2010/10/30

СОНГУУЛИЙН ПРОГНОЗ

Сонгогчдын үйл байдлыг прогнозчлох арга хандлагыг дотор нь а) прогноз зохиох шинжлэх ухааны болон б) шинжлэх ухааны бус загвар гэж ангилж болно. Шинжлэх ухааны бус загварын хувьд прогноз зохиогч нь өөрийн дүгнэлтээ нарийн нягт цуглуулсан баримт сэлт, тодорхой томъёолсон тайлбар, таамналгүйгээр прогнозоо дэвшүүлдгээрээ онцлог. Мөн бусад судлаачдын баримт сэлт болон аргачлалыг ашиглан адил төстэй үр дүн гаргах боломжгүй бөгөд төлөгчлөгч этгээд нь шинжлэх ухааны тодорхой аргад суурилсан үнэлгээг үл харгалзаж, өөрийн прогнозыг хувийн интиуцид тулгуурлан гаргах нь олонтаа байдаг байна.
 
Шинжлэх ухааны үндэслэлтэй загвар нь баримт сэлтийн анализ ба тодорхой статистик-математик аргад тулгуурлана. Прогнозчлолын шинжлэх ухааны бус шинжтэй арга барилыг үгүйсгэн, орчин үеийн социологийн салбарын мэдлэг, арга туршлгыг өргөнөөр ашиглаж, нийгмийн санаа бодлын судалгаагаар дамжуулан сонгуулийн прогнозчлол хийхэд чиглэдэг байна. Гэхдээ түүнийг ашиглах явдал нарийн төвөгтэй, дэс дараалсан ажилбарыг шаарддаг. Тухайлбал, өргөн хүрээнд асуулгын хуудас зохиохоос аваад түүврийн аргаа тогтоох, сонгогчдыг төлөөлсөн түүврийн алдааг тооцох, түүврийн асуулгын дүнд үндэслэн эцсийн дүгнэлт хийх, прогноз үнэлгээг олон нийтэд мэдээлэх зэрэг асуудал үүнд холбогдоно.             
 
Прогнозчлолын хэрэгсэл болох асуулгын аргыг ашиглах явцад шийдвэрлэвэл зохих чухал нэг зорилт бол ч сонгуулийн хэсэгт хүрэлцэн ирэх “бодит сонгогч”-ийг тодорхойлсон загвар боловсруулах явдал юм. Үүнээс гадна респондент өөрийн сонгуулийн санаа зорилгоо өөрчилж болзошгүй. Хэрэв тухайн “өөрчлөлт” асуулгын дараа гарсан тохиолдолд асуулгын дүнг прогноз зохиохдоо ашиглах аргагүй болно. Зарим судлаачдын үзэж буйгаар сонгогчдын 40% нь сонгуулийн хэсэг дээр шийдвэрээ өөрчилж гаргадаг ”тодорхойгүй” сонгогчид эзэлдэг байна .
 
Сонгууль хүртэлх цөөн хэдэн хоногт олон нийтийн асуулга явуулбал дэвшүүлсэн прогнозын хазайлт бага гарах хэдий ч энэ нь прогнозын урьтач хугацаа богиносдог бөгөөд иймд түүнийг зохиоход зайлшгүй эргэлзээ үүснэ. Иймд судлаачдын өмнө прогноз дүнгийн онч байдал хийгээд урьдач хугацааны хооронд зөрчил (дилемма) үүсдэг. Эцсийн эцэст анкет асуулга нь сонгуулийн прогнозчлолын шилдэг арга хэрэгсэл мөн үү? гэсэн асуулт үүснэ.
 
Барууны жишгээр сонгуулийн дүнг таамагласан макро түвшний прогноз зохиоход статистик-математик аргад үндэслэсэн загварыг тухайлбал, регресс анализын аргыг өргөнөөр ашигладаг. Регресс анализын аргад суурилсан сонгуулийн прогнозч загвар 2 үе шаттай явагддаг. Үүнд: 1) сонгуулийн урьдчилсан дүнгийн шинжилгээ, 2) сонгуулийн төгсгөлийн прогнозчлол.
 
Дараах үе шат, механизмыг ашигладаг.
1.    Үл хамаарах хувьсагч гэж тооцогдсон параметрийн (Xi) хэд хэдэн бүрдлээс хувьсагч болох “сонгуулийн дүн” (Yi) хамаарна. Мэдээж хамааралтай хувьсагчаас шалтгаалж (Yi) тухайн нэр дэвшигчийн (инкумбент) авах дүн тодорхойлогдоно.
2.    Сонгуулийн өмнөхөн параметрийн (Xi) онч байдлыг хэмжинэ.
3.    Сонгууль явуулсны дараа, саналын хуудас тоолох явдал нь санал хураалтын бодит дүн өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигчийн (Yi) авсан саналын хувь хэмжээ байх юм.
4.    Регресс анализ загварын тусламжтайгаар параметрээс хамааралтай функц (F) болох хувьсагчийн математик дүнг гаргана.
5.    Дараагийн сонгуулийн өмнөхөн тухайн албан тушаалд өрсөлдөгчийн хувьд сонгуулийн прогнозчлогдож буй дүнг тодорхойлох, энэ үндсэн дээр функц (F)-аа солих, бусад нэр дэвшигчдэд зориулан параметрийн утгыг хэмжин тодорхойлно.
 
Мэдээж регресс загвараа байгуулаад нэн тэргүүнд тэгшитгэлд багтсан үл хамаарах X хувьсагчийн нэрийн жагсаалтыг тодорхойлно. Энэ нь тодорхой онол үндэслэсэн байх ёстой. Х бүртгэл хангалттай өргөн хүрээг хамарсан байж болох ч анхдагч мэдээлэл хязгаарлагдана. Тэдгээрээс чухал учир холбогдолтой сонголтоо У функцтай нарийн нягт холбоотой бусад шалгуур хүчин зүйл, корреляци коэффициенттэй уялдуулан сонгоод SPSS, PolyAnalyst зэрэг компьютер программын тусламжтайгаар боловсруулж болно. Үүнтэй зэрэгцэн тэгшитгэлийн хэлбэр ямар байх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Орчин үеийн тооцоолон бодох техник нь тэгшитгэлийн хангалттай олон хувилбарыг харьцангуй богино хугацааны дотор тооцоолж чадна. Компьютерт хамааралтай У хувьсагчийн утга болон үл хамаарах Х хувьсагчийн матрицийг оруулан тэгшитгэлийн хэлбэрээ тодорхойлно. Цаашлаад Х функцийн холбогдох хувьсагчийг k тэгшитгэлд багтаах зорилт тавигдана. Тэгээд вербаль онолыг математик тэгшитгэлийн хэл рүү хөрвүүлж дараах регресс загварыг байгуулж болно.
Y=a+b1X1+b2X2+...+biXi+E          Үүнээс
Y - сонгуулийн дүн буюу хамааралтай хувьсагч;
X1, X2, Xi – сонгуулийн дүнд нөлөөлөх үл хамаарах хувьсагч;
а – констант, тогтмол коэффицент;
b1, b2, ..., bi – өнгөрсөн сонгуулийн эмпирик баримт сэлтийн үндсэн дээр тооцоолон бодогдсон регрессийн коэффициент бөгөөд өмнөх түвшинд тус тусдаа шинж тэмдэг үлдэж буй нөхцөлд нэгжид Х функцийн зохих шинж тэмдгийн өөрчлөлттэйгээр хичнээн нэгж нь У функцыг өөрчлөхийг регрессийн коэффициентууд илэрхийлнэ;
E – загвар дахь үл хамааралтай хувьсагчийн үл өөрчлөгдөх Y функцын аливаа хэлбэлзлийг илэрхийлж буй хазайлт.
 
Байгуулсан регресс загварын нарийн тодорхой чанарын үзүүлэлтийн нэг нь өөрөөр хэлбэл, прогнозын үнэн зөв тал бол R2 олон детерминацийн коэффициент юм. Уг коэффициент нь “1-т хэдий ойр байна төдий төгс загвар байна” гэсэн хамааралтай хувьсагчийн хэлбэлзлийг тайлбарласан загвараар зохиогдсон хичнээн хамааралтай хувьсагч байгааг илтгэдэг. Олон детерминацийн коэффициентийн утга нь үл хамааралтай нэмэлт хувьсагчийн загварт орох арга замыг өргөжүүлж болох хэдий ч судлаач үргэлж судлагдаж буй үзэгдлийг ойлгох, тайлбарлахад ямар ч хамаагүй үнээр түүнд багтаах, боловсруулсан нарийн төвөгтэй хувьсагч загварыг дахин хийлгүйгээр асуудлыг дэвшүүлж байх ёстой.
 
Илтгэгчийн (Xi) эгнээний хоорондох хамааралтай хувьсагчийг тодорхойлох математик загварыг байгуулах явцад улс төр судлаач болон социологичдын хувьд гол бус асуултууд тавигдах нь бий. Хариултаас дэвшүүлж буй прогнозын нарийн тодорхой байдал чухамдаа үл хамааралтай хувьсагчийг операциональчлах өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах үед сонгогчдод нөлөөлж буй хүчин зүйлийн тодорхойлолт хамаарна. Мэдээж “яагаад сонгогчид тодорхой дүр байдалд санал өгдөг вэ?”, “яагаад тэд өөр бусдаас аль нэг нэр дэвшигчийг онцлон үздэг вэ?” гэх мэт асуултад тулгуурлан тодорхой прогноз загвар зохиох боломжгүй. Иймээс сонгогчдын үйл байдалд нөлөөлөх хүчин зүйлийг нээн илрүүлэхэд чиглэсэн мэргэжилтнүүдийн зохиол бүтээл прогнозчлолын загвар зохиох үндсэн бааз суурь болж байдаг.
 
Регресс тэгшитгэл зохиох явцад баримт сэлтийн динамик эгнээ хичнээн өргөн байна төдий чинээ түүний нарийн тодорхой байдал өөрөөр хэлбэл, түүний урьдчилан хэлэх утга чанар өндөр байна гэсэн үг. Ардчиллын хөгжсөн улс орнуудад зохиосон сонгуулийн прогноз загвар нь үлэмж урт удаан хугацааны сонгуулийн динамик, туршлага, баримт сэлтэд тулгуурладгаараа шинэ тутам ардчилал хөгжиж буй улс орнуудаас тухайлбал, Монгол дахь сонгуулийн загваруудаас харьцуулшгүй давуу талтай байдаг. Жишээлбэл, АНУ-ын судлаачдын зохиол бүтээлд дэлхийн II дайны дараа буюу 1948 оноос хойшхи сонгуулийн баримт сэлтийг хангалттай дурьдан авч үүзсэн байдаг. Прогноз загвар зохиохын тулд сонгуулийн дүнд нөлөөлөх маш олон янзын хүчин зүйлийг хөнддөг тул дэлхийн улс төрийн шинжлэх ухаанд өдгөө хүртэл сонгогчдын үйл байдлын механизмын тухай нэгдмэл үзэл санаа бүрэлдээгүй  байна.
 
Тухайлбал, М.Льюис-Бек, Т.Райс нарын “Сонгуулийн прогнозчлол“ бүтээлд тусгагдсан харьцуулсан шинжилгээгээр эцсийн дүндээ ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг прогнозчлох өөр өөрийн онцлог бүхий 10 загварыг илрүүлсэн байна.

Прогноз загварын чанарын үзүүлэлт нь түүний онч байдал, урьдач хугацаа юм. Загварын онч байдал детерминацийн коэффициентийн хэмжээг илэрхийлдэг байхад урьдач хугацаа нь прогноз зохиохоос аваад прогнозчлогдож буй үйл явдлын тухайн өрнөл хүртэлх цаг хугацааны хэсэгчлэлийг илэрхийлнэ. Дэвшүүлж буй дээрх загваруудаас Абрамовитцийн болон Льюис-Бек, Райс нарын загвар л прогнозын чанарын шалгуурыг сайн хангадаг бөгөөд уг хоёр загвар нь олон детерминацийн коэффициентийн дээд утга харьцангуй өндөр, урт урьдач хугацаатай.
Судлаач Льюис-Бек, Райс нар өөрсдийн прогноз загварыг зохиохдоо сонгогчийн нэр дэвшигчдээс нэгийг онцлон сонгож саналаа өгөх гол хийгээд бусад нэмэлт сэдэл шалтгаануудад анхаарал хандуулсан байна. Тэд сонгогчдын шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж буй улс орны эдийн засгийн нөхцөл байдал, намын адилсал болон нэр дэвшигчийн сэтгэл татах байдал гэсэн үндсэн гурван хүчин зүйлийг оруулаад сонгогчдын үйл байдалд дүн шинжилгээ хийх нийгэм-сэтгэл зүйн ба рациональ-инструменталь арга хандлагын хослолыг ашигласан байна. Регресс тэгшитгэлд дээрх хүчин зүйлүүдийг нэгтгэвэл дараах томъёолол гарна.
  
 Санал           Эдийн засгийн          Ерөнхийлөгчийн    Намын             Нэр дэвшигчийн
хураалтын = нөхцөл байдал   +     нэр хүнд   +       хүч, нөөц +    сэтгэл татах байдал
    дүн

Загварыг зохиогчид 1948-1988 оны хоорондох АНУ-ын ерөнхийлөгчийн бүх сонгуульд дүн шинжилгээ хийсэн бөгөөд боловсруулсан загварын (өөрөөр хэлбэл, тухайн онууд дахь сонгуулийг хэмжин судалсан үл хамааралтай хувьсагчийн утгыг тэгшитгэлд тусгах байдлаар) тусламжтайгаар сонгуулийн үр дүнг прогнозчлох аргаа улам боловсронгуй болгож байсан. Льюис-Бек, Райс нарын загварын дагуу хийсэн прогнозын 10-11 тохиолдолд зөв оновчтой прогноз болж чадсан байна. Тэд мөн сонгуулийн өмнөхөн Гэллапын албанд зохиосон прогнозыг өөрийн загвар прогнозтой сонирхолтой харьцуулалт хийж үзсэн байна. Гэллапын албаны прогноз сонгуулийн өдөр хүртэл респондентод тавьсан “Та нэр дэвшигчдээс хэнд нь саналаа өгөх вэ?” гэсэн асуултын хариултад дүн шинжилгээ хийхэд үндэслэдэг. Мэдээж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 сард  явагддаг. Тэрчлэн Гэллапын албаны прогнозын алдааний дундаж үзүүлэлт 2.13%-тай тэнцэж байв. Өөрөөр хэлбэл, Льюис-Бек, Райс нарын загвартай бараг адил боловч тэдний прогноз загварын ялгаа нь бүр өмнө зуны улиралд гарсан баримт сэлтэд үндэслэдэг байхад Гэллапын албаны прогноз сонгууль хүртэлх бүх өдрийн туршид явагддаг байжээ.
 
Монголын нөхцөлд тухайн прогноз загварыг шууд утгаар нь хүлээн авах боломжгүй. Монголын улс төрийн сонгуулийн талаар олон талт бөгөөд илэрхий зөрчилт шинжтэй цуглуулсан социологийн санал асуулгын баримт сэлт, сонгогчдын статистик нь монголын иргэдийн сонгуулийн үйл байдлын зарим тогтвортой хандлагыг тодорхойлох бололцоог олгож болох юм. Сонгуулийн прогнозын америк загвар нь сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн өөрийн намын харъяалал – тухайн албан тушаал буюу түүний намаас нэр дэвшигч, нөгөө талаас өрсөлдөгч нам - өрсөлдөж буй намын төлөөлөгч гэсэн хоёр хэсэгт бүхэлдээ хуваагдсан сонгуулийн үйл явцын хоёрдмол (бинарность) шинж  бүхий нөхцөлд л “ажиллаж” чаддаг байна. 
Гэтэл монголын парламентийн засаглал бүхий, олон тойрогтой сонгуулийн талбарт заримдаа зөвхөн нэр төдий ялгагдсан хэд хэдэн нэр дэвшигчид өрсөлддөг явдал Монголын улс төрийн нөхцөл байдалд санал хураалтын үр дүнг прогнозчлох америк загварыг ашиглах явдлыг үгүйсгэдэг байна. Үүнээс гадна сонгуулийн кампаний үеэр намын нэг удаагийн өдөрлөг нилээд удаагийн “шоу цэнгээн” болж өргөжих, сонгуулийн дараагаар ор сураггүй таг чиг болох үзэгдэл нь намын адилсал гэх сонгуулийн томъёоллыг нийгэм-сэтгэл зүйн бүрдлийн гол категори болгоход бэрхшээл учруулдаг.
 
Регресс анализын аргыг ашиглахад нилээд нилээд урт удаан хугацааны сонгуулийн туршлага, баримт сэлт шаардлагатай байдгаас шалтгаалан Монгол дахь улс төрийн сонгуульд прогноз хийхэд математик-статистик аргыг ойрын үедээ ашиглаж боломж хязгаарлагдмал байж болзошгүй. Гэхдээ сонгуульд нам, нэр дэвшигчийн ялах магадлалын талаар экспертийн үнэлгээ болон өнгөрсөн сонгууль дахь амжилтын хүчин зүйлийг тайлбарлахад статистик-математик аргыг хэрэглэхийн ач холбогдлыг  дутуу үнэлж болохгүй юм.

No comments:

Post a Comment