2010/10/23

ЦУУРХАЛ БОЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫ ТЕХНОЛОГИ

     Хүн төрөлхтний аливаа мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй, хурдтай  тараах хамгийн эртний арга бол цуурхал. Өдгөө ч энэхүү чанараа алдаагүйгээр барахгүй түүнийг тараах олон арван сувгууд бий болж, тодорхой зорилгоор цуурхал шуугиан тарих арга технологийг сайжруулан хөгжүүлэхийн сацуу тухайлан энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд хүртэл бэлтгэгдэн ажиллах болжээ.

     Нүүдэлчин Монголчуудын хувьд аж ахуйн хэвшил, сэтгэл зүй, газар зүйн онцлог, соёлтой нөхцөлдөн мэдээллийг цуурхан тараах, хүлээж авах үйл явц амьдралын салшгүй нэг  хэрэгцээ байдаг. Тийм ч учраас бодит мэдээлэл, баримт фактаас илүү цуурхалд итгэх, үнэмших хандлага бидний менталитетийн онцлог юм.  

     Орчин үед цуурхал үүсгэх, тараах явц нь нийгмийн сэтгэл зүйн шинж чанарт тулгуурлаж, улмаар масст зориудаар нөлөө үзүүлэх замаар тодорхой үр дагаврыг бий болгох чиглэсэн нарийн төвөгтэй үйл ажиллагаа болжээ. Тухайлбал, санхүү эдийн засаг, цэрэг тагнуул, улс төрийн салбаруудад цуурхал ашиглан ашиг олох, өрсөлдөгч этгээддээ хохирол учруулах, нийгмийн тодорхой бүлэг хэсгийг өөртөө татах зэрэг мэдээллийн дайны нэг чухал хэрэгсэл болсныг олон судлаачид хүлээн зөвшөөрдөг.   

     Энэ үүднээс судлаачид цуурхал бий болох, тараах сэтгэл зүйн механизмыг нэг бүрчлэн судлах болсон байна. Цуурхлын тархах хурд, амьдрах нас, хамрах хүрээ, нөлөөлөх чадвар, нийгмийн хэрэгцээг хангаж буй байдал зэргийг нарийвчлан тодорхойлох болсон байна.

     Цуурхал тарах гол нөхцөл бол хүний мэдээллийн дутагдалтай байдал, хүний төрөлхийн сониуч чанартай салшгүй холбоотой. Гэвч хүн өөрийгөө мэдээлэлжсэн гэж мэдэрдэг байлаа ч, тодорхой түвшинд цуурхалд заавал автагдаж, нөлөөллийг нь хүлээж авч байдаг. Цуурхлын гол суваг бол хүнээс хүнд амаар дамжин, гинжин тархалтаар богино хугацаанд маш олон хүнийг хамрах боломжтойд оршино.

      Мөн хүмүүсийн далд ухамсарт нөлөөлж, хоногшиж чаддагаараа бусад мэдээллийн хэлбэрээс ялгагдах гол “давуу тал”-тай. Үүнд л түүнийг улс төрчид, цэрэг, санхүүгийнхэн өргөнөөр ашиглах гэж зүтгээд байгаагийн цаад нарийн учир оршиж байдаг.  

    Цуурхлын бас нэг онцлог нь тархах тусам мэдээлэл гажиж, улам хачирлагддаг байдал. Үүнийг хүний сэтгэл зүйн дараах хүчин зүйлтэй холбож тайлбарладаг байна.

·   Хүн мэдээллийг нэг дор их тоогоор хүлээж авч чаддаггүй байна. Нэг үгээр хүний богино санах ой хязгаартай. Үүнтэй холбоотойгоор ярьж буй зүйл, үйл явдлын гол утгыг хүн өөрийнхөө сэтгэлгээгээр хүлээж авч улам бүр утга гажихад хүрдэг байна.

·    Нэгэнт “цуурч” ирсэн мэдээлэл тул хүмүүс эргэлзээтэй зүйлд нарийвчласан асуулт тавилгүйгээр ойлгож, шүүмжлэлтэй хандах явдлыг бүрэн үгүйсгэдэг байна. 

    Цуурхал бол хүмүүсийн бусад арга замаар хангагдаагүй мэдээллийн хэрэгцээг хангаж буй мэдээлэл юм. Цуурхал анхны эх сурвалжаасаа зорилго чиглэлтэй эсвэл бүр ямар ч замбараагүй байдлаар тархаж болно. Гэвч цуурхлын тараасан анхны субъект ямагт тодорхойгүй үлддэг. Цуурхалд эзэн бие байхгүй. Тиймээс орчин үед мэдээллийн хэрэгсэл “ард түмэн, хүмүүс, олон түмэн эсвэл найдвартай эх сурвалж ... гэж ярьж байна” гэх зэргээр тодорхой эзэнгүй, цуурхлын үндсэн хэв маягийг өргөнөөр ашиглаж, өөрийн таамаглал, гүтгэлгийг олон түмэнд хүргэхийг хичээдэг байна. 

    Хэдий чинээ “дүлий” орчин байна төдий хэрээр цуурхал хүчтэй тарж нөлөөлдөг. Тийм ч учраас хаалттай нийгмүүд цуурхлаар мэдээллийн тэжээлээ авах нь ердийн үзэгдэл болдог. 

     Улс төрийн амьдралд цуурхал энгийн үед болон сонгуулийн идэвхтэй аль ч үед “ажиллаж” байдаг. Тухайлбал, сонгуулийн үед:
  • Нэр дэвшигчийн нэр хүндийг өсгөхөд чиглэлээр
  • Нэр дэвшигчийн талаар ярианы эерэг сэдэв үүсгэх зорилгоор
  • Хэвлэлийн болон олон түмний анхаарлыг өөртөө татах үүднээс
  • Өрсөлдөгчийн зүгээс ирж буй гүтгэлэг дайралтыг няцаах зорилгоор
  • Хүн амыг төөрөгдөл, эргэлзээнд оруулах үүднээс
  • Өрсөлдөгчийн нэр хүндийг унагах чиглэлээр цуурхлыг өргөнөөр ашигладаг.
Цуурхлыг:

1.      Ажлын байран дээр
2.      Амралтын газар, зусланд
3.      Хөрш айл, танил талаараа
4.      Цуурхал таригчаар дамжуулан
5.      Интернет сүлжээ ашиглан тарааж болдог байна.

Ажиллах зарчим:

1.      Цуурхлын сэдвээ боловсруулах
2.      Ирээдүйн өрнөлийг тодорхойлох
3.      Цуурхал тарах боломжит хувилбарууд дээр ажиллах
4.      Цуурхал тараах аргачлалын талаар тухайлсан зааварчилгаа хүмүүст өгөх
5.      Цуурхлын үйлчлэх цаг хугацааг тодорхойлох
6.      Практикт хэрэгжүүлэх

Цуурхал тараах аргачлал
  • Хаа нэгтээгээс сонсож уншиж байсан тухайгаа өгүүлэх байдлаар
  • Уншсан зүйлийнхээ талаар санал солилцох хэлбэрээр /сонин хэвлэл, материалынхаа нэрийг зааж өгнө/ 
  • Би нэг танилаасаа ................ гэж сонслоо гэж ярих маягаар /нууц буюу задалж болохгүй яриа гэдгийг тодотгох/ 
  • Найз нөхөд, танил талуудын хооронд өрнөсөн ярилцлага, маргааныг  дамжуулах байдлаар 
  • Тодорхой сэдвийг өөрийн гэр бүл, ойр тойрныхондоо ярих хэлбэрээр тараадаг байна.
    Цуурхал хэв маягийн хувьд объектив магадлалд үндэслэгдсэн мэдээллийн болон хүмүүсийн сэтгэл хөдлөл, айдас, хүсэл, үзэн ядалтад уриалсан утгачилсан 2 хэлбэртэй байдаг.

Мэдээллийн шинж чанараар нь цуурхлыг
-     Огт үндэслэлгүй цуурхал
-     Үнэний хувь агуулсан ч үндэслэлгүй цуурхал
-     Үнэний хувьтай цуурхал
-     Үнэний хувьгүй ч үндэслэлтэй цуурхал гэж ангилна.

Хүмүүсийн сэтгэл зүйлд нөлөөлөх түвшингээр нь:
- Тодорхой нийгмийн бүлгийн санаа бодлыг бужигнуулах, гэхдээ нийгмийн эрсэг зан үйлд илт уриалаагүй цуурхал
- Нийгмийн тодорхой бүлгийн зарим хэсгийн олон нийтийн эсрэг үйл байдалд уриалсан цуурхал
- Хүмүүсийн хоорондын зохион байгуулалт, удирдлагын харилцааг эвдэх, массын дэг журамгүй байдалд түлхсэн цуурхал зэргээр ангилдаг байна.

1 comment:

  1. сайн байна уу, сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа. амжилт хүсье!

    ReplyDelete