр дамжуулан арьсны үзэл байхгүй /тухайн үед тэдгээр нь гол төлөв хар арьстнууд байв/ гэдгийг харуулахыг зорьж байсанд оршино. Гэвч сүүлийн үед холливудын кино улс орны нэр хүндийг унагах хэрэгсэл болж байна хэмээн шүүмжлэл өргөжиж байна. Жишээ нь “300 спартанчууд” эртний персийн талаар сөрөг ойлголт өгч байна гэж үзсэн бол Британичууд Мэл Гибсоны найруулсан кинонууд тэдний нэр хүнийг сэвтүүлж байна гэж тооцох болжээ.
 
Цаашлаад спортын төрлүүд, ялангуяа олимпоор дамжуулан улс орнууд нэгэндээ шахалт үзүүлэх, бодлого, эрх ашгаа илэрхийлэх явдал 20-р зууны түүхэнд нэг биш бөгөөд бүр хөл бөмбөгөөс болж улс орнууд дайн хүртэл зарлаж явсан тохиолдол бий.
Урлаг соёл, спортын оддоор дамжуулан тодорхой улс орны бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж, дэмжиж буйгаа илэрхийлэх, буяны үйл эрхлэх явдал ерийн үзэгдэл болсон байна.
 
Поп-улс төр 
Олон улс орнууд поп соёлыг улс төрд ашиглаж байна. Улс төр, массын соёл хоёр харилцан хамааралтай болж, ялангуяа сонгуулийн үед улс төрчид шоу-бизнесийг онцгой ихээр ашиглах болсон байна. Бүр улс төр өөрөө шоу болдгийг бид мэднэ. Тэд телевизээр гарах, сонин хэвлэлд нийтлэгдэх бүх зүйлд яг урлаг соёлын одод шиг аяглаж, бие авч яван, имиждээ анхаарах болсон. 
Улс төрийн сонгууль нь удаан завсарлагатай телевизийн олон ангит кино юм.
Улс орны том төрийн зүтгэлтнүүд хөгжим тоглож, дуу дуулж, бүжиг бүжиглэхийн зэрэгцээ, загвар өмсөгчидтэй хамт зургаа татуулж, сексийн талаар үзэл бодлоо ил нээлттэй илэрхийлэх болжээ. Улмаар урлаг соёл, спортын одууд нэрд гарсан байдлаа ашиглан улс төр лүү тэмүүлж, улмаар амжилт олох нь ердийн үзэгдэл юм.
Улс төр зугаа цэнгэлийн сонирхолтой нэвтрүүлэг юм.
Улс төрийн ярианы сэдэвт урлагийнхны уран бүтээлийн хэв маяг стиль багагүй байр суурь эзлэх болов.  Мадонна, Элвис нарын сексийн сурталчилгаа,  Элис Купер, КISS хамтлагийн чөтгөрийн тухай дуулал, рэпперүүдийн гэмт хэргийн тухай рекламыг хориглох тухай асуудал байнга маргаан тарьж байна. 

Нийгэм поп болсны үр дагавар
Мэдээж аливаа нийгмийн үзэгдлийн сайн муу сайхан муухайн талаар ёс суртахууны хийгээд гоо сайхны үнэлэмжийг өгөх нь том философчдын төдийгүй жирийн хүмүүсийн хобби байдаг. Нийгэм попжсоны үр дагаврыг гол төлөв сөрөг байдлаар үнэлж авч үзснийг доор дурьдав.
 
Хүмүүсийн хоорондын харилцаа эгэлжин болхижиж,  “сайн”, “муу” гэсэн ойлголтууд харилцан нэгэндээ уусч, үүднээс үүдэн зөрчил үгүй болж улмаар тодорхой асуудлыг шийдвэрлэх тухай бүтээлч сэтгэлээ алга болов.
 
Нийгэмд үйлдвэрлэгчид, шинийг санаачлагчид, судлаачид, түүхэн алдартай бие хүний намтар кино, спорт, урлагийн оддын гоёчилсон амьдралд шүтэх үзлээр солигдов.
 

Гоо сайхан хэмээх ойлголт нийгэмд болхи байдлаар халдварлан, хүн бүр өөрт бий болгох тухай сэтгэцийн шаналгааг үүсгэж, улмаар гоо сайхан, эрхэмсэг оршихуйг зүгээр хуулбарлан дуурайх явдал газар авсан.
 
Соёл үнэт чанаргүй, агуулгагүй, утгагүй тэнэглэлээр дүүрч, нилдээ секс чанарыг агуулах болсон.
  
ОНМХ, телевиз, интернет үүссэнээр бодит байдлаар биш хуурамч үзэгдлээр нийгмийн ертөнцийг үзэх үзэл төлөвших болов. Амьдралыг телевизийн дэлгэц дээрх дүрс төдийгөөр төсөөлж, бүтээлч сэтгэлгээ алга болов. Энэ утгаар поп урлаг нь оюун ухааны эрх чөлөөгүй байдлын илэрхийлэл, бие хүний гутранги, хүнийсэх хандлагын хэрэглүүр болсон. Амьдрал бол реалити шоуноос өөр зүйл биш болсон.
 
Хууч яриа, үлгэр домог, түүхийг видео тоглоом, комикс, хүүхэлдэйн кино орлож эхлэв.
Хувь хүн нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч байхаа хэдий нь больж, тодорхой бүлгээс зориудаар хүргэж мэдээлэл, тулгаж үнэт зүйлийг хүлээн авагч “амьгүй” хэрэглэгч төдий зүйл болж хувирлаа.
 
Секс, сэтгэл татам байдал, мөнгө гол үнэт зүйл болсон байна.
 
Хүнийг дотоод чанараас биш гадаад илрэлээр үнэлэх байдал улам бүр газар авсан.
 
Эцэст нь хэлэхэд манай орон төдийгүй дэлхий дахин америкийн поп соёлын нөлөөнд ихээр автаж, үндсэндээ нийгмийн үнэлэмж, залуучуудын үнэт зүйлс хүсэл мөрөөдөл нь америкийн соёлоор тодорхойлогдох болсон нь хэн бүхэнд илэрхий. Ахмад, дунд үеийнхэн өнөөгийн залуучууд хүүхдүүдийг ном  уншихаа больсон, зугаа цэнгэлд дурлаж, хүний болон өөрийн дотоод бус гадаад гоо сайханд ихээр анхаарах болсон зэрэг нь сая бидний авч үзсэн поп нийгмийн дагавар үзэгдэл байх нээ. 

No comments:

Post a Comment