2010/10/14

МЭРГЭЖЛИЙН ИМИЖ

Мэргэжлийн имиж бол имижийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүн амьдралын тодорхой мөчлөгөөс эхлэн ажил хөдөлмөрийн талбараар дамжуулан амжилтад хүрэхийг эрмэлздэг. Мэргэжлийн карьер нь мэргэжлийн эерэг имижийг хэрхэн бүрдүүлж, өсгөж чадсанаас үлэмж хамааралтай байдаг. Чухамдаа ажил мэргэжлийн имиж нь гадаад хүчин зүйл болж байдаг хэдий ч орчин үед хүний амьдрал, хувь тавиланд голлох байр суурь эзлэх нөхцөл болсныг судлаачид онцолж байна. 

    Бие хүн, үйл ажиллагааны субъект болохын хувьд хүний хөгжил нь ажил мэргэжлээ гүйцэтгэх чадвар, оргил руу хүрэх тэмүүлэл, бие хүн болох нөхцлөөр дамжин мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх байдал, бие хүний нэр хүндийн өсөлт, албан тушаалийн төлөв хандлагаар тодорхойлогдоно. Бүхэлдээ энэ нь өөрийн амьдралын эзэн болох бие хүний шинж онцлог юм. Мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн чухамдаа оюун санаа, ёс суртахууны хөгжлийн түвшин, дэвших боломж чадавх, хамгийн гол нь эдгээрийг илэрхийлэгч имижээ хэр өсгөж, хөгжүүлснээс шууд хамааралтай байдаг. 
    Мэргэжлийн эерэг имижийг бий болгох чухал нөхцөл бол ажил хэргийн болон манлайлах чанар, зөрчилдөөнийг шийдвэрлэх чадвар, хамтын ажиллагаа, харилцааны ур дүй, итгэл үнэмшилтэй байх, дасан зохицох чанар, өөдрөг үзэл, эерэг сэтгэгдэл төрүүлэх авъяас зэрэг оюун санаа, ёс суртахуунлаг байдлуудыг төлөвшүүлэх явдал байдаг.
    Мэргэжлийн имижийн онцлог нь байгууллага, хамтран ажиллагсдын ашиг сонирхлын зохицлыг олох, хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг мэдрэх, хамтын буюу корпоратив бодлогыг хэрэгжүүлэх чадвар болон итгэл найдвартай, сахилга баттай, нягт нямбай, дэг журамтай, шударга үнэнч байдал зэргийг өөртөө багтаадаг. 
Дараах шаардлагууд нь мэргэжлийн имижийн чухал үзүүлэлт болж байдаг. Үүнд:
•    Байгууллагын баримталдаг социал үнэт зүйлс
•    Байгууллага, этгээдийн хэв маяг, имижийг хөгжүүлэх түвшин, чадавх
•    Байгууллагын ажилтнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчид, хамтрагчдын сэтгэл ханамжтай байдал
•    Ажилтан, албан хаагчдын өөрийн ажилдаа сэтгэл ханамжтай, сонирхолтой байх нөхцөл
•    Ажилтан албан хаагчдын хоорондын харилцааны тааламжтай, эерэг уур амьсгал
•    Зөрчилдөөнийг зохицуулах чадамж, зөрчилдөөн бага түвшинд байлгах
•    Байгууллагын албан болон албан бус бүтцийн зохицол нийцэл
•    Байгууллагын дотор болон гадна мэргэжилтнүүд нь нэр хүндтэй байх зэрэг багтана.
Аливаа мэргэжлийн нийтэд танигдсан байдал нь түүний хүн амын өргөн  давхрага дахь нэр нөлөө, цар хүрээгээр тодорхойлогддог бол ажил мэргэжлийн амжилт нь эерэг имижийг хэрхэн бүрдүүлснээр хэмжигдэнэ. Ажил мэргэжлийн хувьд төгөлдөржихийн тулд өөрийн имижийг бүрдүүлэх, сайжруулах технологийг эзэмшсэн байх шаардлагатайг имижлогийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Ялангуяа хүмүүстэй харилцах, тэдгээрт нөлөөлөх чадварыг эзэмших нь мэргэжлийн үйл ажиллагааны чухал багаж хэрэгсэл болж байдаг. 

No comments:

Post a Comment