2010/11/21

ЦАХИМ УЛС ТӨР БА УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ШИНЭ ХАНДЛАГА

Мэдээллийн технологийн хөгжил эрчимжиж, тэр хэмжээгээр мэдээллийн технологи нийгмийн салбар хүрээ бүрт нэвчин, түүнээс нийгмийн салбар хүрээ улам бүр хамааралтай болж байна. Энэхүү үзэгдлийг нийгмийн хөгжлийн шинэ эриний эхлэл буюу аж үйлдвэржилтийн дараах /мэдээллийн/ нийгэм гэж томъёолох явдал нийгмийн ухааны ном зохиолд түгээмэл тааралдах болсон. Тэр дунд улс төр цахимжиж, “цахим улс төр”, “цахим ардчилал”, “цахим иргэн” хэмээх ойлголт нэгэнт бүрэлдэн хөгжиж эхэлжээ.
 
Улс төрийн амьдралд оролцох явдлыг янз бүрийн шалгуураар үнэлж дүгнэдэг. Улс төрийн шийдвэр гаргах болон улс төрийн бодлогын хэрэгжилтэд оролцох түвшин, улс төрийн мэдээллээр хангагдах, улс төрийн хариу үйлдлийн /рефлекс/ түвшин, улс төрийн үйл байдлын тэнцвэр, улс төрийн мэдээллийн эх сурвалж ашиглах зэргээр дамжуулан улс төрийн оролцоог тодорхойлж болно гэсэн үг.
 
Нийгэмд иргэдийн улс төрийн хүнийсэл, улс төрөөс хөндийрөх үйл явц өргөжиж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар яриа өргөн хүрээнд өрнөх болсон. Гэхвээ орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил уг асуудлыг шийдвэрлэх нөхцлийг өргөнөөр бүрдүүлж өгч байна. Мэдээллийн технологийн дэвшил улс төрийн оролцоог хангах чухал нөхцөл болж буйтай холбоотойгоор өрнөдөд компъютерийн буюу цахим ардчилал эгалитар болон төвлөрсөн бус бус ардчиллыг хэрэгжүүлэх, иргэний улс төрийн идэвх, улс төрийн нийгэмшлийг хангах бололцоог олгож, цаашлаад иргэний зүгээс улс төрийн хувьд өөрийгөө илэрхийлэхэд зориулагдсан хязгааргүй чөлөөт орон зай, иргэний нийгмийн техникийн үндэс бүрэлдэх болсон. Үүнтэй холбоотойгоор улс төр мэдээлэл солилцох өвөрмөц хэв маягаар тодорхойлогдох болж, мэдээллийг эзэмших, захирах явдал барууны ардчилалд засгийн эрх мэдлийг хуваарилалтын гол асуудал болж эхэлжээ.
 
Цахим улс төрийн эрин үе нь ардчиллын шинэчлэлд өөдрөг дүр зургийг авчрах болсон гэж үзэж болно. Тухайлбал, орчин үеийн техникийн бололцоо нь бүхий л иргэдэд улс төрийн шийдвэрийг бие даан боловсруулах, хамгийн наад зах нь шууд ардчиллын зарчмыг ашиглан тэдгээрийг боловсруулахад нөлөөлөх бодит нөхцлийг бүрдүүлж байна. Тэгээд ч олон сая иргэдийн ил тод илэрхийлсэн техникээр бүртгэгдсэн санаа бодлыг улс төрчид харгалзахгүй байж чаддаггүй юм.
 
Төлөөллийн ардчилал шууд ардчиллаар солигдох болов. Мэдээж орчин үеийн цахим ОНМХ иргэдэд улс төрд гар бие оролцох, хэрэгжүүлэх, улс төрийн соёлыг бүтээх хязгааргүй өргөн бололцоо юм.
 
Цахим харилцааны хэрэгсэл нь хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж байдгаараа онцлог. Тэр хэрээр мэдээллийн шинэ технологи улс төрийн бие хүнд шинэ шаардлага тавьж байна. Улс төрийн идэвхтэй эсвэл идэвхгүй байх гэдэг ойлголт өөрчлөгдөж, өдгөө хүн бүрт улс төрийн төлөвшлийн шинэ шалгуур нөхцөл тавигдах болсон. Коммуникатив нийгэм иргэн хүнд улс төрийн бодлого, шийдвэр боловсруулахад шийдвэртэй нөлөө үзүүлэн, улмаар тэрхүү шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх хариуцлагыг давхар хүлээлгэх эхлэв. Өөрөөр хэлбэл, хүн бүр улс төрийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй болж байна гэсэн үг.
 
Нөгөө талаас мэдээллийн технологийн дэвшилтэй холбоотой улс төр дэх иргэдийн идэвхтэй чанарт эргэлзээтэй гутранги хандах байр суурь байгааг ч хэлэх хэрэгтэй. Орчин үеийн харилцааны хэрэгсэл нь олон нийтийн санаа бодлын дарангуйлал үүсэх, техникийн мэдлэгтэй улс төрийн лидер нийгмийн ухамсарт манипуляци хийх явдлаас сэргийлж чадахгүй байна. Сонгогдсон этгээдийн тойрон хүрээлэгчид техникийн чадвар хийгээд бүрэн эрхээ ашиглан мэдээллийг эрхшээлдээ оруулахад хүрч болно.
 
Орчин үеийн мэдээллийн нийгэмд улс төрийн оролцоог судлах асуудал шинэ шатанд гарсан. Интернетийн үүсэл хөгжил нь коммуникатив орон зай дахь улс төрийн оролцоо гэгдэх судалгааны шинэ чиглэлийг бий болгов. Виртуал шинэ нөхцөл байдлын гол онцлог нь түүний глобал, интерактив шиж чанар юм.  Интернет нь төрийн бүрэн эрх байдал, улс төрийн оролцооны хэлбэр, иерархи бүтэц, улс төрийн нам болон бусад институционал субъектын залйшгүй шинж чанарыг үгүйсгэх болсон. Сүлжээг ашиглахын улс төрийн үр дагавар нь зөрчилтэй, олон талт юм. Нэг талаас интернет нь хамтын үйл ажиллагаа, улс төрийн шууд оролцоонд саа болж байсан газар зүйн болон бүтэц тогтолцооны саад хязгаарыг арилган, шийдвэр гаргагч этгээд, иргэн хоорондын зайг ойртуулж, иргэний соёлын цар хүрээг өртгөж өгдөг. Нөгөө талаас орчин үеийн мэдээллийн технологи, түүнийг өдөр тутмын амьдралд ашиглах хүрээ өргөжих нь нийгэмд улс төрийн хяналт тогтоох бололцоо өргөжиж, улс төрийн ноёрхлын зэмсэг боловсронгуй болох, бие хүнд үзүүлэх авторитар болон манипулятив нөлөөлөл ихсэх бололцоог мөн олгож байгагг хэлэх нь зүйтэй. Цаашлаад мэдээллийн технологийн хөгжил нь нийгмийн эрх ашиг, төрийн аюулгүй байдалд аюул учруулахад хүргэж байна.
 
Улс төрийн хүрээний аливаа харилцаа нь мэдээлэл харилцааны технологийн хөгжил дэвшилтэй салшгүй хамааралтай явагддаг.  Интернет дэх улс төрийн оролцооны онолын судалгааны хүрээнд сонгуулийн үйл явц, намуудын хоорондын харилцаа, хууль бус бүлгүүд /эсэргүүцлийн хөдөлгөөн/-ийн үйл ажиллагаанд цахим мэдээллийн технологийг ашиглан нарийвчласан дүн шинжилгээ хийж үзээд улс төр дэх интернетийн үзүүлэх нөлөөллийг эерэг сөргөөр үнэлж дүгнэсэн байна. Уг судалгаагаар хууль ёсны бүлгүүд /нам, төр/-ийн хувьд интернетийн тусламжтайгаар иргэний улс төрийн оролцоог идэвхжүүлэх нөхцлийг тэр бүр хангалттай ашиглаж чаддаггүй байхад албан бус бүлгүүд нийгэм-улс төрийн үйл ажиллагаандаа иргэд, байгууллагуудыг дайчлахдаа мэдээлэл-компютерийн технологийг гол бололцоо болгон идэвхтэй ашигладаг нь тодорхой харагддаг. Интернет нэгэнт хүмүүсийн харилцааны өвөрмөц орчин болсны хувьд харилцааны ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулагддаг. 
Орчин үед засаглалын төлөө тэмцэл нь цахим болон хэвлэмэл ОНМХ-гүйгээр төсөөлөгдөх боломжгүй болжээ. Тэр тусмаа сонгуулийн кампаний үеэр сонгогчдын оюун санаанд нөлөө үзүүлэх зорилгоор интернетийг ашиглах туршлага хөгжилтэй орнуудын хувьд шинэ туршлага биш юм.
 
Интернэт нь улс төрийн оролцооны чухал хэлбэр болсонтой холбоотойгоор  “Интернет-улс төрийн оролцоо” хэмээх ойлголт бий болсон. “Интернет-улс төрийн оролцоо” гэдэгт улс төрийн системийн түвшинд улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөх, шууд оролцох зорилгоор иргэний зүгээс интернетийг ашиглахтай бүхий л үйл ажиллагааг багтааж ойлгож байна. “Интернет-улс төрийн оролцоо”-г оролцогчийн тоо хэмжээгээр нь: хувь хүний,  массын гэж ангилдаг. Оролцооны хууль ёсны хэв шинжээр нь – хууль ёсны болон хууль бус оролцоо гэж ангилах бөгөөд дээрх ангилалд үндэслэн 4 хэв маягийн оролцооны түвшинг харж болно.
-    Хувь хүний хууль бус оролцоо
-    Хувь хүний хууль ёсны оролцоо
-     Массын хууль ёсны оролцоо
-    Массын хууль бус оролцоо

2 comments: